Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 103

 

                                          

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав, 

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 1835001490105 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 12-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суудаг, РД:ОЛ87071273, Т овогт Б-гийн Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутагт 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар Тоёота Ками маркийн 20-80 УВА улсын дугаартай авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.7 а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасаны улмаас хохирогч Б.Л-ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 5-р багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар Тоёота Ками маркийн 20-80 УВА улсын дугаартай суудлын автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байх ба уг ослын улмаас хохирогч Б.Л-ын биед хүнд, Д.О-ын биед хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Б.Л-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед аймгийн төвөөс манай хүүхэд байдаг айлын Б эгч утсаар яриад танай хүүхэд өглөө хичээлдээ яваад одоо хүртэл хичээлээсээ ирээгүй байна гэж ярьсан юм. Тэгэхээр орой 22 цаг хүртэл ажиглаад хүүхэд байсан айлдаа ирэхгүй болохоор машинаа асаагаад аймаг явахаар болсон юм. Би машинаа хот дотор муу барьдаг тул Д.Оын гэрт очиж түүгээр машин бариулж явах гэж очсон. Тэгээд Оын гэрт очоод “манай хүүхэд өглөө 08 цагт хичээлдээ яваад одоо болтол байсан айлдаа ирээгүй байна. Чи миний машин бариад аймгийн төв ороод ирьё” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь О “за” гэж хэлээд гараад явах гэхэд миний машин доголдоод хааз авахгүй байсан юм. Тэгээд би Б-ийн гэрт очиж аймгийн төв ороод ирьё манай 6 настай 1 дүгээр ангид сурдаг хүүхэд өглөө хичээлдээ яваад байсан айлдаа ирээгүй байна гэж хэлээд Б.Б-ийг машинтай нь аваад аймаг явсан. Аймаг ороод Б ахын гэрт ирсэн чинь манай хүүхэд ирчихсэн байсан ба ангийнхаа хүүхдийн гэрт байсан байна. Танай хүүхдийг цагдаагийн байгууллага олж өглөө гэж хэлсэн. Эхнэр тэр айлд үлдсэн. Б, О бид гурав гарч яваад нөгөө хоёрт би эндээс нэг засварчин авч явна, очиж машинаа засуулна гэж хэлээд найз А-гийн гэрт очиод А-д миний машиныг засаж өгөөч, сая наашаа ирэх гэтэл доголдоод хааз авахгүй болохоор нь хүний машинтай ирлээ гэж хэлсэн. Тэгээд А-г гэрээс нь аваад бид 4 миний машин байгаа газар луу гараад явж байтал Б, О хоёр архи авч явья гэж хэлсэн юм. Тэгээд гэрэлтэй цонх ороод бид 3 мөнгө нийлүүлээд 3 шил 0,5 л Улаанбаатар нэртэй архи худалдаж аваад аймгийн төвөөс шууд гарсан. Машиныг О барьж явсан юм. Онгоцны буудалын урд талын засмал замаас буугаад хэсэг явж байгаад зогсож нэг шил архиа гаргаж уусан, цаашаа яваад хээр морьтын овоо зөрж зогсоод дахиад нэг шил архи уусан юм. Тэгээд цаашаа яваад шивэрийн захад зогсоод дахиад нэг шил архи хувааж уусан юм. Тэр архинаас А уугаагүй уусан бол ганц нэг хундага уусан байх. Эхний нэг шил архиа ууж дуусаад О одоо чи машинаа өөрөө жолоод гэж хэлээд Бөд жолоог шилжүүлсэн юм. Тэгээд Б машинаа өөрөө жолоодож явсан юм. Тэгээд сүүлийн архиа ууж дуусгаад Б, О хоёр хоорондоо ярилцаад сумын төв гарч нөгөө машины мотор кроп авья гээд өглөө үүр хаяарч байхад сумын төв орж дэлгүүрийн гадна зогссож, О, Б 2 буугаад дэлгүүр орж А бид 2 машин дотор үлдсэн юм. ...Тэгээд тэр айлаас гараад урагшаа нэг айлд очиж мотор, кроп аваад машиныхаа ард тавиад Б.Б машинаа өөрөө жолоодоод хөдөлсөн. Урд талын суудал дээр О сууж явсан. А бид хоёр машины арын суудал дээр сууж явсан юм. Тэгээд би унтлаа шүү гэж хэлээд Аг налаад явж байсан. Тэгтэл гэнэт машин налс хийсэн. Удалгүй машин замын хажуу тал руу орсон. Би урд талын суудлаас барьсан. Миний мэдэхээр машин хажуу талаараа эргэж унах шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан юм. Тэгээд ухаан ороход миний хүзүү өвдөж хүзүүгээрээ эргэж чадахгүй маш их өвдөж байсан юм. Аймгийн төвд ирж эмнэлэгт хэвтсэн юм. Манай аймгийн эмч энд эмчилгээ байхгүй, Улаанбаатар хот явах шаардлагатай гэж хэлсэн тул Улаанбаатар хот яваад гэмтлийн эмнэлэгт 8 хоног эмчилгээ хийлгээд гарсан юм. Миний хүзүүнд “Титэм хантааз” гэх нэртэй бэхэлгээ миний хүзүү толгой хэсэгт хийж өгсөн юм. Тэгээд 4 сарын дараа хотод ирж үзүүл гэж хэлсэн. Мөн гам сайн барих хэрэгтэй машин тэргэнд хамаагүй сууж явж болохгүй гэж эмч хэлсэн. Одоо хүзүү байнга өвдөлттэй өвчин намдаах эм байнга ууж байгаа, удаан хэвтсэн үед зүүн гар мэдээгүй атгаж чадахгүй болж байна. Тэгээд гараа хүнээр бариулахаар буцаад хэвэндээ орж байна. Надад одоогоор гомдол санал байхгүй. Улаанбаатар хот яваад ирэхдээ 6 сая төгрөгний хохирол учирсан. “Титэм хантааз” 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Гадаадаас захиалгаар авсан эм 500,000 төгрөг, онгоцны зардалд 960.000 төгрөг болсон. Хоёр талдаа Улаанбаатар хотод комьпютерт 370.000 төгрөг, аймагт 100.000 төгрөгөөр комьпютерт орсон юм. Энэ хэргийн улмаас надад 5.700.000 төгрөгний хохирол учирсан юм. Гэхдээ би энэ хохирлыг Б-өөс нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Яагаад хохирлоо нэхэмжлэхгүй байна вэ гэвэл би Бийг гэрээс нь авч аймгийн төв явсан, тэгээд бид нар бүгд архи уусан учир энэ учирсан хохирлоо нэхэмжлэхгүй. Надад хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,

хохирогч Д.О-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Б-ийн машинд Л эхнэр хүүхдээ аваад бид дөрөв аймгийн төвд ирсэн чинь Л-ын хүүхдийг цагдаагийн байгууллага олоод байсан айлд нь хүргээд өгчихсөн байсан юм. ...Тэгээд сайжруулсан замаар явж байгаад Сагил сум гэсэн хаалга зөрөөд хурдтай явахаар нь Бийг би зөөлөн яваарай 40 милтэй явахад болно гэж хэлэхэд А бас Бийг зөөлөн яваарай ардаа хүнд ачаа аччихсан байгаа гэж хэлэхэд Б дуугараагүй. Цааш явж байгаад машин гэнэт дайвалзсан. Тэгээд шууд замын баруун тал руу унасан. Миний мэдэхээр машин 2 удаа өнхөрсөн. Тэгээд машин дөрвөн дугуй дээр зогссон. Тэгээд харсан чинь жолооч Б жолооны хүрдэн дээр байхгүй байсан. Хойшоо эргээд хартал Л, А нар хойд талын суудал дээр сууж байсан юм. Тэгээд та хоёр амьд байна уу гэж асуухад хоёулаа амьд байна гэж хариулсан. Тэгэхээр нь би машинаас түрүүлж буугаад хартал Б машины урд талд газар хэвтсэн. Яваад очиход Б амьсгалахгүй байсан. Тэгэнгүүт би түүний хоёр сугаар нь тэврээд сэгсэрхэд амьсгалсан юм. Тэгээд хариу буцаад машин дээр очоод нөгөө хоёрыг хурдан буу хүн үхэж байна гэж хэлээд машины хаалга онгойлох гэхэд машины хаалга нээгдэхгүй тэгж байтал урдаас нэг машин ирэхээр нь зам дээр гарч зогсоод нөгөө машиныг зогсоогоод тэр хүний утсаар Бийн эхнэр Нараатай утсаар ярьж “бид нар онхолдлоо хурдан ир” гэж хэлсэн юм. Тэгээд тэр жолооч ахтай сумын төв орох гэхэд “би эмнэлэгт хэлчихий” гээд намайг авч яваагүй юм. Тэгээд зогсож байтал удалгүй нэг мотоцикль ирсэн. Тэрэндээ сууж сумын төв орж сумын эмнэлэгт мэдэгдэж эмч авч ирсэн юм. Тэгээд эмч аваад очиход Л Б-ийн толгойн хажууд суусан А хажууд нь зогссон байсан. Б.Л эмч нарт “миний хүзүү өвдөж байна” гэж хэлсэн. Харин Б ямар нэг зүйл хэлээгүй. А-гийн биенээс ямар нэг цус гарсан зүйл байхгүй байсан. ...Миний толгой 2 шанаагаар хатгаж өвдөж байна. Мөн хүзүү сээр хэсгээр өвдөж байна. Зүүн хөлний ташаа хэсгээр алхаж явахаар татагдаж өвдөж байна. Бид гурав архийг тэнцүүхэн уусан. Миний харснаар Б, Л хоёр тэгж их согтоогүй байсан. Тэгээд би машин барих гэж оролдоогүй юм. Энэ хэргийн улмаас надад учирсан хохирол байхгүй. Би Б-д гомдол тэмцэл байхгүй. Тэр хүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/

гэрч П.А-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Машиныг Б өөрөө бариад О урд талд нь суугаад Л миний хажууд суугаад хөдөлсөн юм. ...Сайжруулсан зам дээр гараад хурдтай яваад байхаар нь би машин барья гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойно хүнд ачаа ачсан шүү зөөлөн яваарай гэж хэлсэн юм. О Б-ийг 40 милтэй зөөлөн яв гэж хэлсэн. Тэгээд тэр хооронд зүйрмэглэчихсэн байсан. Тэгээд гэнэт машин дайвалзах шиг болсон. Тэгэнгүүт би дээд талын бариулнаас баруун гараараа бариад авсан. Тэгээд машин замын хажуу тал руу унаад 2 эргээд машин 4 дугуй дээрээ зогссон. Харахад Л миний хажууд байсан. О урд талын суудал дээр сууж байсан. Б байхгүй байсан. Машинаас буугаад харахад Б машины урд талд газар хэвтэж байсан. Тэгээд О зам дээр зогсож мотоцикль зогсоогоод сумын төв явж эмч нар авч ирсэн. Тухайн үед миний биед ямар нэг өвдөж зовиурлах зүйл байхгүй байсан. Харин Б-ийн нүүр нь цус болчихсон өвдөж байна гэж хэлж байсан. Л миний бие өвдөж байна гэж тухайн үед юм хэлээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 тал/

гэрч Т.Т-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сард Б манай гэрт ирээд “би машинаа өөр хүнд зарчихлаа, машинаа зарсан хүнийхээ нэр дээр шилжүүлмээр байна” гэж ирсэн. Б манай гэрт ирдэг өдөр би хөдөөнөөс дөнгөж ирчихсэн байсан тул маргааш шилжүүлчихий гэж тохироод явсан. Маргааш нь би ажилтай болчихоод шилжүүлж амжаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/

гэрч Н.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 6 цагийн үед Б хажуудаа 3 хүнтэй орж ирээд нөхөр Э-ыг татаж сэрээсэн юм. Гаднаас 0,75 л архи авч орж ирсэн. ... Тэгээд Б, О, Л нар архиа ууж дуусаад манай гэрээс өглөөний 07 цаг 30 минутын үед гарч явсан. Нөхөр Э Б-ийг “чи согтуу байна, машин барьж явж болохгүй, машинтай сум дотор явж болохгүй” гэж хэлэхэд О би машин барина гэж хэлээд гарсан. Тухайн үед Б нэлээн согтуу байсан. Манай гэрийн ор түшээд сууж байгаад гарсан. О, Л хоёр арай гайгүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/

гэрч Э.С-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 4 сарын 17-ны өглөө 8 цаг 10 минутын үед Б.Б машинтайгаа манай хашаан дотор орж ирээд миний нэг дугуй хагарчихсан нөхөөд өгөөч гээд нэг дугуй гаргаж ирсэн. Дугуй дотор хаймар хийхгүй бол болохгүй юм байна гэж хэлэхэд Б.Б дотуур хаймар байхгүй гэж хэлээд тэр дугуйг эзэнд нь хүргэж өгнө гээд машинаа асаагаад явсан. Тухайн үед Б.Б машинаа өөрөө жолоодож явсан. Манайд ирэхдээ нэлээн согтууу байсан амнаасаа архи маш их үнэртүүлчихсэн, машиныхаа хөгжмийг чанга дээр нь тавьчихсан явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/

гэрч Э.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө ...ажил руу явж байтал сайжруулсан замын хажуугаар миний урд талд суудлын Тоёота Ками маркийн суудлын цагаан өнгийн машин явж байсан. Тэгээд би араас нь явж байтал тэр машин гэнэт баруун талдаа бүтэн эргээд сайжруулсан зам дээр гараад миний хажуугаар зөрөөд доошоо чиглээд хурдтай явсан юм. Тэр машин миний хажуугаар зөрөхөд харсан чинь Б машинаа өөрөө жолоодчихсон явсан урд талынхаа суудал дээр нэг хүн сууж явсан. Тэр хүнийг би танихгүй мөн арын суудал дээр хүмүүс харагдсан юм. Б.Б манай сумын 3 дугаар багийн иргэн энэ өвөл багийн эмч Барсболдын машин худалдаж авсан юм. Би тухайн үед мотоцикльтэй явсан болохоор сайн анзаарч хараагүй нүдний үзүүрт хальт харахад Б машинаа өөрөө жолоодчихсон явж харагдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/

гэрч Э.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “20-80 УВА улсын дугаартай Тоёота ками маркийн автомашин миний өөрийн машин юм. Би 2017 оны 2 дугаар сард Улаангом сумаас Н гэх хүнээс 6.250.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сард Т.Т гэж миний аавын төрсөн ахынхан залуу худалдаж авна гэхээр тэр хүний нэр дээр машинаа шилжүүлсэн байсан юм. Тэгээд үнэ өртөг дээрээ тохироогүй болохоор буцаагаад машина авчихсан өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж амжаагүй байтал манай сумын 3 дугаар багийн иргэн Б цагаан сараас өмнө машиныг чинь авчихмаар байна гээд байхаар нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр машинаа зарсан юм. Б миний машиныг 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Бэлэн 3 сая төгрөг надад өгсөн. 2 сая төгрөгт 2 гүү, нэг морь хавар өгнө гэж хэлээд авсан. Тэгээд аймгийн төв ороод машинаа Бийн нэр дээр шилжүүлэх гэхэд Т гэртээ байхгүй Бор хавцал гэх газар луу алтанд явчихсан байсан. Тэгээд машинаа тухайн үед шилжүүлж чадаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/

гэрч Б.Ц-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 09 цаг өнгөрч байхад ахлах сувилагч Н орж ирээд ослын дуудлага ирлээ бүгдээрээ явцгаая гэсэн юм. Тэгээд эм тангаа бэлдээд их эмч О, ахлах сувилагч Н, нийгмийн ажилтан А нарын хамт осол болсон гэх газар луу явахаар эмнэлэгээс гарахад О эмнэлэгийн гадна таараад машин уналаа дуудлага дуудах гэж ирлээ гээд зүүн гараа барьчихсан зогссон юм. Тэгээд О-ыг суулгаад  зам тээврийн осол болсон газар очиход сумын төвөөс засмал замтай нийлээд сайжруулсан шорон замын баруун талд суудлын жижиг машин хойшоо харчихсан зогсож байсан, машины урд талд Б.Б газар хэвчихсэн дэргэд нь Л суусан байсан юм. Бид нарыг очиход Б-ийн нүүр хэсэг хавдсан байдалтай, нүүр нь нэлэнхүүдээ цус болчихсон хөдөлж чадахгүй, босож чадахгүй, өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй байсан юм. Л-ын магнай хэсэг шалбарч цус гарсан байдалтай хүзүүгээ хөдөлгөж чадахгүй хэвтүүлэх гэхэд хэвтэж чадахгүй зовиуртай байсан. Даралт үзэхэд 110-70 хэвийн байсан хүзүүнээс болоод зовиурлаж байсан учраас өвчин намдаах эм судсаар хийсэн. Тэгээд Б-д цус тогтоох, өвчин намдаах тариа судсанд дуслаар болон булчинд хоёр газар хийсэн юм. Тэгээд сумын эмч Ч-т мэдэгдэж тэдгээр хүмүүсийг сумын эмнэлэгт хүргэсэн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 тал/

шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шатанд өгсөн “Миний аавыг Т.Б гэдэг. Би 2012 онд шинээр иргэний цахим үнэмлэх авахад Б гээд овог буруу бичигдсэн байсан. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой гэртээ байтал Б.Л манай гэрт "Манай аймагт байдаг хүүхэд өглөө хичээлдээ яваад одоо болтол ирээгүй байна, машинаараа явах гэтэл миний машин доголдоод байна" гэж хэлсэн юм. Тэгэхээр машин дугуй муутай, би машин барих эрхийн үнэмлэх байхгүй" гэхэд Б.Л "Д.Ооор чиний машин бариулаад явчихий" гэж хэлсэн юм. Тэгээд би зөвшөөрч машиныг Д.О-оор бариулаад Б.Л-ыг эхнэртэй нь хамт аймгийн төв авч явсан. Тэгээд Бын гэрт очсон чинь Б.Лхамжавын хүүхэд ирчихсэн байсан юм. Б.Лхамжавын эхнэрийг тэр айлд үлдээгээд Б.Л, Д.О бид гурав буцаж явсан. ...Машинаа би өөрөө жолоодож сайжруулсан шороон зам дээгүүр явж байгаад Сагил сум гэсэн цагаан хаалга зөрөөд явж байтал машины баруун талын арын дугуй хагараад баруун тал руу үрүүл булаасан юм, буцаагаад дарсан чинь замын хажуу тал руу машин унасан. Миний мэдэхээр машин нэг удаа өнхөрсөн тэрнээс хойш надад мэдэх зүйл байхгүй ухаан алдчихсан нэг мэдэхэд сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан юм. Н-гийн гадна мотор машинд тавьж байхдаа Д.О-ийг чи машин барих уу гэхэд үгүй би барихгүй гэж хэлсэн тул машинаа би өөрөө жолоодож явсан юм. Надад машин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би энэ машиныг 2018 оны 02 дугаар сарын 14-нд манай багийн эмч Э.Б-оос 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж Б.Л-ын биед хүнд гэмтэл, Д.О-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна” гэх мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн техникийн байдал, эвдрэлийн талаарх гэмтлийн акт, дуудлагын бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5415 тоот шинжээчийн дүгнэлт, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 302, 4 дүгээр сарын 20-ны өдрийн 304 тоот шинжээчийн дүгнэлтүүд, 2018 оны 4 дүгээр сарын 21-ний техникийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 16 тоот шүүх химийн шижилгээний дүгнэлт /хэргийн 8-18, 56, 67, 75, 85, 92, 149, 162-170 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон ба дүрмийн 2.1а-д “жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх үүрэгтэй” гэж, 2.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Гэтэл шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атал согтуугаар /согтолтын дунд зэрэг/ өөрийн эзэмшлийн 20-80 УВХ улсын дугаартай Тоёото сами загварын суудлын автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг, сумын төвөөс 4 км зайд сайжруулсан шороон зам дээр жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 75, 85 дахь тал/

 

Мөн уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Л-ын биед хүзүүний 2-р нугалмын их биеийн хугарал, нугас дарагдал, бүрэн бус гэмтэл тогтоогдсон, энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5415 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 тал/-ээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ын биед тархи доргилт, зүүн шуу, бүсэлхийнд зулгаралт, цус хуралт, зүүн гуяд зөөлөн эдийн гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-р тал/-ээр тогтоогдсон.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаар тодорхойлолт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, мал тооллогын баримт, ял шалгах хуудас, шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 304 дүгээр дүгнэлт /хх-ийн 92, 102, 104, 107, 111 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байсан, Увс аймгийн Сагил сумын 3-р багт эхнэр Б.Н, 2 хүүхдийн нарын хамт амьдардаг, амьжиргааны түвшин дундач, хувьдаа 181 тооны малтай, уг ослын улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл буюу баруун атгаал ясны толгойн гадна хэсэгт сэлтэрсэн хугарал, тархи доргилт, дух, хэлний баруун талд шарх, дух, хамар, баруун, зүүн хацар, баруун зулай чамархай, доод уруул, зүүн сарвуу, цээж, хэвлий, баруун ташаа, өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд зовхи баруун, зүүн бугалганд цус хуралт, нүүр, баруун мөр, баруун шилбэнд зөөлөн эдийн гэмтэл учирсан нь тогтоогдож байна. 

Хохирогч Б.Л нь хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Энэ хэргийн улмаас надад 5.700.000 төгрөгний хохирол учирсан юм. Гэхдээ би энэ хохирлыг Б.Б-өөс нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Яагаад хохирлоо нэхэмжлэхгүй байна вэ гэвэл би Б.Б-ийг гэрээс нь авч аймгийн төв явсан, тэгээд бид нар бүгд архи уусан учир энэ учирсан хохирлоо нэхэмжлэхгүй. Надад хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй” /хх-ийн 28 тал/ гэж, хохирогч Д.О нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Энэ хэргийн улмаас надад учирсан хохирол байхгүй. Төлбөрийн талаар гаргаж өгөх баримт байхгүй. Б.Б-д гомдол, тэмцэл байхгүй, тэр хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 35 тал/ гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б-өөс гаргуулж хохирогч Б.Л, Д.О нарт олгох хохирол, төлбөр байхгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ял онодуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэн, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явдал нь тухайн гэмт хэрэг гарахад шууд шалтгаалсан байх тул түүнд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна.  

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Т овогт Б-гийн Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ тус тус авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА