| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2405003972197 |
| Дугаар | 2025/ДШМ/532 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/532
2025 05 07 2025/ДШМ/532
О.М, Ц.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч О.М,
шүүгдэгч Ц.Ц,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/728 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, шүүгдэгч Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдгээрт холбогдох 2405003972197 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. О.М, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
2. Ц.Ц, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт 00 аймгийн 00 сум, 0 дугаар багийн Цагаан эрэг 00 дугаар хэсгийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод түр оршин суудаг, /РД:00000000/,
Шүүгдэгч О.М нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 03-04 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн замын эсрэг талд үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, зодооныг салгахаар очсон хохирогч Б.Б-ийг унасан байхад нь эрүү орчимд өшиглөж эрүү ясны баруун талд соёо, бага араа шүд дайрсан ташуу зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
мөн шүүгдэгч О.М нь 2024 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны шинэ эцсийн буудал орчимд хохирогч Ч.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргаж, түүний нүүрэн хэсэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацар, баруун хөхлөг сэртэн, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний алимын салст, баруун хацрын төвгөр, зүүн чамархайн хуйх, дээд, доод уруулын дотор салст, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 03-04 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн замын эсрэг талд үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, зодооныг салгахаар очсон хохирогч Ц.Б-ийн нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: О.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ц.Ц-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч О.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Ц, О.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, Ц.Ц нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тус тус тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.М давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие ээж, эмээ, сургуулийн насны 3, цэцэрлэгийн насны 1 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. ....Ээж О нь дүү нарыг сургууль, цэцэрлэгт хүргэж өгч, авдаг учир ажил хийх боломжгүй байдаг. ...Миний бие өрх толгойлсон ахын хувьд ээж, дүү нараа хоол хүнсээр дутаахгүйн тулд тогтмол ажил хийдэг. ...Тогтсон ажилтай байдаг учраас нийтэд тустай ажил хийх боломжгүй байгаа тул торгуулийн ялаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бүрэн дунд боловсролтой ам бүл 3 ээж, дүүгийн хамт амьдардаг. ... Одоогоор найз охины хамт нийтийн байранд амьдардаг. ...Байрны түрээс, машиныг лизинг гэх мэт асуудлууд их байдаг учир тогтмол ажлын цалингаараа болгодог. ...Тогтмол ажилтай байдаг учраас нийтэд тустай ажлыг хийх боломжгүй учир торгуулийн ялаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзаад шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Ц.Ц-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон байна. Мөн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч үүнийг нь нотолсон баримт хэрэгт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь оновчтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
1. Шүүгдэгч О.М нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 03-04 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн замын эсрэг талд үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, зодооныг салгахаар очсон хохирогч Б.Б-ийг унасан байхад нь эрүү орчимд өшиглөж эрүү ясны баруун талд соёо, бага араа шүд дайрсан ташуу зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны шинэ эцсийн буудал орчимд хохирогч Ч.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргаж, түүний нүүрэн хэсэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун доод зовхи, хацар, баруун хөхлөг сэртэн, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний алимын салст, баруун хацрын төвгөр, зүүн чамархайн хуйх, дээд, доод уруулын дотор салст, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б: “...Би Ц.Б, Г гэх 2 найзтайгаа явж байхад хэдэн залуучууд ирээд мөрлөсөн. ...Тэгээд Гантөмөрийг хар куртиктэй залуу цохисон. ....Тэгээд би салгах гээд очтол нэг залуу нь намайг хавирч унагаагаад би босох гэтэл миний эрүү рүү нэг удаа өшиглөсөн /шүүгдэгч О.М/. ...Бас нилээн хэдэн удаа цохисон. ...Цаана бас манай найз Ц.Б найз маань десант эрээн хувцастай залуутай зогсож байсан.... Ц.Б найз маань тэр залууд хэлэхдээ “...Би оёдолтой байгаа шүү” гэтэл эрээн хувцастай залуу нь “чи оёдолтой байхаар яадаг юм” гээд нүүр лүү нь мөргөөд байсан. ...Намайг хавирсан залууг би хараагүй. ....Унаад байж байхад намайг өшиглөсөн залуу бол хар куртиктэй, саарал куртиктэй залуугийн аль нэг нь байх. ....Тэр 4 залуу нилээн согтуу байсан. ... Намайг Мөнхбилэг гэх хүн өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 11-12, 14/,
хохирогч Б.Б-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “....хохирогч Б.Б нь шүүгдэгч О.Мийг шууд нэрлэн заасан. ...” /1хх 36-38/,
хохирогч Б.Б-ийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Б.Б-ийн биед эрүү ясны баруун талд соёо, бага араа шүд дайрсан ташуу зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 47-48/,
шүүгдэгч О.М яллагдагчаар: “.. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 115-116/,
хохирогч Ч.Б: “...Найз Г-ын гэрээс гараад Баянхошууны эцэс рүү алхаад явж байтал саарал өнгийн машинтай 3-4 залуу бууж ирээд харанхуй гудамж руу чирж ороод хэд хэдэн удаа миний толгой руу цохисон. ...” гэх мэдүүлэг /1хх 155-156/,
хохирогч Ч.Б дахин: “...Нэг залуу нь миний мөрнөөс татаад, нэг нь миний гарыг бариад нэг өндөр хар куртиктэй нэлээн үстэй залуухан нь миний баруун нүд рүү эхэлж цохиод, зүүн нүд хамар хэсэг рүү гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /1хх 159-160/,
хохирогч Ч.Б дахин: “...Миний биед олон залуучууд халдсан зүйл байхгүй. ...Харин тайрмал үстэй 170 см орчим өндөртэй арай залуу эрэгтэй нь буюу Мөнхбилэг /шүүгдэгч/ тэр хүн надад гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /1хх 220-221/,
хохирогч Ч.Б-ын биед хийсэн шинжээч эмчийн : “...Ч.Б-ын биед баруун доод зовхи хацар, баруун хөхлөг сэртэн, дагзны хуйханд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний алимын салст, баруун хацрын төвгөр, зүүн чамархайн хуйх, дээд, доод уруулын дотор салст, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 179-180/,
шүүгдэгч О.М яллаглагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 240-241/ зэрэг баримтуудаар,
2. Шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 03-04 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн замын эсрэг талд үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, зодооныг салгахаар очсон хохирогч Ц.Б-ийн нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Б: “...4 залуу ирээд маргалдсан. ...Тэгээд манай найзыг зодсон. ...Би зодооныг салгах гээд очоод “чи надад битгий гар хүрээрэй одоо ингээд больцгооё” гэхэд чамд гар хүрэхээр яадаг юм гээд миний нүүр лүү 3 удаа мөргөсөн. /шүүгдэгч Ц.Ц/ ...Тэгээд дахиад 1 удаа нүүр лүү мөргөсөн. ... Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ” гэх мэдүүлэг /1хх 19-20, 90/,
хохирогч Ц.Б-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...хохирогч Ц.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч Ц.Цыг шууд нэрлэн заасан. ...” /1хх 33-35/,
хохирогч Ц.Б-ийн биед хийсэн шинжээч эмчийн: “..Ц.Б-ийн биед хамрын ясны хугарал, хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 41-42/,
шүүгдэгч Ц.Ц яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 106/ болон болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч О.М-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.Ц-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх төдийгүй шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
4. Шүүгдэгч нараас: “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй тул торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
Өөрөөр хэлбэл шүүхээс гэм буруутайд тооцогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухай этгээдийн ар гэрийн нөхцөл байдалд бус гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт нийцүүлж шийдвэр гаргадаг.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь тогтмол ажил хийдэг, цалин орлого олдог гэсэн хууль ёсны баримтгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах. ...” талаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/728 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ