Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/02249

 

 

 

 

 

 

 

 

 

Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02229 дугаар шийдвэртэй,

 

Жын нэхэмжлэлтэй Нийслэлийн боловсролын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 028 545 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж би Нийслэлийн боловсролын газрын даргын хууль бус тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, 11 сар 16 хоног ажилгүй байна.

Нийслэлийн захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдож, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны Б/15 дугаар захирамжаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэрээр ажилгүй байсан 4 сар 2 хоногийн олговрыг авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 7 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилж байна.

 

Засгийн газрын 2019 оны Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг өөрчлөх тухай 472 дугаар тогтоол, 2020 оны Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 151 дүгээр тогтоолын хэрэгжилтийн үйлчлэл надад хамааралтай болох юм.

Суурь цалин 924.456 төгрөг, ажилласан хугацааны нэмэгдэл 20 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 30 хувиар бодогдвол нийт сарын 1 386 684 /924 456 + 184 892 + 277 336/ төгрөг болно.

Иймд миний ажилгүй байсан хугацаа нь надаас шалтгаалаагүй бөгөөд ажиллаж байсан бол ажлын үр дүнгээ үнэлүүлж урамшуулал авах ёстой байсан тул миний хийсэн ажлыг хамгийн сүүлд үнэлж, дүгнэсэн Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Урамшуулал олгох тухай Б/230 дугаар тушаалаар тогтоогдсон урамшуулал олгох хувь хэмжээг 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгогдож байсан болон бусдад олгосон урамшуулалтай уялдуулж дундажлан урамшууллын хэмжээг 2 793 911 төгрөгөөр нэхэмжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 6 дугаар тогтоолын Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох тухай журам-ын 8.4-т Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно гэж заасны дагуу болон тус хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар сар бүр хоол, унааны зардлыг 7 000 төгрөгөөр тооцож олгодог тул 1 308 129 төгрөг нэхэмжилж байна. Иймд ажилгүй байсан хугацааны олговорт нийт 14 028 545 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэрээр Жын дундаж цалин хөлсийг 1 116 652 төгрөгөөр тогтоосныг давж заалдах шатны болон дээд шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан олговор гэдэг нь урьд авч байсан цалин хөлс гэж тодорхойлсон тул мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар тооцож 14 082 545 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг томилох, чөлөөлөхтэй холбогдсон эрх дүүргийн Засаг даргад шилжсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн боловсролын газраас 9 729 325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жд олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 4 299 220 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Жын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн боловсролын газарт үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170 619 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэрээр дундаж цалин хөлсийг 1 116 652 төгрөгөөр тогтоосныг давж заалдах шатны шүүх, дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан олговор гэдэг нь урьд авч байсан цалин хөлс /1 116 652 төгрөг/гэж тодорхойлсон тул тухайн үед авч байсан цалин хөлсийг шүүхээр нэгэнт тогтоогдсон байх тул анхан шатны шүүх хамааралгүй нэмэгдлүүдийг нэмж тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжпэлийн шаардлагаас зохих хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 14 028 545 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 140 дугаар тогтоолоор Жыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 568 120 төгрөгийг гаргуулж Жд олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгаж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Дээрх шийдвэрээр Жд олгох олговрыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс анахн шатны шүүхийн шийдвэр гарсан 209 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл буюу 4 сар 2 хоногийн хугацаанд тооцож олгосон байна. /хх16-29/

 

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасан нэмэлтийг уг хуульд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуулиар оруулжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 140 дугаар тогтоолоор ажилгүй байсан хугацааны олговорыг Нийслэлийн боловсролын газраас гаргуулан шийдвэрлэсэн байх тул хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дүүргийн Засаг даргад шилжсэн гэж дүгнэхгүй.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар Жыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон тул ажилтаныг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс уг тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны ажлаас буруу халагдсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ж нь шаардах эрхтэй.

 

Учир нь ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар нь цалин хөлс авч чадаагүй байдлаар илэрхийлэгдэх бөгөөд ажилтаныг ажилд эгүүлэн авсан хугацаанаас хойш үр дагавар арилах юм.

 

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ТЗ-7-5 шатлалын үндсэн цалин 924 456 төгрөг болж нэмэгдсэн. Иймд уг тогтоол гарахаас өмнөх хугацаанд ажилтанд олгох олговрыг анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоогдсон нэг сарын цалин 1 116 652 төгрөгөөр тооцсныг үндэслэл болгож 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны /1 сар 10 хоног/ олговорт 1 624 212 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй гэсэн заалттай нийцсэн болно.

 

Дээрх тогтоол гарснаас хойших хугацааны олговрыг үндсэн цалин 924 456 төгрөг, төрийн албан хаагчийн нэмэгдэл 15 хувь буюу 138 668 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь буюу 277 337 төгрөгөөр тооцож сарын цалинг 1 340 461 төгрөгөөр тодорхойлж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сар 1 хоногийн олговрыг 8 105 113 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь ажилтаны зөрчигдсөн эрхийг сэргээх зарчимд нийцэж байна.

 

Иймд Нийслэлийн Боловсролын газраас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт нийт 9 729 325 төгрөгийг гаргуулж Жд олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА