| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/04326/И |
| Дугаар | 192/ШШ2025/08674 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/08674
2025 10 28 192/ШШ2025/08674
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
27 981 127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд
нэхэмжлэгч ***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагчийн өмгөөлөгч ***нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 27 981 127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...би 2023 оны 09 дүгээр сард *** ХХК-д цахилгааны ажилтнаар орсон. *** ХХК-ийн дор *** ХХК-д ажилладаг ахлах *** гэж хүн байсан. Намайг ажилд ороод удаагүй 3-4 сарын дараа *** нь “эгчийн дүү, зээл гарах уу чам дээр, эгч нь өөрийнхөө нэр дээрх зээлээ хаачхаад бүрэн хэмжээний зээл авах гэж байгаа юм” гэсэн зүйл ярихад нь –“үгүй ээ, эгчээ над дээр зээл гарахгүй юм байна” гээд зээл авч өгөөгүй. Түүнээс хойш 2-3 сарын дараа буюу 06 дугаар сарын 25-ны өдрөөс ирээд дахиад “эгчийнх нь зээл бүтэх гээд байна, эгчийнх нь нэр дээр жаахан зээл үлдсэн байгааг хаагаад эргүүлээд зээл аваад 07 дугаар сардаа багтаагаад гаргаад өгнө, ямар ч асуудалгүй, зээл авах санхүүч нартайгаа ярьчихсан байгаа” гэж надаар 3 банкнаас зээл авхуулаад сар сардаа хугацаа хэтрүүлээд зээлийн төлөлтүүдийг хийж явж байгаад он гарснаас хойш төлөлт хийхээ болиод маргалдаад одоог болтол төлөөгүй. Над руу 3 банкнаас өдөр болгон залгаад зээлээ төлөхийг шаарддаг мөн иргэний шүүх дээр намайг дуудсан байгаа. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Голомт банк, Хаан банк, М банк нараас зэрэг зээл авч өгсөн. Тус өдөр М Банкнаас *** дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 12,300,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 5, 20-ны өдөр нэг удаад 273,793.21 төгрөг, сард нийт 547,586.42 төгрөгийг төлөхөөр заасан. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкнаас 56835843 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.80 хувийн хүүтэй зээлж, мөн барьцааны гэрээ байгуулан өөрийн цалингийн орлого барьцаалан зээлсэн. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкнаас 001492984 дугаартай дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулан 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 21 хувийн хүүтэй зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд нэг удаад 214,939 төгрөг, сард нийт 429,878 төгрөгийг төлөхөөр заасан. *** нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд дээрх зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүү төлбөрийг төлсөн боловч 2025 оны 02 дугаар сараас эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөхөө больсон. Иймд хариуцагч ***гаас М банк ХК-тай байгуулсан цахим зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 9,531,774 төгрөг, Хаан банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,415,205 төгрөг, Голомт банк ХК-тай байгуулсан дижитал зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,448,353 төгрөг, миний өөрийн төлсөн 3,586,000 төгрөгийн хамт нийт 27,981,127 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... ***гийн хамтран амьдарч байсан н.*** гэдэг хүнийг мөрийтэй тоглоом тоглодог байсан гэдэг. ***г энд тэндээс зээл авхуулж, хүсэл зоригоо дарамт шахалтаар илэрхийлсэн зүйлүүд байсан. *** хүсэлтээр зээл аваад, зээлээ төлөх боломжгүй болсон учраас хамт ажилладаг байсан хүмүүсээс зээл асууж эхэлсэн байдаг. 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд сарын төлөлтүүдээ хийж явж байгаа 2 сараас хойш түгших эмгэгтэй болсон тул хэвтрийн дэглэмтэй, байнгын эм уудаг. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс төлсөн мөнгөө хасуулаад 8,140,127 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 19,840,000 төгрөг ээжийнх нь дансаар орсон тул хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-4 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5 дугаар тал/
Иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 6 дугаар тал/
Цахим зээлийн гэрээ /хэргийн 7-22 дугаар тал/
Дансны хуулга /хэргийн 23-29 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 30 дугаар тал/
Фото зураг /хэргийн 31-33 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 44 дүгээр тал/
Голомт банкны нэхэмжлэл /хэргийн 57 дугаар тал/
Голомт банкны нэхэмжлэл /хэргийн 86-89 дүгээр тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 37 дугаар тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 58 дугаар тал/
Өмгөөлөгч авах хүсэлт /хэргийн 79 дүгээр тал/
Хариу тайлбар /хэргийн 81-85 дугаар тал/ зэрэг баримтууд,
6. Шүүхээс бүрдүүлсэн
Үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 69-78 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ...27 918 127 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...надаар банкнаас авхуулсан зээлийн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарлав.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... өнөөдрийн нэхэмжилж орж ирж байгаа үнийн дүн зөрүүтэй, уг мөнгийг өөрөө бодитоор зарцуулаагүй*** авчихсан, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй... гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь нэг оффис ажилладаг, түүнчлэн үйл ажиллагааны хувьд хамтын ажиллагаатай хуулийн этгээдэд ахлах ажилтай хариуцагч ***гийн удаа дараагийн “эгчийнх нь зээл бүтэх гээд байна, эгчийнх нь нэр дээр жаахан зээл үлдсэн байгааг хаагаад эргүүлээд зээл аваад 07 дугаар сардаа багтаагаад гаргаад өгнө, ямар ч асуудалгүй, зээл авах санхүүч нартайгаа ярьчихсан байгаа” гэсэн гуйлт хүсэлтийн дагуу нэхэмжлэгч 2024 оны 07 сарын 05-ны өдөр М Банкнаас 12 300 000 төгрөг, Хаан банкнаас 10 000 000 төгрөг, Голомт банкнаас 10 000 000 төгрөгийг тус тус зээлэн авч нийт 31 979 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн, хариуцагч уг зээлсэн мөнгийг хүүгийн хамт хугацаанд нь тус тусын банкинд эргүүлэн төлөхөөр харилцан тохирсон нь хэрэгт авагдсан М Банк, Хаан банк, Голомт банкны зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 12-22 дугаар тал/
Талуудын дээрх тохиролцооны дагуу хариуцагч М.Банк, Хаан банк, Голомт банкны зээл, хүүг 2024 оны 07 сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 сар дуустал хугацаанд нь төлсөн боловч 2025 оны 02 сараас зээл хүү төлөгдөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
5. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, мөн хуулийн 193.1-т “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зохицуулсан.
8. Нэхэмжлэгч хариуцагчид 31 979 000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч уг зээлсэн мөнгийг нэхэмжлэгчийн банктай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээж гэрээний агуулга, үүрэг гүйцэтгэх арга хэлбэрээ өөрсдөө чөлөөтэй тодорхойлсон, талуудын аман хэлцэл тохиролцоогоор нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
9. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээг амаар байгуулж, харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 282 дугаар зүйлийн 282.1-т нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болжээ.
10. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.
11. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2024.07.05-ны өдөр Голомт банкны дансаар “*** *** гэсэн утгаар 4900 000 төгрөгөөр 2 удаа буюу 9800 000 төгрөг, Хаан банкны дансаар “***” гэсэн утгаар 4 990 000, 4 950 000 төгрөг нийт 9 940 000 төгрөг, М.Банкны дансаар “***аас илгээв” гэсэн утгаар хариуцагчид 12 239 000 төгрөг нийт 31 979 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн нь дансны хуулга баримтууд, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ... *** нь ***д 3 банкнаас зээл аваад мөнгө зээлдүүлсэн юм байна. Уг үйл баримтын хувьд маргаангүй юм байна, авсан юм байна. 3 банкнаас 32,300,000 төгрөг зээлж ***д өгсөн..., ...үзлэг хийсэн чатаар “ээжийн данс руу хийчих ээ” гэдэг өөрийнх нь зөвшөөрлөөр ээжийнх нь данс руу хийсэн үйл баримт харагдаж байна. Үүнд маргах юм байхгүй…, ...ээжийнхээ болон өөрийнхөө дансаар мөнгийг хүлээн авсанд маргаан байхгүй байна... гэх тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 12, 23-29 дүгээр тал/
12. Хариуцагч нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг хүүгийн хамт хугацаанд нь банкинд буцаан төлөх хариу үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болохоо мэдэж байсан нь талуудын харилцсан цахим захидалд үзлэг хийсэн “ ...уучлаарай миний дүү эгч нь одоо өөрийгөө өмөөрч юу хэлэх билээ үнэхээр муухай юм болж байгаад уучлаарай..., ...эмнэлгээс гарсан болохоор учиртай байх дариухан яаралтай л хааж өгье..., ...үнэхээр боломж нь болж өгсөнгүй л дээ тэрнээс төлчихөөр л байсан юм... зэрэг тэмдэглэл баримтаар тогтоогдож байна.
13. Хариуцагчийн ... *** өөрөө 3 586 000, дээрээс нь 400 000 төгрөг төлчихсөн гэж байгаа боловч төлсөн баримт нь хэрэгт авагдаагүй гэж харагдаж байна, … нэхэмжилж орж ирж байгаа үнийн дүн зөрүүтэй байгаагаас харахад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй. Яг 27 сая төгрөг үлдсэн байгаа гэдэг нь эргэлзээтэй байна гэж харж байна… гэх хариу тайлбараас түүнийг төлбөрийн хэмжээний талаар маргаж байна гэж үзнэ.
14. Нэхэмжлэгч М банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 9 531 774 төгрөг, Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 7 415 205 төгрөг, Голомт банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 7 448 353 төгрөг нийт 24 395 333.10 төгрөг, нэхэмжлэгчийн зээл хүүнд төлсөн 3 586 000 төгрөг нийт 27 981 127 төгрөг нэхэмжилсэн.
15. Нэхэмжлэгч хариуцагчийг 3 банкны зээлийг хүүгийн хамт 2024 оны 07 сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 сар дуустал төлсөн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
16. Нэхэмжлэгч дээрх хугацааны зээл хүүнд хариуцагч хэдэн төгрөг төлсөн, өөрийн дээрх зээлүүдэд 3 586 000 төгрөг төлсөн болон үлдэгдэл төлбөрийн талаарх банкны дансны хуулга баримтуудаа шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, хариуцагч мөн нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 31 979 000 төгрөгөөс хэдэн төгрөг төлсөн одоо үлдэгдэл хэдэн төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа талаар ямар нэг тооцоо баримтыг шүүхэд ирүүлээгүй.
17. Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь зээлийн үлдэгдэл, төлбөр тооцооны талаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар ямар нэг хүсэлт баримт гаргаагүй.
18. Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр талуудын харилцсан цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэлд ...2025.02.13 11:24 чи бид хоёрын нийт тооцоо хэд үлдсэн байгаа бэ..., ...би хараадахъя 26 890 000+142000... /уг захидалд зээл хаах дүн 8 157 857.85 төгрөг, 8 560 117.97, үндсэн төлөлт 10 062 112.44 хуримтлагдсан хүү 52 929.46 гэх бичилт бүхий зураг хавсаргасан/ гэсэн байх ба тухайн тооцооны талаар хариуцагч ямар нэг хариу тайлбар захидал илгээгүй, тухайн үзлэг хийсэн баримтыг хариуцагч үгүйсгэж баримтаар няцаагаагүй учир шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх, дээрх хэмжээгээр төлбөрийн үлдэгдлийг тооцох нь зүйтэй гэж үзнэ.
19. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 26 890 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
20. Хариуцагч нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг хамтран амьдрагчийн шахалтаар авсан өөрөө нэг ч төгрөг хувьдаа зарцуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй гэж үзнэ.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 856 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 292 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ***гаас зээлийн гэрээний үүрэгт 26 890 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 091 127 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 856 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 292 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ