Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01377

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01039 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК -ийн хариуцагч Ж ХХК -д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөг, барьцааны мөнгө 500 000 юань буюу 174 750 000 төгрөг, нийт 733 950 000 төгрөг гаргуулах үндсэн, барилгын гадна талбай тохижуулах ажлын төлбөр 40 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нурболат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Лхаасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б ХХК -ийн захирал БНХАУ-ын иргэн Фан Лиан Жунээс түүнтэй үүсгэсэн гэрээний төлбөрийг шаардахад тэрээр өөрийн компанийн гүйцэтгэх захирлаар Б.Нурболатыг томилж, компанийн нэрийн өмнөөс бусдаас авах авлагыг шаардах эрх олгосон. Ийнхүү уг эрхэд үндэслэн хариуцагч Ж ХХК -аас талуудын хооронд 2013 оны 03 сард байгуулагдсан Барилга барих гэрээ-ний үүргийн биелэлтэд 2 100 000 юань буюу 733 950 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагаа дараах байдлаар тодруулан өөрчилж байна. Талуудын байгуулсан 2013 оны 03 сарын 10-ны өдрийн Барилга барих гэрээ-ний 6-д заасан 19 нэр, төрлийн ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн. Энэ нь гэрч Т.Отгонбаяр, Лию Шиаобинг, А.Энхжаргал нарын мэдүүлэг болон хариуцагчийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн өр авлагаа өөрсдөө хамт байж шийдвэрлэх асуудал гэж бодож байна гэх агуулгаар гаргасан тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь гадна хана Б=360 мм-ийн зузаантай хөнгөн блокоор өрж, 100 мм-ийн хөөсөнцрөөр дулаалах ажил, хамар хана блокоор өрөх ажил 6=240 мм, гадна болон дотор хананд шавардлага хийх, шатны гишгүүр, шатны эргэлтийн талбайн чулуу наах, ариун цэврийн өрөөний плита наах, шатны довжоо цутгах, явган шатны хана замаскдаж, будах, орцны саравч шавардаж, будах, гараашны шал цутгах, орцны саравч цутгах, шаланд цементэн тэгшилгээ хийх 6=5-7 мм, өрөө хоорондын хамар хана гипсэн хавтангаар угсрах, паркетан шал угсрах, дотор гадна хаалга, цоож суулгалт, тагтны тааз, А/цэврийн өрөөний тааз (Р\/С)-ээр, алчуур хатаагч зэргийг угсрах, дотор цахилгаан хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цэвэр, бохир усны, холбоо, дохиолол, халаалтын босоо шугам, подводка, борооны усны шугам хоолойг тосон будгаар 2 удаа будах, хана, тааз, дам нуруу, багана 2 үе замаскдах, обой наах зэрэг нийт 20 төрлийн 3 260 303.20 юанийн үнэ бүхий ажил хийсэн.

Дээрх ажлын хөлснөөс 2014 оны 07 сард 40 000 000 төгрөг буюу 101 597 юанийг төлсөн ба үлдэгдэл төлбөр 3 158 706.2 юань болно. Талууд 2014 оны 07 сард уулзаж ажлын хөлсөнд 1 600 000 юань авах талаар тохиролцсон. Иймд хариуцагчаас барилга барих гэрээний дагуу ажлын хөлс 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар олгосон 500 000 юань буюу 175 750 000 төгрөг, нийт 733 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч компанийг төлөөлөн хэн нь эрх бүхий этгээд болох нь тодорхойгүй 2 гүйцэтгэх захирал манай компаниас мөнгө шаардаж байна. Мөн 2 талын компанийн захирлууд Монгол Улсад байхгүйн улмаас талуудын хооронд үүссэн өр, авлагын асуудал шийдвэрлэгдэх боломжгүй байхаас гадна манай компани мөн учирсан хохирлоо нэхэмжилж чадахгүй байна. Талууд 2011 оны 09 сарын 05-ны өдрөөс 2012 оны 09 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч тул барилга барих тусгай зөвшөөрөлгүйн улмаас ажил зогсож, удааширсан. Улмаар барилгын гадна талбайн ажлыг дутуу гүйцэтгэснээр алга болсон. Иймээс 2012 оны 04 сарын 20-ны өдөр Өвөр аргалант ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлснээр барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн. Б.Нурболат нэхэмжлэгч компанийн захирлаас авлагатай гэж тайлбарлан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа гэрээний 2-т заасан 2013 оны 09 сарын 30-ны өдрөөс эхэлж, 2016 оны 09 сарын 30-ны өдөр дууссан байна. Түүнчлэн нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч нар тухайн барилгын хажууд байгаагүй, мэдээллийн эх сурвалжийг нотолж чадаагүй. 500 000 юанийн хувьд өгсөн авсан гэсэн нотариатаар хуулбар үнэнийг гэрчлүүлсэн баримт байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийн эх сурвалжийг шалгах, нотлох баримтыг үнэлэх асуудалд, бичмэл нотлох баримт байгаа тохиолдолд нотлох баримтын хувьд засварын асуудал, тод бус дарагдсан тамга, дугаар, огнооны зөрүү байна. Шүүх энэ нотлох баримтыг эргэлзээгүй, зөв бодит талаас нь үнэлэх ёстой. 1 дүгээр хавтас, 10 дугаар талд Хятад хэл дээрх баримтын эх хувийг хуулбарлан авч ирсэн. Энэ баримт дээр компанийн нэр харагдахгүй байгаа. Компанийн тамга дээр компанийн регистрийн дугаар байх ёстой. Аливаа хүмүүс тамгыг янз бүрээр нь үйлдвэрлэх боломжтой болсон. Гэвч нотлох баримт дээр тамга, регистрийн дугаар байхгүй. Хэний, хэзээ үйлдсэн баримт гэдэг нь мэдэгдэхгүй баримтыг нотариатаар гэрчлүүлж хэрэгт баримтаар өгсөн. 500 000 юанийг нэхэмжлээд байгаа үндэслэл тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч компани нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Ингэхдээ Б ХХК -аар тухайн үеийн захирлуудын аман байдлаар тохиролцсоны дагуу уг орон сууцны заслын ажил, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулахаар харилцан тохирсон гэж үздэг. Уг тохиролцоогоор урьдчилгаа төлбөрт хариуцагчийн Хаан банк ХХК дахь 5084090365 тоот дансанд 2014 оны 07 сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 07 сарын 31-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэвч хариуцагч компани урьдчилгаа төлбөрийг хүлээж аваад огт ажил хийлгүйгээр орхисон байдаг. Энэ асуудлыг үндсэн нэхэмжлэлээр хэлэлцэх үед хариуцагчийн зүгээс хийж гүйцэтгэсэн заслын ажлын үлдэгдэл төлбөр гэж баримтгүйгээр тайлбарладаг. Ажил хийсэн бол баримтаа өөрөө бүрдүүлсэн байх ёстой. Өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн ажилд баримт бүрдүүлж чадахгүй байгаа нь гүйцэтгэсэн гээд байгаа ажлыг гүйцэтгээгүй болох нь илэрхий байна. Иймд нэхэмжлэгч компанийн барилгын заслын ажил, гадна хүүхдийн тоглоомын талбайн ажлыг хийж гүйцэтгэхээр урьдчилгаа төлбөр болгож авсан 40 000 000 төгрөгийг Б ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 онд урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөг төлсөн ба өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдлын шаардлагыг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотойгоор гаргаж байгаагүй болно. Манай компани нь ажил гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч удаа дараа тайлбар гаргаж байсан боловч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж ХХК -аас 174 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ж ХХК -аас 559 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК -ийн үндсэн, нэхэмжлэгч Б ХХК -аас 40 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3 829 800 төгрөг, хариуцагчийн төлсөн 357 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК -аас 1 031 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглээгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгааг анхаараагүй.

2014 оны 06 сард Б ХХК -ийн гүйцэтгэх захирал Фан Лиан Жун Ж ХХК -ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ли Баолин болон одоогийн гүйцэтгэх захирал А.Мөнхбат нар уулзалт хийж, барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1 600 000 юань болсон талаар тооцоо нийлсэн байдаг. Уг ажлын хөлс 1 600 000 юань болон барьцаанд олгосон 500 000 юанийг 2014 оны 07 сард багтааж өгөхөөр тохиролцож, үүний дагуу Хаан банк ХХК-ийн 5099880073 тоот дансаар заслын ажлын урьдчилгаа төлбөрт 2014 оны 07 сарын 09, 31-ний өдрүүдэд нийт 40 000 000 төгрөг олгосон байдаг ба уг үйл баримтыг гэрч Лию Шиаобингийн ...2014 оны 06 сард Вэнжоү гэх хоолны газарт уулзаад 2014 оны 07 сарын 15-наас 30-ны хооронд Ж ХХК -ийн хууль ёсны захирал болох Лию Баолинг төлнө гэсэн, 2 100 000 юань өгнө гэж тохирсон... гэх мэдүүлгээр тогтоогдож, цаг хугацааны хувьд ч таарч байгаа болно. Тухайн уулзалтад хамт оролцсон хариуцагч компанийн одоогийн захирал А.Мөнхбат нь гэрч Лию Баолингийн мэдүүлэг худал зөрүүтэй талаар мэдүүлэг, тайлбар өгөөгүй. Өвөр аргалант ХХК-ийн инженер А.Энхжаргалын ...А.Мөнхбат захирал барилгын 80 хувийн ажлыг хятад компани гүйцэтгэсэн гэж хэлсэн, намайг очиход 80 хувийн гүйцэтгэлтэй байсан, гараашны, шугам сүлжээний шалыг будгаар будсан, ганц нэг өрөөний жижиг ажлууд хийгдсэн гэх хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож, Жинхуасиндажибин ХХК нь зөвхөн дутуу ажлуудыг гүйцэтгэсэн болохыг бүрэн нотолсон. Гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагчийн төлөөлөгчийн мэдүүлгийг эсэргүүцээгүй байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн, ажлын хөлс 1 600 000 юань болон барьцаанд олгосон 500 000 юанийг 2014 оны 07 сард багтааж өгөх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тооцоог барилгын төсөвчин Х.Ганпүрэв гаргахдаа барилгын ажлын зураг, гэрчүүдийн мэдүүлэг, нийт ажлын хэмжээг үндэслэж 3 200 000 юанийн ажил гүйцэтгэсэн гэдэг. Давж заалдах шатны шүүхээс урьд нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу 2020 оны 03 сарын 17-ны өдөр барилгын ажлыг гүйцэтгэсэн гэх Өвөр-Аргалант ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг болон ерөнхий инженер А.Энхжаргалаас нүүрэлдүүлэн дахин мэдүүлэг авахад Б.Ганцэцэг ...зөвхөн манай компанийн тусгай зөвшөөрлийг ашигласан, манай компани ажил гүйцэтгээгүй, төлбөр тооцоог мэдэхгүй... гэж, Өвөр-Аргалант ХХК-ийн ерөнхий инженер буюу улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн гол албан тушаалтан А.Энхжаргал нь ...Хятад хэл дээрх барилгын ажлын журналыг хуулж бичсэн, инженерээр ажиллаж байгаагүй... гэж тус тус мэдүүлснийг шүүх нэхэмжлэлийг шууд нотлохгүй гэж тайлбарлаж, нотлох баримтаар үнэлээгүй байна. Хариуцагчаас гэрчүүдийн мэдүүлэг худал, зөрүүтэй талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүйгээс гадна эсэргүүцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт /гэрчийн мэдүүлэг/-ыг үгүйсгэх, няцаах баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байхад шүүх үнэлэхгүй байх үндэслэлгүй болно. Хариуцагчийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/-аас шүүхэд ирүүлсэн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 39 дугаартай хариу тайлбарт ...гүйцэтгэлийн ажлын тайлангуудаа манай компанид гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн дутуу хийсэн, зураг төслийн дагуу хийгдээгүй ажлын төлбөрт 1 800 000 000 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч... гэх зэргээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад үүнийг огт нотлох баримтаар үнэлээгүй ба хариуцагчаас бусад этгээдээр ажил гүйцэтгүүлсэн талаар гэрээ, төлбөр төлсөн баримтуудыг 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 04467 дугаар шүүгчийн захирамжаар гаргахыг даалгасан боловч ирүүлээгүй нь манай компаниас өөр компаниар ажил гүйцэтгүүлээгүйг бүрэн нотолж, анхны гаргасан хариу тайлбарыг үнэлэх үндэслэлтэйг харуулж байна. Хариуцагч гүйцэтгэлийн ажлын тайлангуудаа манай компанид гаргаж өгөөгүй, дутуу гүйцэтгэсэн гэж бичгээр, хариуцагчийн төлөөлөгч Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд гэрээ байгуулагдсантай маргахгүй гэж тус тус тайлбар гаргасан байхад шүүхээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан ч талууд гэрээ хэрэгжүүлээгүй нь гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасныг зөрчиж байна. Түүнчлэн, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч огт ажил гүйцэтгээгүй, гэрээ цуцлагдсан... гэх мэдүүлэг нь 2014 оны 07 сарын 09, 11-ний өдөр урьдчилгаа төлбөр болгон нэхэмжлэгчид 40 000 000 төгрөг олгосон баримтаар үгүйсгэгдэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт заасны дагуу ажлын үр дүн буюу барилгын ажлыг гүйцэтгэснийг гэрч Лию Шиаобинг-ийн ...цахилгаан шатнаас бусад бүх ажлыг гүйцэтгэсэн, 2 100 000 юань өгнө гэж тохирсон... гэх мэдүүлэг, гэрч Т.Отгонбаярын ...анх 2013 оны 4 дүгээр сард карказ, дүүргэлтийн өрлөг нь дутуу байсан, 2014 оны 6 дугаар сард цэвэр бохир усны шугам орсон, дулаан орсон, цахилгааны монтажууд хийгдсэн байсан, лифт тавигдаагүй, бусад зүйлс нь хийгдсэн байсан, байгаа материалаар ажил хийдэг байсан, материалгүй болохоор ажил зогсдог... гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймээс хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2 100 000 юанийн ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу 1 600 000 юань гаргуулах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ажлын хөлс шаардах эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар болон тэргүүлэх төсөвчин Х.Ганпүрэвийн ажлын гүйцэтгэлийн тооцоогоор нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогддог. Хариуцагч нь гэрээний 9-д Сар бүр барилгын гүйцэтгэлийг хэсэгчлэн үнэлгээ хийж тооцож төлбөрийн 85 хувийг Б талд төлнө гэж заасны дагуу үнэлгээ хийгээгүй, ажлыг хүлээж аваагүй ба бараа материал хугацаанд нь нийлүүлээгүйгээс болж гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэгдээгүй болохыг шүүх огт анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж заасан үүргээ захиалагч буюу хариуцагч биелүүлээгүй ба манай компанид ажлаа хугацаанд хийгээгүй, ажил доголдолтой талаар гомдол, шаардлага гаргасан тохиолдол /баримт/ байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Ж ХХК -ийн орон сууцны барилгын ил, далд ажлын актыг гүйцэтгэсэн хуулийн этгээдийн талаар баримт, мэдээлэл, гэрээ хэрэгт авагдсан тус баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба эдгээр баримтаар баримтаар нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна ил, далд ажлын актуудад гүйцэтгэгч Өвөр-Аргалант ХХК-ийн ерөнхий инженер н.Энхжаргал гэж хүн гарын үсэг зурсан байдаг бөгөөд уг хүнийг гэрчээр асуухад актуудыг нөхөж үйлдсэн, ингэхдээ Хятад хэлнээс орчуулан хуулж бичсэн болохоо мэдүүлсэн байдаг. Мөн хариуцагчаас туслан гүйцэтгэгч компаниудаас ажил гүйцэтгүүлсэн баримт, гэрээг гаргаж ирүүлж чадаагүй ба зөвхөн дутуу ажлуудыг гүйцэтгэсэн бага хэмжээний ажлуудын баримтыг гаргаж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүхээс шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нотлох баримт нь хуурамч, худал болох нь тогтоогдоод байна. Актуудад гарын үсэг зурсан инженер нь өөрөө би хуулж бичсэн юмаа гэдгээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс 2017 оны 12 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1 600 000 юань, барьцаанд олгосон 500 000 юанийг тус тус гаргуулах нэхэмжлэлээ бичгээр гаргаж өгч, шүүх хүлээн авсан. Уг нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, 14 хоногийн дотор буюу 12 дугаар сарын 28-ны өдөр хариу тайлбар ирүүлэх эрхтэй байсан боловч хариу тайлбар огт өгөөгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 00755 дугаар тогтоолд ...хариуцагч нь хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанаас өмнө нэг удаа тайлбар гаргахдаа нэхэмжлэлийг үгүйсгээгүй, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан... гэж мэтгэлцсэн байгааг шүүх анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дах хэсэгт нийцээгүй байна... гэж дүгнэснийг анхан шатны шүүх огт анхаарч, хуулийг хэрэглээгүй. Хариуцагчаас уг тогтоол гарснаас хойш нэхэмжлэлийг няцаасан тайлбар гаргаж ирүүлээгүй байгаа ба хариуцагчийн эхний хариу тайлбараар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримт огт өгөөгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Эцэст нь дүгнэхэд шүүх хэргийн бодит байдал, хариуцагчийн удаа дараагийн худал зөрүүтэй тайлбарт дүгнэлт чадаагүй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагчаас 559 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2019 оны 06 сарын 26-ны өдөр 10443 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаар тооцохгүй гэсэн хэрэгт авагдсан Барилга барих гэрээ, Мөнгө хүлээн авсан баримт зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй баримтыг үнэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил дээрх баримтуудыг эх хувиараа хадгалагдаж байгаа эсэх, тамга дээрх бичиглэл ойлгогдохгүй байгааг тайлж унших зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу баримтуудын хадгалагдаж байгаа газарт үзлэг хийх замаар шинжлэн судлуулах хүсэлт гаргасан боловч гомдол гаргах эрхгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Гэвч манай зүгээс тус прокурорын байгууллагад хандаж шалгасан материалтай танилцахад эх хувь хадгалагдаагүй байсан. Үүнтэй холбоотойгоор Барилга барих гэрээ, Мөнгө хүлээн авсан баримт-ууд эх хувиараа хадгалагдаагүй болохыг нотолсон Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 1/1917 дугаартай албан бичгийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Прокурорын байгууллагаас хуулбар үнэн тэмдгийг ашиглахдаа өөрийн архиваас гарч байгаа хуулбар болон эх хувь материалаас хуулбарласан эсэхээс үл хамаарч хуулбарлан гаргаж бүхий л байгаа материалуудад хуулбар үнэн тэмдгийг дарж ашигладаг байна. Улсын ерөнхий прокурорын 2012 оны 01 сарын 17-ны өдрийн А/01 дугаар тушаалын хавсралтаар баталсан Прокурорын байгууллагын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийг архивд шилжүүлэх, хүлээн авах, хадгалуулах, ашиглуулах журам -аар тодорхой зохицуулсан байдаг. Энэ байдлаас үзвэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх агуулгыг зөрчиж эх хувиас хуулбарлаагүй баримтыг үндэслэн 174 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барилгын ажлын урьдчилгаа төлбөр гэж хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хариуцагч болон нэхэмжлэгч талуудын тухай үед ажиллаж байсан гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар нь нутаг буцаж явснаар холбоо сураггүй байгаагаас шалтгаалан 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн талаар бид огт мэдээгүй байдаг. Харин Хаан банк ХХК-ийн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгснөөр мэдсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар эрх зөрчигдсөн талаар мэдсэн үеэс буюу Хаан банк ХХК-ийн дансны мэдээлэл хэрэгт авагдсан үеэс эхлэн тооцох нь зүйтэй бөгөөд энэ хугацаагаар тооцвол хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 07 сарын 09, 31-ний өдрүүдэд тус тус дуусахаар байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал 40 000 000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байгааг шүүх анхаарч үзэх шаардлагатай байсан. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзвэл нэхэмжлэгчийг 40 000 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 174 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б ХХК гэрээний үүрэгт 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөг, барьцаа гэж шилжүүлсэн 500 000 юань буюу 174 750 000 төгрөг, нийт 733 950 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ж ХХК ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гарган мэтгэлцжээ. /1хх 1-2, 2хх 44-45, 5хх 51-52/

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Нэг. Гэрээний үүрэгт 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Хэрэгт авагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-гээр Б ХХК нь Ж ХХК -ийн материалаар 2011 оны 09 сарын 05-ны өдрөөс 2012 оны 09 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээнд заасан барилгын ажил гүйцэтгэх, Ж ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна. /3хх 230-235, 238-242/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй болох юм.

 

Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4-т талууд гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, гүйцэтгэсэн ажлын хөлс төлөхтэй холбоотой харилцааг зохицуулжээ. Ажил гүйцэтгэгч сар бүрийн 1-ний өдөр өмнөх сарын ажлын хэмжээг тайлагнаж, захиалагч бодит ажлын гүйцэтгэлийг баримтжуулж, 7-ны өдрийн дотор гүйцэтгэлийн дагуу хөлс төлөх, мөн ажил дууссаны дараа 10 хоногийн дотор ажлын тооцоог гаргаж, тооцоог гаргаснаас хойш 5 хоногийн дотор нийт төлбөрийн 95 хувийг төлж, үлдэх 5 хувийг ажлыг шалган хүлээн авснаас хойш 1 сарын дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсгийн зохицуулалттай нийцсэн байна. /3хх 239/

 

Ийнхүү гэрээнд заасны дагуу сар бүр гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан, акт үйлдсэн, тооцоо нийлсэн, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч тал 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдохгүй байгаа тухай анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал гэрээний дагуу ажил гүйцэтгээгүй хэмээн хариуцагч тал маргаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, түүнтэй холбоотой ажил гүйцэтгэсэн акт, протокол, гэрээ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт /1хх 62-64, 121-243, 2хх 1-14, 4хх 168-249, 5хх 1-36/ зэргийг шүүхэд гарган өгч мэтгэлцсэн байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талын тайлбар, тэргүүлэх төсөвчний гаргасан төсөв /2хх 67/, гэрч Т.Отгонбаяр, Лию Шиаобинг, А.Энхжаргал нарын мэдүүлэг /1хх 102-105, 111-115, 2хх 238-241/ зэргээр Б ХХК -ийг барилгын ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсныг дурдах нь зүйтэй. Тодруулбал, 2015 оны 05 сарын 14-ний өдрийн 2015/294 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-д Өвөр аргалант ХХК, Жавхлан туяа ХХК, Юниверсал системс ХХК, Эф эй икс ХХК-иудыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Ж ХХК -ийн захиалгатай 177 айлын орон сууцны барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч гэж тэмдэглэсэн байхаас гадна өмнө дурдсан ажил гүйцэтгэсэн акт, протокол, гэрээ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт зэрэг нь эдгээр аж ахуйн нэгжүүдэд хамааралтай байна.

 

Хоёр. Барьцаа гэж шилжүүлсэн 500 000 юань буюу 174 750 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг /3хх 239/, Мөнгө хүлээн авсан баримт /4хх 24/, Барилга барих гэрээ-ний 27 дугаар зүйл /4хх 12/ зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Б ХХК -иас 500 000 юань буюу 174 750 000 төгрөгийг гэрээ байгуулсны нотолгоо болгон урьдчилан өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан 500 000 юань буюу 174 750 000 төгрөгийг барьцаа хэмээн дүгнэж, хариуцагч Ж ХХК -ийг уг дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч талын нэхэмжлэгч талаас авсан мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчинд хамаарах бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ бодитоор хэрэгжсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учир мөн зүйлийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч Ж ХХК нь 500 000 юань буюу 174 750 000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч Б ХХК -д буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө болон дэнчинг өөртөө суутгаж үлдээх үндэслэл бий болоогүй байна.

 

Гурав. Ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлагын тухайд.

Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар Ж ХХК нь 2014 оны 07 сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөг, 2014 оны 07 сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөгийг тус тус барилгын заслын ажлын урьдчилгаа, заслын ажилд гэсэн утгатайгаар Б ХХК -д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх 84/

 

Уг шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг орон сууцны заслын ажил, хүүхдийн тоглоомын талбайн ажилд зориулан шилжүүлсэн боловч тодорхой ажил хийгдээгүй гэж сөрөг шаардлага гаргагч, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй гэж сөрөг нэхэмжлэлийн хариуцагч тус тус харилцан адилгүй тайлбарлан маргадаг. /5хх 51-52, 55/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дөрөв. Нэхэмжлэгч Б ХХК -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийн тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хугацааг хойшлуулах нь анхан шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 101/ШЗ2020/08802 дугаар захирамжаар нэхэмжлэгч Бээжин либияа консракшн ХХК-ийг давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

 

Гэвч улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулахдаа тодорхой бус хугацаа зааж буй нь хуульд нийцэхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах тухай шийдвэр гаргасан шүүх уг шийдвэрийнхээ биелэлтийг өөрөө хангуулах нь зүйд нийцнэ. Иймд давж заалдах шатны шүүхээс Б ХХК -ийн гомдлыг хуульд заасан хугацаанд хянан хэлэлцсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01039 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1.1-д... гэснийг ...233 дугаар зүйлийн 233.1, 232.2 дахь хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж ХХК -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200510419322 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 232 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР