2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/08410

 

 

 

 

   

   2025          10            20                                          192/ШШ2025/08410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ***-д холбогдох,

 

нийгмийн даатгалын шимтгэлийн өр нийт 113 374 795.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр нийт 113 374 795.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...2019 оны 12 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн үүссэн өр нь 84 сая төгрөг. Энэ хугацаанд тооцсон алдангийн хувьд 2020-2021 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэлийн зарим сангаас нь ковидын үед чөлөөлж байсан, тэр чөлөөлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нь хасаад тооцсон дүн. Алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг заалтыг барьсан. Чөлөөлсөн шимтгэлийг хассаны үндсэн дээрээс 29,245,738.89 төгрөг. Шууд утгаараа нийгмийн даатгалын алдангиас чөлөөлөх хууль эрх зүйн үндэс байхгүй боловч итгэмжлэлд заасны дагуу шүүх дээр тодорхой хэмжээний мөнгө төлөх юм бол хасагдуулаад, алдангиас нь жоохон хэмжээний мөнгийг багасгах бололцоо практикт хэрэгжээд явдаг. Гэхдээ хариуцагч тал бол нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг огт төлөөгүй учраас алдангиас чөлөөлөх юм уу, багасгах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү ...гэв.

 

3.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас "***" ХХК- ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Манай компани авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэхээр анх үүсгэн байгуулагдсан боловч Ковид-19 цар тахлаас шалтгаалан компанийн үйл ажиллагаа доголдож, улмаар тээврийн хэрэгслүүдээ бусдад худалдсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө авч чадалгүй байсаар үйл ажиллагаа маань бүрэн зогссон. Бид нэхэмжлэлд дурдсаны дагуу 2024 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар 84,129,058.17 төгрөгийн дутуу төлөлттэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэвч компанийн үйл ажиллагаа доголдож, зогсоноос шалтгаалан манай команийн татвар, нийгмийн даатгалын газарт төлөх төлбөр хуримтлагдаж, мөн бусдад төлөх төлбөртэйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дансаа хаалгуулсан байдалтай байгаа юм. Иймд нэхэмжлэгчтэй тодорхой хугацаа заан тохирч нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр болох 84,129,056.17 төгрөгийг төлөх, хэрэв тухайн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн өр 84,129,056.17 төгрөгийг 29,245,738.89 төгрөгийн алдангийн хамт нийт 113,374,795.06 төгрөг төлөх нөхцөлтөйгөөр эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3 дугаар тал/

2024.01.16, дугаар Б/05 тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал /хэргийн 4-5 дугар тал/

Нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 9-11 дүгээр тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 11 сарын тайлан  /хэргийн 12-14 дүгээр тал/

Заавал даатгах даатгуулагчдийн нийгмийн даатгалын шимтгэл авлагын дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 15-22 дугаар тал/

20222.12.02, №832 Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлт, мэдэгдэл /хэргийн 23-28 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 32 дугаар тал/

Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 33 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 39 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ...нийт 113 374 795.06 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ  ...хариуцагч хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн... гэж тайлбарлав.

3. Хариуцагч ...тодорхой хугацаа заан тохирч нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр болох 84,129,056.17 төгрөгийг төлөх, хэрэв тухайн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн өр 84,129,056.17 төгрөгийг 29,245,738.89 төгрөгийн алдангийн хамт нийт 113,374,795.06 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна... гэжээ.

4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч *** ХХК нь 2013 оны 01 сарын 25-ны өдөр БНСУ-ын иргэдийн үүсгэн байгуулсан, гадаад худалдаа, авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-13 дугаар тал/

2024 оны 11 сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан баримтаар хариуцагч 2024.11.3-ны өдрийн байдлаар 84 129 056.17 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн үлдэгдэл төлбөртэй болох нь талуудын тайлбар, тайлан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 13, 39  дүгээр тал/

5. Эдгээр үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

6. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”,  мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 21.2.”Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын ажил олгогч Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 21.1-д заасны дагуу нийгмийн даатгалын санд төлнө”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “ажил олгогч дараах үүрэг хүлээнэ: ...32.2.2-т “орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх” гэж тус тус заажээ.

7. Хариуцагч хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх хуулиар хүлээсэн үргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

8. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй учир Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 84 129 056.17 төгрөг, алданги 29 245 738.38 төгрөг нийт 113 374 795.06 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд төлүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

9. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан.

10. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч талаас хуульд заасан хариуцлага буюу алданги шаардах эрх үүссэн гэж үзнэ.

11. Хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өрийн хэмжээ түүний алдангийн хэмжээ болон тооцооллын талаар маргаагүй, нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй болохыг дурьдах нь зүйтэй.  

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 724 823 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

13. 2024.11.19-ний өдрийн №834 тоот нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр, 2025.01.17-ны өдрийн №01/25 тоот хариуцагчаас ***олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 6, 33 дугаар тал/

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн учир түүний эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 50-51 дүгээр тал/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч рд:5671817, *** ГХОХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 84 129 056.17 төгрөг, алданги 29 245 738.38 төгрөг нийт 113 374 795.06 төгрөг гаргуулан нийгмийн даатгалын санд төлүүлж, нэхэмжлэгч рд:9106766 *** нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 724 823 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Ш.ОЮУНТУУЛ