Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 162

 

Г.Н-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Г.Н-д холбогдох 1936000000158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас 1 сарын хорих ял дээр 2 сарын баривчлах ялыг нэмж нэгтгээд 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Г-н Н нь

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-5 тоотод байрлах иргэн О.И-ийн гэрт буюу байнга хүн амьдрах орон байранд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар нэвтэрч 32 инчийн Хитачи маркийн зурагт хулгайлж, 170.000 төгрөгийн хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Ц-н итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийн эрх буюу Хаан банкны 5039443147 дугаартай харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1.067.000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Н-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгээд нийт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 79000 төгрөгийг шүүгдэгч Г.Н-с гаргуулж улсын төсөвт шилжүүлж” шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Г.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Н-ын давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг гаргасан гомдолдоо “Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо анхан болон давж заалдах шатны шүүхэд мэдүүлсэн.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй”-гээс “гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүд” эрүүгийн хариуцлага хүлээлгүй, ял завшиж байгаа давж заалдах журмаар гомдол гаргаж, энэ талаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 12 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар “Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх” талаар, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д зааснаар гэрч Т.Т, Б.Д нарын мэдүүлэг нь бусад эх сурвалжаар нотлогдож байгаа эсэх, гэрчүүд нь гэмт хэрэг үйлдэхэд хамт байсан, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдэл нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд шалгаагүй, тогтоогоогүй байгаад хууль зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд ялтан Г.Н-н шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.Т, Б.Д нарын мэдүүлгээс өөр бусад ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан журмыг зөрчсөн байна.

Шүүгдэгч Г.Н-н шүүхэд мэдүүлснээр Т.Т, Б.Д нар нь гэмт хэргийг хамтран үйлдсэн мөртлөө Эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж байгаа бол Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”, 1.12 дугаар зүйлд заасан “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмууд зөрчигдсөн байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Н гаргасан гомдолдоо “Миний бие Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг талаар үнэн зөв мэдүүлсэн. Надад холбогдох гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн буруу мэдүүлэгт үндэслэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэрч гэх Т.Т намайг гол дээр байхад 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Ц-ыг дагуулан ирсэн бөгөөд урд өмнө нь Д.Ц гэдэг хүнийг огт танихгүй. Хэрэг болох өдөр танилцсан бөгөөд манай майханд хамт хоёр шил архи ууж дуусаад бид гурав дахин архи авахаар яваад АТМ ороод Д.Ц надад Хаан банкны картаа өгөөд 60.000 төгрөг аваад өг гэхээр нь би хэлсний нь дагуу авч байтал Т.Т над дээр ирээд ахиад мөнгө байвал бүгдийг нь авчих гэж хэлээд Д.Ц-г дагуулан явсан. Тэгээд 200.000 төгрөг аваад бид гурав буудал хайсан боловч олдохгүй болохоор нь Д.Ц-ыг гэрт нь буулгасан. 60.000 төгрөгийг буцаан өгсөн. Виза карт нь унасан байхад нь Т.Т бид хоёр аваад буцаж АТМ ороод 300.000 төгрөгөөр нэг удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа нийт 1.000.000 төгрөг авсан. Үүнийгээ хувааж авсан. Мөн хохирол болох 1.067.000 төгрөгийг хувааж төлсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөн байцаагч та хоёр хоёулаа болохоор хэрэг чинь хүндэрнэ. Тийм учраас хохирлоо хувааж төлөөд АТМ орж мөнгө авснаараа чи хэргээ хүлээчих гэж хэлсэн. Үүний дагуу бид хоёр мэдүүлгээ өөрчилж Г.Н миний бие хэргийг дангаар үйлдсэн гэж мэдүүлгээ өөрчилсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хувьд гэрч Г.Б, Т.Т, Б.Д бид нар манай гэрт архи ууж байгаад Т.Т бид хоёр яваад хохирогч О.И-н гэрт очиж цоожийг нь эвдэн орж зурагтыг нь хулгайлсан. Мөн гэрч Б.Д, Г.Б нар тухайн зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан бөгөөд Г.Б-ны дэлгүүрт Б.Днь зурагтыг авч орж барьцаанд тавьсан. Уг зурагтыг О.И-ийн гэрээс өөрийн гэр хүртэл би өргөж явсан. Манай гэрээс таксинд Т.Т өргөж оруулсан. Мөрдөн байцаагч уг зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гээд мэдүүлгээ өгчих гэж зөвлөсний дагуу би мэдүүлэг өгсөн. Хамт гэмт хэрэг үйлдсэн Г.Б, Б.Д, Т.Т нар барьцаанаас зурагтыг авч өгөөд гэмт хэргээс мултарсан. Миний бие анхнаасаа мөрдөн байцаагч болон эдгээр хүмүүсийн үгэнд итгэж буруу мэдүүлэг өгсөн бөгөөд хамт гэмт хэрэг үйлдсэн хүмүүс сул чөлөөтэй явж байгаа. Уг хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна.

Иймд миний хүсэлтийг хангаж надад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос Г.Н нь О.И-ийн гэрт буюу байнга хүн амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, иргэн Д.Ц-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийн эрх буюу Хаан банкны харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1,067,000 төгрөгийг гарган авч завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх боловч иргэн Д.Ц-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийн эрх буюу Хаан банкны 5039443147 дугаартай харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1,067,000 төгрөгийг гарган авч завшсан гэж мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч Г.Н “картыг унасан байхад нь 1,067,000 төгрөгийг авсан” гэж мэдүүлсэн. Хохирогч мэдэгдэхгүй, хууль бусаар 1,067,00 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Н нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-5 тоотод байрлах хохирогч О.И-ийн гэр буюу байнга хүн амьдрах орон байранд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Хитачи” загварын зурагт хулгайлж 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Д.Ц-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийн эрх буюу Хаан банкны 5039443147 дугаартай харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1.067.000 төгрөгийг гарган авсан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн атлаа хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

 

Учир нь итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Ц-ийн “... миний хаан банкны 5039443147 данснаас удаа дараа гүйлгээ хийгдэж сая гаран төгрөг алдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан”, Г.Н-н гэрчээр өгсөн “... Д.Ц банкныхаа картыг сууж байсан суудал дээр унагачихаар нь би аваад дахин АТМ орж 500.000 төгрөгөөр нэг, 300.000 төгрөгөөр нэгийг дахин уншуулаад хоол идэж, үлдсэн мөнгөөр нь архи уугаад дуусгасан” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар хохирогч Д.Ц нь Г.Н-д хаан банкны картаа итгэмжлэн хариуцуулсан болох нь тогтоогдохгүй байна.

Харин хэргийн үйл баримтыг нотлох баримтуудтай харьцуулан судлахад Г.Н-н хохирогч Д.Ц-ийн Хаан банкны 5039443147 дугаартай харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1.067.000 төгрөгийг гарган авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Н-н үйлдсэн 2 удаагийн хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон нэгтгэн зүйлчилж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж үзэв.  

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын гомдлыг хянаж үзэхэд Г.Н нь дээрх гэмт хэргүүдийг гэрч Б.Д, Т.Т нартай хамтран үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр, түүний үйлдсэн гэмт хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.   

Иймд шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын “... шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилсүгэй”.

“Шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж,

Ял нэгтгэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгосон нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР