Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Иргэний нэхэмжлэгч: Ж.Ч,

            Иргэний хариуцагч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б,

            Шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч: Д.Бунжаа,

            Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

            Шүүгдэгч: Ч.Б,

Өсвөр насны шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулж, Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ч-гийн Б, Ц овогт Б-ийн Б нарт холбогдох эрүүгийн 1835001310091 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү, ах, эгч нарын хамт Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн 06-09 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ОО97103018, Ц овгийн Ч-гийн Б.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багт оршин суудаг, регистрийн дугаар ОД00300579, Ц овгийн Б-ийн Б.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, тус аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт байрлах 06-03 тоот хашааны гадна байсан хохирогч Г.А-ын Мустанг-150 загварын мотоциклийг хулгайлж 370.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт байрлах 06-03 тоот хашааны гадна байсан хохирогч Г.А-ын мустанг-150 загварын мотоциклийг хулгайлж, 370.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Г.А-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Тохой баг Баянгол гэх газраас өөрийн эзэмшлийн мотоцикльтой Зүүнговь сумын төвд машины сэлбэг авах ажлаар орж ирсэн. Тэгээд машины сэлбэг Улаангомоос ирэх байсан болохоор нэлээн орой 21 цагийн үед Улаангомоос сэлбэг ирээд сэлбэгээ аваад миний төрсөн дүү Батцэнгэлийн гэрт очоод машиныхаа сэлбэг тэнд орхиод мотоциклио унаад нагац эгч О гэх айлд очсон. О эгч цай хийж өгөөд хоол унд болсон. Тэгээд явах гээд гараад ирэхэд миний мотоцикль байхгүй байсан тул би цагдаад дуудлага өгсөн. Миний мотоцикль улаан өнгийн мустанг 150 маркийн улсын дугааргүй мотоцикль байсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би мотоциклио бүрэн хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

гэрч Г.Б-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 06-ны орой манай төрсөн ах Г.А манайд байж байгаад 21 цагийн өнгөрч байхад манайхаас О эгчийн гэрт очно гээд гараад явсан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад манай ах А орж ирээд би О эгчийн хашааны гадна мотоциклио хулгайд алдчихлаа гэж хэлээд миний цэнэгтэй утас аваад гарсан. Дахиад тэр орой манайд ирээгүй гадуур мотоцикль хайсан гэсэн. Манай ахын унаж явсан мотоцикль улсын номер дугаар байхгүй, улаан өнгийн мустанг-150 маркийн мотоцикль байсан” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

гэрч С.О-ы хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 06-нд бид гэртээ хоол унд идээд унтах гэж байтал манай төрсөн эгчийн хүү А манайд мотоцикльтой ирсэн. Тэгээд би цай хийж өгөөд зурагтаар гарсан кино үзэж дуусаад гарсан. Гадна гараад манай залуу Х-ыг дуудсан. Би түлхүүрээ үлдээсэн юм байх гэж бодож байтал Х орж ирээд А ахын мотоцикль алга болчихсон байна гэж хэлээд хувцасаа өмсөөд гарсан. Тэгээд цадаад очиж хэлнэ гээд, гадуур хайна гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

насанд хүрээгүй гэрч Ц.Х-ын хэрэг бүртгэлтэн өгсөн: “...А ах миний мотоцикль байхгүй байна, яасан юм бол гэж надаас асуусан. Тэгээд бид хоёр мотоцикль тавьсан газар орчим хараад байхгүй болохоор нь цагдаад очиж хэлсэн. Тухайн үед би ээжийн хамт гэрт байсан ба А ахаас өөр хүн ирээгүй.” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

иргэний нэхэмжлэгч Ж.Ч-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад шүүх хуралд гаргах тайлбар алга. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

шүүгдэгч Ч.Б-ы үйлдсэн хэргээ хүлээн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Би 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө гэртээ унтах гээд байж байтал манай найз Б над руу утсаар залгаад “би шар толгой гэх газар явна, миний өөрийн мотоциклийн мотор зуурчихлаа чи хүрээд ир” гэсэн. Тэгээд би аав Ч-д хэлээд мотоциклийг нь унаад Б-ийн байгаа газарт хүрээд  Б-ийн мотоциклыг чирч ирээд манай гэрийн гадна тавьсан. Тэгээд Б намайг манай хамаатны нэг айлд хүргээд өг гэхээр нь би мотоциклио асаагаад явж байтал манай хороололд Ц гэх айлын хашааны гадна нэг мотоцикль байсан. Тэр мотоциклыг Б хоёулаа энэ мотоциклыг аваад явий би энэ мотоциклийн моторын авч өөрийнхөө мотоцикльд сольж тавимаар байна гэсэн. Анхандаа би зөвшөөрөөгүй. Тэгтэл Б.Б зам руу түлхээд оруулж ирсэн. Тэгэхээр бид хоёр хамт түлхээд хорооллын эхэн хүртэл би гаргаж өгсөн. Б.Б энэ мотоциклийн гэрэл асахгүй байна, чи гэрэл тусгаад өг гэсэн тул би хогны хонхор тийшээ араас нь гэрэл тусгаж өгөөд буцаад явсан. Буцаж явж байтал миний урдаас мотоцикльтой хэсгийн төлөөлөгч ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч намайг дагуулж аваад Б-ийн байсан газар очоод Б-ийг хамт сумын төвд цагдаагийн хэсэг дээр ирсэн. Найздаа туслах гэж буруу зүйл хийсэн байна. Би хүний юмыг эзнээс нь асуугаагүй эзэнд нь мэдэгдэхгүй авсандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын төвөөс хөдөө гэрлүүгээ явах гээд өөрийн мустанг-150 маркийн ногоон өнгийн 51-98 улсын дугаартай мотоцикль унаад шар толгой гэх газар очиж явтал миний мотоциклийн тос нь дуусаад мотоциклийн мотор зуурсан. Тэгээд би найз Б луу утсаар яриад чи хүрээд ир, миний мотоциклийн мотор зуурчихлаа гэсэн. Тэгээд манай найз Б өөрийнхөө мотоциклоо унаад ирсэн. Тэгээд би жаахан моторын тос байсан тэр тосыг мотоцикльдоо хийгээд мотоциклийн зуурсан байсныг гаргаад чирч аваад Б-ы гэрт ирсэн. Тэгээд би хамаатныхаа айлд хүргүүлэх гээд Б-тай хамт мотоциклтой явж байтал хороололд Ц гэх айлын гадна улаан өнгийн мотоцикль байхаар нь энэ мотоциклийн моторыг авмаар байна гэж хэлсэн. Тэгээд би мотоциклийг түлхээд зам руу оруулсан. Мөрдөн байцаалтын шатанд Б түлхээд зам руу оруулсан гэж сандарсандаа худал хэлсэн. Тухайн үед мотоциклын гэрэл асахгүй байсан тул би Б-ыг мотоциклынхаа гэрэл тусгаад яваад өгөөч гэсэн. Тэгээд бид хамт сумын төвөөс 2-3 км газар Зэлийн эхэн гэх газар очоод Батсайхныг сумын төв рүү явуулсан. Би харин тэр газраас тэр мотоцикль орхиод манай хамаатны Б гэх айл ойрхон байсан тул очоод байж байтал Б над руу утсаар залгаад нөгөө мотоцикль тавьсан газар хүргээд ир гэсэн. Тэгээд би мотоцикль орхисон газар яваад очиход Б-тай хамт цагдаа нар хамт байсан. Тэгээд бид Зүүнговь сумын төвд цагдаагийн хэсэг дээр ирсэн. Миний авсан мотоцикль улаан өнгөтэй мустанг 150 маркийн мотоцикль байсан бөгөөд эзэнд буцааж өгсөн” гэх мэдүүлэг,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мотоцикльд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 03-11 тал/ Гэрэгэ Эстимэйт ХХ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн УВ/01/315 дугаартай Мустанг 150 загварын мотоцикль үнэлсэн үнийн тодорхойлолт /хх-ийн 38 тал/, Зүүнговь сумын 4 багийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар тодорхойлол /хх-ийн 42 тал/, Увс Финанс Аудит ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 60 тоот гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэлсэн тогтоосон тайлан /хх-ийн 89 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 98-99, 103-106 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс/ хэнд ч /-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар хохирогч Г.А-ын эзэмшилийн мотоциклийг эзэнд нь мэдэгдэхгүйгээр авч явсан үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байх тул Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Хэрэг учрал болох өдөр өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн унаж явсан мотоциклийн мотор зуурч эвдэрсэн, улмаар тухайн мотоцикльд мотор авч тавих шаардлага байсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.  

 

Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-ны өдөрт шилжих шөнө Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт байрлах 06-03 тоот хашааны гаднаас хохирогч Г.А-ын эзэмшлийн Мустанг-150 загварын улаан өнгийн мотоциклийг хамтдаа хорооллын эхэн хүртэлх зам руу түлхэж оруулсан, үүнээс цааш тухайн мотоциклийн гэрэл асахгүй байсан тул өөрсдийн унаж явсан мотоцикль болох шүүгдэгч Б-ы аав Ж.Ч-гийн мотоциклиор зам гэрэлтүүлэн явж Зэлийн эхэн гэх газарт аваачиж орхисон үйл баримт нь тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж оролцсон болохыг нотолж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Б нь унаж явсан мотоциклиороо харанхуйд зам гэрэлтүүлэн явж хулгайн эд хөрөнгө болох гэрэл нь асахгүй мотоциклийг сумын төвөөс зайдуу Зэлийн эхэн гэх газарт хүргэснээр шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарын үйлдэл төгсөж, хулгайн мотоциклийг өөрсдийн эд хөрөнгийн адил захиран зарцуулах боломж бий болсон байна. 

Түүнчлэн шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь хулгайн гэмт үйлдлээ түргэсгэж, учрах саадыг арилгах зорилгоор иргэний нэхэмжлэгч Ж.Ч-гийн эзэмшлийн 24-60 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклийг ашигласан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.  

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хавтаст хэргийн 27-36, 47-48, 64-69, 74-78 талд авагдсан шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолтууд, Увс аймгийн Зүүнговь сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолтууд, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрч Б.А-гийн “...Б.Б миний төрсөн дүү. Ямар нэгэн муу зуршил байхгүй, архи, тамхи татдаггүй, зан байдлын хувьд төлөв даруу, багаасаа аав, ээжид туслах гээд сургуулиасаа гарсан, найз нөхөд, ах дүү, хамаатан садны хүмүүс дунд нэр хүндтэй” гэх мэдүүлэг, Б.Бийн “Миний хүү Б нь 4 дүгээр анги төгссөн, аав, ээжийнхээ үгэнд сайн ордог, ямар нэгэн буруу зан ааш гаргаж байгаагүй, ах хүнээ хүндэлдэг хүүхэд. Би хүүгээ хүмүүжилтэй өсгөсөн гэж боддог” гэх мэдүүлэг, Б.Б-ын “...Балдорж нь төлөв даруу, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хүний үгэнд сайн ордог, муу зуршил байхгүй, хадам аав, ээжийн хажууд мал маллаж туслаж байгаа” гэх мэдүүлэг, Н.Б “Миний хүү Б төлөв даруу, дуу цөөтэй, хүнд тусархуу, хүний үгэнд сайн ордог, найз нөхөд хамт олны дунд нэр хүндтэй, элдэв муу зуршилгүй, гэрийн бүх ажил хийж бидэнд их тусалдаг хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг, Д.Б-ын “Б нь хүүхэд зантай хүний үгэнд сайн ордог, төлөв даруу, ихэнхдээ гэртээ байдаг, архи тамхи хэрэглэдэггүй, хүнд их тусархуу хүүхэд юм” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь Увс аймгийн Зүүнговь сумын 2, 5 дугаар багт аав, ээжийнхээ гэрт амьдардаг, өрх тусгаарлаж гараагүй, төлөв даруу зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, бусдад тусархаг, нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй,  анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдож байна.

 

Хохирогч Г.А хэрэг бүртгэлтийн шатанд “Миний мотоциклийг Б, Б нар буцаагаад өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тодорхойлолт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2000.10.05-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сар 03 хоногтой, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд 17 нас 9 сартай буюу өсвөр насны этгээд байна.

   Мөн шүүгдэгч Ч.Б нь 1997.10.30-ны өдөр төрсөн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр 20 нас 8 сар 5 хоногтой насанд хүрсэн байх боловч өрх тусгаарлаж гараагүй, зан аашын хувьд төлөв даруу, бусдын үгэнд оромтгой, бусдад тусархаг, хүүхэд зантай буюу бие махбод, сэтгэц оюуны хувьд бүрэн төлөвшиж амжаагүй байгаа үедээ гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнийг өсвөр насны этгээдтэй адилтгаж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өсвөр насны этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэгдсэн байхаар зохицуулсан.

 

Иймд шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарын анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан болон тэдгээрийн хувийн зан байдал, хэргийн үйлдэл, оролцоо зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой гэж шийдвэрлэж, тэдгээрт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх зохистой гэж дүгнэсэн болно. 

 

Өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нарт авсан хүмүүмжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Увс аймаг дахь Хүүхэд гэр бүл, залуучуудын газарт даалгаж, хүмүүжил, зан байдалд нь хяналт тавих, хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлж байх үүргийг хууль ёсны төлөөлөгч буюу тэдгээрийн эцэг эх Б.Б, Ж.Ч нарт хариуцуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5-д заасан “учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

            Хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 24-60 УБЗ улсын дугаартай, хар өнгийн Мустанг-5 загварын мотоцикль нь өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нарын мотоцикль биш, шүүгдэгч Ч.Б-ы аав буюу иргэний нэхэмжлэгч Ж.Ч-гийн нэр дээр бүртгэлтэй болох нь хэргийн 104 дүгээр хуудаст авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.Ч-д буцаан олгох үндэслэлтэй байна.

 

            Харин уг тээврийн хэрэгсэл нь Увс Финанс Аудит ХХК-ийн “Мотоцикль үнэлсэн тайлан”-гаар 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг /хх-ийн 89 тал/ төгрөгөөр үнэлэгдсэн тул уг 160.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Ц овогт Ч-гийн Б, өсвөр насны шүүгдэгч Ц овогт Б-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц овогт Ч-гийн Б, өсвөр насны шүүгдэгч Ц овогт Б-ийн Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагы арга хэмжээ авсугай.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ч.Б нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Увс аймаг дахь Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн эцэг Б.Б, Ж.Ч, нарт хариуцуулсугай.

5. Шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч нь шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 24-60 УВЗ улсын дугаартай хар өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг эзэмшигч буюу иргэний нэхэмжлэгч Ж.Ч-д буцаан олгож, шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нараас тээврийн хэрэгслийн үнэ 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА