Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: ***************************** оршин суух *******гийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Тус аймгийн Боловсрол соёлын газрын дарга *******өд  холбогдох аймгийн Боловсрол соёлын газрын даргын Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2015 оны 05 дугаар сарын 12-нд Боловсрол Соёлын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг ******* ******* нь гаргаж намайг жирэмсэн 2 сартай байхад ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд ажил үүргээ биелүүлж байхдаа 3 удаа ажилдаа алдаа гаргасан мөн сонгуулийн хууль зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд аймгийн Боловсрол соёлын газрын даргын Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* нь Боловсрол соёл, урлагийн газарт мэргэжилтнээр 2015 оны 05 сарын 25-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны 06 сарын 30-ны өдөр Б/21 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 38.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдийг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн байдал байгаа. 3 удаа алдаа дутагдал гаргасан гэсэн тайлбарыг хариуцагч гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч өөрөө 2 удаа алдаа гаргасан гэдэг байдлаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэг удаа нь алдаа гараагүй компьютер нь болохгүй байсан гэдэг тайлбар хэлдэг. Хөдөлмөрийн хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас халаад байна.  Хоёр удаа алдаа гаргасан нь ажлаас халах хууль зүйн үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгүүдэд зааснаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглоно гэж байна. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчиж байна. 2016 оны 06 сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын дээд шүүхийн тогтоолын дагуу тухайн ажилтан ажил мэргэжилдээ тэнцэхгүй байна гэсэн дүгнэлт гарах ёстой. Ийм дүгнэлт хавтаст хэргийн материалд байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө ажил олгогч ажилтан мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдэх хуудсаар нь харах юм бол 06 сарын 15-ны өдөр өгөөд 06 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлж хугацааны хувьд хууль зөрчиж байна. Уг ажилаас чөлөөлөх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

        Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн А/135 дугаар тушаалын 3. 2. 1 дэх заалтыг зөрчиж математик, физик, мэдээлэл зүй хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Боловсрол соёлын газарт 5 аас дээш жил багшилсан мэргэжлийн багшийг шалгаруулж авах журам байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийн дагуу албан үүргээ 3 удаа хангалтгүй биелүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын нэрэмжит 2015-2016 оны хичээлийн жилд зохион байгуулсан шалгалтанд 3 удаа алдаа, дутагдал гаргасныг арга зүйч нар болон хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Алтай сумын 22 хүүхдийн ахицын шагнал дарагдуулж, байгууллагын ажилд саад болсон нь батлагдсан.  Сургалтын чанарыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийн 7.4.2 дугаар заалтын хүрээнд сурлагын чанарт хийсэн хөндлөнгийн шалгалтаар ахисан төвшин үзүүлсэн сурагчдыг урамшуулах ажлыг зохион байгуулсан. Сурагчдын ахисан түвшинг тодорхойлох, урамшуулах ажлын хүрээнд мэргэжилтэн бүр хариуцсан сургуулиараа сурагчдын ахиц амжилтыг бүрэн тодорхойлуулж дэд хөтөлбөрийн урамшууллыг олгох ажлыг үнэн бодитой, бүрэн олгуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Мэргэжилтэн ******* нь Алтай, Төгрөг, Баян-Уул сумдын сургуулийг хариуцан ажилладаг бөгөөд Алтай сумын 12а ангийн сурагч *******, 7б ангийн сурагч ******* нарын нэрсийг урамшуулалд цаг хугацаанд нь хамруулсан боловч Алтай сумын 22 хүүхдийг орхигдуулсан тухай 6 дугаар сард Алтай сумын сургуулийн захирал, эцэг эхээс хүсэлт ирсэн.  Төрийн захиргааны албан хаагчийн  ёс зүйг зөрчин Монгол Улсын Их Хурлын сонгууль, аймгийн сонгуулийн үеэр Есөнбулаг сумын Наран багийн сонгуулийн хэсэг дээр ажиллахдаа сонгуулийн тухай хууль зөрчиж, сонгогч нарт ухуулга хийж алдаа дутагдал гаргасан. Говь-Алтай аймгийн математик, физикийн Монгол Улсын Их сургууль, Монгол улсын Боловсролын Их сургуулийг төгссөн мэргэжлийн багш нар мэргэжилдээ тэнцэхгүй байгаа талаар гомдол гардаг. Ажлаас халахдаа жирэмсэн байгаа тухай мэдээллийг өгөөгүй. Иймд Боловсол соёлын газрын даргын Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тайлбар гаргалаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх нэхэмжлэгч *******гийн Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын даргын Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

        Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны А/315 дугаар тушаалын хавсралтын 3.2.1 заалтыг үндэслэн Математик, физик мэдээллийн технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн *******г ажлаас чөлөөлжээ.

        *******г Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Математик, физик мэдээллийн технологийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн туршилтын нэг жилийн хугацаагаар түр томилогдож, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөжээ.

        Хариуцагч ******* Боловсрол соёлын газарт 5 аас дээш жил багшилсан мэргэжлийн багшийг шалгаруулж авах журам,  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийн дагуу албан үүргээ 3 удаа хангалтгүй биелүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын нэрэмжит 2015-2016 оны хичээлийн жилд зохион байгуулсан шалгалтанд 3 удаа алдаа, дутагдал гаргасан, Алтай сумын 22 хүүхдийн ахицын шагнал дарагдуулж, байгууллагын ажилд саад болсон нь батлагдсан. Төрийн захиргааны албан хаагчийн  ёс зүйг зөрчин Монгол Улсын Их Хурлын сонгууль, аймгийн сонгуулийн үеэр Есөнбулаг сумын Наран багийн сонгуулийн хэсэг дээр ажиллахдаа сонгуулийн тухай хууль зөрчиж, сонгогч нарт ухуулга хийж алдаа дутагдал гаргасан тул ажлаас чөлөөлсөн, жирэмсэн байсан талаар мэдээлэл аваагүй гэжээ. Хэрэгт авагдсан *******гийн талаарх Өрхий эрүүл  мэндийн төвийн тодорхойлолт, түүний жирэмсний хяналтын дэвтэрээр түүнийг ажлаас чөлөөлөх үед жирэмсэн байсан болох нь нотлогдож байна.

       Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг ’’Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.’’  гэж заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 ’’Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.’’ гэж тусгайлан зохицуулжээ.

       *******г ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зүйл заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон зүйл үгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй байна. Мөн Сонгуулийн тухай хууль зөрчсөн байдал уг хуульд зааснаар шалгагдан тогтоогдоогүй захиргааны акт энэ асуудлыг үндэслээгүй болно.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1.11 мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын даргын Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******г Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газрын Математик, физик мэдээллийн технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11  дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *******гийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  2612629 төгрөгийг Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газраас гаргуулж *******д олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор тооцон бичилт хийхийг  Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ