| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0112/э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Л-гийн Г-д холбогдох эрүүгийн 1835001530114 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 27-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн 03-05 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагнал үгүй, РД:ОН70122772, О овогт Л-гийн Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Г нь Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Улаандаваа” гэх газарт 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой 19-34 УВА улсын дугаартай УАЗ-3303 маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8 а дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.Ш-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмлжэгч Т.Б-д 1.071.000 төгрөгийн хохирол тус тус учруусан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Улаандаваа” гэх газарт 19-34 УВА улсын дугаартай УАЗ-33-03 загварын автомашин жолоодож яваад унагасан үйл баримт нь хохирогч Т.Шийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дүү Бямбаагийн гэрийг нүүлгэхээр болж Түргэн сумын Бураатайн гүүр лүү хүнээр хүргүүлж Улаандаваа давах машин хүлээсэн. Тухайн үед Б-гийн хүү Д надтай цуг гэрлүүгээ явж байсан. Ингээд машин хүлээгээд байж байтал дүү Б-гийн машин Хөх булаг гэх газраас ирсэн. Б-гийн машиныг Л.Г жолоодож явсан ба хажуудаа дүү Б, Минжгээ гэх хүний хамт явж байсан. Д бид хоёр уг машинд сууж явахаар болж замаараа сумын төв орж Л.Г-ийн гэрт нь очиж цай хоол идчихээд 21 цаг өнгөрч байхад Улаандаваа явсан. Улаандавааны овоо зөрөөд доошоо тэгш газар луу буух гээд явж байтал машин унах шиг болж ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа ухаан сэргэтэл хажууд Д уйлж байхаар нь очиж тэвэрсэн. Машин онхолдож унаж байх үед Д бид хоёр урд цонхны шил цохиж шидэгдэж газар унасан юм шиг байсан. Хэсэг хугацааны дараа Түргэн сумын эмнэлэгээс ажилчид ирж анхан шатны тусламж үзүүлж сумын төвийн эмнэлэгт хүргэсэн. Сумаасаа шууд аймгийн эмнэлэгт хүргэсэн. Осол гарах үед жолоог Л.Г барьж явсан ба хажууд нь мотор дээр Минжгээ сууж, дээр нь шил талд Минжгээ сууж дээр нь шил талд Д суудал дээр Б сууж дээр нь шил талд би сууж явсан. Улаан давааны овоо зөрөөд доошоо уруудаад явж байтал гэнэт онхолдох шиг болж би ухаан алдсан тул юу болсон сайн мэдэхгүй байна. Машин зүгээр хэвийн явж байсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл мэдрэгдээгүй. Миний бие өдрийн цагаар хэвийн байгаа боловч шөнийн цагаар баруун хөлний шүүжний яс зовиуртай байгаа. Мөн уг баруун хөл шилбэ хэсгээр бага зэргийн хавдартай байгаа. Биеийн бусад хэсэгт хэвийн зүгээр байна. Суудлын байдалтай байгаа ба хүнээр татуулж босож явж байна. Миний бие осолд орж бэртсэн боловч жолооч Л.Г-д ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,
насанд хүрээгүй хохирогч Б.Д-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би тухайн өдөр Улаангом сумаас Түргэн сумын нутаг Бураатай гүүр гэх газар луу Гааяа гэх хүний УАЗ маркийн бага оврын тэвштэй автомашинд сууж Улаан давааны цаана нутаглаж байсан гэрлүүгээ явсан юм. Улаандаваа давж цаашаа явж байхад осол болсон бөгөөд энэ хооронд болон осол болоход Гааяа /Г/ өөрөө жолоодож явсан бөгөөд хажууд нь би мотор дээр сууж явсан. Манай баруун талд Ш ах суусан. Түүний цаана Б ах сууж явсан. Машины жолооч болон машин дотор байсан хүмүүс хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Осол болсны дараа би ухаан алдсан байсан. Намайг машинд сууж байхад машин эвдэрч зогссон завсарласан зүйл байхгүй. Миний биед уушиг цээжний хөндийд цус хуралттай, элэг бяцралттай, дэлүү бяцралттай, баруун бөөр няцралттай, аарцагны хөндий хэвлийн яснууд хугаралттай зэрэг гэмтэл учирсан. Хадах боломжгүй тул өөрөөр нь бороолуулж эдгээх, төлжүүлэх эмчилгээнүүд хийгдэж байгаа. Хэрэв нөхөж төлжихгүй бол өрөөсөн бөөрийг 18 нас хүрэхээс өмнө мэс засал хийж авах шаардлагатай гэж хэлсэн. Босож явж чадахгүй хэвтрийн дэглэм сахиж байгаа. Уг ослын улмаас яаралтай Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж эмчилгээ хийлгэж цээжний хөндийд гуурс тавиулсан. Шээс гарахгүй байсан тул катетар тавьсан. Одоогоор гараад байгаа эмчилгээ замын зардлыг болон шинжилгээний төлбөр, цаашид гаргах зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
иргэний нэхэмжлэгч Т.Б-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баз ах болох Л.Г нь Минжгээ гэх хүний хамт манай гэрт ирсэн. Тухайн үед манайх сумын 2-р багийн нутаг Говь-илжиг гэх газарт байсан. Миний эзэмшлийн 19-34 УВА улсын дугаартай УАЗ 3303 маркийн машинд гэр ачиж Хөхбулаг гэх газарт Л.Г жолоодож хүргэсэн. Эндээсээ засмал зам руу очиж ах Т.Ш болон дүү Б-гийн хүү Д хоёр авч сумын төв ороод цай хоол идээд хөдөө манай гэр лүү явсан. Гэр лүү явах замд Улаандавааны овоо зөрөөд явж байгаад машин онхолдсон юм. Үүний улмаас машин дотор сууж явсан хүмүүсийн биед болон миний машинд эвдрэл гэмтэл учирсан юм. Тухайн осол гарах үед миний машиныг Л.Г жолоодож явсантай холбогдуулан үүссэн эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн ямар нэгэн гомдол санал байхгүй. Осолд орсоны дараа би Улаандавааны овоо руу утсаар ярих гээд явж байтал миний урдаас цагаан өнгийн пробокс маркийн машинтай 2 хүн ирсэн. Уг машиныг зогсоож жолоочоос хаашаа явж байгааг асууж, сумын төвийн эмнэлэг рүү оруулж өгөхийг гуйж зөвшөөрүүлсэн. Уг машины жолооч өөрсдийгөө Бөхмөрөн сум руу явж байна гэж хэлсэн. Уг машинд би дүү Д-г суулгаж аваад сумын төвийн эмнэлэгт хүргүүлээд үлдсэн. Уг машин буцаад явсан ба машины дугаарыг нь хараагүй. Мөн уг хүмүүсээс нэрийг нь асуугаагүй. Осол гарахаас 4 хоногийн өмнөөс машины хүч муудаж урд дугуйны хэсэгт төмөр хавирч чихрах чимээ гарсан. Осол болдог өдөр Л.Г, Т.О 2 ирж миний машиныг үзээд бензин ноцос, каривретр зэргийг үзэж голыг нь тохируулсан. Эдгээр зүйлийг засварласан чинь машин хүч сайжирч хэвийн ажиллах болсон. Машин осолд орсны дараа машиныг хүлээж авахад машины кабен чихэгдсэн, салхины шил хагарсан, толь хаалга, /баруун, зүүн/ багана баруун дээд дарагдсан зэрэг гэмтлүүд үүссэн байсан ба гэмтсэн эд зүйлийг бүрэн засварласан” гэх мэдүүлэг /хх-42-43, 44-45 тал/,
гэрч Т.О-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Тухайн өдөр сумын худагны хажууд Л.Г-тэй тааралдсан ба намайг Бгийн гэр нүүлгэж ирмээр байна, машин цахилгааны масс гараад байна гэнэ, хамт яваад засаад аваад ирьё” гэж хэлэхээр нь би зөвшөөрч хамт явахаар Л.Г бид хоёр хөдөө явж байсан замын машинд сууж Т.Б-гийн гэрт хүргүүлсэн. Улмаар Б-гийн машиныг үзэж ямар доголдол байгааг харсан чинь галын тохиргоо алдагдсан байсныг тааруулсан. Өөр гэмтэл мэдэгдэхгүй байхаар нь бид нар отрын гэр ачаад Хөхбулаг гэх газарт хүргэхээр явсан ба машиныг Л.Г барьж явсан. ...Унтаж байтал машин хүчтэй хөдлөх чимээ гараад сэрсэн чинь машины урд шил унасан байхаар нь машинаас бууж харсан чинь машин осолдсон байдалтай байсан. Гадна Бямбаагийн хүүхэд уйлсан байсан ба замын машин ирж Б, Б-гийн хүү хоёрыг эмнэлэг рүү авч явсан. Энэ үед Л.Г машиныг асааж үзсэн чинь асаж байсан ба урд дугуй нь гацаж хөдлөхгүй байсан. Би 2005 онд Улаанбаатар хотод Билэг буянт гэх нэртэй сургалтын төвд автын цахилгааны засварын чиглэлээр 45 хоног суралцаж төгсөж мэргэжлийн 4 зэргийн үнэмлэх авсан. Үүнээс хойш машин, техник засварладаг болсон” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,
гэрч Н.Б-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “ Тухайн орой хэвтэж байсан чинь эрхлэгч утсаар ярьж дуудлаганд яваад ир гэж хэлэхээр нь ажил дээр очсон чинь Улаандавааны хэсэгт зам тээврийн осол гарсан гэсэн мэдээлэл ирсэн байсны дагуу сувилагч С-гийн хамт өөрийн тээврийн хэрэгсэлээр Улаандаваа руу явсан. Осол болсон газарт очиход УАЗ маркийн машин осолд орсон байдалтай байсан ба машины хажууд Ш, О, Г гэсэн хүмүүс байсан. Уг хүмүүсийг үзэхэд Шийн даралт хэвийн баруун хөлний ташааны хэсэгт өвдөлт зовиуртай, О-ын баруун далны хэсэгт зовиуртай, нүүрний хэсэгт шалбархай, зулгаралттай Г-ийн толгойн хэсгээс цус гоожсон байдалтай байсан. Ш нь бие чичирсэн, айж сандарсан байдалтай байсныг өргөж машинд суулгасан. Нөгөө 2 хүн өөрсдөө явж байсан ба айж сандарсан байдалтай байсан. Ингээд 3 хүнийг машинд суулгаж сумын төвийн эрүүл мэндийн төв орсон ба Г, О 2-ыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед осолд орсон гурван хүнээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал ажиглагдаагүй. Осолд орсон Б, Д нарыг мөнгөлөг саарал өнгийн суудлын жижиг тэрэг сумын эрүүл мэндийн төвд авч ирсэн. Уг машины дугаарыг хараагүй. Хэн гэдэг хүн болохыг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-50 тал/
гэрч Ц.С-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Ажил дээр очсон чинь Улаандавааны хэсэгт зам тээврийн осол гарсан гэж дуудлага ирсэн байсан ба уг осолд өртсөн гэх 1 том хүн, 1 хүүхэд эмчид үзүүлж байсан. Би бага эмч Батхүрэлийн хамт осол болсон газарт очиход УАЗ маркийн машин осолд орсон байсан. Машин хажууд Ш, О, Г гэсэн хүмүүс байсан. Би Ш гэх хүний нүүрний шалбарсан шархыг угааж цэвэрлэж тайвшруулах тариа хийсэн гэхэд судас олдохгүй байхаар булчинд нь хийсэн...” гэх мэдүүлэг /хх-51 тал/
шүүгдэгч Л.Г-ийн хэргээ хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Түргэн сумын 2 дугаар багийн малчин Т.Б бид хоёр базууд байгаа юм. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Т.Б над руу утсаар ярьж ”манай гэрийг ирж нүүлгээд өгөөч, машины урд дуу гараад байна, засуулмаар байна” гэж хэлсэн. Маргааш өглөө сумын 3-р багийн иргэн машин засдаг Отай уулзаж Б-гийн гэрлүү хамт явахаар болсон. Тухайн үед Бгийн гэр Говь-Илжигэн гэх газарт байсан. Сумын төвд хөдөө явах машин хайж байгаад Т.Заяахүүтэй таарсан. Т.Заяахүү тухайн үед Улаандаваа даваж хөдөө явах гэж байсан тул Т.О бид 2 сууж Т.Б-гийн гэрт хүргүүлсэн. Гэрт нь очоод Т.Б-гийн УАЗ машиныг унаж явж үзсэн чинь машины зөв талын урд дугуйны хэсэгт төмөр хоорондоо хавирсан дуу гарч доголдсон байсан. Тэгэхээр нь би машины зөв талын дугуйны төмөр хавирсан дуу гараад байгаа хэсгийг үзсэн чинь дугуйны боолтууд сул байх шиг байхаар нь чангалж засварласан. Ингээд машинд гэр ачаад О, Б бид 3 Хөхбулаг гэх газар луу явсан. Замдаа сумын Хагийн гэс гэх газарт явж байтал машин доголдож хүч нь сулраад байхаар нь зогсож галын тохиргоог тааруулсан. Мөн зөв талын урд дугуйны боолтыг харсан чинь дахин сул байхаар нь чангалсан. Тэгээд явсан чинь машин зүгээр болж доголдол мэдэгдэхгүй болохоор нь цааш үргэлжлүүлэн явж Хөхбулаг гэх газарт очиж гэрээ буулгасан. ...Замдаа Улаандавааны овоо зөрөөд явж байгаад онхолдсон. Уг асуудал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Машин онхолдох үед машины урд цонхоор Д шидэгдсэн байсан. Машин зогссоны дараа машинаас нөгөө хүмүүс бууж ирэхээр нь ах Т.Ш-т Д-г тэврүүлж өөрийн хувцасаа өмсгөж дулаацуулсан. Харин Б тусламж дуудахаар Улаандавааны овоо руу явсан. Хэсэг хугацааны дараа Б жижиг суудлын пробокс маркийн үл таних машинтай ирж Д-г суулгаад сумын төв рүү орсон. О бид хоёрын бие зүгээр байсан тул гэр гэрлүүгээ хүргүүлсэн. Би техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэж болохгүй гэдгийг мэднэ. Би жолоо барьж явсан ба миний хажууд моторын хэсэг дээр Д, О хоёр зэрэгцээд суусан байсан. Энэ хоёрын хажууд суудал дээр Б Ш хоёр давхарлаад сууж явсан. Техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүнийг машинд тээвэрлэж явснаас үүдэж хүний биед хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би 2006 онд аймгийн Батлан хамгаалах жолооны курсэд суралцаж В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан. Үүнээс хойш 2013 онд С Д ангилллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч ангилал нэмж даруулсан. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө” гэх мэдүүлэг,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, замын бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-11, 30-31, 54-57 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой Т.Б-гийн эзэмшлийн 19-34 УВА улсын дугаартай ачааны автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 21.8а-д заасан “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх ба үүний улмаас энэ зам тээврийн осол гарсан болох нь шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-р тал/-ээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
Хэрэг учрал болсон өдөр жолооч Л.Г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” үүргээ зөрчиж, хүн тээвэрлэхэд зориулагдаагүй ачааны автомашинд суудлын тооноос олон хүн тээвэрлэсэн, мөн хөдөлгөөнд аюул саад бий болсон байхад зогсоох арга хэмжээ аваагүй байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн зам тээврийн осолд өртөсний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Д-н биед “цээж, хэвлий, аарцгийн хавсарсан гэмтэл, баруун уушгины няцрал, цээжний хөндийн шингэн, хий хуралдалт, уушигны авчилт, элэг, дэлүү, баруун бөөрний язралт, няцралт, баруун бөөрний дээд булчирхайн цус хуралт, хэвлий, аарцгийн хөндийн шингэн хуралдалт, аарцаг, ууц ясны хугарал гэмтэл” учирсан, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 тал/-ээр,
Хохирогч Т.Ш-ийн биед “аарцагийн баруун талын умдаг, суудал, тогооны хугарал, тархи доргилт, дух баруун нүдний гадна булан баруун зулайд зулгаралт, баруун, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, ууцны баруун хэсэгт зөөлөн эдийн гэмтэл” учирсан, энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэрт зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 тал/-ээр тус тус нотлогдсон байна.
Түүнчлэн уг зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Т.Б-гийн эзэмшлийн 19-34 УВА улсын дугаартай ачааны автомашинд 1.071.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болох нь Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8759 дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”, автомашины гэмтлийн акт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 61, 78, 89 тал/
Шүүгдэгч Л.Г-ийн зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.Ш-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч Б.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бий болгож байгаа боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, тухайн зүйлийн ангийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Л.Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоо гараад байгаа хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна, мөн хүүхдээ бүрэн эдгэрүүлж эрүүл болгох шаардлагатай тул цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар эмчилгээ, оношилгоо, замын зардалтай холбоотойгоор хохирогчид 2.100.000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтад шүүх дүгнэлт хийж,
1. Замын зардалд 1.713.400 төгрөг /насанд хүрээгүй хохирогчийг эмч, хууль ёсны төлөөлөгчийн хамт Улаангомоос Улаанбаатар хүртэл онгоцоор авч явсан, ирсэн 1.585.600 төгрөг, түүний аав Б-гийн автобусаар явсан ирэх, буцсан 127.800 төгрөг/,
2. Үзлэг оношилгооны зардалд 998.000 төгрөг /онош тодруулахаар 2018 оны 4 сарын 15-нд 300.000 төгрөгөөр, 4 сарын 23-ны өдөр 300.000 төгрөгөөр, 4 сарын 27-ны өдөр 280.000 төгрөгөөр тус тус хэвлий тодосгогчтой шинжилгээ хийлгэсэн, 5 сарын 22-ны өдөр аарцаг түнхний эгц зураг авахуулсан 45.000 төгрөг, өтгөний шинжилгээ өгсөн 18.000 төгрөг, шээсний шинжилгээ 5000 төгрөг, эход харуулсан 25000 төгрөг, эмчид үзүүлсэн 25.000 төгрөг/,
3. Эм, тариа авсан зардалд 539633 төгрөг /НӨАТ-ын баримттай/,
4. Хоол хүнс авсан зардал 154.597 төгрөг /НӨАТ-ын баримттай, уг хохирлыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч, маргаагүй тул хохиролд оруулж тооцсон болно/ гэмт хэргийн улмаас 3.405.630 төгрөгийн хохирол насанд хүрээгүй хохирогч Б.Д-д учирсан гэж үзэв. Үүнээс шүүгдэгч Л.Г нь 2.100.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн ээж буюу хууль ёсны төлөөлөгч Г.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээ баримтаар нотлогдсон тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 1.305.630 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Г.С-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Д-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байх тул хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Ш нь “Миний бие осолд орж бэртсэн боловч жолооч Л.Гэд ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Т.Ш-т 50.000 төгрөг төлсөн” гэж, иргэний нэхэмжлэгч Т.Б нь “Машин осолд орсны дараа машиныг хүлээж авахад машины кабен чихэгдсэн, салхины шил хагарсан, толь, хаалга, /баруун, зүүн/ багана баруун дээд дарагдсан зэрэг гэмтлүүд үүссэн байсан ба гэмтсэн эд зүйлийг бүрэн засварласан. Тухайн осол гарах үед миний машиныг Л.Г жолоодож явсантай холбогдуулан үүссэн эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Г-ээс хохирогч Т.Ш, иргэний нэхэмжлэгч Т.Б нарт гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Л.Г ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хувийн байдлыг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Б.Д цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай, түүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байх тул шүүгдэгч Л.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгох 1.305.630 төгрөгийн хохирлыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч Л.Г-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн 310785 дугаартай “В C D” ангилалын жолооны үнэмлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Л-гийн Г-д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч О овогт Л-гийн Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хуулинд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Г-д тэнссэн хугацаанд нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Ш-т 50.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Д-д 2.100.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар гомдол, саналгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ээс 1.305.630 /нэг сая гурван зуун таван мянга зургаан зуун гуч/ төгрөг гаргуулж, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор насанд хүрээгүй хохирогч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Г.С-д төлөх хугацаа тогтоож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Г-ийн эзэмшлийн 310785 дугаартай В С D ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Сувд-Эрдэнэд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА