Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/47

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Д.Алимаа,

            Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Б-ийн Д-д холбогдох эрүүгийн 1827000440038 тоот хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн ..... тоотод оршин суух, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан,  Ш овгийн Б-ийн Д

Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Б.Д нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг 21-7 тоот хашаанаас хохирогч О.Л-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хохирогч О.Л-д 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.

            Хохирогч 1980 онд төрсөн О.Л мөрдөн байцаалтанд 2018-03-23-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сумын төв орж ирээд дүү О.П-ийн хашаанд 2 хоног машин ухсан юм. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө босоод хэдэн тэжээлийн адуу өргөж босгочихоод гэр рүү орох гэтэл миний мотоцикл байхгүй байсан. Очоод мөрийг нь дагаад явахад цагаан ултай гутлын мөр байсан ба ламын гудамж ороод дээгүүр нь тойроод би алдчихсан. 2018 оны 03 дугаар сарын 18-ны орой машин ухаж дуусаад төв амралт руу усанд явж байхад Д надтай усанд явсан юм. Усанд явж байхдаа Мянгаагын дэлгүүр орж архины мөнгө байна уу гэхээр нь би 1500 төгрөг өгөөд 1 шил “Харзтай” аваад гудамжинд уух гэхээр нь манай дүү П-ийнд очиж ууя гээд хамт ирсэн. Архиа хувааж уучихаад Д явсан үүнээс өөр хүн мэдэхгүй.

2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хужирт сумын төвд байдаг дүү О.П-ийнхоо /88322808/ хашаанд машин янзлаад байж байхад Б.Д манай дүүгийнд ирсэн. Манай дүү О.П, Б.Д бид гурав машины мотор өргөж тавьсан. Тухайн үед манай дүү О.П-ийн гэрт бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Машин янзалсаар байгаад орой болсон хойно Б.Д бид хоёр миний мотоциклтой Хужирт рашаан сувилал орж ундны ус авсан. Буцаад явж байсан чинь Б.Д ганц юм уучихмаар байна, мөнгө дутаад байна гэхээр нь би 1500 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр манай дүү О.П-ийн гэрт ирж усаа буулгачихаад авсан архиа хувааж уусан. Архи дуусаад Б.Д явлаа гээд гэрээс ганцаараа гараад явсан. Тухайн үед 20 цаг өнгөрөөд 21 цаг болж байсан байх. Би Б.Д-ийг явсны дараа дүүгийндээ унтсан. Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө босоод тэжээлийн хэдэн адуу босгочихоод гэр рүү явсан чинь хашаан дотор гэрийн урд байсан миний улаан өнгөтэй, улсын дугааргүй, “Мустанг-5” маркийн мотоцикл байхгүй байсан. 2018 оны 03 дугаар сарын 19-20-ны өдөр мотоциклио хайгаад олоогүй. Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны орой Хужирт сумаас хэсгийн төлөөлөгч Д.Батбаярын хамт гараад 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хужирт сумын 1 дүгээр багаар явж мотоциклио хайхад багийн иргэн У гээд залуу Б.Д өчигдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манайд ирсэн. Тэгэхдээ улаан өнгийн “Мустанг-5” маркийн  улсын дугааргүй, хоёр рүүл нь хөх өнгийн ямааны арьсан нударгатай мотоцикл унаж явсан. Зүүнбаян-Улаан сум орчихоод буцаж явна гэж ярьсан гэж хэлсэн. Мотоциклийн содон шинж тэмдэг нь миний мотоциклийн содон шинж тэмдэгтэй таарч байсан. Тэгээд би 2018 оны 03 дугаар сарын 21-ний орой Хужирт сумын хэсгийн төлөөлөгч Д.Батбаярын хамт буцаад Хужирт суманд ирээд Б.Д-ийг Хужирт сумын төвд миний мотоциклийг унаад явж байж магадгүй гэж бодоод Б.Д-ийн очих боломжтой айлын хашаагаар явж үзэхэд миний мотоцикл байхгүй байсан. Явсаар байгаад шөнө 04 цагийн орчим дүү О.П-ийн гудамжинд явж байсан чинь айлгүй дутуу барьсан хашааны гадаа миний мотоцикл байсан. Тэгж би мотоциклио олж авсан. Дараа нь Б.Д-той уулзахад би согтуудаа мотоциклийг чинь аваад явчихсан байна лээ гэж надад хэлсэн. Б.Д миний мотоциклийг алдагдаад олдох хүртэл хугацаанд надтай нэг удаа гар утсаар холбогдож өөрийн биеэр уулзаж ямар нэгэн юм ярьсан асуудал байхгүй. Мотоцикл гудамжнаас олдсны хэд хоногийн дараа би унаад явсан гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх 13-19 дүгээр хуудас/,

            Гэрч 1983 онд төрсөн Ж-ийн У мөрдөн байцаалтанд 2018-04-20-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар баг “Нарангийн энгэр” гэдэг газар байдаг. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр намайг хөдөө гэртээ байхад 17-18 цагийн үед Б.Д ганцаараа мотоциклтой манайд ирсэн. Б.Д тэр үед Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум орчихоод ирлээ гэж байсан. Тэр оройдоо бид хоёр манай гэрээс гараад Б.Д-ийн унаж ирсэн мотоциклтой Хужирт сумын төвд 20 цагийн үед манай баз ах Б-ийнд очоод бид гурав хоёр шил 0,5 литрийн “Харзтай” нэртэй архи хувааж уучихаад тэндээ хоносон. Маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө Б.Д намайг моотоциклтойгоо хөдөө гэрт хүргэж өгчихөөд үдээс хойш манай гэрээс Б.Д Хужирт сумын төв орлоо гээд мотоциклтойгоо явсан. Б.Д манайд ирэхдээ улаан өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, рүүлийн хоёр бариул нь хөх өнгийн ямааны арьсан нударгатай мотоциклтой ирсэн. Тэр мотоциклтой нь бид хоёр хамт Хужирт сумын төв орчихоод би гэрлүүгээ буцаж хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг / хх 22-23 дугаар хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 5 дугаар хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 04/02 дугаартай үнэлгээ /хх 34-36 дугаар хуудас/,

- Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоол /хх 51-54 дүгээр хуудас/,

-  Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамж /хх 65 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг 21-7 тоот хашаанаас хохирогч О.Л-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх 1-3/, /2 дугаар хх 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хх 6/, /2 дугаар хх 5/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 04/02 дугаартай үнэлгээ /хх 34-36 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоол /хх 51-54 дүгээр хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамж /хх 65 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй ба шүүгдэгч гэм буруугийн асуудлаар шүүх хуралдаанд тусгайлсан санал гаргаагүй болно.  

          Иймд шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.Д нь Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж байсан ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн “ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 21 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэжээ.

          Гэтэл шүүгдэгч Б.Д нь хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

          Шүүгдэгчийн Б.Д-ийн эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 21 хоног нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байна гэж үзэн шүүгдэгчид ашигтай байдлаар тооцоолж, үлдсэн 3 сар 21 хоногийг эдлээгүй үлдсэн ял гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.Д-ийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овгийн Б-ийн Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овгийн Б-ийн Д-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-ийн эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 /ес/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН