Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/610

 

 

 2025             05             21                                       2025/ДШМ/610

 

Д.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир /цахимаар/,

шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Э-т холбогдох 2408044020016 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Э, 1969 оны 01 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт 00 дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/,

Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 695 дугаар магадлалаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 762 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хувийн байдалтай.

Шүүгдэгч Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр байрны арын замд согтуугаар “Suzuki Sx-4” маркийн, 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Toyota Prius” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Д.Э-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хорих” ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруугийн асуудал дээр маргадаггүй бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр бичиж илэрхийлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Эт 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Учир нь миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлын хувьд өмнө нь үйлдвэрлэлийн осолд орж баруун талын тархины гавлын яс үйрсний улмаас мэс ажилбараар авч одоо хүртэл баруун тархины гавлын яс байхгүй хөндий байдаг. Үүний улмаас хугацаагүйгээр группэд орсон байдаг. Энэ нь хавтаст хэргийн 94-р хуудсанд авагдсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр” Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон актаар нотлогддог. Дээрх хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш хугацаагүйгээр алдсан өвчин нь хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон болно. Тухайлбал Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/152, А/366 дугаартай хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хорих, Зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын 2.4 зүйлийн 19 дугаарт Хөдөлмөрийн чадвар 70 хувиас дээш хувиар алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр баталгаажуулна гэж заасан байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хөдөлмөрийн чадвараа 2023.03.03-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр”-ээр Хөдөлмөрийн чадвараа 70 хувиар хугацаагүйгээр алдсан гэсэн шийдвэр гарсан байдаг. Түүнчлэн миний үйлчлүүлэгчийн хувьд одоо 56 настай, хөгшин настай 87 настай аавын хамт амьдардаг, жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй болно. Тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалт нь Эрүүгийн хуульд нэмэлтээр гэмт хэрэгт тооцон хуульчилсан бөгөөд тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэрэгт хамаарна.

Дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгчийн зүгээс Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгжээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт дээр анхан шатны шүүхээс няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг шийдвэртээ бичээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг шийтгэх тогтоолд бичихээр хуульчилсан бөгөөд дээрх хуулийн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй байна. Миний үйлчлүүлэгч Д.Э нь цагдан хоригдсоноос хойш түүний эрүүл мэндийн байдал муудаж зайлшгүй эмнэлгийн туслалцаа авах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, бусдад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Э нь драгер үлээх чадваргүй, согтолттой байх үедээ зам тээврийн осол гаргасан. Түүнчлэн зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн. Өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан. Архины хамааралтай, үүнийгээ ухамсарлаж, өөртөө дүгнэлт хийхгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулсан. Хорих ялыг эдэлж байх явцдаа эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг авах боломжтой гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

            1. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр байрны арын замд согтуугаар “Suzuki Sx-4” маркийн, 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Toyota Prius” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Драйгер багаж үлээхээс татгалзсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 03-04, 42-43/, ослын газрын бүдүүвч зураг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 05-09/, жолоодох эрхийг лавлагаа /хх 10-12/, асап сангийн мэдээлэл /хх 12-17/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 762 дугаар шийтгэвэр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-ээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгосон шийтгэвэр /хх 37-38/, шүүгдэгчийн драгер багаж үлээж чадахгүй байгаа тухай мөрдөгчийн гар утсаараа хийсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46-47/,

гэрч О.Б: /Эргүүлийн цагдаа/ Дуудлага мэдээллийн дагуу очиж Suzuki S-4 маркийн 00-00 000 тээврийн хэрэгслийн жолооч Д.Э /шүүгдэгч/-оор драгер багаж үлээлгэж шалгахад драгер багаж үлээх чадваргүй байсан. ...Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч 2 тээврийн хэрэгслийг мөргөсөн ба тухайн 2 тээврийн хэрэгслийн жолооч нарт ямар нэгэн гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг /хх 69/,

шүүгдэгч Д.Э: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 130/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Э-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр байрны арын замд согтуугаар “Suzuki Sx-4” маркийн, 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Toyota Prius” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

5. Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд хөдөлмөрийн чадвараа 2023.03.03-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр”-ээр Хөдөлмөрийн чадвараа 70 хувиар хугацаагүйгээр алдсан. ... түүний эрүүл мэндийн байдал муудаж зайлшгүй эмнэлгийн туслалцаа авах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж,  хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хувьд тус хорих ялыг багасгах, өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн чавдараа 70 хувиар алдсан. ... Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/152, А/366 дугаартай хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хорих, Зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын 2.4 зүйлийн 19 дугаарт Хөдөлмөрийн чадвар 70 хувиас дээш хувиар алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр баталгаажуулна гэж заасан. ....эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзнэ. ...” гэх гомдлын хувьд;

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 219 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаартай тушаалын 3.1-т “Нэгдсэн эмнэлэгт шилжих ирсэн хоригдол үзлэг шинжилгээний дүнд ялаас чөлөөлөх өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол эмчлэгч эмч энэ тухай үнэн зөв баримтыг бүрдүүлж эмнэлэг хяналтын комисст даруй шилжүүлж, танилцуулна.” 3.2-т “Эмнэлэг хяналтын комисс нь энэ журмын 3.1-д зааснаар шилжүүлсэн баримтыг үндэслэн энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын 2.4-т заасан шинжилгээ, оношилгоог нягтлан шалгаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ хоригдлын биеийн байдалтай танилах бөгөөд дүнг хурлаар хэлэлцэж санал нэгдвэл хурлын тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан, ялаас чөлөөлөх санал, эрүүл мэндийн тодорхойлолтыг хоригдлын хувийн хэрэг, ялын тооцооны хамт прокурорт хүргүүлнэ.”, 3.3-т “Прокурор энэ журмын 3.2-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг хянан үзэж саналыг үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулна.”, 3.4-т “.Зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээд ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчнөөр өвчилсөн бол харьяа эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, баривчлах төв, байрны захиргаа ял, баривчлах шийтгэлээс чөлөөлүүлэх саналаа прокурорт хүргүүлнэ.” гэж баталжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... ял эдлүүлэх боломжгүй байдал үүсвэл прокурор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн ... шинжээчийн дүгнэлт гаргуулна”, “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт, байгууллагын саналд тулгуурласан прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч ... цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай шийдвэр гаргахаар” заажээ.

Энэ байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргаж, дүгнэлт, байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас оногдуулсан хорих ялыг эдлэх боломжгүй, тухайн өвчний учир мэс заслын ажилбараар эмчлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бол хорих байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгаж үлээхээс татгалзсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 03-04, 42-43/ шүүгдэгчийн драгер багаж үлээж чадахгүй байгаа тухай мөрдөгчийн гар утсаараа хийсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46-47/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Э-ын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ын цагдан хоригдсон 45 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ