| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2410034721274 |
| Дугаар | 2025/ДШМ/608 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/608
2025 05 21 2025/ДШМ/608
А.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Амгалан,
шүүгдэгч А.Х /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Х-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2410034721274 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А.Х, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт 00 хороо, 00 хотхоны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн 00 хотхоны 00-р байрны 00 тоотод оршин суудаг /РД:00000000/,
Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зарим ялыг нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хорих ялаар тогтоож байсан, мөн хуулийн тэгшитгэлээр Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмж нэгтгэсэн 2 жилийн хорих ялаас чөлөөлж, оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж 6 сарын хугацаагаар тогтоож, биечлэн эдэлсэн хорих ялыг хасаж суллагдсан,
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэгдэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1036 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр өмнөх Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 338 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 cap 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, 1 жил 5 cap 17 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2167 дугаар захирамжаар дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 06 cap 03 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж, уг ялыг биечлэн эдэлж 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан хувийн байдалтай.
Шүүгдэгч А.Х нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул хотхоны 48 дугаар байрны 18 тоотод хохирогч О.З-гийн 153.9 грамм алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 38,475,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Хас-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч О.З-д төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй зэргийг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Тус зүйл заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогддог ба би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан ба А.Х намайг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх санал нь хэрэгт тусгагдсан. ...Дээрх байдлаар А.Х би хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж анхан шатны шүүх хуралд оролцсон боловч шийтгэх тогтоолд шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон талаар дурдсан хэдий ч улсын яллагчийн “1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын санал гаргасан боловч улсын яллагчийн санал болгосон ялаас хүнд ял оногдуулж байгаа нь тухайн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай нийцэхгүй байх бөгөөд шүүх хэрэглэх ёстой хууль, хохирогчийн санал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тусгалгүй миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Шийтгэх тогтоолд миний урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн байдал болон нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлж буй ажил хөдөлмөрийн байдал зэрэгт дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “шударга” ёсны зарчим алдагдаж шийтгэх тогтоол гарсан. Миний бие урьд шийтгэгдсэн эрүүгийн хариуцлагаас өөрт дүгнэлт хийж зөв шударгаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд одоогоор эхнэртэйгээ хамтран үсний салон түрээслэн ажиллуулж байгаа билээ. Иймд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирогчоос гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх саналыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Х-ийн өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.Х нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар өмнө нь авсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солиулж, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хорих 461 ангиас суллагдсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон талаар дурдсан боловч улсын яллагчийн санал болгосон 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хүнд ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний үйлчлүүлэгч нь хорих ял эдлэхээсээ өмнө уг гэмт хэргийг үйлдсэн байдаг. 421 дүгээр ангид ял эдэлж байх хугацаанд засал хүмүүжил тодорхой хэмжээгээр олсон. Ямар нэгэн байдлаар зөрчил гаргаж байгаагүй гэдгийг өнөөдрийн өгсөн баримтаар тогтоогдож байгаа. Иймд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Прокуророос 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал тавьсан боловч шүүхээс 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь өмнө энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Түүнчлэн уг ялыг эдэлж байх хугацаанд бүс зөрчиж, 6 сар 3 хоногийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг, хорих ялаар сольсон нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлбөрийг бүрэн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ялын санал тавьсан. Шүүхийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Х нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул хотхоны 48 дугаар байрны 18 тоотод хохирогч О.З-гийн 153.9 грамм алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 38,475,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч О.З: “...Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны орой өөрийн найз Аагийтай утсаар холбогдож уулзаад машинд юм ярьж суусан. ...Тэгээд Аагий найзтайгаа утсаар яриад юу хийж байгаа юм бэ уулзах уу гэж асуухад Аагийгийн найз нь бид нар хоолонд орох гэж байна, уулзъя гэсэн. ...Тэгээд Аагий бид 2 Оюука, Баагий, Х /шүүгдэгч/, Ганаа гэх 4 хостой уулзаж караоке орсон. ...Бид нийт 2 шил архи, хэдэн лааз пиво уусан. ...Тэгээд тэндээс гарахаар болж Х гэх залуу миний машины ард сууж надай хамт цааш үргэлжүүлж архи уух саналтай байсан. ...Тэгээд Х гэх залуу бид 2 цааш явж Chili гэх нэртэй клаб руу явсан. ...Тэнд Х гэх залуу бид 2 нэг шил архи хувааж уугаад манайх руу харьсан. ...Тэгээд маргааш нь сэрэхэд миний алтан гинж байхгүй болсон байсан. ...Тэгээд Аагий гэх найз руугаа залгаад “миний алтан гинж алга болсон байна Х гэх залуу надтай хамт хоносон эхнэрийнх нь дугаарыг өгөөч” гэж хэлсэн. ...Тэгээд Х гэх залуугийн эхнэр лүү залгахад “би наад залуутай чинь 6 сарын үед танилцсан, нэг гэрт ороод удаагүй байгаа, бид одоо 1,2 сартай жирэмсэн, наад хүнээ цагдаад өгвөл өг, наад хүнийг чинь шүүхийн шийдвэрээс хайж байгаа. ..” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Шүүгдэгч А.Х яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 44-45/,
дуудлага лавлагааны хуудас /хх 08/, хохирогч О.З-д хулгайд алдсан гинжийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх 14-16/, хохирогчийн алтан гинжид хийсэн үнэлгээ: “...38,475,000 төгрөг /хх 28-33/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 52-59, 67-70, 76-78, 82-86, 112-117, 125/, хохирогч гомдол саналгүй алтан гинжээ буцааж авсан, хохирол төлбөрт 3,200,000 бэлнээр өгч хохирол барагдуулсан тул гомдол саналгүй гэх хүсэлт /хх 103/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.
2. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Х-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
3. Шүүгдэгч А.Х “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяраас “...зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэх тайлбарыг гаргаж оролцсон.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Шүүгдэгч нь хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг биелүүлэлгүй хойрго хайнга хандаж удаа дараа зөрчсний улмаас зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж /хх 155-158/ биечлэн эдлүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид биелэгдэх боломжгүй зорчих эрх хязгаарлах ялыг сонгож хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь удаа дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх” эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж энэ байдалдаа огт дүгнэлт хийлгүйгээр дахин “Өмчлөх” эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, засрал хүмүүжил олоогүй, хуулийг удаа дараа зөрчсөн зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.Х нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ