Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав,

Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ын Г-д холбогдох эрүүгийн 1835001550099 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 08-35 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ОТ70042671, урьд 1991 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж торгох ялаар, 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял, 1996 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 85 тоот шийтгэх тогтоолоор 11 жил хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суулагдсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овгийн Н-ын Г.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Г нь 09-67 УБВ улсын дугаартай цагаан өнгийн поробокс маркийн машин ашиглаж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой тус аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цаг уурын хашаанаас цаг уур хэмжигч термометр багаж 7 ширхэг /минималь 2, максималь 2, ердийн буюу хугацаат 1, хос 2 термометр/ хулгайлж 336.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г-г машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой 09-67 УБВ улсын дугаартай цагаан өнгийн пробокс загварын машинаар Увс аймгийн Түргэн сумын нутагт очин, тус сумын 3 дугаар багт байрлах Цаг уурын хашаанаас цаг уур хэмжигч 7 ширхэг термометр багаж хууль бусаар авсан байх ба үүний улмаас Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт 336.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой миний хариуцсан Түргэн сумын цаг уурын ажиглалтын талбайн хашааны дотроос хүйтэн, дулаан хэмжигч 7 ширхэг термометр багаж хулгайлагдсан. Тухайн ажиглалтын талбайн хашааны дотор хөрсний 3 ширхэг термометр, агаарын 4 ширхэг термометр байсан. Уг хулгайлагдсан 7 термометр дотор минималь 2 ширхэг, максималь 2 ширхэг, ердийн буюу хугацаат 1 ширхэг, хос 2 ширхэг тус тус байсан. Цаг агаарын хэмжигч термометр хулгайлагдсанаар Түргэн сумын цаг агаарын мэдээ тасарч ажиглалт хийх боломжгүй болсон. Хашаан нь төмөр тор ашиглаж хийсэн, ус цаг уурын шинжилгээний харуулын байр, хашаа гэж үздэг. Уг хашааны дотор тундас хэмжигч, салхины багаж, агаарын бүхээг гэсэн 3 төрлийн эд зүйл байрлах ба агаарын бүхээг болон хөрсний талбай дээр термометр байрлаж байсан. Хөрсний термометр байрлаж байсан хэсэг газарт нүцгэн хөрс гэх ба зассаж цэвэрлэсэн хөрс дээр 3 термометр ил байрлуулсан байдаг. Харин модоор хийсэн агаар салхи нэвтрүүлэхээс хамгаалсан бүхээгт 4 термометрыг суурь төмөр дээр байрлуулсан байсан. Хөрсний термометр нь хөрсний хамгийн их, бага хүйтэн дулааныг заадаг. Агаарын 4 термометр нь агаарын хуурай, нойтон, их багыг заадаг. 7 термометрийн 5 нь мөнгөн устай, 2 нь спирттэй байсан. Цаг уурын хашааны дотор байсан 7 термометрийн нэг нь байхгүй бол мэдээг өгөх боломжгүй болдог. Уг агаарын бүхээгнээс түгжээ нь гараар эргүүлж онгойлдог байсан ба тухайн үед түгжээтэй байсан. Би хэмжилтээ хийж дуусаад түгжээг нь тогтмол эргүүлж түгждэг. Цаг уурын хэмжигч термометрийг бид нар албаны зориулалтаар цаг уурын мэдээ гаргахад л ашигладаг. Нэг бүрийн үнэ нь 60.000 төгрөг байдаг. Хэмжигч багажийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой 19 цагт шалгасан. Тэр үед 7 хэмжигч багаж байх ёстой байрандаа хэвийн бүрэн бүтэн байсан. Хэмжилт, ажиглалтыг өглөө 7 цаг, өдөр 13 цаг, орой 19 цагт тус тус хийдэг. Хулгайд алдагсан хэмжигч 7 багажний хохирлыг хулгайлж авсан хүмүүсээс бүрэн гаргуулж авмаар байна. Хэмжигч термометр хулгайлагдсаны улмаас хохирол учирсан ба албан ёсны дүгнэлттэй танилцсан. Хэмжигч багажны хохирол болох 336.000 төгрөгийн багаж авахаар аймаг орохдоо машинд хийсэн 10 л А-92 бензины 19.500 төгрөг, нийт 355.500 төгрөгний хохирол болон хор уршиг манай байгууллагад учирсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

 

гэрч П.Э-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Цаг уураас хүн юм аваад явж байна гэж хэлэхээр нь О ах бид хоёр цаг уур луу гүйж очиж харсан чинь газрын хэмжигч багаж байгаагүй. О ах хашаа руу давж орж агаарын хэмжигчийг байгаа үгүй нь харсан, хэмжигч нь байхгүй байсан. Тэгж байтал бид хоёрын араас машинтай Х, Т ах нар ирсэн. Бид дөрөв машинтай сургууль руу очоод явж байтал Сүмийн зүгээс пробокс маркийн 09-67 УБВ улсын дугаартай машин ирэхээр тосож очиж уулзсан. Тэр машины жолоочтой Хишигээ ах ярилцаад Засаг даргын Тамгын газрын зогсоол дээр очихыг шаардаж дагуулаад явсан. Уг машин сумын төв зам руу ороод зугтаасан. Бид нар цагдаад мэдэгдэж хамт тэр машины араас явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

 

гэрч Ж.Х-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Тухайн орой сумын иргэн Элбэгзаяагийнд очоод буцаад Онкоо гэх айл руу очих гээд явж байтал сумын төвийн дээд талын айл болох Ц-гийн хашааны гадна цагаан өнгийн пробокс маркийн машин зогсож байсан. Би хажуугаар нь зөрөөд айл руу орсон. Уг айлд ороод байж байтал утсаар нэг нь ярьж цаг уурын хашаанаас хүн юм аваад явлаа” гэж хэлэхээр нь О, Э 2 цаг уурын хашаа руу явсан. Би араас нь машинаар цаг уурын хашаа руу очтол нөгөө 2 урдаас ирж “хэмжигч багажнууд алга болсон байна” гэхээр би хашааны гадна зогсож байсан пробокс машинтай хүмүүс авсан байх гэж бодож уг машиныг хайсан. Ингээд явж байтал дээр байх сүмийн зүгээс машины гэрэл гарахаар урдаас нь очтол хашааны гадна байсан пробокс мөн байсан. Уг машинтай сургуулийн дээд талд тосож очиж гэрлээр дохиж зогсоож уулзсан. Уг цагаан өнгийн пробокс машины жолоочтой би л цонхоороо ярилцсан ба “цаг уурын багаж тоносон байна, бид нарыг дагаж Тамгын газрын зогсоол дээр очих” талаар хэлж уг машиныг урдаа гаргаад явсан. Учир нь бид нарын ард явбал зугтаах эсвэл авсан хэмжигч багажаа хаячихаж магадгүй гэж бодсон юм. Энэ үед бид нар цагдаад мэдэгдээд уг машины араас явж байтал сумын төвийн зам руу ороод маш хурдтай зугтаасан. Уг машины араас явж байхад арын хоёр хаалга ээлжилж онгойлоод яваад байсан. Х-гийн хашааны хажуугаас сумын эмнэлэг зөртөл онгойлоод байсан. Замаас хэсгийн төлөөлөгчийг аваад хөдлөх хооронд уг машин миний машинаас нэлээн зайтай холдоод явсан. Ингээд араас хөөж очоод нисэхийн шуудуй нүхний ойролцоо гүйцэж очиход ард сууж явсан хүн нүх рүү орж зугтааж баригдсан. Ингэснээр пробокс машин дотор жолоочтой хамт 1 хүн сууж явсан болох нь тодорхой болсон. Уг машин бид нараас зугтааж засмал зам дээрээс гарч маш хурдтай зугтааж байсан. 150-170 км цагийн хурдтай явж байсан байх. Уг машины арын улаан гэрлийг л харж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 тал/,

 

гэрч С.Б-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “ ...Манайд байсан Энхжаргал гэх хүний утас руу ээж Ц нь залгаж “цаг уураас хулгайлах юу байдаг юм бэ, энд цагаан өнгийн пробокс машин цаг уурын хашаанаас шат хулгайлаад аваад явж байна” гэж хэлсэн. Тэр үед бид нар хашааны гадна зогсож байсан цагаан өнгийн пробокс маркийн машиныг хардаж ярилцсан ба гэрээс би дүү Эын хамт гарч цаг уурын хашаа руу гүйж очсон. Хашааны гадна очтол дүү Э надад хандаж “та хашаа руу даваад ор, хөрс дээр 3 ширхэг багаж, хайрцаг нь дотор бас багаж байх ёстой”гэж хэлэхээр нь би төмөр хаалганы хэсгээр давж хашаа руу орж шил байгаа эсэхийг харахад хөрс дээр болон хайрцаг дотор ямар ч шил байгаагүй. Тэр үед Х машинтай ирсэн ба хурдан машинд суу, хойно машины гэрэл гараад байна” гэж хэлсэн. Дүү Э бид хоёр машинд суугаад хойно гэрэл нь харагдсан машин руу чиглээд очсон. Тэр машин сургуулийн хашааны дээд талд явж байхад бид нар хажуу талаас очиж гэрлээр дохиж зогсоогоод цонхоо онгойлгож Х нөгөө машины жолоочтой ярилцаад “Тамгын газрын зогсоол дээр очиж зогсоорой” гэж хэлээд цагаан пробокс машиныг урдаа гаргаж араас нь дагаж явсан. Ингээд явж байтал бидний урд явсан машин сумын төвийн шороон зам руу ороод шууд хурдаа нэмж зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/

 

гэрч М.Ц-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Өчигдөр 22 цагийн үед хашааны дээд талд машин дуугараад байхаар нь гэрээс гарч харсан. Хашааны хажууд цагаан өнгийн пробокс маркийн машин байхаар би ямар учиртайг нь хэсэг харж зогссон. Машины цаад талаас хүн ирэх шиг болохоор нь очоод хартал 2 залуу байсан ба махлаг биетэй залуу хөлтэй төмөр барьж ирээд машины жолоочийн хажуугийн суудалд авч ирсэн юмаа оруулж хийсэн. Тэгэхээр нь би уг хүмүүс рүү очиж та нар юу авч ирж машинд хийсэн бэ гэж асуусан чинь махлаг залуу намайг машин руу ойртуулахгүй байсан ба бид нар зүгээр архи уугаад явж байна гэж хэлээд байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. 3-4 салаа төмөртэй доороо хөлтэй зүйл цаг уурын хашаанаас барьж ирж машинд хийсэн. Нэг залуу нь махлах биетэй, нарийн сахалтай куртиктэй явсан. Жолооч нь туранхай биетэй дундын өндөртэй залуу байсан. Машины доторхийг харах гэж гэрэл тусгасан боловч хар теньтэй болоод харагдахгүй байсан. Би дээрээс эд зүйл барьж ирсэн залууг бол сайн харсан. Уг залуу махлаг биетэй, уруулаар нарийн сахалтай байсан ба харвал шууд танина” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/,

 

М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “...Г 1-р сургуулийн ойролцоо хүргүүлсэн ба надад орой Түргэн сум яваад ирмээр байна, бензин хийгээд өгьё” гэхээр нь би зөвшөөрсөн. Би ах Г-г буулгаад үргэлжлүүлэн таксинд явсан ба 20 цаг өнгөрч байхад Г ах 99455665 гэсэн дугаараас залгаж “одоо Түргэн сум явья” гэхээр нь М мартын замаар наадмын талбай тал руу яваад машин засвартай айлаас Гг очиж авсан. Бид 2 тэндээсээ яваад 4 замын тэнд байдаг Шунхлайгийн салбараас 10.000 төгрөгөнд бензин хийж аваад Түргэн сум ру явсан. Түргэн сумын төв рүү засмал замаас салаад эргээд явсан ба Г замаа дагаад яваад бай гэхээр нь би сайжруулсан шороон замаар яваад сумын төв ороод чигээрээ дээшээ яваад сүм, хийд хүртэл явсан. Хийдэд дөхөж очиж байтал Г “наад хийдээ нар зөв эргэчих” гэсэн. Уг хийдийг нар зөв тойрч эргээд явж байтал машины гэрэлд цаг уурын хашаа харагдсан. Уг цаг уурын хашааны хажуугаар зөрөөд сумын төвийн дээд талын эхний хашааны хажууд дөхөж иртэл Г “энд зогсоод намайг буулгачихаад, чи цаашаа явж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гг буулгачихаад ганцаараа замаа дагаад явж байгаад том машины зогсоол дээр очиж эргээд буцаад дээд талын захын хашааны хажууд очиж зогссон. 5 минут Г-г хүлээсэн чинь ирэхгүй болохоор машинаасаа буугаад цаг уурын хашаа руу чиглээд явтал урдаас Г нарийнхан, гозгор шилтэй зүйл бариад ирсэн. Тэгэхээр нь би чи юу бариад явж байгаа юм бэ? гэхэд Г барьж явсан шилтэй зүйлээ машины урд суудал дээр тавиад танихгүй эгчид юу ч биш, юу ч биш гэж хэлсэн. Би энэ үед машинд суугаад машинаа асааж байсан чинь танихгүй эгч гадна талд Г-гээс дахин машинд юу хийснийг асуугаад хаалга татсан уу, цонх цохисон уу нэг үйлдэл хийтэл Г арын хаалгаар орж ирээд суугаад яв яв гэж хэлсэн. Би тэндээс хөдлөөд сүм хүртэл яваад буцаад эргэж доошоо явсан. Тэгээд явж байтал Ланд-80 маркийн машинтай хүн урдаас гэрлээр дохиж намайг зогсоосон. Би машинаас буухгүйгээр яасан бэ гэсэн. Надад Ланд 80 машины жолооч “цаг уурын юм тоносон байна, бид нарын урд гараад захиргаа руу яв гэж хэлсэн. Би уг машины урд гарч явж байтал Г надад зогсож болохгүй, хурдан яв гэж хэлэхээр нь би хурдаа нэмэж Ланд 80 машинтай хүнээс зугтсан. Ингээд сумын төв дотор явж байтал Г урд суудлаас шилтэй зүйлийг өөрлүүгээ авсан. Ингэж явж байхдаа шилтэй зүйлийг машинаас гаргаж хаясан байсан. Би тэр зүйлийг хаясаныг хараагүй. Тухайн үед маш их айсан байсан тул хурдаа нэмж 100-120 км цагийн хурдтай явсан. Миний араас Ланд 80 машинтай хүн хөөгөөд явж байсан. Нисэх зөрөөд явж байтал Г зүүн талд чинь салах зам байгаа тэрийгээр ороод машины гэрлээ унтараагаад зогсчих гэхээр нь би зааж өгсөн замаар зүүн тал руу салж 20 метр орчим газар яваад зогсож гэрэл болон машинаа унтраасан. Тэр үед Г машинаас буугаад юу ч хэлэхгүй урагшаа алхаад явсан. Тэгж байтал миний араас явж байсан Ланд-80 машин миний хажуугаар зөрөөд ах Г рүү очсон. Би машинаа асаагаад зугатааж аймгийн төв рүү орсон. Тухайн үед би хүний машин унаж явсан тул айгаад зугатаасан. Г машины урд суудал дээр авч ирсэн шилтэй зүйлээ тавьсан ба хальт харсан чинь цусны шинжилгээ авдаг шиг нарийхан 15-20 см урттай шилтэй зүйл байсан. Цаг уурын хашаанаас очиж авсан зүйл гэж бодсон. Г Түргэн сум руу юм харчихаад ирье гэж л хэлсэн. Г өчигдөр мал авна гэж юу ч хэлээгүй. Цагаан өнгийн 09-67 УВБ улсын дугаартай пробокс машин миний авга ах Нгийн эзэмшлийн машин юм. Би таксинд явах гэж авсан байсан юм. ...Би өчигдөр айсандаа машинтай хүмүүсээс зугтаасан. Тухайн үед Г “зогсолгүй яваад бай” гэж хэлээд байхаар нь цаг уурын хашаанаас Г-г шилтэй зүйл авч гэж бодсон. Тухайн зүйл надад харагдаж мэдрэгдсэнээр ёлкны мод шиг арзайсан, шилтэй зүйл шаржигнаж дуугарч байсан. Би тухайн зүйлийг сайн хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 194-195 тал/,

 

гэрч Ч.О-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би гэрт байж байтал дүү О орж ирсэн. Тэгээд надад хандаж ахын машины түлхүүр байвал өгөөч, би таксинд явж байгаад ирьё гээд байхаар нь өгсөн. Тухайн өдөр 2018 он 4 дүгээр сарын 18-ны өдөр байсан. Нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос Увс аймагт 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн. Орой нь О-ын гэрт ороход хоол унд, түлээ нүүрсгүй байсан. Энэ байдлыг бодож үзээд О-ыг таксинд явуулахаар болсон юм. О машин авч явсан эхний өдрөө овоо мөнгө олсон юм шиг байсан ба нөхөр бид хоёрыг дуудаж цай хоол өгсөн. Мөн хүүхдүүдээ зайрмаг авч ирж өгсөн байсан. Маргааш өглөө эрт таксинд явна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

 

гэрч Ж.Н-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2017 онд Улаанбаатар хотын Голомт банкны лизингээр авсан миний машин байгаа юм. Намайг гэрт унтаж байхад О эхнэрээс түлхүүр авч таксинд явсан байсан. О миний төрсөн ахын 2 дахь хүүхэд юм. О надад уг машинаар Түргэн сум явах талаар хэлээгүй. 3-4 өдөр таксинд яваад ирьё гэж хэлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,

 

            гэрч П.Б-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Г архи уусан байдалтай манайд ирсэн ба надаас “машин өгөөч ардаас айлд очиж хүнээс мал авмаар байна” гэж гуйсан. Тухайн үед Г архи уусан согтуу байсан тул машинаа өгч чадахгүй гэдгийг хэлсэн. Урьд өдөр нь надад хүн өгсөн 0,5 л хэмжээтэй соёрхол гэх архи байсныг Г-тэй хувааж уусан. Архи дуусаад Г манайхаас гараад явсан. Машин авахаар ирэхдээ хашаа авахаа тодорхой хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,

 

гэрч Х.Д-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Харин өвөл 2018 оны 2 дугаар сард Г над руу утсаар ярьж шүүхийн төлбөрт өгөх мал өгч туслаач гэж хэлсэн. Тухайн үед надад хүнд мал өгөх боломж байхгүй байсан тул одоохондоо боломжгүй байна, хавраас мал таргалж гайгүй болохоор холбогдож байгаад больё” гэж хэлсэн. Үүнээс хойш бид хоёр холбоо бариагүй. 2018 оны 4 дүгээр сард манай гэр өвөлжөөний газар болох хөндлөнгийн Тарлан гэх газар байсан. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр над руу утсаар яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/,

 

шүүгдэгч Н.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр гэртээ архи уусан. Гэрээс гараад О-той хамт хөдөө Хөндлөн гэх газар луу Дадал гэх айл руу очихоор явсан. Явж байх замдаа уусан архиндаа согтож унтсан байсан. Хэсэг хугацааны дараа сэрсэн чинь хорооллын хашааны хаалганы хажууд зогсож байсан. Тэр үед О надаас “тэр айл чинь хаана байгаа” талаар асуухаар нь би машинаас бууж дээшээ эргэж явж бие засахаар явсан. Гэтэл цаад талд нь намхан төмөр торон хашаа байхаар нь давж орсон. Уг хашааны дотор шувууны үүр шиг зүйл байсан. Дөхөж очоод харсан чинь уг зүйлийн хаалга нь онгорхой байсан ба дотор нь лааны тавиур шиг зүйл байсныг аваад буцаж машин руу очсон. Машинд дөхөж очтол машины хажууд үл таних эмэгтэй байсан ба Б мөн машины хажууд байсан. Тэр үл таних эмэгтэй надаас юу авч яваа, юу хийж яваа талаар асуухаар нь би архи ууж явна гэж хэлээд машиндаа суугаад явсан. Тэр үл таних эмэгтэй уг газраа үлдсэн. О бид хоёр уг газраас хөдлөхдөө дээшээ зүглэж явж байгаад буцаж эргээд явж байтал машинтай хүн таарсан ба машин дотроос урд гараад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр уг машины урд гараад явж байгаад би О-д энэ машинаас зугтааж холдоод яв гэж хэлсэн чинь О машины хурдаа нэмж зугтаасан. Зугатаж явах замдаа гүүр өнгөрөөд хаалга онгойлгож авсан зүйлээ газарт хаясан ба цааш үргэлжүүлэн зугтааж яваад баригдсан. Би 7 ширхэг шил аваагүй ба хашааны дотор байсан шувууны үүр шиг хайрцаг дотор байсан шилнүүдийг л авсан. Би анх О-той өглөө ах М-ын гэрт таарсан ба О ахынхаа машинтай таксинд явж байгаа талаараа хэлэхээр нь хойшоо Хөндлөн гэх газар луу хамт яваад ирьё гэж хэлсэн чинь О зөвшөөрч машинд бензин хийж өгөхөөр болсон. ...Б бид 2 нийлээд 1 шил 0,5 л хэмжээтэй архийг хувааж уусан. Архи ууж дуусаад О-ыг дуудаж ирүүлж хөдөө явсан. Би машинд дотор ороод О-д бензиний мөнгөө өгсөн ба машины хөгжим сонсож байгаад л унтсан байсан. Би уг хэмжигч багажийг ямар нэгэн зүйлд ашиглая гэж бодож аваагүй. Юунд ашигладаг болохыг ч мэдэхгүй. Архи уугаад ийм зүйл хийсэн байна” гэх мэдүүлэг,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжигч багаж байсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 09-67 УБВ улсын дугаартай цагаан өнгийн пробокс загварын тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгч, прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн УВ/01/340 дугаартай эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт, Гэрэгэ Эстимэйт ХХ-ийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 391 дугаар хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 04-23, 79, 86-91, 174-178 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой тус аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цаг уурын хашаанаас цаг уур хэмжигч термометр багаж 7 ширхэгийг буюу минималь 2, максималь 2, ердийн буюу хугацаат 1, хос 2 термометрийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авсан, улмаар хэргийн газраас зугатааж яваад баригдсан байна.

 

Шүүгдэгч Н.Г-гийн бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авсан үйлдэл шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогч Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт 336.000 төгрөгийн хохирол учирсан нь Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн УВ/01/340 дугаартай “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт”-оор нотлогдсон тул хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Хулгайлах гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг барагдуулах гэж айлаас мал авахаар Түргэн сумын хөндлөн гэх газар луу машинтай явж байсан, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй учир зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцсэн байх боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч П.Э, Ж.Х, С.Б, М.Ц, Х.Д нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. 

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Г нь М.О-ыг таксинд явж байхад орой хойшоо яваад ирье гээд түүний унаж явсан 09-67 УБВ улсын дугаартай пробокс загварын суудлын автомашинд 10.000 төгрөгөөр бензин авч хийн, хэрэг учрал болсон газарт буюу Увс аймгийн Түргэн суманд хүрч очсон, улмаар хулгайлсан эд зүйл болох цаг агаар хэмжигч термометр багажийг уг машинд авч явж хэргийн газраас зугатаасан бөгөөд мөн М.О-д Түргэн сум явж ирэх хөлсөнд 10.000 төгрөг өгөхөөр тохиролцсон болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Н.Г-г хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ түргэтгэх, хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Н.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Г-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу машин механзим ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт 336.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Н.Г нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С-гийн Хаан банкны 5800719291 тоот дансанд шилжүүлж, төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Г-гийн хувийн байдал тогтоосон гэрч Л.Д, П.Ц нарын мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэл тогтоол /хх-ийн 70, 76, 117-119, 129-149 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 8-35 тоотод оршин суудаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, урьд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдэж байсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Н.Г-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх боловч шүүгдэгч Н.Г нь машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байна.

 

Шүүх дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан хуулинд заасан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, 1 жил 8 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотариатаар баталгаажуулан гаргаж өгсөн автомашины зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, жолоочийн иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 09-67 УБВ дугаартай, цагаан өнгийн Тоуота пробокс загварын суудлын автомашин нь Голомт банкны өмчлөлд буюу зээлийн гэрээний үүргийн барьцаанд байх бөгөөд хууль ёсны эзэмшигч нь иргэн Ч.О болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 09-67 УБВ улсын дугаартай, цагаан өнгийн Тоуота пробокс загварын суудлын автомашин нь шүүгдэгч Н.Ггийн өмчлөлийн эд хөрөнгө биш, иргэн Ч.Оын эзэмшилд хууль ёсоор байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч.О-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 8.400.000 /найм сая дөрвөн зуун мянга/ төгрөг /хх-ийн 85-91 талд буй Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон/-ийг шүүгдэгч Н.Г-гээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Н-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б овогт Н-ын Г-д 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 336.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл болох 09-67 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Тоуота пробокс суудлын автомашиныг эзэмшигч Ч.О-д буцаан олгож, шүүгдэгч Н.Г-гээс тээврийн хэрэгслийн үнэ 8.400.000 /найм сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА