2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/07698

 

 

 

 

   

     2025          09            30                                          192/ШШ2025/07698

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

хариуцагч: *** холбогдох,

 орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 шүүх хуралдаанд

 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

 хариуцагчийн өмгөөлөгч ***,

 гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцож,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан  орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, толгойт 18105 дугаар гудамж, ***-р байр, *** тоот 70.8 м.кв талбайтай, Ү-*** дугаартай 3 өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг ***гийн нэр дээр шилжүүлэхийг ***т даалгах тухай шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ товч тайлбарлахад ***т орон сууцын мөнгийг үе шаттайгаар бүрэн төлж барагдуулсан байгаа. *** УБӨ улсын дугаартай “Норд” үйлдвэрийн сонсмол маркийн машиныг 50 сая төгрөгт тооцож өгөөд, мөн үлдэгдэл төлбөрүүдийг бүгдийг нь төлсөн байгаа. Хэрэгт баримтууд нь авагдсан байгаа. ***т бүх төлбөр тооцоог өгч дуусгасан байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг *** нэр дээр шилжүүлэхийг ***т даалгаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: .. нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь туйлын тодорхой, ойлгомжтой байх ёстой. Энэ нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа гэдгийг урьдчилан тайлбарлаж хэлэх ёстой гэж харж байна. ***ийн гаргасан тайлбарыг уншиж сонсгоод тайлбарлаж өгье. Нэгдүгээрт 2018 оны 8 сарын 3-ны өдөр *** ХХК-тай гэрээ оруулж *** уг байрыг авсан байдаг юм. Уг байрыг авахдаа 120 сая төгрөгөөр тухайн үед тооцож авч авсан. Үүний дараа 2019 оны 8 дугаар сард энэ үл хөдлөх эд хөрөнгөө зарж бэлэн мөнгө болгох шаардлагаар энэ байрыг бэлэн мөнгө болгохоор хайсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 8 сард хариуцагчтай ирж уулзсан. Уулзаад “надад бол бэлэн мөнгө хэрэгтэй байгаа, тохиролцоод ав аа” гэж хэлэхэд үүнийх нь дараа “удахгүй бэлэн мөнгөтэй болж ирээд авъя, 7 хоног хүлээж байгаарай” гээд явсан байдаг. Үүний дараа 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ирээд “7-10 хоногийн дараа удахгүй мөнгө орж ирэхээр нэг дор өгчихье” гэж хэлээд 2 сая төгрөг өгөөд байранд нь орсон. Ингээд тухайн орон сууцад амьдраад байж байсан мөртөө бэлэн мөнгөөр нь ямар нэгэн байдлаар мөнгийг нь гаргаж өгөөгүй. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дахиад 7-10 хоног гэдэг зүйл яригдаад, гэх мэт байдлаар 2-3 удаа 7-10 хоног гэж ярьсан байдаг. Мөнгө төгрөг нь орж ирэхгүй байж байгаад сүүлдээ 7-10 хоног гэдэг зүйл байхгүй болоод “ахынх нь мөнгө 1 сараар хойшилчихсон, 1 сарын дараа өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь *** “таны нэр дээр мөнгө төгрөг чинь гарч ирэхгүй юм бол зээл аваад өг” гээд *** болон түүний эхнэр н.*** нарын нэр дээр зээлсэн судлуулахад *** бол өөрөө баахан өртэй, эхнэр нь цалингийн зээлтэй байсан. Ингээд ямар ч зээл гарах боломжгүй, байранд нь ороод суучихсан ийм нөхцөл байдалтай байж байгаад бэлэн мөнгө ямар нэгэн байдлаар гарахгүй байсан учраас зохигчид юу гэж тохирсон юм бэ гэхээр ***ийн нэр дээр зээл аваад, үүний *** төлж байя гэж тохирчихсон юм. Гэтэл энэ мөнгөө яг бүрэн төлсөн ч зүйл байхгүй. Хүүгийн хэтрэлт гэдэг асуудал үүсэж явж байгаад сүүлд нь энэ асуудалд *** өөрөө бараг төлөөд дууссан. Ингээд 2021 оны 11 сарын 23-ны өдөр “итгэлцэл” гэдэг баримт үйлдээд *** УБӨ дугаартай “Норд” үйлдвэрийн сонсмол маркийн машиныг 50 сая төгрөгт тооцож өгөөд, үлдэгдэл 16 сая төгрөгийг төлөхөөр тохирсон ч төлөхгүй байж байгаад 2023 оны 10 сарын 23-ны өдөр 15,729,000 төгрөг шилжүүлснээр төлбөрөө төлсөн байдаг юм. Үндсэндээ 2019 оны 9 сард төлөөд дуусчих байсан мөнгийг 2023 оныг хүртэл үе шаттайгаар хугацаа авч хохироосон байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол ханшны зөрүү, тухайн үеийн 90 сая төгрөгийн худалдан авах чадвар, 2019 оны мөнгө 2023 оны худалдан авах чадвар хоёр бол дүйцэхгүй ийм асуудал нөхцөл байдал үүссэн. Дээрээс нь 2019 онд энэ байрыг авчхаад 2023 оныг хүртэл ямар нэгэн байрны өсөлтгүйгээр мөнгийг төлөөд өөртөө давуу байдал олоод авчхаж байгаа юм. Энэ мэт байдлаар ***ийг хохироосон байдаг юм. Энэ хохирлыг барагдуулахгүй бол *** нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхгүй гэж тайлбар гаргаж байгаа юм. Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлага үг үсгийн хувьд юу гэж байгаа вэ гэхээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг ***гийн нэр дээр шилжүүлэх гэж байгаа юм. Тэгэхээр энэ шаардлагыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд ***гийн нэр дээр шилжүүлэх гэж ойлгох уу? Эс үгүй тухайн хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээг ***д өгөх үү гэдгийг ойлгохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Мөн энэ хөрөнгийг нэхэмжлэгчийн яриад байгаа шиг шилжүүлнэ гэдэг ч юм уу, улсын бүртгэл дээр өөрчлөлт хийлгэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр энэ хөрөнгө барьцааны бүртгэлд бүртгэгдчихсэн байгаа. Тэгэхээр барьцааны хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байгаа тохиолдолд өмчлөгчийг өөрчилж бүртгүүлэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхэд бодит байдал дээр хэрэгжинэ гэдэг боломж байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна... гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... манай зүгээс 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгосон байгаа. Өнөөдрийн байдлаар ***ийн хувьд 258 хоногийн хугацаа хэтрээд, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд яваад байгаа. Энэ процесс нь хаанаас яаж эхэлдэг вэ гэхээр шүүхийн маргаан гаргаснаас хойш зээлээ төлөхөө больсон. Манайхаас ***ийн зээл нь бүрэн хаагдаж, өр төлбөргүй болсных нь дараа барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалбараас чөлөөлөх байр суурьтай байгаа... гэв.

 

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

            Нэхэмжлэгчээс ***олгосон итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/

            Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 дугаар тал/

            2023.12.27, дугаар ***дүгээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 6-9 дүгээр тал/

            Хаан банкны дансны хуулга /хэргийн 30-31 дүгээр тал/

            Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хэргийн 32 дугаар тал/

            2023.10.23-ны өдрийн дугаар **** дүгээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн ***-38 дугаар тал/

            Хаан банкны дансны хуулга /хэргийн 56 дугаар тал/

            2024.09.19-ний өдрийн М.***гийн тодорхойлолт /хэргийн 57 дугаар тал/

            Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 58 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6.Хариуцагч нарын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 14 дүгээр тал/

Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хэргийн 27 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хэргийн 59-60 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 112-114 дүгээр тал/

Сөрөг нэхэмжлэл /хэргийн 137-141 дүгээр тал/

2024.09.30-ний өдрийн ХҮ***/160 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 142-157 дугаар зэрэг баримтууд,

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 73-74 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 75 дугаар тал/

2024.04.09-ний өдрийн зээлийн гэрээ /хэргийн 76-85 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 86 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 92 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 134 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ...орон сууц үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...худалдан авсан орон сууцны үнийг бүрэн шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байна... гэж тайлбарлав.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгч гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй маш их хохироосон, үүргээ хожимдуулсныхаа хохирлыг барагдуулсан цагтаа өмчлөх эрхийг шаардах нь зүйд нийцнэ... гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2019 онд хариуцагч ***ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, Толгойт 18105 гудамж, *** байр *** тоот хаягт байршилтай, 70.8м кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *** худалдан авахаар амаар хэлэлцэн тохирч урьдчилгаа 2000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн орон сууцыг бодитоор эзэмшилдээ авсан, 2021 оны 11 сарын 23-ны өдөр хэлцлээр орон сууцыг 90 000 000 төгрөг гэж үнэ тогтоож хариуцагч орон сууцны үнэд нийт 74 271 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг төлснөөр өмчлөх эрх үүсэхээр харилцан тохирсон.

Дээрх гэрээний үүрэгтэй холбоотой маргаан гарч шүүхийн шийдвэр, магадлал гарсан ба Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, *** гэрээний үүрэг орон сууцны үнэд 74 271 000 төгрөг төлсөн нь орон сууцны үнийн 82.5 хувьтай тэнцэж байгаа, гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байх тул *** гэрээнээс татгалзах эрхгүй, ***ийн зөвшөөрснөөр *** уг орон сууцанд амьдарсан тул амьдарсан хугацааны төлбөр 44 392 000 төгрөгийг ***гээс шаардах эрхгүй, мөн *** орон сууцны үнийг бүрэн төлөөгүй 15 729 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй учир өмчлөгчөөр тогтоолгох агуулгаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй... гэж дүгнэн, магадлалын ТОГТООХ хэсэгт “***ийн орон сууц хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 44 392 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, ***гийн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй учир дээрх үйл баримтуудын талаар шүүх үнэлэх шаардлагагүй гэж үзнэ.

4. Нэхэмжлэгч *** орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 15 729 000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...гэрээний төлбөрийн үлдэгдэл мөнгийг ***ийн данс руу шилжүүлсэн... гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн ...үлдэгдэл 16 сая төгрөгийг төлөхгүй байж байгаад 15 729 000 төгрөгийг  шилжүүлсэн... гэх тайлбар баримтаар тогтоогдож байгаа, мөн орон сууц хөрөнгө нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад бодитоор байгаа, эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

6. Нэхэмжлэгч орон сууц хөрөнгийн үнийг төлж хүлээн авсан, орон сууц түүний эзэмшил ашиглалтад байгаа боловч хариуцагч гэрээний үүрэг буюу орон сууц үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

7. 2021 оны 11 сарын 23-ны өдөр хэлцлээр орон сууцыг 90 000 000 төгрөг гэж үнэ тогтоож талууд тохиролцсон, гэрээний үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн учир хариуцагч хариу үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхээс татгалзах эрхгүй, хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй.

8. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул маргаан бүхий орон сууц хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

10.2024.04.09-ний өдөр хариуцагч *** ***\ ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож, маргаан бүхий орон сууц буюу Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, Толгойт 18105 гудамж, *** байр *** тоот хаягт байршилтай, 70.8м кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. /хэргийн 76-85 дугаар тал/

 

11. 2021 оны 11 сарын 23-ны өдөр хэлцлээр орон сууцыг 90 000 000 төгрөг гэж үнэ тогтоож нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцсны дараа хариуцагч дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан нь тогтоогдож байна. Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг эрхийг хөндөхгүй болно.

12. 2024.05.01-ний өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3 дугаар тал/

13. 2024.08.02-ны өдрийн хариуцагчийн бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний өмгөөлөгчөөр *** /өнбд***/  шүүх хуралдаанд оролцсон тэрээр “хариуцагч ***ийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэсэн учир түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй. /хэргийн 27 дугаар тал/

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, Толгойт 18105 гудамж, *** байр *** тоот хаягт байршилтай, 70.8м кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч ***гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ***т даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ