| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 181/2024/04330/И |
| Дугаар | 192/ШШ2025/08147 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/08147
2025 10 13 192/ШШ2025/08147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: ***нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт нийт 26 341 084 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагч ***, түүний өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 26 341 084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ***ийн зүгээс***т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 26 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.***ийн зүгээс амаар харилцан тохиролцож 2013-2016 оны хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр 14,415 доллар буюу тухайн үеийн ханшаар 26,341,084 төгрөг ***ээс зээлсэн юм байна. Тухайлах юм бол хамгийн анх 2023 оны 9 сарын 6-ны өдөр 1502 доллар, 2013 оны 10 сарын 22-ны өдөр 4965 доллар, 2014 оны 4 сарын 6-ны өдөр 1940 доллар, 2015 оны 6 сарын 5-ны өдөр 659 доллар, 2015 оны 9 сарын 11-ний өдөр 4990 доллар, 2016 оны 2 сарын 1-ний өдөр 355 доллар гэсэн нийт 6 удаагийн гүйлгээгээр тухайн үеийн долларын ханшаар 26,341,084 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлаж байгаа. Энэ мөнгийг өгөхгүй олон жил явсан. Хамгийн сүүлд мөнгө нэхсэний үндсэн дээр 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, мөн 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус төлснөөс өөрөөр төлөхгүй байна. Ингээд мөнгөө удаа дараа шаарддаг. Сүүлдээ “яах гэж өгсөн бэ? би гуйсан юм уу” гэж хэл амаар доромжлох болсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 26,341,084 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: …би ***ээс амаар болон бичгээр гэрээ хэлцэл хийж мөнгө зээлж байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өөрөө гадаадад амьдардаг. Монголд ганцхан надтай харьцдаг, бүх ах дүү нартайгаа холбоо байдаггүй. Төрсөн эгчтэйгээ, төрсөн хүүхдээ хүртэл шүүхэд өгөөд надаас өөр холбоотой хүн байдаггүй байсан. Монгол руу мөнгө шилжүүлээд “чи энийг тийшээ зарцуулаадхаач, ийш нь зарцуулаадхаач” гээд 10 жилийн хугацааны фейсбүүкийнхээ бүх чатуудаа гаргаж үзүүлсэн байгаа. Нэхэмжилж байгаа 1940 доллар гэж байна. Энэ нь 2014 оны 4 сарын 6-ны өдөр над руу 2000 доллар явуулсан. Зориулалт нь 2014 оны 4 сарын 5-ны өдөр өөрийнх нь төрсөн ах буюу миний төрсөн эцэг н.*** гэж хүн нас барахад “ахдаа сүүлчийн удаа зориулъя, ганцаараа гудамжинд уйлаад явж байна, дахиад ахдаа би юу ч хийж чадахгүй сүүлчийн удаа энэ мөнгийг зарцуулаарай” гээд шилжүүлсэн байгаа. Дөрөвдөх мөнгө буюу 659 доллар гээд байгаа нь өөрөө энд байраа түрээслээд, 2014 оны 8 сард явахдаа их дэлгүүрийн ард талын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 8-9-15 тоотыг түрээслээд, түрээсэлсэн эзэмшигч нь 2 сарын өмнө байрнаасаа гарах болсон. Гарахдаа 2 сарын 1,200,000 төгрөгийг *** эгчээс нэхсэн. Намайг “чи өгчих өө, би очоод чамтай тооцоо хийе” гэсэн. Би 2015 оны 2 сард би төрсөн, 3 сартай хүүхэдтэй гэртээ байсан надад 1,200,000 төгрөг өгөх мөнгө байхгүй байсан. “Эндээс явуулахаар 50 долларын шимтгэлтэйгээр явуулах гээд байна. Чи наанаасаа мөнгө олоод өгчих” гээд “надад боломжгүй байна” гэсэн өөрөө 659 доллар над руу шилжүүлээд, түрээснийхээ гэрээг явуулаад ийм ийм юм хүлээж аваад 1,200,000 төгрөг н.Золмандахад өгөөрэй гээд бичсэн чат юмнууд нь байгаа. Ингээд 1,200,000 төгрөг нь өөрийнхөө түрээсэлсэн байрныхаа түрээсийн мөнгөнд өгөх гэж над руу шилжүүлсэн мөнгөө зээл гэж бичиж оруулсан байна. 2015 оны 9 сарын 11-ний өдөр нэг хүний регистр дээр 5000-аас дээш доллар явдаггүй юм байна гээд н.Жижгээ гээд хүн рүү 5000 доллар, миний регистрийн дугаараар 5000 доллар бас явуулсан. Үүний зориулалт нь 2000 долларыг нь намайг хүүхдээ хараад гэртээ зэврээд сууж байхаар чи сургуульд сур, магистртаа сур гээд тухайн үед би “надад мөнгө байхгүй байна” гэхэд “эгч нь дүүдээ тусалъя, онц дипломтой төгсөх юм бол би чамаас авахгүй, хэрэв сурч чадахгүй байх юм бол би чамаас авна шүү” гээд тухайн үед надад 2000 доллар сургалтын төлбөрт өгч байсан. “Үлдэгдэл 7791 долларыг нь миний дансанд хийгээрэй, ойлгомжтой юу” гээд бичсэн чат нь хүртэл байгаа. 7791 долларыг нь банканд аваачиж хийх гэхээр 91 доллар задгай мөнгөөр банк авахгүй, төхөөрөмжид нь ордоггүй юм байна лээ. Тэгээд 7800 доллар болгож тэгшлээд ***ийн дансанд нь хийсэн байгаа. Зургаадах мөнгө буюу 358 доллар гээд байгаа нь 2015 оны 11 сараас эхлээд өөрөө онлайн худалдаагаар худалдаа хийсэн. Өөртөө гутал, охиндоо гутал, тухайн үед ч гэсэн надад гутал авч өгч байсан. Зөндөө олон гутал, куртик булга шиг харагддаг хиймэл булга шиг ирдэг хувцас, куртик зээ хүүдээ, охиндоо гээд баахан онлайн худалдаагаар юм авхуулаад тухайн үед мөнгө нь дутаад, дутсан мөнгөө над руу шилжүүлж байсан гүйлгээнүүд байгаа. Миний регистрийн дугаараар мөнгө шилжүүлээд “тэр лүү зарцуулчих, энэ рүү зарцуулчих” гэж байсан мөртөө намайг өр зээлтэй мэтээр ингэж өгсөнд гомдолтой байна. Амаар болон бичгээр би энэ хүнтэй зээлийн гэрээ хийж байгаагүй. Өр авлага байхгүй. 2017 оны 2 сард би сургуулиа төгссөн. Төгсөж байсан зураг юмнуудаа хавсаргаад оруулчихсан байгаа. Цагаан сарын өмнө дипломоо авч байсан. “Одоо ингээд өргүй боллоо. Энэ улаан өнгийг би харах гэсэн юм. Сайхан шинэлээрэй” гээд 2000 долларынхоо өрийг улаан дипломтойгоо хамгаалж байсан бичлэг, чатад үзлэг хийж харуулсан байгаа гэв.
4.Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд,
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Риа Мөнгөн гуйвуулгын баримт /хэргийн 4-9 дүгээр тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 10 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 11-12 дугаар тал/
Нэхэмжлэгчээс **** олгосон итгэмжлэл /хэргийн 13 дугаар тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагчаас ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 22-23 дугаар тал/
Хариуцагчаас*** олгосон итгэмжлэл /хэргийн 24 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 26 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 69 дүгээр тал/
Тайлбар /хэргийн 70-72 дугаар тал/ зэрэг баримтууд,
6. Шүүхээс бүрдүүлсэн
Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 41 дүгээр тал/
Хариу тайлбар /хэргийн 47-49 дүгээр тал/
*** нараас авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 59-64 дүгээр тал/
Үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 105-123 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ...26 341 084 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагчтай амаар тохиролцож 2013-2016 оны хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр 14 415.68 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 26 341 084 төгрөг зээлдүүлсэн боловч төлнө гэж явсаар өдий хүрсэн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгчээс ямар нэг байдлаар мөнгө зээлж аваагүй. Түүний өөрийнх нь хүсэлтээр Монгол руу мөнгөн гуйвуулгаар доллар оруулж гаргахдаа миний регистрээр шилжүүлдэг, энэ байдлаа ашиглаж мөнгө зээлдүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж үгүйсгэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
*** ХХК-ийн мөнгөн гуйвуулга, тодорхойлолт баримтаар *** 659.00, 2015.09.11-ний өдөр 4990.00, 2016.02.01-ний өдөр 358.00 швейцар франкийг тус тус шилжүүлж байсан нь мөнгөн гүйвуулга, тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-9 дүгээр тал/
Хариуцагч дээр мөнгөн гүйлгээний талаар хариу тайлбартаа:
-эхний 2 мөнгөн гуйвуулга миний регистрээр шилжиж ирээд бусдад дамжуулсан төлбөрийн талаар сайн санахгүй байна.
-...3 дахь гуйвуулгын хувьд миний төрсөн эцэг Л.*** өвчний улмаас нас барсан ажил явдалд зориулж хариуцагчаас өгсөн мөнгө болох нь 2014.04.06-ны өдөр хариуцагчийн мэйл хаягаас надад бичсэн захидал баримтаар тогтоогдоно... гэжээ.
Талийгаач *** 2014.04.05-ны өдөр өвчний улмаас нас барсан нь гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 92 дугаар тал/
2025.10.07-ны өдрийн нэхэмжлэгч хариуцагч нарын харилцаж байсан мессэнжер чат цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэлд ...2014.04.06-ны өдөр 18:33-т нэхэмжлэгчээс ...амралтын өдөр ийм хүнгүй гудамжинд орь ганцаараа уйлаад гүйж байна. маргааш 2000доллар явуулна ахын минь ажилд сүүлчийн удаа зориулаарай өөр юу ч хийж чадахгүй нь дээ би ганц дүү нь шүү дээ ахыгаа аварч чадахгүй... гэжээ. /хэргийн 105 дугаар тал/
2025.04.23-ны өдөр гэрч *** мэдүүлэхдээ...манай нөхөр *** 2014.04.06-ны өдөр нас барсан, н.***ын ажил явдалд зориулж *** шилжүүлсэн гээд 2000 долларыг Л.Оюунцэцэг,*** нар хамт ирж өгч байсан... гэж мэдүүлжээ. /хэргийн 62 дугаар тал/
-...4 дэх гуйвуулгын хувьд *** 2014.08.15-ны өдөр өөрийн амьдарч байсан орон сууцаа *** түрээслээд 2015.06.04-ний өдөр байраа буцааж авах болоход барьцааны мөнгө 650 доллар шилжүүлснийг монгол мөнгөөр 1200 000 төгрөгийг *** өгч байр эд хогшлыг нь үзэж түлхүүрийг нь хүлээж авсан нь бидний хоорондын мессенжер чат захидлаар нотлогдоно... гэжээ.
2014.08.15-ны өдөр нэхэмжлэгч *** *** Орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулж, Чингэлтэй дүүрэг, 3 хороо, 8/9 байр 15 тоот 2 өрөө орон сууцаа 1 жилийн хугацаанд 7500 000 төгрөгийн хөлстэй хөлслүүлэхээр тохирчээ.
Дээрх гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө гэрээ цуцлагдаж нэхэмжлэгч хөлслөгчид 1200 000 төгрөгийг буюу 650 долларыг буцаан шилжүүлсэн нь 2025.10.07-ны өдрийн нэхэмжлэгч хариуцагч нарын харилцаж байсан мессэнжер чат цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэлд ... “ 2015.06.04, 2015.06.05-ны өдөр, ...миний охин дансанд нь 2 сарын 1200 000 хийгээд өгчих, ...монголоор 1200 000г шилжүүлээрэй, ...код 1031342 энэ өдөр 650 доллар аваарай, ...авсан уу..., ...түлхүүрээ авсан мөнгийг нь өгсөн... гэжээ. /хэргийн 105 хуудас ар тал, 106 дугаар тал/
-“5 дах гуйвуулгын хувьд 4900, 4891 доллар тус тус шилжүүлж 2000 долларыг миний сургуулийн төлбөрт, үлдсэн 7791 долларыг бүхэл болгоод 7800 доллар болгоод Улаанбаатар хотын банкны 2611128718 тоот дансанд шилжүүлсэн” гэжээ.
2025.10.07-ны өдрийн нэхэмжлэгч хариуцагч нарын харилцаж байсан мессэнжер чат цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэлд ...2015.09.11-ний өдөр 10:16 минут. ...жижгээ 1098378 код 4900s ок, самд 1093735 код 4891s ок 2000s сургуулийн төлбөр, үлдсэн 7791s дансанд ойлгомжтой юу, ...ок баярлалаа эгч минь баярлалаа... гэжээ. /хэргийн 106 хуудас ар тал/
2015.09.15-ны өдөр Улаанбаатар хотын банк 2611128718 дансанд *** орлого” гэсэн гүйлгээний утгаар 7800 доллар шилжүүлсэн баримт. /хэргийн 106 дугаар тал/
-“6 дах гуйвуулгын хувьд онлайн худалдаагаар хувцас захиалж авч байсны төлбөрт шилжүүлсэн байгаа” гэжээ.
2025.10.07-ны өдрийн нэхэмжлэгч хариуцагч нарын харилцаж байсан мессэнжер чат цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэлд ...2016.01.14, 2016.01.17, 2016.01.18-ны өдрүүдэд онлайнаар бараа захиалах мөнгийг нь тооцох... зэргээр харилцан мессэж захидал бичсэн байна. /хэргийн 107 дугаар тал/
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.
5. Нэхэмжлэгчийн “хариуцагчид 6 удаагийн гуйвуулга баримтаар мөнгө шилжүүлж байсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг нотолно” гэх тайлбар хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, талуудын хооронд харилцсан цахим захидал, гэрчийн мэдүүлэг баримтуудаар үгүйсгэгдэж байна. /хэргийн 22-23, 57-64, 70-72, 92, 104-123 дугаар тал/
6. Хэрэгт авагдсан мөнгөн гуйвуулга баримтаар нэхэмжлэгч хариуцагч руу мөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт эргэлзээгүй, үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бусад баримтаар хангалттай, давхар нотлохгүй байна.
7. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэжээ.
8. Хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй маргаж байгаа тохиолдолд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр буюу хэлцэл хийсэн гэж үзэх гол нөхцөл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч нэгдсэн тохиролцоо зөвшилцөлд хүрсэн, харилцан үүрэг хүлээж байгаагаа ухамсарлан ойлгосон байх шаардлагатай.
9. Тодруулбал нэхэмжлэгч тал хариуцагчид мөнгө зээлэн авах хэрэгцээ шаардлага байсан эсэх түүнийгээ хэрхэн үг болон үйлдлээр илэрхийлсэн, нэхэмжлэгч хариу ямар үйлдлээр хариуцагчийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсэн байдлыг нотлох юм.
10. Хариуцагчийн хариу тайлбар болон өөрийн тайлбар татгалзлаа нотлох буй талуудын хооронд харилцаж байсан мессэнжэр чат захидал баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа хангалттай эргэлзээгүй үнэн зөв баримтаар нотлоогүй.
11. Нэхэмжлэгч хариуцагчийг 2023.11.15-ны өдөр 100.000 төгрөг, 2024.07.02-ны өдөр 100 000 төгрөг тус тус төлсөн гэж байгаа боловч түүний тайлбар гэрч *** мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. /хэргийн 59-61 дүгээр тал/
12. Түүнчлэн нэхэмжлэгчийн зээлдүүлсэн гэх мөнгөн гуйвуулгын гүйлгээний утга дээр “зээл” гэх утга агуулга илэрхийлэгдэхгүй, нэхэмжлэгч “доллар” шилжүүлсэн гэх боловч мөнгөн гуйвуулга баримтад “швейцар франк” гэсэн байна.
13. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй” гэжээ.
14. Нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөн хөрөнгө бүрийг тухай бүр нь зээлдүүлсэн гэж байгаа бол хэдийгээр хугацааны талаар тохиролцоогүй байх боломжтой боловч түүнийгээ хэзээ хэрхэн шаардаж байсныг баримтаар нотлоогүй.
15. Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг үүссэн, хэлцэл хийгдсэн гэх үндэслэл нотлогдохгүй байх учир нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй гэж үзэж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43 дугаар зүйлийн 43.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч***т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 14 415.68 ам доллар буюу 26 341 084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 655 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
17. 2024.08.14-ний өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 13 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч***т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 14 415.68 ам доллар буюу 26 341 084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 655 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ