Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Л.А, Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-гийн Ц, Ш овогт Л-гийн А нарт холбогдох 1835001090123 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Увс аймгийн Улаангом сум 7 дугаар багийн 14-12 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОЮ94010317 Ш овогт Л-гийн А.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Улаангом сум 12 дугаар багийн 11-33 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОО95080316, Б овогт Д-гийн Ц.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Яллагдагч Д.Ц, Л.А нар бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Тариалан сумын Тарвагатай баг "Бор хавцал" гэх газарт хохирогч Д.Б-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.А, Д.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ц, Л.А нар нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-ийг зодож хамар ясны хугарал, духны хэсэгт зулгаралт, цээжний хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Д.Б-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “...Би 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Бор хавцал”-д очиж ажилласан юм. 3 дугаар сарын 15-ны өдөр манай ажилчид ажлаа дуусгаад гэрт ирээд хоол ундаа ууж идчихээд Г-ын ...гэрт очоод 1 шил тэргүүн нэртэй 0.75 литрийн архи аваад гэрт ирж уугаад унтаж амараад өглөө болоход О намайг урд нэг айлд очоод хүнтэй уулзаад ирье гэхээр бид хоёр хамт явж байтал Б гэж айлын гадна байсан залуучууд Отэй маргахаар би очоод салгах гэхэд намайг нэг нь араас хавирч унагаагаад миний дээрээс өшиглөөд дэвсээд би зодуулж байхад Ч гэж залуу миний араас намайг татаад босгоод гэрт хүргэж өгсөн юм. О бид хоёр зодуулж байхад П араас ирж байсан. П-ийг хэнд цохиулж зодуулсаныг хараагүй. Ог Ц гэж залуу хажууд нь бас нэг залуу хоёр зодож байсан. Намайг Ц гэж залуу араас хавирч унагаагаад А гэж залуу миний дух руу өшиглөж шалбалаад гараараа хамар руу цохиж хугалсан юм. Би Улаанбаатар хотод амьдардаг болохоор А гэдэг залууг танихгүй “Бор хавцал”-д очоод хэд хоноод ийм асуудал болсон юм. Би А, Ц нарт цохиулаад аймгийн Жаргалан эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарахад эмнэлэгийн төлбөр болох 300.000 төгрөгийг А, Ц нар өгсөн. Сүүлд 90.000 төгрөгт бодож нэг утас өгсөн. Миний хамар хугарсан гэж эмнэлэгийн дүгнэлт гараад А, Ц нарыг хамар эмчлүүлээд өг гэхэд одоо хүртэл хамарыг минь янзлуулж өгөөгүй. Би Улаанбаатар хот руу яваад ирэх хоёр талын замын зардал 150.000 төгрөг, хамар эмчлүүлэхэд 700.000 төгрөг, нийт 850.000 төгрөгний хохиролтой байгаа. Тэр өдөр намайг хавирч унагаасан намхан нуруутай бор царайтай залуу Ц бараан өнгийн малгайтай цамцтай байсан. Миний хамарыг өндөр шар Л.А гэж залуу цохиж хугалсан юм” /хх-ийн 6-12 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Н гэж ахын бригдад өнгөрсөн зунаас хойш ажиллаж байгаа юм. 3 дугаар сарын 16-ны өглөө унтаж байтал О, Б хоёр гэрт орж ирээд бид 2 хүнд зодуулчихлаа гэхээр хэнд зодуулсан юм бэ гэхэд Д, Г гэж хоёр залуугийн нэр гарсан. Д гэж залууг танидаг гэр нь манайд гэрийн ойролцоо байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

гэрч Ж.Ц-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би 3 дугаар сарын 16-ны өглөө 4 цагийн үед нүхнээс гараад гэрт ирээд унтаж байтал Б намайг дуудаад О, Б хоёр Гангаагийн бригадын залуучууд нийлээд зодсон гэж байна гэхээр нь Б бид хоёр Б гэж ахын гэр лүү явж байсан чинь О, Б 2 жалганд сууж байсан. Юу болсон гэхэд бид хоёрыг 2-3 залуучууд газар унагаачаад өшиглөөд дэвсээд зодчихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

гэрч Н.П-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би “Бор хавцал”-д Н гэж хүний бригадад орж ажилдаг юм. 3 дугаар сарын 15-ны орой Б, Буяа, О нарын хамт тэргүүн нэртэй 0.75 литрийн 3 шил архи уугаад унтаж амарсан юм. Өглөө унтаж байтал О орж ирээд намайг хүмүүс зодчихлоо гээд гэрт орилж байгаад гараад явчихсан араас нь Б гараад явчихаар нь би босоод тэр хоёрын араас очиход Б ахын гэрийн ар талд архи ууж байсан залуучууд О, Б нарыг газар унагаачаад өшиглөж дэвсээд эхлэхээр нь би салгах гэхэд хоёр залуу намайг бариад чи хэрэггүй гээд байхаар би өөрийгөө салгаж авах гэхэд намайг барьж байсан залуу Гэрлээ, Дуухаан хоёр намайг зодож цохисон юм. Гар хүзүү, толгойн хэсгээр өвдөж байна. О эхэлж очоод маргалдаж эхлэхэд Б салгах гээд очиход Ц араас хавирч унагаахад Л.А /өндөр/ гэж залуу Бийг зодож цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 29 тал/,

гэрч Х.О-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Намайг гэрт байхад Г, Д гэж хоёр залуу Б ахын гэрт орж ирээд шууд зодоод эхэлсэн. Би тэр залуучуудыг танихгүй. Б гэж хүнтэй уулзах гээд очиход намайг зодсон залуучууд гэрийнхээ гадаа байсан сайн уу гээд мэнд мэдэх хооронд маргалдаад эхэлсэн. Тухайн үед намайг зодсон залуучууд архи ууж байсан. Тухайн үед зодоон болоод хэн хэнийг зодож байгааг харж чадаагүй. Б-ийг А гэж залуу зодож байхыг харсан. Намайг Б ахын гэрт ороод сууж байхад гаднаас олон залуучууд орж ирээд шууд өшиглөөд дэвсээд эхэлсэн. Миний бүх бие хөндүүр дотор гэмтэл авсан байж магадагүй миний бие рүү өшиглөөгүй газар байхгүй. Б ахтай хамт ажилладаг Ч гэж залуу намайг тэр залуучуудаас салгаж аваад гэрт хүргэж өгсөн. Би гэртээ ирээд намайг Г хамт ажилдаг залуучууд зодлоо гэж хэлээд П, Б нартай хамт Б ахын гэрийн гадна очиход 4-5 залуучууд байсан. Тэгээд би нэг залуутай нь маргалдаж зодолдсон юм. Б-ийг Ц /Д/ гэж бор царайтай залуу араас татаад хавираад унагаахад өндөр сахалтай /Гэрлээ/ залуу зодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 26 тал/,

гэрч Б.Г-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...О Б ахын гэрээс гарч яваад 10 минутын дараа хажуудаа Б, П /Ө/ нар ирээд та нар яагаад зодоон хийгээд байгаа юм бэ гэхээр би зодоон цохион болсон зүйл байхгүй гэхэд П гэж залуу Л.Аийг цохиод авахад Б.А, Ц нар П, О нар хоорондоо зодолдоод эхэлсэн юм. Тухайн үед зодоон болоход өндөр А Б гэж залууг цохиход хамраас нь цус гараад эхэлсэн. Тэгээд Ц бид хоёр тэр хэдийг салгаад явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

гэрч Х.Б-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Зодоонд Гангаа гэж айлын бригадын Д.Ц, Б.А, Л.А, Г манай бригадын Ч Ц нар О П Б гэсэн залуучууд хоорондоо зодолдож байсан. Манай бригадын Ц П-г тэврээд зодоонд оролцуулаагүй. Ч, Г, бид нар салгах хооронд О Б нарыг газар унагаагаад өшиглөөд цохиод байсан. Яг хэн нь хэнийгээ цохиж байгааг харах боломжгүй бүгд согтуу залуучууд тойрч зугтаж ирээд цохиж зодоод байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

гэрч Ч.Ч-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...О намайг сая хэдэн залуучууд зодчихлоо гэхэд хамт ажилладаг Б, П нар очиж уулзья гээд гэрээсээ гарсан. Би тэр гуравтай хамт гараад Б ахын гэрийн гадаа ирэхэд Л.А, Б.А, Д.Ц, Ц, Г нар байсан. Тэгээд О-г Б.А, Л.А нар цохиод эхлэхэд Б О рүү очиж явтал Ц /Д/ Бийг араас хавирч унагаахад Л.А Бийг өшиглөөд гараараа цохихоор нь салгаж авсан юм. П тухайн үед оролцоогүй. Б ахын гэрийн гадна очиход Л.А, Б.А, Ц нар шууд ирээд зодоон хийсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

гэрч Б.А-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Тэгээд Л.А, Г, Ц, Ц бид 5 Б ахын гэрийн гадаа байж байтал О, Б хоёр түрүүлж ирээд одоо ална пизда нар гэсэн чинь Ц /Д/ О-тэй эхэлж барьцалдаад зодолдоод эхэлсэн чинь П /ө/ уулзана гээд явахаар би араас нь очоод П-тэй муудалцаж байтал намайг салгаад аваад явчихсан. Тухайн үед О Ц хоёр хоорондоо маргалдаж зодолдож байсан. Л.А, Б гэж залуутай зодолдож байсан юм. Б гэж залууг манай найз Л.А гэж залуу цохиж зодож байсныг салгаж аваад бид нар гэрлүүгээ ороод О, Б, П нар бас яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

гэрч О.О-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Манай нөхөр Д.Б 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Бор хавцал нэртэй газар очоод ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 17-ны өглөө над руу яриад би хүнээр зодуулчихлаа гэхээр нь юу болсон талаар асуухад хамт ажилладаг залууг хүн зодоод байхаар нь салгах гэж очоод зодуулчихлаа цагдаа нар ирчихсэн байна. Одоо Улаангом орлоо гэж байсан. Тэгээд Улаангомд ирээд уулзахад манай нөхөр Б-ын хамар нь эвгүй болчихсон хөндүүртэй орой унтахад хамар битүүрээд амьсгал авч болохгүй байна. Дух хэсгээр нь шалбарсан баруун талын хавиргаар өвдөж байна гэсэн зовиуртай ирэхээр нь эмнэлэгт хэвтүүлэхэд хамар ясны хугарал, духны хэсэгт зулгаралт, цээжний хэсэгт зөөлөн эдийн няцралттай гэж гарсан юм. Манай нөхөр аймгийн Жаргалан гэж эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Манай нөхөр Б намайг Г гэж өндөр сахалтай залуу цохиж зодсон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

гэрч Б.Ц-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Тухайн үед зодоон болоход Л.А, Б.А, Д.Ц нар оролцсон юм. Зодоон болох шалтгаан Б ахын гэрт О, бид хоёрыг зодолдож байна гэж бодоод Б.А, Л.А, Ц нар намайг өмөөрч байна гээд О-г өшиглөснөөс болж зодоон болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

шүүгдэгч Л.А-ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О гэж залуу Ц-ын гэрт ороход О гэж залуу Цыг заамдаад хойшоо дараад унахаар нь бид О гэж залуугийн нуруу руу нэг удаа өшиглөөд Б.Аийг аваад гараад ир гэхэд Б.А, О гэж залууг дагуулаад аваад гараад ирэхээр би О гэж залууг хавираад унагаахад Ч хэрэггүй би гэрт нь хүргээд өгьё гэж хэлээд аваад явчихсан. Тэгээд Ц-ын гэрийн гадна Б.А, Г, Ц, Ц бид 5 үлдсэн архиа уугаад сууж байтал О гэж залуу хажуудаа хоёр залуу дагуулаад бид нарын зүг рүү ирж байхаар нь Ц босоод тэр гурав руу явчихаар нь бид нар гэрийн хажууд сууж байтал Ц, О гэж залуу хажууд нь явсан залуучуудтай өндөр дуугаар хоорондоо маргалдаад байх шиг болохоор нь би очоод О-г хавирч унагаахад хоёр хүн хамт газар унаад өгсөн. Тэгээд зодоон болж эхэлсэн юм. Би тухайн өдөр Д.Б гэж залууг газар уначихсан байхаар нь хэдэн удаа цохисон өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж зодолдоогүй. Би хохирогч Д.Б-д эмчилгээний зардалд нийт 300.000 төгрөг бэлнээр өгөөд сүүлд нэг гар утасыг 90.000 төгрөгөнд бодож өгсөн юм. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд Г, Л.А, Б.А, Ц бид 5 үлдээд үлдсэн архиа уугаад сууж байтал О гэж залуу хажуудаа нэг залуутай хамт ирсэн. Би тэр өдөр О гэх залуутай маргалдаж хоёр гурван удаа цохисон. Д.Б гэж залууг хавирч унагаасан зүйл байхгүй. О-тэй маргалдсаны дараа П-тэй хэрэлдэж маргалдсан юм. Бид нар хохирогч Д.Б-д эмчилгээний зардалд нийт 300.000 төгрөг бэлнээр өгөөд сүүлд нэг утсыг 90.000 төгрөгөнд бодож өгсөн юм” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 219 тоот “ Иргэн Д.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, духны хэсэгт зулгаралт, цээжний хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадварт нөлөөлнө. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэргийн үйл баримтаар Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал гэх газарт иргэд гар аргаар алт олборлодог байх ба тус газарт үйл ажиллагаа явуулж байсан Б, Г гэх 2 бригадын хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар өөрсдийн үйлдлийг бүрэн хянах чадвараа алдснаас тухайн гэмт хэрэг гарсан байх ба тус 2 бригадын хүмүүс хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдаж, өөр хоорондоо зодоон хийсэн, улмаар шүүгдэгч Л.А, Д.Ц нар хохирогч Д.Бийг зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц “...би Д.Бийг огт зодоогүй, буруугүй...” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан хохирогч Д.Б болон гэрч Д.Б, Ж.Ц, Ч.Ч, Х.О, Б.Ц, Н.П нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Ц /гэрийн нэр Д/ нь хохирогч Д.Б-ийг хавирч унагаахад шүүгдэгч Л.А гараараа хамар луу нь цохиж, дух, цээж руу нь хөлөөрөө өшиглөсөн буюу тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж оролцсон болох нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.А, Д.Ц нарыг бүлэглэж, хохирогч Д.Б-ийн биед хамар ясны хугарал, духны хэсэгт зулгаралт, цээжний хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулсан гэж үзнэ.

Хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан хөнгөн гэмтэлд хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 219 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Л.А, Д.Ц нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Л.А, Д.Ц нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.Ц, Л.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.А, Д.Ц нар бүлэглэж хүний эрүүл мэнд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.А, Д.Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Жаргалан эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсний 300.000 төгрөг болон нэг ширхэг гар утас 90.000 төгрөгт тооцож хохирогч Д.Б-д өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн хохирогч Д.Б-д учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй буюу хохирогч хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлээгүй гэж мэдүүлсэн байх тул хохирогч Д.Б нь эрүүл мэндэд учирсан дээрх хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон Б.У, С.Б, Л.Л, С.Т нарын мэдүүлэг, ял шалгах хуудас, Увс аймгийн Улаангом сумын 7, 12, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 34-37, 72-79, 89-96 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч Д.Ц, Л.А нар урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Ц, Л.А нарын анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зохистой гэж шүүх дүгнэж, тус бүрт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Ц, Л.А нарт хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Д.Ц, Л.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт Л-гийн А, Б овогт Д-гийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Л-гийн А, Б овогт Д-гийн Ц нарыг тус бүрт 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Л.А нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            4. Шүүгдэгч Д.Ц, Л.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар хохирогч Д.Б-д хохиролд 90.000 төгрөгний үнэ бүхий гар утас, 300.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Ц, Л.А нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА