2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/08484

 

 

 

 

   

     2025          10            21                                         192/ШШ2025/08484

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

хариуцагч: *** холбогдох,

 36 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 шүүх хуралдаанд

 нэхэмжлэгч***,

 нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** нар оролцож,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан   36 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... энэ нь 2021 оноос болж байгаа үйл явдал. 3-4 жилийн хугацаанд өгнө гээд асуудал яриад л яваад байдаг. Өнгөрсөн оны 4 дүгээр сард нотариатаар орж албан бичиг хийж өгснөөс хойш “өнөө маргааш өгнө” гэж явсаар байгаад жил гаруй хугацаа өнгөрсөн. 2021 онд *** бид хоёрын хамтын бизнес эхэлсэн. Арьсан бүтээгдэхүүн нийлүүлж, боловсруулж Турк улс руу гаргах, савхин эдлэл хийх чиглэлээр анх ярилцаад хамтарч эхэлсэн. 2021 оны би намар өөрийнхөө зардлаар очиж савхины үйлдвэртэй уулзсан. Эхний ээлжид 50 орчим савхийг оруулж ирсэн. *** нь арьсны үйлдвэртэй, арьсаар юм хийдэг. Энэ хүнд авчирсан бараагаа өгсөн, түүнийг маань зарж мөнгө болгочхоод буцаж надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Би 100 хувь өөрийнхөө мөнгөөр Турк руу явж уулзаад, туршилтаар 50 орчим куртик авчирсан. Нийт 47 орчим сая төгрөгийн бараа авчирч өгсөн. *** нь борлуулчхаад буцаж надад мөнгө өгөөгүй. 47 сая төгрөгөөс нөат, түрээсийн байр, зарсан дэлгүүрийн хураамж зэргийг хасаад 36 сая төгрөг өгөх ёстой гэж тохиролцсон. Би 36,000,000 төгрөгийг ***аас авахаар болсон боловч авч чадахгүй байгаа тул ***аас 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэв.

 

3. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн  дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 2 дугаар тал/

Иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3 дугаар тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/

Хэлцэл /хэргийн 5 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 27-28 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

4.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 11 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ...36 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчиж худалдан авсан бараа хөрөнгийг үнийг төлөөгүй... гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбар гаргаагүй.

4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны намар нэхэмжлэгч хариуцагчид арьсан бүтээгдэхүүн нийлүүлж, хариуцагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан үнээс үнийг төлөхөөр харилцан тохирчээ. Энэхүү амаар тохиролцсон хэлцлийн дагуу нэхэмжлэгч 47 000 000 төгрөг орчим үнийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба талууд тооцоо нийлж хариуцагчаас нэхэмжлэгчид худалдан авсан бүтээгдэхүүний үнэд 36 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь 2024.04.18-ны өдрийн бичгээр байгуулсан “Хэлцэл” баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна.

2024.04.18-ны өдрийн бичгээр байгуулсан “Хэлцэл” баримтад: ...*** овогтой *** миний бие *** овогтой *** 36 000 000 төгрөгийг /гучин зургаан сая төгрөг/ 2024 оны 05 сарын 20-оос 2025 оны 04 сарын 20-ыг дуустал 12 сарын хугацаанд төлж дуусгана. Эхний 11 сард сар бүр 3100 000 төгрөгийг сүүлийн 1 сард 2 сая төгрөгийг Хаан банкны *** тоот дансанд хийж байхаар тохиролцов... гэжээ. /хэргийн 5 дугаар тал/

 Хариуцагч 36 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн “би 36,000,000 төгрөгийг ***аас авахаар болсон боловч авч чадахгүй байгаа” гэх тайлбар баримтаар тогтоогдож байна.

5. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй гэж үзнэ.

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн тайлбар, талуудын тохиролцоо, 2024 оны 04 сарын 18-ны өдрийн бичгээр байгуулсан “Хэлцэл” бичгийн баримтын агуулгаас нэг талаас нэхэмжлэгч буюу худалдагч арьсан бүтээгдэхүүн нийлүүлэх, нөгөө талаас хариуцагч буюу худалдан авагч арьсан бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

8. Талууд хүсэл зоригоо амаар илэрхийлж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч арьсан бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч уг бүтээгдэхүүнийг хүлээн авч мөнгөн төлбөрийн үүргээ тодорхой хугацаанд гүйцэтгэх хүсэл зоригоо хожим хүлээн зөвшөөрч “Хэлцэл” баримт бичгээр илэрхийлж нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43 дугаар зүйлийн 43.3-т заасан шаардлагыг хангасан учир талуудын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

9. Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.

10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй арьсан бүтээгдэхүүн хөрөнгийг  худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж арьсан бүтээгдэхүүнээ хүлээн авах үүрэгтэй.

            11. Нэхэмжлэгч 36 000 000 төгрөгийн үнэ бүхий арьсан бүтээгдэхүүн хөрөнгөө хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн нь түүний тайлбар баримтаар тогтоогдож байх учир хариу үүрэг буюу “Хэлцэл” баримтаар тохиролцсон үнийг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

12. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй учир хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэг 36 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 338 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 36 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 338 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНТУУЛ