| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2406000004047 |
| Дугаар | 2025/ДШМ/531 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/531
2025 05 07 2025/ДШМ/531
Ц.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ундармаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/524 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Энхбаярын бичсэн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлээр Ц.М-т холбогдох 2406000004047 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.М, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг дизайнерын багш мэргэжилтэй, “00” ХХК-д генераторын механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт 00 аймгийн 00 баг, 00 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Парк-Од” молл-ын 2 давхарт байрлах “Сүү порк” гэх хоолны газарт хохирогч Б.М-г үл ялих зүйлээр шалтаглан, урьдын харилцааны явцад бий болсон таарамжгүй харилцаанаас үүдэн түүний нүүр рүү өвдөглөх, өшиглөх зэргээр зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Ц.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Энхбаяр эсэргүүцэлдээ: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/524 дугаартай шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Ц.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгор ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож...” шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” ба 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх талаар шүүхийн практик тогтсон байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчимд харшлахгүй бөгөөд тусгайлан зохицуулсан хуулийн хугацаанаас богино хугацаагаар торгох ялын биелэлтийг тогтоож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/524 дугаартай шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож...” гэж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокуорор Э.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Д.Энхбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Парк-Од” молл-ын 2 давхарт байрлах “Сүү порк” гэх хоолны газарт хохирогч Б.М-г үл ялих зүйлээр шалтаглан, урьдын харилцааны явцад бий болсон таарамжгүй харилцаанаас үүдэн түүний нүүр рүү өвдөглөх, өшиглөх зэргээр зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.М: “...Намайг сууж байхад Ц.М /шүүгдэгч/ гэдэг хүн гарч ирээд хүзүүнээс доошоо дараад намайг 00 өрөө рүү авч ороод миний толгойноос доошоо дарж өвдөглөөд хойшоо унахад нүүр лүү доороос хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ..Тэгээд юунаас болж намайг зодсон талаар асуухад “өмнө нь ажлыг зугаалгаар явж байхад чи намайг хүндэтгэж хариуцаагүй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 06/,
хохирогчийн биед хийсэн шинжээч эмчийн 2024.11.20-ны өдрийн №15083 дугаартай: “....Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 09-10/,
шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...М /хохирогч/-тэй жоохон муудаад “ариун цэврийн өрөө орж учраа олох уу” гээд хамт дагуулаад орсон. ...Ороод нүүр хэсэг рүү нь нэг удаа өвдөглөсөн. ...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 17, 40/
шүүгдэгчээс хохирогчид 2,300,000 төгрөг төлсөн баримт /хх 69/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 18-31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ ялыг биелүүлэх хугацааг 60 хоногоор багасган тогтоож хуулийг буруу хэрэглэжээ.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тохирсон байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх шүүгдэгчийн төлбөрийг нөхөн төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг илүү нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/524 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын: “... 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож. ...” гэснийг “...90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Энхбаярын бичсэн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ