Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 104

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Э.Ууганзаяа,

Шүүгдэгч: Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Н-ийн Т-д холбогдох 1835000000125 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 38-53 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, АД89021015 дугаарын регистртэй, Б ургийн овогт Н-ийн Т.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Б нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал,  хохирогч А.А-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ...Б бид хоёр хамт яваад 15 цагийн үед Голд караокед ороод нэг цаг дуулаад тэнд нэг лааз 0,5 грамын нийслэл гэдэг пиво авсныг Б уусан юм. Би нэг 100 грамм архи авч уусан юм. Тэндээс гараад Б-ийн гэрт очоод Т бид хоёр хамт гараад найз Б-ыг утсаар дуудаад бид гурав уулзсан. Тэгээд тэнд миний таних Ц гэдэг эмэгтэй тааралдаад бид нар Гашууны гол явсан. Тэгэхдээ 0,5 л соёрхол гэдэг архи би аваад таксийгаар очсон юм. Тэндээ бид нар уг архи задалж уусан. Тэгж байгаад би архиа аваад боссон. Ц гэдэг эмэгтэй согтуу байсан болохоор би зугтаад явсан юм. Тэгээд би гашууны голд гүүрний хажуу талын далан дээр ирсэн байхад Т ирээд намайг шууд толгой руу цохиод унагасан юм. Тэгээд бид хоёр барьцалдаж авсан гэнэт миний толгойноос цус урсаад ирсэн. Намайг гараараа цохьсон. Зодоон болж байхад Б байсан. Өөр хүн байгаагүй. Манай эхнэр ирж аймгийн эмнэлгийн яаралтай тусламжийн төв дээр авч ирж 3 оёдол тавьж боолт хийсэн юм. ...Миний толгой өвдөж зовиурлаж байгаа. Б-өөс нэхэмжлэх зүйл байхгүй гомдол тэмцэл байхгүй. Бид найз нөхөд хүмүүс юм” /хх-ийн 6-7 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр над руу А.А утасдаад гараад ирээч гэж хэлэхэд би явж очсон. Намайг 64 айлын орон сууцны хажууд очиход А.А, Б хоёр байсан. Тэгээд бид нар такси бариад Улаангом сумын гашууны гол дээр очсон. Тэр үед А.А нэг шил 0,5 л соёрхол гэдэг архи аваад бид нар очиж уг архийг ууцгаасан юм. Нэг мэдэхэд А явсан байсан. Тэгээд би А.Атай очиж уулзаад хамт зам руу алхаж явахад Б хойноос гүйж иэрээд чи яагаад хүн хаячихаад явж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдсан. Тэгээд би боль гэсэн боловч миний үгэнд ороогүй, чамд ямар хамаатай юм бэ гэж надад хэлэхэд би дургүй хүрээд явчихсан. Түүний дараа юу болсоныг би мэдэхгүй. Тухайн үед А.А, Б хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн байсан юм.” /хх-ийн 8 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн найз А.А, Б.Б нарын хамт Улаангом сумын 12 дугаар багийн нутаг Гашууны голд очиж нэг шил 0,5 л соёрхол гэдэг архи бид нар хувааж уугаад байж байтал гэнэт А.А, Б.Б хоёр гашууны голын гүүр рүү явж байсан. Тэгээд би хойноос нь очоод яагаад хүн хаячихаад явж байгаа юм гээд А бид хоёр маргалдаад би А-г баруун гараараа толгой орчим газарт нь нэг удаа цохьсон юм. А бас намайг ганц нэг удаа цохьсон. Тэгээд А эхнэрээ дуудаад нэгдсэн эмнэлэг явсан юм. Би эмнэлэг рүү А-гийн хойноос очиж уулзсан миний буруу гэж уучлалт гуйсан юм. Тухайн үед би архи согтууруулан ундаа хэрэглэсэн байсан. Би 2010 онд гэр бүл болж эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр Ц.С Таван Тэс бага сургуульд бага ангийн багш хийдэг. Би өөрөө хувиараа барилгын ажил хийдэг. Сард 1.500.000 төгрөгнөөс 1.800.000 төгрөгний цалинтай ажил хийдэг. Би барилгын даамал ажилтай юм. Би өөрийн найз А.А-г цохиж гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би найз А-гаас уучлалт гуйж хохирлыг бүрэн барагдуулж, А бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “А.Агийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх 380 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.А-гийн толгойн хэсэгт 1 удаа цохисон үйлдлийн улмаас хохирогч А.А-гийн биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нотлогдож тогтоогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, үл ойлголцсноос тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Б-ийн хохирогч А.А-г цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 380 дугаар дүгнэлт /хх-ийн 12 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хэргийн 28 дах талд хохирогч А.А нь “Б нь надаас уучлалт гуйж миний хохирол гомдлыг барагдуулж надтай эвлэрсэн. Бөөс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол тэмцэл байхгүй” гэж тодорхойлолт гаргаж өгсөн, шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би найзаасаа уучлалт гуйсан. Тархины зураг 90,000 төгрөгөөр, эм тариа 69800 төгрөгөөр, 25,000 төгрөг бэлнээр өгсөн. Найз маань чи наад асуудлаа шийдүүл хохирол одоо нэхэмжлэхгүй гэсэн” гэж мэдүүлж байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Бөөс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.С, Д.У нарын мэдүүлэг, ял шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, сарын орлого нь 1,500.000-1.800.000 төгрөг болох нь тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б-ийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

 Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол, хор уршиг арилсан гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.  

 

            Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б ургийн овогт Н-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ургийн овогт Н-ийн Т-ийг 620 /зургаан зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

            4. Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохиролд 184.800 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА