| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2410013831066 |
| Дугаар | 2025/ДШМ/559 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/559
2025 05 13 2025/ДШМ/559
Н.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Н.Бт холбогдох 2410013831066 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “00”-т хүний нөөц ажилтай, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй бүртгэлтэй, /РД:00000000/,
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд үйлчлүүлж байсан хохирогч М.Г-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байхдаа гартаа барьж байсан пивоны шилийг шидэж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Н.Б-ийн үйлдсэн гэх гэмт хэргийн гэм буруу, түүний нэмэгдэл нөхцөл болох гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн суурь шинжийг зөв тодорхойлохгүйгээр эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Ч-ын “...Тэгээд шөнийн 03 цагийн орчимд тус баарнаас гарахаар хувцасны өлгүүр орчимд дараалалд Н.Б-тэй тааралдсан. Тэр үед гомдол гаргаад байгаа үл таних залуу хараал хэлээд байсан. Би энэ залуу юунд уурлаад байгаа юм бол гэж асуухад Н.Б-тэй цуг явсан эмэгтэй найз нь аль хэдийнээс бааран дотор байхад надтай харилцах гээд байсан учраас юм яриагүй болохоор уурлах болсон гэж хэлсэн. Би тэр залууг маш их хараал хэлээд байсан тул хамгаалагч нарт нь энэ хүн согтуурхаад байна шүү гэхэд ойролцоо зогсоод байсан. Мөн тэнд байсан залуу руу зодох гэж дайраад бужигнаан үүсээд дуусахад Н.Б уг залууд хандаж чи ядаргаатай юм бэ? Зүгээр явалдаа гэхэд нөгөө залуу Н.Б рүү өмхий юутай янхан минь гэж зүй зохисгүй, цээртэй үг хэлсэн. Тэр үед Н.Б тэр үгийг сонсоод намайг хориглож хаах үед пивоны лонх гараас нь дээш шидэгдсэн” гэх мэдүүлэг/хх-30/, Н.Б-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг “ Гэтэл үл таних залуу миний бие болон цуг явсан эмэгтэй найзын биед дураараа гараараа хүрэх гэж оролдсон,..,шалтгаангүйгээр зүй бус хараалын үгийг хэлсэн... удаа дараа энэ үйлдлээ зогсоо гэдгийг хэлсэн ... гэтэл миний биед зөвшөөрөлгүй хүрээд байсан” гэх мэдүүлэг /хх-51/, гэрч О.А “...Бид 3 зогсож байтал шар царайтай, мярайлаг залуу бид 3-ын хажуугаар зөрөх үедээ миний бэлхүүс хэсгийг илээд өнгөрөхөөр нь Н.Б тэр залууд хандаж чи ямар сэжгийн залуу вэ? гэж хэлээд өнгөрсөн, ...гадуур хувцсаа авах гээд оочирлож байтал бид нар дээр анх биед хүрээд байсан залуу хүрч ирээд гарнаас татаад хөөе хамт явах уу, та нар гарах гээд байгаа юм уу гээд байхаар нь цаашаа яваарай гээд нуруугаа харуулаад зогсох үед бид нар луу дайраад байхаар нь хамт явж байсан Шинээ тэр залууг очоод болиулах гэтэл тэр залуу Ш-ийн нүүр хэсэг рүү цохиод автал Ч салгасан" гэх мэдүүлэг /хх-51/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч М.Г нь Н.Б-т зүй бусаар хандаж, олон нийтийн газар цээртэй үгээр хүндээр доромжилж, сэтгэл санааны гэнэтийн цочролд автуулсан үйлдлийг хийсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хэдий ч үүний улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй “ байна хэмээн дээр дурдсан бичгийн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр гэм бурууг тодорхойлсон нь ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг зөрчсөн байна.
Эрүүгийн эрх зүйн онол зүйд гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь өөрийн хийж буй үйлдлийн үр дагаврыг ухамсарлаж түүнд зориуд хүргэж буй идэвхтэй үйлдлийн нэгдлээр илэрхийлэгддэг. Гэтэл “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хуний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмтэл учруулагчийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмтэл учруулагч түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагддаг онцлогтой. Үүнээс дүгнэлт хийж үзэхэд хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн хийсэн үйлдэл, согтуурсан үедээ гаргаж буй зан байдал зэрэг баримтуудад дүгнэлт хийхэд миний үйлчлүүлэгч Н.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан үйлдэл хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогчид гэмтэл учруулахад шууд чиглэсэн идэвхтэй довтолгоон хохирогчийн эсрэг хэрхэн эхэлсэн, мөн үргэлжилсэн эсэх нөхцөл байдлууд тодорхой бус байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь эмнэлгийн бус хууль зүйн ойлголт учир дараах хууль зүйн шалгуураар тодорхойлогддог. Үүнд: Хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдал /Үүнд: Хохирогч нь Н.Б-ийн биед удаа дараа зөвшөөрөлгүй хүрсэн, олон нийтийн газар зүй бус, цээртэй үгээр удаа дараа доромжилсон, давшилсан/, Хохирогчийн хууль бус гэмт үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд хоромхон зуур автсан /цаг хугацааны хувьд үргэлжлэл богино байсан/, Шүүгдэгч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэхүйн хэвийн байдал алдагдах, биеэ барих, өөрийн үйлдлийг удирдан жолоодох ба өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдаг нь тухайн цаг үетэй, хэргийн нөхцөл байдалтай шуудаар шалтгаант холбоог үүсгэж байгаа учир гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талд хамаарах “гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал буюу эмоци" гэх шинж байсан болохыг илтгэж байна.
Иймд ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 2025/ШЦТ/625 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...
Шүүх бүрэлдэхүүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Н.Б-ийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанаас эхэлж ажилласан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, цагаатгах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хэрэг хяналтын шатны шүүхэд ирсэн энэ цаг хугацаанд үйлчлүүлэгчтэйгээ хэд хэдэн удаа уулзсан. “Би хийсэн үйлдлээ ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэд хэдэн удаа уншлаа, нотлох баримтуудтай танилцлаа, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Иймд гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг өөрчилж танилцуулах гэж байна. Үйлчлүүлэгч маань хүсэлт тавиад гэм буруугаа ойлгож байгаа тул түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагын асуудлыг хөнгөрүүлэх байр суурьнаас гомдлын үндэслэлээ танилцуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалтай маргахгүй, харин түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтыг харахад шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл холбогдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан бичгийн нотлох баримтууд болон камерын бичлэг, гэрч Ч, А, тухайн цэнгээний газрын ажилчдын өгсөн мэдүүлгээр хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн гэж мэдүүлсэн байдаг. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд Н.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө гэм буруу дээрээ дүгнэлт хийж гэм буруутай асуудал байгаа учраас анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Н.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх агуулгаар хүсэлт гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч Н.Б нь өрх толгойлсон эмэгтэй. Бага насны хүүхэдтэй. Өндөр настай эхтэйгээ, дүүтэйгээ хамт амьдардаг. Тухайн гэр бүлээс ажил эрхэлдэг ганц хүн нь Н.Б байдаг. “00” ХХК-нд ажилладаг. Хувийн байдалтай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргалаас бичгээр гаргасан давж заалдах гомдолтой танилцсан байсан. Уг гомдлын агуулгаа сая өөрчилж тайлбараа гаргаж байна. Иймд бичгээр гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хэлэх шаардлагагүй боллоо. Харин сая хэлсэн тайлбарт хариу тайлбар хэлэхэд, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, чөлөөлж өгнө үү гэж байна. Хэргийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулсан. Торгуулийн хэмжээ шүүгдэгчийн үйлдэл, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна. Учир нь, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Үүний улмаас бодит хохирол нь 346,000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирогчоос баримтыг гаргаж өгсөн тул уг хохирлыг нь шүүгдэгч төлсөн. Хохирогч хохирлын мөнгө нэмж нэхэмжлээгүй. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй байдаг. 346,000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Н.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй. Хэрэг гарахад шүүгдэгч Н.Б тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ял тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд үйлчлүүлж байсан хохирогч М.Г-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байхдаа гартаа барьж байсан пивоны шилийг шидэж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “....Хохирогч М.Г нь шүүгдэгч Н.Б-тэй маргалдаж байгаад улмаар шүүгдэгч Н.Б нь гартаа пивоны шил мэт зүйлийг хохирогч руу шидэж, хохирогчийг онож, хохирогч нь нүүр хэсгээ 2 гараараа дараад доош тонгойж буй дүрс бичлэг. ...” /хх 16-22/,
хохирогч М.Г: “...Минт баарнаас гарахаар өлгүүрнээс гадуур хувцсаа аваад явах гэж байтал үл таних эмэгтэй нүүр рүү пивоны лонх шидсэн. ...Тэгээд миний зүүн нүдний дээд хэсэгт онож гэмтэл учруулсан. ...Хөмсөгний дээд хэсэг задарсан. ...Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх 28/,
хохирогч М.Г дахин: “...Миний бие өөрт гарсан зардал, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. ...Н.Б /шүүгдэгч/ гэх эмэгтэй пивоны лонх шидэх үед тухайн лонх нь миний зүүн хөмсгийн онох үед тухайн шил нь газар унасан. ...Гэхдээ ямар нэгэн байдлаар намайг онох болон газар унах үедээ хагараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 76/,
гэрч Д.Ч: “...Тэр залуу /хохирогч/ Н.Б рүү /шүүгдэгч/ хандаж “өмхий юутай янхан минь” гэж зүй зохисгүй хараасан. ...Тэр үед Н.Б тэр үгийг сонсоод намайг хориглож хаах үед пивоны лонх гараас нь дээш шидэгдсэн. ...Лонх хаана, хэнийг оносоныг харж чадаагүй. ...Бужигнах үед лонхонд биш өөр хэн нэгэний гарт өртсөн байж болзошгүй гэж бодож байна. ...Тэр залуу /хохирогч/ цээртэй үг хэлэх үедээ ил харагдах шархгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 30/,
гэрч Ө.Д /тухайн үед хохирогчтой хамт явж байсан гэх/: “....00 ороход Г-ын нүүр толгой хэсгээс цус гарчихсан байсан. ....Камерын бичлэгийг үзэхэд өлгүүрний хажуу талаас 1 охин ууж байсан пивоныхоо шилийг нүүр рүү нь шидэж М.Г-ын нүүр рүү онож байгаа харагдсан. ...Би хамгаалагч нараас энэ хүмүүс хаана байгаа юм бэ гэж асуухад гадаа үүдэнд байгаа гэж хэлсэн. ...Тэгээд гараад харсан 2 залуу, нэг эмэгтэй инээлдсэн юм яриад зогсож байсан. ...Би очиж уулзаад “та нар яагаад хүн рүү шил шидэж байгаа юм бэ хүний эрүүл мэндэд ингэж халдаж болдог юм уу. ...” гэж асуухад тэнд байсан хүмүүс “найз чинь өөрөө эхэлсэн, өөрөөсөө болсон” гэж юм яриад байсан. .. ...” гэх мэдүүлэг /хх 32-33/,
хохирогчийн биед хийсэн шинжээчийн эмчийн: “...Зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ....Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ....Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 36-37/,
шүүгдэгч Н.Б сэжигтнээр: “...Тухай баарнаас гарах гээд гадуур хувцасаа авах гэж байхад үл таних залуу миний болон манай найзын биед дураараа хүрээд байсан. ...Мөн шалтгаангүйгээр зүй бус үг хэлсэн. ...Маргаан үүсгээд байсан залуу /хохирогч/ манай найзын бие рүү гараараа харилцан цохилцоод байсан. ...Энэ үед би санаандгүйгээр лонх аваад хана руу шидсэн. ...Уг залууг миний шидсэн лонх оноогүй. ...Харин намайг камерын өрөө рүү хамгаалагч нар аваад орох үед духнаас нь цус гарсан байдалтай байсан. ....Би тухайн үед 2 лааз пиво уусан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 51/,
шүүгдэгч Н.Б яллагдагчаар болон шүүх хуралдаанд: “...М.Г нь /хохирогч/ над руу дайраад байсан. ....Би тухайн үед айдастай байсан болохоор тэр залууг /хохирогч/ зогсоох зорилгоор гарт тааралдсан зүйлээ аваад Г-ын ард байсан хана руу шидэх үед шил хагараагүй. ..Тэгээд хувцасаа аваад гарах гэж байтал тус баарны хамгаалагч нар ирээд камерын өрөө рүү орцгооё гээд орох үед М.Г толгойгоо бариад ороод ирсэн. ...Би айсандаа тэр хүнийг зогсоох гэж оролдсондоо тухайн шилийг шидсэн. ... Энэ залуу зохисгүй дайраад байхаар нь хана руу пивоны шил шидсэн. ...Гэтэл М.Г /хохирогч/ оногдчихсон. ...” гэх мэдүүлэг /хх 53-56,/, болон шүүх хуралдааны тэмдэглэл /хх 144, шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудас/,
дуудлага лавлагааны хуудас /хх 14/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 59-64, 139/, хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой төлбөрийн төлж барагдуулсан баримтууд /хх 141-142/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.
Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчийн мэдүүлэг, бусад эх сурвалжтай баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
Прокуророос шүүгдэгч Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх билээ.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог.
Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа “...миний үйлчлүүлэгч сэтгэл санаа нь цочрон давчидсан. ...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэсэн гомдол гаргасан хэдий ч өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ....хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. ...хохирол төлбөр төлсөн тул Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэж давж заалдах гомдлоо өөрчлөн оролцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасан.
Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй ба тэрээр хохирол төлбөр бүрэн төлсөн, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ээж, хүүхдийн хамт амьдардаг, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал, түүнчлэн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн алины буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар гаргасан түүний хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт авагдсан гэрч Д.Ч: “...Тэр залуу /хохирогч/ Н.Б рүү /шүүгдэгч/ хандаж “өмхий юутай янхан минь” гэж зүй зохисгүй хараасан. ...Тэр үед Н.Б тэр үгийг сонсоод намайг хориглож хаах үед пивоны лонх гараас нь дээш шидэгдсэн. ...Тэр залуу /хохирогч/ цээртэй үг хэлэх үедээ ил харагдах шархгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч О.А /тухайн үед шүүгдэгчтэй хамт явж байсан найз гэх/: “...Тухайн бааранд сууж байхад үл таних залуу /хохирогч/ миний хажуугаар гарахдаа миний бэлхүүс хэсгийг илээд өнгөрөхөөр нь би түлхэх үед цаашаа яваад өгсөн. ...Удалгүй тэр залуу бид нарын хажуугаар өнгөрөхдөө Н.Б-ийн /шүүгдэгч/ гар хэсгийг илээд өнгөрөхөөр нь Н.Б тэр залууд “чи ямар сэжгийн залуу вэ” гэж хэлээд өнгөрсөн. ...Тэгээд бид нар гарах гээд хувцсаа авах гэж байтал тэр залуу /хохирогч/ эмэгтэйчүүд рүү дайраад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 79-81/, шүүгдэгч Н.Б: “...Тухайн бааранд найзуудтайгаа сууж байхад үл таних залуу хүрч ирээд бид нар луу хараалын үг хэлээд байсан. ...Тухайн залуу нь бид нар дээр ирээд хөл, гар, гуя хэсэгт зөвшөөрөлгүй хүрч “харваас янхан гичий биеэ үнэлэгчид” гэх зэргээр доромжилж байсан. ...Тэгээд тухайн баарнаас гарах гээд гадуур хувцсаа авах гэж байхад М.Г гэгч /хохирогч/ хаанаас ч юм гарч ирээд бид нар луу дайрч давшлаад байсан. М.Г нь /хохирогч/ над руу дайраад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 53-56/ зэргээс үзэхэд хэрэг гарах үед хохирогч нь зүй бус эрээ цээргүй үг хэрэглэсэн, бусдыг доромжилж басамжилсан, эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцан зэрэг түүний буруутай үйлдэл байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн өөрчлөн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын өөрчлөн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ