Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 100

 

2018 оны 5 сарын 31 өдөр                       2018/ШЦТ/100                             Хэрлэн сум

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0013/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              М.Сайнболд ,

Улсын яллагч                                             Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч        Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                     Г.Ө нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Ганболдын Өт холбогдох 1739002330083 дугаартай эрүүгийн хэргийг ердийн журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 36-18Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 оны 10 сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, 2015 оны 01 сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Хатигин овогт Ганболдын Ө /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч  Г.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 08-наас 2017 оны 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг “Уртын ам” гэх газраас иргэх Д.Мөнхбатын 13 тооны адууг буюу олон тооны малыг нууцаар, хууль бусаар хулгайлж 3.600.000 төгрөгийн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 сарын 08-ны өглөө Жаргалтхаан сумын 4-р баг Ар хүнхэр гэх газар 13 тооны адуу байсан. Тэгээд би үдээс өмнө манай нутгийн Уранзаяа гэдэг хүн хэлэхдээ манай хоньчин алга болоод байна. 10 гаран тооны хэдэн адуу туугаад явчихсан. Манай энэ хавьд танай адуунаас өөр адуу байхгүй, танай адуу биш биз дээ гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө адууг үзэхэд манай адуу олдохгүй байсан. Тэгээд манай адуу мөн болчих шиг боллоо гээд араас нь дүү Ганбатыг машинтай нь гуйгаад аваад явсан. Тэгээд бид хоёр тэр ойр хавиар хайж яваад олдохгүй болоохоор нь Цэнхэрмандал сумын нутаг Барчин гэх газар хүртэл яваад сураг гараагүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-13 хуудас/

Гэрч Г.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 8, 9-нд санаж байна. Би Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “Хавцал” гэх газраас үхрээ хураагаад гэрлүүгээ явж байхад манай өвөлжөөний хажуу талаас 10 гаран тооны адуу туусан хөтөлгөө морьтой хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би юун хүн яваа юм бол гэж бодоод очсон чинь Зоригоо гэдэг хүний туслах малчин Ө явж байсан. Хэний адуу туугаад явж байгаа юм гэсэн чинь Өмнөдэлгэр сумаас нэг хүн гуйгаад туулгаж байгаа юм гэсэн. Энэ адуу Багануур дүүрэг ороод тэндээс цаашаа Улаанбаатар хотын Өлзийт хороолол орох юм гэж хэлсэн. Тэгээд тэр адуунууд хавцалын нарийн голын хажуугаар урсаад хөлдсөн байсан мөсөн дээгүүр гарч чадахгүй байхаар нь би цугтаа адуу нь туулцаад гаргалцаж өгөөд Ө ах цаашаа ганцаараа явсан. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 хуудас/

Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 сарын 08-ны өдөр зүс таних Ө өөрийн хонь харж байсан айлын хүнд Баяржаргалын хөл нь хугарсан гэртээ хэвтэж байгаа Баяржаргалын адууг гэр рүү нь хүргэж өгье гэж худлаа ярьсан байна лээ. Миний хөл хугарч бэртсэн зүйл байхгүй. Ө худлаа ярьж байгаа юм....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16 хуудас/

Гэрч М.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...хонь хариулаад явж байхад Ө гэх 40 орчим насны дээлтэй, хар ноосон малгайтай зуны израль гуталтай морь унасан 4-5 тооны адуу туусан хүн хонь үргээгээд гарахаар нь тосож очоод мэнд мэдтэл Баяраагийнх хаана өвөлжиж байгаа юм бэ гэж асуухаар нь өөрийн гэрийн баруун талд 600 орчим метрийн зайд байрлах гэрийг нь зааж өгтөл Баяраагийн гэрээр оролгүй баруун хойшоо чиглээд яваад өгсөн. Их яаруу явж байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 хуудас/

Гэрч Ц.Михлайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 сарын 09-ний өдөр 16 цагийн орчим Хатанбаатар гэдэг хүн энэ 2 морийг үлдээчихье маргааш авья гэж хэлээд үлдээсэн. Ямар учиртай адууг мэдэхгүй....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 хуудас/

Гэрч Ч.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг Багануураас Жаргалтхаан сум руу явж байхад хар морийг уначихсан, нөгөө морийг хөтлөөд засмал замын хажуугаар явж байгаад надтай таараад баригдсан юм. Тухайн үед би найзтайгаа машинтай явж байсан юм. Өыг бариад би морийг нь унаад Өыг машинд суулгаад баригадын төв рүү очиж айлд 2 морийг тавиад Цэнхэрмандал сум руу Өыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21 хуудас/

Сэжигтэн Г.Өын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухайн айл намайг 8 сар хэртэй малыг хархад цалин хөлс өгч байгаагүй, би ч авъя гэж нэхэж байгаагүй. Тэгээд ер нь энэ айл цалин хөлсөө өгөхгүй юм чинь малыг нь хулгай хийж авъя гэсэн бодол төрсөн. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үхэр малд унаж байсан хээр зүсмийн гүүг нь унаад үхрээ хураахдаа хээр алаг азаргатай 13 тооны адууг хөөгөөд явсан. Тэгсэн Энхээгийн малчин Болор хонин дээрээ явж байсан ба Болортой уулзаад би энэ адууг айлд хүргэж өгчихөөд ирье чи манай хонийг дараад манай гадаа авч очоод хураачихаарай гэж хэлээд 16 цагийн орчим зүүн хойд зүгт явсан. Тэгээд уул даваад жалганд адууг нь үлдээгээд бор морио унаад хар морио хөтлөөд баруун хойшоо Цэнхэрмандал сум руу явсан. Тэгээд хөл даарахаар нь морио Цэнхэрмандал сумын хоолны газрын дундуур гараад засмал зам дагаж яваад Цэнхэрмандал сумын Согоот багийн төвийн баруун урд байрлах ганц гэрээр орж хэсэг амарсан. Тэгээд 14 цагийн орчимд морио бариж унаад баруун хойд зүгт засмал зам дагаад явж байхад Хатанбаатар гээд Зоригоогийн дүү таараад баригдаад ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болно.

 

Шүүгдэгч Г.Ө нь  2017 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг “Уртын ам” гэх газраас иргэх Д.Мөнхбатын 13 тооны адууг хулгайлсан болох нь хохирогч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Тэмүүлэн, Б.Батжаргал, М.Батсүх, Ц.Михлай, Ч.Хатанбаатар нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг,, шүүгдэгч Г.Отгобаатарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байна. Шүүгдэгч Г.Өын бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхбат нь 13 тооны адуугаа алдсан ба адуугаа бүрэн бүтэн буцаан авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин хохирогчийн адуугаа хайхад зарцуулсан бензений зардал 259.100 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул хохирогч нь нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Хатигин овогт Ганболдын Өыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өыг 4 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өын цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь хохирол зардалаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ