Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/658

 

 

  2025           05             28                                        2025/ДШМ/658

 

Д.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа /цахимаар/,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/944 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.С-д холбогдох 2506006480250 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.С, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:00000000/,

Шүүгдэгч Д.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын авто замд “Toyota Camry” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлсийн хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээрээ маргахгүй мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. ...2018 онд би орон нутгийн замд мотоциклоос унаж баруун дунд чөмөг 3/1 бяцралттай хөлийн 2 хурууны савхан яс хугарсан. ...Хөлийн хугарлыг эмчлэх, хадах үед хагалгааны үеийн бохир орж Остеамилит /ясны идээт/ үрэвсэлтэй болсон. ...Энэ үеэс хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж өнөөдрийг хүртэл эмчийн хяналтад байдаг. ... Остеамилит нь эдгэрэх явц маш удаан идээ нь ясаа бэхжүүлдэггүй. ....Учир нь 2025 оны 6-7 дугаар сард яс нөхөх хоёр дахь хагалгаагаа төлөвлөж байгаа. ...Миний өвдөгний үе нугарахгүй болсноор удаан зогсож алхаж чаддаггүй. ....Мөн Остеамилит нь гадна шархаа эдгээдэггүй учир байнгын боолт хийлгэдэг. ...Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодож эхнэрийн хамт ОХУ-ын Улаан-Үд болон Хиагтаас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж зах бөөний төвүүдэд нийлүүлдэг. ...Мөн Өлзийт хороолол руу дуудлагаар явж үхэр, адуу үзэж эмчлэх ажил эрхэлдэг. ....Би эдгээр ажлуудаа өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлмөр эрхэлдэг байсан. ...Одоо жолооны эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан учраас 12,000,000 сая төгрөгийн торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч Я.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй , урьд ял шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болно. Миний үйлчлүүлэгч Д.С нь эхнэр болон 6 нас 8 настай 2 охины хамт - амьдардаг. Эрүүл мэндийн ноцтой шалтгаан буюу баруун өвдөгний үений остеомилит буюу ясны идээт үрэвсэл өвчтэй, өвдөг нь үеэрээ нугардаггүй, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан ба байнгын өвдөлтийн улмаас тогтмол эмчилгээ хийлгэж өндөр үнэтэй эм тариа хэрэглэдэг болно. Хэдийгээр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан боловч өөрийнхөө боломжоор хөдөлмөр эрхэлж ОХУ-н Хиагт хотоос машинаа жолоодон явж хүнсний зүйл оруулан ирж захуудаар бөөндөн өгдөг ажил эрхэлдэг байсан. Энэ ажлаа зөвхөн эхнэрийн хамт өөрөө машинаа жолоодон эхнэр нь зөөж зөөвөрлөх ажлыг нь эрхэлдэг байсан. Түүнчлэн ОХУ-н хиагт хот руу яваагүй үедээ Өлзийт хорооллоор дуудлагаар явж айлын үхэр үзэж эмчлэх ажил эрхэлдэг байсан. Өөрөө хөлөөрөө явж чадахгүй, босоо байдалд буюу явган явах үед хөл нь маш их өвдөлтийг өгдөг учраас зөвхөн өөрийнхөө тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээдэг байсан болно. Одоо жолооны эрхээ 2 жилээр хасуулсан учраас тээврийн хэрэгсэл жолоодон орлого олох боломжгүй болсон учраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс оногдуулсан 12.000.000 / арван хоёр сая/ төгрөгийн торгох ялыг шүүх өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд багасгаж өгнө үү ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/944 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн харицулага хүлээлгэхдээ түүний согтуурлын зэрэг болон урьд жолооны эрхээ хасуулсан хугацаанаас дараагийн эрхээ хасуулсан хугацааг харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

                Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Д.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын авто замд “Toyota Camry” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлсийн хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Эрх бүхий албан тушаалтны: “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. ..Тандагч багажаар согтуурлын зэргийг шалгахад 1,77% гарсан тухай тэмдэглэл /хх 04-05/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 54-59, 75-78, 79-83, 84-85, 87-90, 91-92/,

шүүгдэгч Д.С: “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ болон яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... Би өмнө нь 2024.12.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан. ...2024.12.24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн эзэмшлийн Toyota Camry маркийн 11-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож согтолтын зэргээ шалгуулахад 1.77% согтолттой гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 10, 44-45/,

 жолоодох эрхийн лавлагаа: “...Эрх хасагдсан /хх 12/, машины эвдрэл гэмтэлд хийсэн үнэлгээ: “..1,395,000 төгрөг /хх 23/, мөрдөгчийн магадлагаа /хх 32-33/, 2024.12.18-ны өдрийн 2024/ШЗ/2688 дугаартай зөрчлийн шийтгэвэр: “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан. /хх 52-53/,

Б.Баянбат /зогсоол дээр байсан машиныг мөргөсөн/: “...Миний бие 11-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.С-д гомдолгүй болно. Миний хохирлыг Д.С нь барагдуулсан болно. ....гэх өргөдөл /хх 20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Сыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь  хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар тухайн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаан, гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.       

3. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас: “...анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох оногдуулахдаа хуульд заасан хэмжээний нэлээдгүй дээгүүр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан “...гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. ...гэм буруу дээрээ маргаагүй. ...зогсоол дээр байсан автомашиныг мөргөсний улмаас хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан. ...эмнэлгийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувиар 2 удаа сунгаж тогтоосон зэрэг шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна гэж дүгнээд, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ялын хэмжээг багасган 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ тогтоож шийдвэрлэлээ.   

Харин шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг өндөр хувиар тогтоосон, үүнээс болж зам тээврийн осол, бусад аюул саад гаргах, үүсгэх болзошгүй зэрэг нөхцөл байдлыг анхаарах үүднээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү өөрчлөлт нь ялыг хүндрүүлэх утга агуулга илэрхийлэгдээгүй болно.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч нь замын хөдөлгөөний яг ямар хориглосон заалтыг зөрчсөн эсэх талаар бичилгүй хэт ерөнхийлөн бичсэн байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/944 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг: “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж. ...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж. ...” гэж,

            3 дахь заалтыг: “...12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр. ...” гэснийг “...5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр. ...” гэж,

            5 дахь заалтыг: “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар....” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан “...торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хангасугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ