Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/557

 

 

  2025             05           13                                        2025/ДШМ/557

 

Ж.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Халиунаа,

шүүгдэгч Ж.Ц,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/656 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2408040500040 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Ц, 0000 оны  00 дугаар сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймагт, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:00000000/,

Шүүгдэгч Ж.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 102 дугаар байрны 127 тоотод өөрийн төрсөн хүү, 5 настай Э.Т-ийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “яагаад өмдөндөө шээж байгаа юм” гэх шалтгаанаар толгой болон нүд хэсэгт гараараа цохисны улмаас түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс намайг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оноосон боловч дараах үндэслэлээр уг шийдвэрийг мөнгөн торгуулиар өөрчлүүлэхийг хүсэж байна. Би 0-5 насны 3 хүүхэдтэй бөгөөд тэднийг асран хамгаалах үүрэгтэй. Миний нөхөр хөдөө ажилладаг тул хүүхдүүдээ харах өөр хүн байхгүй. Нийтэд тустай ажил хийх боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул уг шийтгэлийг мөнгөн торгуулиар солих хүсэлтэй байна. Миний зүгээс уг үйлдэлдээ харамсаж, цаашид хууль зөрчихгүй байхыг ойлгож авсан. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөнгөн торгуулиар солихыг хүсэж байна. ....” гэв.

Прокурор Н.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Ц-аас гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Ц-аас ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Ж.Ц-аас “3 хүүхэдтэй, хүүхдүүдийг харах хүн байхгүй тул торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэж байна. Шүүгдэгч Ж.Ц нь хүүхдүүдийнхээ мөнгийг аваад торгуулийн ялаа биелүүлэх боломжтой тул торгуулийн ял оногдуулах нь зүй зохисгүй гэж үзэж байна. Мөн зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хуулийн зорилго зорилтод нийцэхгүй. Тухайн зүйлд заасан 3 ялын хамгийн хүнд ял нь байдаг. Шүүгдэгч Ж.Ц нь урьд ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тухайн үйлдэлд нь тохирсон ял гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажилт хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 102 дугаар байрны 127 тоотод өөрийн төрсөн хүү, 5 настай Э.Т-ийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “яагаад өмдөндөө шээж байгаа юм” гэх шалтгаанаар толгой болон нүд хэсэгт гараараа цохисны улмаас түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Э.Т хохирогчоор: “...Манай ээж миний толгой болон нүд хэсэг рүү гараараа цохисон. ...Тэгээд миний толгой, нүд өвдөөд хөх өнгөтэй болчихсон. ...Манай ээж намайг өмнө нь зоддог байсан. ...Тухайн үед ээж миний нүүр лү цохиж миний толгой, зүүн талын нүд хөхөрч хавдсан. ...Уг асуудал болохоос өмнө ээж намайг зоддог байсан. ...” гэх мэдүүлэг /хх 08, 10/,

гэрч Б.Б: “...Ж.Ц-ын гэрт очиход Э.Т-ний зүүн талын нүд нь нилээн хөхөрчихсөн байхаар нь Э.Т-ээс асуухад “манай ээж Ж.Ц намайг цохичихсон юм” гэж надад хэлсэн. Уг асуудал болохоос 1 жил гарангийн өмнө Э.Т-ний нуруу нь хөхөрчихсөн, уруулны дээд тал нь хөхөрчихсөн, гар, хөл нь хөхөрчихсөн хавдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16/,

хохирогч Э.Т-ий биед хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 21-22/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 31-36/, хохирогч Э.Т-ний нас тоолсон тэмдэглэл /хх 44/, хохирогч Э.Т-ний гэмтэл, шархны зураг /хх 70-77/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Прокуророос шүүгдэгч Ж.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

3. Шүүгдэгч Ж.Ц “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” талаарх гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсан, жирэмсэн, тавин таваас дээш насны эмэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж болохооргүй шалгуур үзүүлэлт бусад нөхцөл байдлыг хангахгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нь тогтмол ажил хийдэг, цалин орлого олдог гэсэн түүнийг нотолсон хууль ёсны баримтгүй байна.

Мөн шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх явцад түүний хүүхдийн хууль ёсны эрх ашгийг түүний эцэг, бусад асран хамгаалагч зайлшгүй хамгаалах үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнээд шүүгдэгчийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” тухайн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт найруулгын шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвтгөж цаашид алдаа зөрчил гаргахгүй ажиллахыг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/656 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Шүүгдэгч Боржигон овгийн Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “....Шүүгдэгч Шарнууд овгийн Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ