Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00205

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00205

 

 

 

 

С.Э-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02519 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М-ХЗХ-нд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь биет байдлаар гаргуулж, өв нээлгэхэд ашиглуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э- нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14Б байрны 24 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд уг байрны хамтран өмчлөгчөөр ээж Б.Рагчаа, хүү Э.Батбаяр, охин Э.Баясгалан нар бүртгэлтэй байдаг. Нэхэмжлэгчийн хүү Э.Батбаяр нь 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдөр М-хадгаламж зээлийн хоршооноос 28.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээл авахдаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 14Б байрны 24 тоот орон сууцыг барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. М-ХЗХ нь зээлийн гэрээний үүрэгт 63.034.004 төгрөгийг Э.Батбаяраас гаргуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү зээлийн гэрээнүүдтэй холбоотой зээлийн эргэн төлөлтүүд өнөөдрийг хүртэл хийгдээгүй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Нэхэмжлэгч С.Э-ын ээж Б.Рагчаа нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барсан бөгөөд орон сууцны ногдох хэсгээс ээжийнхээ өвийг хүлээн авахаар нотариатад хандсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь авч ирэхийг шаардаж өв нээлгэх хүсэлтийг хүлээн аваагүй. Иймд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь биет байдлаар гаргуулж өв нээлгэхэд ашиглуулахыг М-ХЗХ-нд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М-ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Рита шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Э.Батбаяр нь зээлийн төлбөрийг барагдуулсан үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй хоршоог хохироож байгаа учраас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14Б байрны 24 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг биет байдлаар гаргаж өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д тус тус зааснаар М-ХЗХ-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь биет байдлаар гаргуулж, өв нээлгэхэд ашиглуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар С.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.Э- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу Б.Рагчаагийн өвийг хүлээн авах эрхтэй хууль ёсны өвлөгч бөгөөд өв хүлээн авахаар нотариатад хандахад дээрх барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа шаардлагатай мөн "Монкорд" ХЗХ-нд биет байдлаар хадгалагдаж байгаа үйл байдлаас шалтгаалж өөрт ногдох өв хөрөнгөө хүлээж авч чадахгүй шүүхийн шийдвэрт зааснаас эсрэгээрээ субьектив эрх зөрчигдөж байна. Нэхэмжлэгчийн зүгээс "нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 3 хороо, 14б байр, 24 тоот орон сууцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь биет байдлаар гаргуулж өв нээлгэхэд ашиглуулахыг М-ХЗХ-нд даалгах гэж тодорхойлсон боловч Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нотариатын тухай /шэнчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д "Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол өвлөгдсөн эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно" гэж дүгнэсэн илт үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасныг зөрчсөн, анхан шатны шүүхийн хавтаст хэргийн баримтуудад дурдсан орон сууцыг битүүмжилсэн тогтоол нотлох баримтаар авагдаагүйг дурдахыг хүсэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Э- нь хариуцагч М-ХЗХ-нд холбогдуулж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14 Б байрны 24 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Э.Батбаяр, С.Э- нар нь М-ХЗХ-той 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25.250.000 төгрөгийг зээлсэн, уг зээл төлөгдөөгүйн улмаас зээлдэгч Э.Батбаярт холбогдуулан 63.034.004 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг М-ХЗХ Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргаж, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогджээ.

 

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын 14б байрны 24 тоот 2 өрөө орон сууц нь С.Э-, Б.Рагчаа, Э.Батбаяр, Э.Баясгалан нарын 4 хүний өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд М-ХЗХ-нд барьцаалагдсан, Б.Рагчаа нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар түүний өв нээгдсэн байна.

 

Хэрэгт авагдсан барьцааны гэрээнээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ дангаараа барьцааны зүйл болохгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгохтой холбоотойгоор хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн ...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М-ХЗХ-ноос Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын 14б байрны 24 тоотод байрлах үл хөрөнгийн 000196107 тоот гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгосугай гэж, 2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж хариуцагч М-ХЗХ-ноос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ