Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Д.Э түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э т холбогдох эрүүгийн 1806 0064 61241 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Д.Э , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б маргалдан улмаар хутгаар хөмсөг тус газар нь зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.01.11-ны өдөр 13 цагийн үед манай гэрийн хойно оршин суудаг танил Баатар гэх залуу гудамжинд таарч би Баатарт намайг байхгүйд гэрт маань битгий согтуу очоод байгаарай гэж хэлээд салсан. Ингээд орой 22 цагийн үед гэртээ ирэхэд хүү Төрболд надад хэлэхдээ Баатар ах согтуу ирээд гэрийн хаалга балбаж, ална тална гэж хэлээд явсан гэж хэлж би Баатарын гэрт очиж Баатарт чи яагаад манай гэрт очиж хүүхэд шуухад согтуу хаалга нүдэж айлгаад байгаа юм бэ гэж хэлээд цааш эргэхэд араас Баатар хутга аваад гарлаа шүү гэж эхнэр нь орилсон. Би эргэн хартал Баатар хутгаар баруун хөмсөг рүү чичиж сэтэлж би зугтаж цагдаа, эмнэлэг дуудсан. Эмнэлэгт очиж хоёр оёо хөмсөгөндөө тавиулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹1454 дүгнэлтэд “П.Б биед баруун хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б маргалдан улмаар хутгаар хөмсөг тус газар нь зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

            Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохиролд 8000 төгрөг авсан, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр үгүй гэж үзэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.