| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2411002680439 |
| Дугаар | 2025/ДШМ/558 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/558
2025 05 13 2025/ДШМ/558
Ж.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нандинцэцэг,
шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/442 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.М-д холбогдох 24 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.М, 0000 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 00 дүүргийн ерөнхий боловсролын 00 дугаар сургуульд түүх нийгмийн багш ажилтай, ам бүл 5, эх болон эгч дүү нарын хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 хотхоны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор 00 дүгээр хилийн цэргийн хангалтын ангид цэргийн алба хаадаг, /РД:00000000/,
Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Малын тэжээл өвс зарна авна” гэсэн хаягтай нэгдсэн зарын групп дээр “00” гэсэн цахим хаягаас “Hotongiin hoshuu yaraltai belen mungund hymd zarna” /Хотонгийн хошуу яаралтай бэлэн мөнгөнд хямд зарна/ гэсэн утга агуулга бүхий зар тавьж Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг бусдад худалдахыг завдсан ба байгаль экологи, амьтны аймагт 11,790,000 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж амьтны аймагт 23,580,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2016 оноос 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суудаг 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 хотхоны 00 тоот гэртээ Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Ж.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 (гурван) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.М-оос 23.580.000 (хорин гурван сая, таван зуун наян мянган) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, эд мөрийн баримтаар хураагдсан хотон шувууны хошууг Байгаль орчин, уур амьсгалын санд шийдвэрлүүлэхээр шилжүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.М-ийг нэн ховор амьтан болох “Борцгор хотон” шувууны хошууг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүй хадгалж, худалдахыг завдсан нь Амьтны тухай хуулийг зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй ... тэдгээрийн түүхий эдийг ... хадгалсан, худалдахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийн хэсэгт ... Түүнчлэн Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. “мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “... нэн ховор амьтны ... бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.”, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ... ”гэж тус тус заажээ хэмээн дүгнэжээ. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “... бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.” гэж заасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гэмт хэргийн халдлагын зүйл болох Борцгор хотон шувууны толгойн хэсгийн арьс, хошууг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж бэлтгэсэн талаарх үйл баримт нь тогтоогдоогүй.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ”... эцэст нь дүгнэхэд шүүгдэгч Ж.М нь эцгээс өвлөгдөж ирсэн гэх хотон шувууны арьс, хошууг зохих байгууллагаас зөвшөөрөл авч хадгалаагүй, морь мал уяхдаа зориулан ашиглах зэргээр зориулалтын бусаар захиран зарцуулж, хадгалж ирсэн төдийгүй морь мал уяхаа больж зарсантай холбогдуулан ашиг олох зорилгоор худалдах гэж оролдсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ” гэж тусгажээ. Гэтэл амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч гэрээ байгуулна” гэж заасан байх ба нэн ховор амьтан, түүний толгойн арьс, хошууг хадгалахад тусгайлан зөвшөөрөл авах зохицуулалт хуульд тусгагдаагүй байна.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2023 оны 01-р caрын 04-ний өдрийн №05 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд тодорхойлсон гэмт хэрэг бол амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг багтаасан ойлголт юм гэж Амьтны тухай хуультай нийцүүлэн тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас үзэхэд тухайн гэмт хэргийн халдлагын зүйл болох Борцгор хотон шувууны толгойн арьс, хошууны гарал үүсэл буюу түүнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөлгүйгээр агнасан эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс шүүгдэгч Ж.М-ийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Бусдаас өвлүүлсэн зүйлийг хадгалж байсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох боломжгүй бөгөөд гэмт санаа зорилго, хүсэл эрмэлзэл байхгүй тохиолдлыг Эрүүгийн хууль болон эрх зүйн онолд “хуульд заасан хохирол, хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан хэмээн үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй. Шүүгдэгч Ж.М-ийн өөрт овлогдон ирсэн эд зүйлийн үнэ ханшийг мэдэх зорилгоор зар тавьсан үйлдэл нь шунахайн сэдэлтийг агуулаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйг нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” байхаар заасан байна.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ....” гэв.
Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.М-ийг нэн ховор амьтан болох “ Борцгор хотон” шувууны хошууг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүй хадгалж, худалдахыг завдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан, худалдахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Дээрх хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, УДШ-ийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Ж.М нь Хотон шувууны хошууг эцэг н.Жигжидсүрэнгээс өвлөгдөж дамжигдан ирсэн талаар мэдүүлдэг прокуророос 2016 оноос 2023 оны 12-р сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ХУД-ийн 00-р хороонд оршин суух гэртээ хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл УДШ-ийн 2023 оны 01-р сарын 04-ны өдрийн №05 дугаартай тогтоолд “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-р зүйлд тодорхойлсон гэмт хэрэг бол амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт , эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж амьтны аймагт хор хохирол учруулсан, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хувийн ашиг сонирхлын үүднээс худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн зэрэг үйлдлийг багтаасан ойлголт юм “ гэж маш тодорхой хоёрдмол утгагүйгээр тайлбарлажээ.
Нэн ховор амьтан болох хотон шувууг агнасан гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн, хэн үйлдсэн талаар тогтоогдоогүй, тогтоох боломжгүй нөхцөл байдал байгаа ба 2016 оноос эцгээс нь өвлөгдөж дамжигдан ирж хадгалагдаж байгаа нь тогтоогдсон байдаг. Тухайн гэмт хэргийн улмаас бий болсон түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан байхыг шаардаж байх тохиолдолд гэмт хэргийн шинжгүй үндэслэлийг бий болгож байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх шаардлага, нөхцөлийг анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.
Нөгөө талаар шүүгдэгчийн зүгээс уг хошууны үнэ ханшийг мэдэх зорилгоор зар тавьсан талаар мэдүүлдэг ба ямарваа шунахайн сэдэлтийг огт агуулаагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалт байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.М тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн шүүхэд хэргийг шилжүүлсэн. Өмгөөлөгч нараас тайлбарлахдаа агнасан, хадгалсан, худалдсан гээд тус тусад нь тайлбарлаад байна. Нэн ховор амьтаныг ямар тохиолдолд агнасан, эсхүл зориудаар гаршуулан тэжээсэн гээд тухайн гэмт хэргийн шинж бүрийг тус тусад нь зүйлчилсэн. Шүүгдэгч Ж.М-ийг нэн ховор амьтаны эд эрхтэнг худалдахыг завдсан болон хадгалсан гэх хоёр шинжээр прокуророос ялласан. Анхан шатны шүүх уг зүйлчлэлээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Худалдахыг завдсан гэмт үйлдлийг нь агнасантай адилтгаж үзээд хохирол хор уршгийг тооцно гэдгийг тодорхой хуульчлаад тогтоосон байхад маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирол хор уршгийг гаргасан нь үндэслэлтэй байна. Мөн худалдахыг завдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоосон. Хадгалсан нөхцөл байдал нь өөрийн эзэмшилд 2016-2024 оны хооронд хадгалсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Тухайн бүс нутагт ховордсон буюу тухайн амьтаныг дахин гаршуулж, тэжээж үржүүлэх боломжгүй болох нь судалгаа шинжилгээний үндсэн дээр тогтоож хохирол хор уршгийг гаргаж ирсэн. Нэн ховор амьтаны эд эрхтэнг иргэн гар дээрээ байлгах, ямар нэгэн байдлаар худалдах, эргэлтэнд оруулах нь хууль бус үйл ажиллагаа тул уг хоёр шинжээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ш.Мөнхцацрал нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Малын тэжээл өвс зарна авна” гэсэн хаягтай нэгдсэн зарын групп дээр “00” гэсэн цахим хаягаас “Hotongiin hoshuu yaraltai belen mungund hymd zarna” /Хотонгийн хошуу яаралтай бэлэн мөнгөнд хямд зарна/ гэсэн утга агуулга бүхий зар тавьж Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг бусдад худалдахыг завдсан ба байгаль экологи, амьтны аймагт 11,790,000 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж амьтны аймагт 23,580,000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2016 оноос 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суудаг 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 хотхоны 00 тоот гэртээ Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч Ц.Т: “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 14-16/,
Мөрдөгч О.О-ын: 2023 оны 12 дугаар зүйлийн 27-ны өдөр Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн хошууч О.О би “00” гэсэн хаягаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Малын тэжээл өвс авна зарна нэгдсэн” фейсбүүк цахим групп дээр “Hotongiin hoshuu yaraltai belen mungund hymd zarna” гэсэн зар байршуулсан байсныг 2023-ны өдрийн 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 29 минутад гэрэл зургийг дарж бэхжүүлснийг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 18/,
шүүгдэгч Ж.М гэрчээр: “...Би өөрийнхөө ашигладаг “00” гэсэн фейсбүүк хаягнаас “Hotongiin hoshuu yaraltai belen mongond hymd zarna” гэсэн зарыг “Малын тэжээл өвс зарна авна” гэсэн хаягтай групп дээр 2023.12.26-ны өдөр тавьсан. Тэгээд тухайн хошуугаа зарж чадаагүй айж байгаад цагдаа нарт баригдсан. ...Би дээрх хошууш хамаатнаы ах Б.М-с 2023.12.21-ний өдөр авсан. ....Ө.М ах надад хэлэхдээ “ахын дүү энэ хошууг ахдаа зараад өгөөч” гэж хэлээд надад өгсөн. ...Тэгээд тухай хошууг зарах санаатай зар тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх 17/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эд эрхтэн нь Хотонтон баг- Pelecaniformes, Хотонгийхон овог-Pelacanidae, Борцгор хотон-Pelecanus cripus (Bruch, 1832) зүйл шувууны толгойн хэсгийн арьс, хошуу байна. Уг толгойн арьс, хошуунаас хүйсийг нь тогтоох боломжгүй. Хотонтон баг-Pelecaniformes, Хотонгийхон овог-Pelacanidae, Борцгор хотонPelecanus cripus (Bruch, 1832) нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт нэн ховор амьтны жагсаалтад багтсан болно. Шинжилгээнд ирүүлсэн толгойн арьс, хошуунаас агнагдсан байдал, цаг хугацааг тогтоох боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 сарын 05 өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ан амыны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Борцгор хотон-Pelecanus cripus (Bruch, 1832), нэг толгойд 11.790.000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэх дүгнэлт /хх 35-36/,
шүүгдэгч Ж.М яллагдагчаар: “ Уг хотонгийн хошуу манай аавын аав Н гэх хүнд байсан юм байна лээ. Тэгээд гэр орон нь шатаад хэдэн судар, хотонгийн хошуу үлдсэн нь манай гэрт өвлөгдөж дамжигдан явсан юм. ...Тэгээд манай аав намайг морь уяж эхэлж байгаа гээд надад хотонгийн хошуу өгсөн. ...Тэгээд би 2023 онд бүх морио зараад морь уяхаа больё гэж шийдээд өвлөгдөж ирсэн хотонгийн хошуунхаа үнэ ханшийг мэдэх санаатай “00” гэх өөрийн адуу мал зарахдаа ашигладаг байсан хаягнаас өөрөө зар байршуулсан. ...Миний өөрийн хошуу юм. .... Уг хотонгийн надад л хадгалагддаг байсан миний өөрийн хошуу мөн.. ...” гэх мэдүүлэг /хх 71/,
гэрч Ж.Э /шүүгдэгчийн эгч/: “....Тухайн хотонгийн хошуу нь манай аавын талаас өвлөгдөж Ж.М-д байдаг байсан. ....Манай аав амьд байхдаа тухайн хотонгийн хошууг айлын ганц хүү, мөн тухай үедээ хурдан морь уядаг байсан болохоор тэрэнтэй холбогдуулж өгсөн. ...хх 78-79
хотонгийн хошууны гэрэл зураг хх 27-28, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 43-45/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Прокуророос шүүгдэгч Ж.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мийг “нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдахыг завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ж.М-ийг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдахаар завдсан болохыг нотолсон дээрх эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн бүрэлдэхүүүний шинж хангагдсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 12 дугаар зүйлийн 12.1 болон хамаарах бусад зохицуулалтад зааснаар “Борцгор хотон шувуу” бол нэн ховор амьтан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно, бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон бөгөөд тус хориглосон заалтуудыг зөрчсөн, түүнчлэн нэн ховор амьтны түүний эдийг бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, цуглуулга хийсэн зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан.
Шинжээчийн дүгнэлтээр “Борцгор хотон шувууны хошуу”-г хэзээ, хэн агнасан эсэх, толгойн арьс, хошуунаас хүйс нь тогтоогдоогүй байдал нь тус шүүгдэгчийн холбогдох гэмт хэргийг үгүйсгэх үндэслэлд хамаарахгүй байхаас гадна шүүгдэгчийн хувьд хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг удааширсан үйлдлээр хадгалах хүрээнд бусдад худалдах гэмт сэдэлт, зорилготой байсан нь тийнхүү нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан үйлдэл нь нотлогдсон байдлаар илэрсэн байх тул тэдгээр хууль бус үйлдлүүд нь бүхэлдээ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь нэн ховор амьтны түүхий эдийг хууль бусаар худалдаалах зорилгоор 2023.12.26-ны өдөр “Малын тэжээл өвс зарна авна” гэсэн цахим орчин дахь зар дээр өөрийн ашигладаг “00” гэх цахим хаягаас “Hotongiin hoshuu yaraltai belen mungund hymd zarna” гэсэн зар байршуулсан үйлдэл нь нийтэд илэрхийлэгдсэн бодит утга агуулга, хэрэгжсэн нөхцөл, хэлбэрийн хувьд нэн ховор амьтны түүхий эдийг хууль бусаар худалдахыг завдсан гэмт хэргийн шинжийг бодитой нотлон илэрхийлсэн гэж үзэхээс гадна энэ нь нотлох баримтын бусад эх сурвалжаар давхар батлагджээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар тэдний эрхэд хамаарах ба тус эрхийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Ж.М нь 2016 оноос 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд гэртээ нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг хадгалахдаа нэн ховор амьтны түүхий эдийг хадгалж болохгүй гэдгийг мэдсээр байж хадгалан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хадгалж байсан хотон шувууны хошуугаа бусдад худалдахаар цахим орчинд зар байршуулах үедээ экологийн цагдаагийн байгууллагын ажилтанд баригдсанаар төгссөн байна.
Шүүгдэгч Ж.М-ийн хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг худалдан борлуулахаар завдсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг болох хадгалсан үйлдэлд нь багтаан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан зохицуулалтыг журамлах шаардлагагүй гэж дүгнэн, мөн шүүгдэгчийн үйлдсэн хууль бусаар нэн ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан гэмт хэрэг 2023 онд үйлдэгдсэн байх ба Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсны дагуу нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг Pelecanus cripus /Bursh, 1832/ нэг толгойд 11.790.000 төгрөгөөр үнэлсэн нь зөв байна.
Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гэж, 37 дугаар зүйлийн 37.1-т” Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”, 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд амьтны аймагт учирсан хохиролд нийт 23.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох болон хорих ялын төрлөөс торгох ялын хамгийн доод хэмжээ буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, “хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дээрх үндэслэлүүдээр тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/442 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ