| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2405009430416 |
| Дугаар | 2025/ДШМ/609 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/609
2025 05 21 2025/ДШМ/609
Ц.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
шүүгдэгч Ц.Ц /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /цахимаар/,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Ц-д холбогдох 2405009430416 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Ц, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 cap 26 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 10 cap 56 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн хувийн байдалтай.
Шүүгдэгч Ц.Ц нь үргэлжилсэн үйлдлээр буюу
1. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Имарт худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах Тоё кидс тоглоомын тасгийн лангуун дээр байсан иргэн Т.Н-ийн эзэмшлийн “Айфоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвгэр үйл ажиллагаа явуулдаг “Соло Молл” худалдааны төвийн 4 дүгээр давхрын “Хокагэ” тоглоомын дэлгүүр дотроос хохирогч Б.С-ийн өмчлөлийн айфоне 14 загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-март худалдааны төвийн 6 давхрын гоо сайхны лангуун дээрээс иргэн О.О-ийн өмчлөлийн айфоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2.775.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 49 минут 07 секундэд Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Одод” хотхоны 51 в байрны В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Одод” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа текний хэсэгт байсан айфоне 12 про макс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ө.Н-д 1.800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
5. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбын эцэст байрлах “GS-25”-ын 258 дугаар салбараас хохирогч Х.У-ын өмчлөлийн айфоне 15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 6.127.405 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Форум центрийн 3 давхарт байрлах “Кидс энд Коо” тоглоомын дэлгүүрээс хохирогч О.Э-ийн өмчлөлийн айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан
7. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Си-Юу сүлжээ дэлгүүрийн 39 дүгээр салбараас “PDA-C66" загварын төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.020.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
8. 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хороо “Жи молл” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах “Шинэ цэцэг" цэцгийн дэлгүүр дотор байрлах үйлчилгээний заалнаас хохирогч Ч.Ш-ийн өмчлөлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан
9. 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корал” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах хивсний дэлгүүрээс хохирогчийн өмчлөлийн Редми 9а загварын гар утсыг ашиглан түүний интернэт банканд нэвтэрч Аригбанкны 000000 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн, улмаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн харилцах дансанд байршиж байсан мөнгөн хөрөнгөөс 350.000 төгрөгийг иргэн Б.Н-ийн дансаар шилжүүлэн авч зарцуулсан, 9000 төгрөгийг У.Т-ийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч зарцуулан нийт 359.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс Молл” худалдааны төвийн 3 давхарт байрлах 313 тоот лангуунаас хохирогч Б.М-ын өмчлөлийн Самсунг Эс-21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 575.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй плаза” худалдааны төвийн 5594 дугаар лангуунаас иргэн Д.М-ийн өмчлөлийн айфоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 3.025.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүнжингарав” худалдааны төвийн 21 дүгээр фавилон дотроос хохирогч А.С-ын өмчлөлийн редми-11 загварын гар утсыг ашиглан түүний интернэт банканд нэвтэрч Хаан банкны 000000000 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн, улмаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн харилцах дансанд байршиж байсан мөнгөн хөрөнгөөс 7.600.000 төгрөгийг иргэн Ж.О-ын дансаар шилжүүлэн авч зарцуулсан,
13. 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөнийн зах” худалдааны төвийн 4 давхрын 475 тоот дэлгүүрээс хохирогч Л.Г-ийн өмчлөлийн айфоне-12 про загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.215.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ молл төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Humtto Mongolia” дэлгүүрийн лангуунаас иргэн А.О-ийн өмчлөлийн Айфоне 14 загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Түмэн молл” худалдааны төвийн 2 давхарт байрлах 2-11 тоот лангуун дээрээс иргэн Г.А-ийн өмчлөлийн Самсунг А-34 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.044.050 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зайсан стар” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Скийн фүүд” нэртэй гоо сайхны дэлгүүрээс хохирогчийн өмчлөлийн айфоне-13 про загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2024 оны 03 дугаар сарын 19-ний 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан скүэр” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Картерс” гэх нэртэй хүүхдийн хувцасны дэлгүүрээс хохирогч Х.Х-ийн өмчлөлийн айфоне 14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан
18. 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан Хилл” цогцолборын 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Флам” гоо сайхны дэлгүүрийн кассаас 420.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,
19. 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк Од” молл төвийн 4 давхарт лангуунаас иргэн Э.С-ийн өмчлөлийн Айфоне 13 про загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.825.000 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвгэр үйл ажиллагаа явуулдаг “Жем Молл” худалдааны төвийн 3 дугаар давхрын 313 дугаартай лангуунаас хохирогч Ш.Т-ийн өмчлөлийн айфоне 12 про макс загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан,
21. 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “номин” их дэлгүүрийн “Бишрэлт” гоо сайхны тасгаас иргэн Б.А-ийн өмчлөлийн айфоне 11 про макс загварын гар утсыг нууцаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр уг гар утсыг ашиглан хохирогчийн харилцах данснаас 160.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаартай Баатархүү овогтой Номин-Эрдэнэ гэх хүний данс руу хууль бусаар шилжүүлэн авч 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,
22. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ema shop” гэх дэлгүүрийн касс дээр цэнэглээд тавьсан байсан хохирогч П.Н өмчлөлийн “Iphone Xs” загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн 22 удаагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж 43.260.455 төгрөгийн хохирол учруулсан,
23. Мөн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корал” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах хивсний дэлгүүрээс хохирогчийн өмчлөлийн Редми 9а загварын гар утсыг ашиглан түүний интернэт банканд нэвтэрч Ариг банкны 00000000 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,
24. Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Б.А-ийн кибер аюулгүй байдалд халдаж интернэт банканд нэвтэрч Төрийн банкны 00000000 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,
25. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүнжингарав” худалдааны төвийн 21 дүгээр фавилон дотроос хохирогч А.С-ын өмчлөлийн редми-11 загварын гар утсыг нууцаар авч уг гар утсыг ашиглаж кибер орчинд хууль бусаар халдаж интернэт банканд нэвтэрч Хаан банкны 00000000 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн гэм хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Ц-н хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэх гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 09 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 282 хоногийг түүнд оногдуулсан, хорих ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 42.160.455 төгрөгийг гаргуулан: хохирогч С.А-д 359.000 төгрөгийг, хохирогч Б.С-д 2.100.000 төгрөгийг, хохирогч Т.Н-д 1.650.000 төгрөгийг, хохирогч Ө.Н-д 1.800.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 1.020.000 төгрөгийг, хохирогч О.О-д 2.775.000 төгрөгийг, хохирогч А.О-д 1.850.000 төгрөгийг, хохирогч Э.С-д 1.825.000 төгрөгийг, хохирогч Д.М-д 3.025.000 төгрөгийг, хохирогч Б.А-д 1.160.000 төгрөгийг, хохирогч Б.М-д 575.000 төгрөгийг, хохирогч Х.У-т 6.127.405 төгрөгийг, хохирогч Г.А-д 1.044.050 төгрөгийг, хохирогч Г.Э-д 420.000 төгрөгийг, хохирогч О.Э-д 1.700.000 төгрөгийг, хохирогч Х.Х-д 1.800.000 төгрөгийг, хохирогч Ш.Т-д 1.575.000 төгрөгийг, хохирогч Н.О-т 1.800.000 төгрөгийг, хохирогч Л.Г-т 1.215.000 төгрөгийг, хохирогч А.С-т 7.850.000 төгрөгийг, хохирогч Ё.Н-д 490.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байгаа болон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлж ирсэн. ...Хамгийн чухал асуудал болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад /С, А/ гэх хоёр хүн миний биетэй хамтран тус гэмт хэргүүдийг үйлдэж, хулгайн эд зүйлсийг хувьдаа зарцуулж байсан талаар тогтвортойгоор үнэн зөвөөр мэдүүлж ирсэн ба нотлох баримтаар авагдсан дуу-дүрсний бичлэгээр 2 этгээд нь /миний биетэй хамтран бүлэглэн/ хулгайлах гэмт хэргийг хийж гүйцэтгэж буй болох нь нотлогддогоос гадна хэргийн хохирогч, гэрч нар мөн гэрчилдэг байдлыг харгалзан үзэлгүйгээр мөрдөгч, прокурор шүүгч нар нь /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/ бүхий л шатанд А, С гэгч хэргийн оролцогчдыг яллагдагчаар татаж шалгалгүйгээр орхигдуулан намайг дангаар нь шүүн тасалж ялласан байдал нь “хууль ёсны эрх ашиг, сонирхлын зөрчиж байна. ...Өөрт холбогдох хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хууль ёсны дагуу үйлдэгдсэн “яллах дүгнэлт”-ээр шударга ёсны зарчимд нийцэхээр хэр хэмжээнд тулгуурлан шүүн таслуулан шийдвэрлүүлэх нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү. ...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дурдахад; Хохирогч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....17 цагийн үед хар өнгийн саравчтай малгайтай, хар куртиктэй 20 гаран насны эрэгтэй, хар нэхий маягийн гадуур хувцастай, шар ногоон өнгийн өмдтэй, годон маягийн гуталтай, эрээн өнгийн ороолттой хар богино үстэй эмэгтэй, нийт 3 хүн. ....Камер шүүж үзэхэд тэр 2 хүнтэй хамт орж ирсэн хүн миний гар утсыг хулгайлж байгаа нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /2хх 133-140/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 163-164/, хохирогч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...15 цагийн үед 20-с 30 насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. .....лангуун дээр цэнэглээд орхисон гар утсыг баруун гараараа аваад гараад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 190-197/, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17 цаг 15 минутын үед манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан эрэгтэй, эмэгтэй 2 манай дэлгүүрийн кассны ард байсан PDA-С66 гэх 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй төхөөрөмжийг хулгайлсан. ...” гэх мэдүүлэг /2хх 86/, хохирогч Г.А-ийн мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн: “...гар утсаа авах гээд лангуун дээр миний гар утас байхгүй болчихсон байсан. ....Хяналтын камерын бичлэгийг шүүхэд эрэгтэй эмэгтэй 2 хүн болон нэг залуу ганцаараа орж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /3хх 231/, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “А бид 2-ын хулгай хийхээр орох үеийн зураг үзэгдэж байдаг. ../4хх 11/, хохирогч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 18-20 цагийн үед 2 залуу орж ирээд утсыг маань аваад гарч байсан. ...”гэх мэдүүлэг /3хх 242/ мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “С бид 2 хамт хулгайлж байдаг. ...” /3хх 10/, хохирогч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 16 цагийн үед 1 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирээд. ...тухайн 2 эмэгтэйд юм тайлбарлаж байх хооронд 1 эрэгтэй утсыг маань хулгайлсан байсан. ...” гэх мэдүүлэг /4хх 133-134, 126/, гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 хүүхэд байсан гэх мэдүүлэг /5хх 147/, мөн Ану бид 2-ын АТМ-с 2 удаа гүйлгээ хийж буй зураг бичлэг байдаг ба хохирогч А.С-ын данснаас 7,600,000 төгрөг татаж авснаас миний бие 5 сая төгрөгийг, А 2,500,000 төгрөгийг тус тусдаа авч захиран зарцуулсан /5хх 134-135/, хохирогч М “Макс Молл” дэлгүүрээс миний бие А-ийн хамтаар хулгай хийж байгаа үеийн зураг нь 3хх 134, мөн бичлэг нь 3хх 130 талд байдаг.
Хохирогч А.О-ээс “Централ Молл”-д айфоне 14 утсыг нь хулгайлж буй зураг /2хх 188/, мөн энэ гэмт үйлдлээ А-тай хамт үйлдэж буй бичлэг /2хх 189/, Viber ашиглаж саарал өнгийн Сиди дээр хуулбарлав гэж /2хх 185/, хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 1 залуу орж ирээд араас нь 2 залуу орж ирсэн. ..” гэх мэдүүлэг /6хх 18/, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “А хохирогчийг сатааруулж байгаа” /5хх 41/, хохирогч Е.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 залуу байсан гэх мэдүүлэг /6хх 22/, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “С бид 2 хамт хулгайлж байдаг. ..” /5хх 192/, Ххохирогч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 залуу, 2 эмэгтэй байсан. ...”, мөн хяналтын камерын бичлэг байгаа гэх мэдүүлэг. ... /6хх 19/
Эдгээр үйлдлүүд нь хэргийн оролцогч миний биед холбогдох дээрх 22 үйлдэлтэй гэмт хэргийн 9 үйлдэл нь бусадтай буюу С, А нартай хамтран бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох хөдөлбөргүй нотлох баримтууд байдаг болохыг анхаарахыг хүсэж байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний зүгээс үнэн зөв өгсөн мэдүүлгүүдэд дурдсан үйл баримтуудыг “мэдүүлэг шалгах ажиллагааг явуулаагүйгээс хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий асуудлууд орхигдож ирсэнд өнөөдрийн хэргийн оролцогч миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил бий болж эрх зүйн байдлыг минь дордож болох хэр хэмжээнд хүрсэн байдал бол доорх хуулиудын зөрчигдсөн бодит нөхцөл байдалтай шууд хамааралтай гэж үзэж байна. Тодруулбал;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. ..”, мөн энэ зүйлийн 5 дахь хэсэгт “...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж хуульчилсныг зөрчсөн. Энэ нь: С болон А нарыг эрүүгийн журмаар шалгаж, зохих эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүй ял завшуулж байгаад гомдолтой байна. Миний бие өмнөх ялаа эдэлчихсэн байтал энэ хэрэгт урьд эдэлсэн ялыг дахин хамаатуулан давхардуулан яллаж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “...Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “...Гэмт хэргийг үйлдэх талаараа урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” мөн зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасныг зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгийн тогтооно.” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсныг бүхэлд нь ноцтойгоор зөрчсөн. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхаарч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ял завшихыг хичээж буй эдгээр этгээдүүдийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, хэргийн бүх оролцогч нарыг нэг бүрчлэн нарийвчлан тогтоож, хууль ёсны яллах дүгнэлт үйлдүүлж хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч О.О-ийн хохирогч болсон 3-р үйлдлийн тухайд хэргийн хавтас 2 хх136-р талд О.О-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “. Би өнөөдөр БЗД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-Март худалдааны төвийн 6 давхарт. ажлаа хийгээд сууж байсан. Гэтэл 17 цагийн үед хар саравчтай малгайтай, малгайтай хар куртиктэй 20 орчим насны эрэгтэй, хар нэхий маягийн гадуур хувцастай, шар өнгийн ноосон өмдтэй, годон маягийн гуталтай, эрээн өнгийн ороолттой, хар богино үстэй эмэгтэй буюу нийт 3 хүн манайхаар үйлчлүүлсэн юмаа...” гэх мэдүүлэг; Мөн хэргийн хавтас 2хх 163-165 талд хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бичлэг дээр С Х нар нь худалдагчийг сатааруулж байх хооронд Ц.Ц нь гар утас хулгайлан авч яваа бичлэг тодорхой харагддаг. Үүгээрээ Ц.Ц нь БЗД-ийн 3-р хороо, И-Март дэлгүүрийн 6 давхраас гар утас хулгайлах үйлдэлдээ дээрх нэр бүхий хоёр хүнтэй хамт явсан гэдэг нь тодорхой байна.
Хохирогч Б.М-ын хохирогч болсон 10-р үйлдлийн тухайд хэргийн хавтас 3хх 133-134 талд эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэлд “...Макс Молл худалдааны төвийн 3 давхарт байрлах 313 тоот лангууны хяналтын камерын бичлэгийг CD дискэнд буулгаж авсан байв...”. Ц.Ц болон цагаан ороолт ороосон Х.А нар хамт явсан дүрс бичлэг байдаг. Үүгээрээ тухайн хулгайн 10-р үйлдэлд Х.А оролцоотой гэдэг нь харагдана.
Хохирогч Д.М-ийн хохирогч болсон 11-р үйлдлийн тухайд хэргийн хавтас 3 хх 23-р талд хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд Sunday худалдааны төвийн 1 давхрын камер байх ба уг бичлэгт 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 05 минутад хар өнгийн малгай, хар куртик, хар өмд өмссөн 25 орчим насны эрэгтэй, хар куртик цагаан масктай 25 орчим насны эмэгтэй хамт уг лангуунаас гараад явж байгаа бичлэг байв...” гэснээр Ц.Ц нь Х.А-тай хамт явж хулгай хийсэн гэдэг нь нотлогддог.
Хохирогч Г.А-ийн хохирогч болсон 15-р үйлдлийн тухайд хэргийн хавтас 4хх 11-р талд Ц.Ц-ын Х.А-тай хамт “Түмэн Молл” дэлгүүрийн урсдаг шатаар хамт явж багаа гэрэл зураг байдаг. Үүгээрээ 15-р үйлдэлд Х.А оролцоотой гэдэг нь харагдана.
17-р үйлдлийн тухайд хэргийн хавтас 4хх 126-р талд хохирогч Х.Х-ийн өгсөн мэдүүлэгт “...Би сүүлд орж ирсэн эрэгтэйг сэжиглэж байгаа. Тухайн хүн дахин манай дэлгүүрт орж ирэхдээ 2 эмэгтэй дагуулж орж ирсэн байх гэж бодож байна. Тухайн эмэгтэйчүүд миний анхаарлыг сарниулж байх хугацаанд тухайн эрэгтэй миний гар утсыг хулгайлсан байх магадлалтай. Тухайн орж ирсэн 2 эмэгтэйгээс би хараагаа салгаагүй юм тайлбарлаж байсан...” гэх мэдүүлэг;
Мөн хэргийн хавтас 4хх 125-130 хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. Энэ бичлэг дээр гарч байгаа 2 охины нэг нь Х.А болон түүний найз гэдгийг Ц.Ц удаа дараа мэдүүлэгтээ хэлдэг
18-р үйлдлийн тухайд хэргийн хавтас 4хх 27-р талд хохирогч Г.Э-ийн мэдүүлэгт “...Тэгээд би гоо сайхны бараа бүтээгдэхүүн тайлбарлаж байх хооронд дахиад 2 охин орж ирсэн. Тэгээд тухайн залуу утсаар яриадхая гэж хэлэхээр нь сүүлд орж ирсэн 2 охинд үйлчилж байх хугацаанд тухайн залуу касснаас бэлэн 420.000 төгрөг хулгайлаад утсаар ярьсан чигтээ гараад явсан. Тэр 2 охин нь 5-10 минутын дараагаар тухайн залуугийн хойноос гараад явсан” гэжээ. Энэ 2 охин гэдэг нь нэг нь Х.А болон түүний найз юм.
19-р үйлдлийн тухайд хэргийн хавтас 2хх 242-243 талд хохирогч Э.С-ийн мэдүүлэгт “...Би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Park Od mall худалдааны төвийн 4 давхарт 432 тоот ажил дээрээ байж байхад 18-20 цагийн үед хоёр залуу орж ирээд хувцас асуугаад байхаар нь би хувцсыг нь тайлбарлаж өгөөд байж байсан чинь гэнэт хоёулаа гараад явсан тэгээд удалгүй гарч явснаа буцаж орж ирээд намайг цаанаа юм хийж байх хооронд орж ирээд утсыг маань аваад гарч байсан...” гэх мэдүүлэг;
Хэргийн хавтас 3хх 10-р талд 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Парк-Од Молл худалдааны төвийн 432 тоот лангууны хяналтын камерын бичлэгээс авсан зурагт Ц.Ц болон С нарын хамт явж байгаа зураг байдаг үүгээрээ хулгайлах гэмт хэрэгт С оролцоотой гэдэг нь тодорхой харагдана.
Түүнчлэн хэргийн хавтас 1хх 49 талд гэрчээр Х.А-ийн өгсөн мэдүүлэгт “...Ц.Ц-тай 2024 оны 01 сард танилцаж байсан гар утас хулгай хийдэг, ээжтэйгээ хамт Баянхошууны баруун салаанд хамт амьдардаг” гэх мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд Х.А нь Ц.Ц-ыг хулгай хийдгийг мэддэг байсан мөртлөө хамт явж эд зүйл хулгайлахад нь хохирогч нарын анхаарлыг сарниулах, хүн харж өгөх зэргээр хамтран оролцдог, С-ийн хувьд мөн адил хулгайн үйлдлүүдэд хамт явж хамтран оролцдог нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог.
Өмгөөлөгчийн зүгээс ЭХХШТХуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлон тогтоож чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл яллагдагчаар татагдвал зохих бүх этгээдүүд татагдаагүй, Х.А болон С нарыг холбогдуулан шалгах явдал нь гэмт хэргийн хамтран оролцогчдыг хэлбэрийг тодорхойлох ял, хариуцлагыг ялгамжтай оногдуулах, хохирол төлбөрийг зохистой хуваах, гэмт хэрэг үйлдсэн хүн нэг бүрийг ял завшуулахгүй байх чухал ач холбогдолтой.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 2025/ШЦТ/412 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан асуудлыг шүүгдэгч өмгөөлөгчийн ярьж байна. Хулгайлах гэмт хэрэг нууц, далд аргаар үйлдэгддэг. Хэн болох нь тогтоогдоогүй байсан. Хэрэг бүртгэлтэд шалгагдаж байсан хэргийг Ц.Ц-ын үйлдсэн хэрэг гэж үзэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ц үйлдсэн нь тогтоогдсон учраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байж болзошгүй. Энэ талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг ирүүлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд нэг төрлийн гэмт хэргийг нэмж нэгтгэн ял оногдуулах хуулийн зохицуулалт бий. Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн талаар шүүгдэгч мэдүүлсэн.Гэтэл мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй байдаг. Зөвхөн камерын бичлэг шүүгдэгч Ц.Ц-ын ойролцоо явж байгаа хүмүүсийг н.А, н.С гэж үзэх боломжгүй буюу мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Иймд бусад нотлох баримтаар нотлогдоогүй шүүгдэгчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж прокуророос үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.Ц-ын үйлдсэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн буюу Н.С, н.А гэх хүмүүс өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан талаар ярьж байна. Эдгээр хүмүүсийг урьд гэмт хэрэгт холбогдож байсан гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Камерын бичлэгт гарч буй хүмүүсийг н.А, н.С гэх баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж, олсон орлогоо хэрхэн, яаж /дансаар, бэлнээр/ хувааж авсан зэрэг үндэслэл бүхий бичгийн нотлох баримт байхгүй. Зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
1. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн үүрэг юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
2. Дээрх үндэслэл, шалгуурын дагуу давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь дүгнэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж, анхан шатны шүүх Ц.Ц-д холбогдох хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж шүүхийн тогтоол гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан ноцтой зөрчил гаргажээ.
Тодруулбал, Ц.Ц-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1153 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны даргалагч шүүгчээр шүүгч С.Оюунчимэгийг, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Б.Батсайхан нарыг томилжээ. /6хх 71/
Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024ШТ/204 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоол /6хх 151-152/, мөн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШТ/224 дугаартай шүүх хуралдааны хойшлуулах тухай шүүхийн тогтоол /6хх 157-158/, мөн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШТ/238 дугаартай шүүх хуралдааны хойшлуулах тухай шүүхийн тогтоолоор даргалагч шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Батсайхан, шүүгч М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоол гаргажээ. /6хх 167-168/
Дээрх 3 удаа хурлыг хойшлуулах тухай шүүхийн тогтоолд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1153 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны даргалагч шүүгчээр шүүгч С.Оюунчимэгийг, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Б.Батсайхан нарыг томилсон байх боловч дээрх шүүх бүрэлдэхүүнээр хурлыг шийдвэрлээгүй байна.
Өөрөөр хэлбэл ерөнхий шүүгчийн захирамжаар томилсон бүрэлдэхүүний шүүгчээс өөр бүрэлдэхүүнтэй орж хурлыг 3 удаа хойшлуулж шүүхийн тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлд заасан “Шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх” 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна. ...” гэж заасныг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “...шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.
Иймд дээрх хууль бус бүрэлдэхүүнээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулж шүүхийн тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн нийт цагдан хоригдсон хоногийг тооцохдоо тоо тооцоолуурын алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ