| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 312/2025/0046/Э |
| Дугаар | 2025/ДШМ/30 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/30
2025 05 21 2025/ДШМ/30
З.От холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч З.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор З.От холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт З-н О, Монгол улсын иргэн,
З.О нь 2023 оны 10 дугаар сарын 07-оос 09-ний өдрийн хооронд аймгийн сумын баг тоот, Б.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор нэвтрэн орж, хушга, холимог самар, чангаанз зэрэг хүнсний барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сард аймгийн сумын баг тоот хашаанд эд зүйлээ хадгалах зорилгоор ашиглаж байсан вагончикоос хохирогч Ё.О-н эзэмшлийн 4 ширхэг машины дугуй, 2 ширхэг бензин хийх зориулалттай 20 литрийн сав зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн сумын баг тоотод оршин суух Б.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 15 хайрцаг алпен голд шоколад, 8 шил Сабрина дарс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,082,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос З.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овгийн З-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.От оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-с нийт 2,562,000 төгрөг гаргуулж, 2,082,000 төгрөгийг хохирогч Б.Гт, 480.000 төгрөгийг хохирогч Ё.Од тус тус олгуулж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.О давж заалдах гомдолдоо:
“ ... Миний бие өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба зүйлчлэлийн талаар маргаагүй. Би хохирогч Г болон нарт хохирол учруулсандаа харамсаж байгаа ба Гт өөрийн төрсөн дүү Сн дансаар дамжуулан 500.000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар хохирогч Г болон нар хэргийн материал танилцуулсан тэмдэглэл болон шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаарх баримтад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа тэмдэглүүлсэн байтал анхан шатны шүүх хохирогчдын санал хүсэлтийг харгалзалгүй надаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордоход хүргэсэн зүйл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд намайг бусдад төлөх төлбөргүй талаар болон миний эдлэх хорих ялын хугацаанаас хасаж өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.О тайлбартаа: Хохирогч нар хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гээд байхад надаас анхан шатны шүүх хохирол гаргуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд хохирол төлбөргүй гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч З.О нь 2023 оны 10 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд аймгийн сумын баг тоотод оршин суух иргэн Б.Гн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж хушга, холимог самар, чангаанз зэрэг хүнсний барааг нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сард аймгийн сумын баг тоотод байрлах эд зүйл хадгалах зорилгоор ашиглаж байсан вагончикоос хохирогч Ё.О-н эзэмшлийн 4 ширхэг машины дугуй, бинзен хийх зориулалттай 2 ширхэг 20 литрийн сав зэргийг нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирлыг учруулсан,
мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дээрх хаягт оршин суух иргэн Б.Гн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 15 хайрцаг “А” шоколад, 8 шил “С” дарс зэргийг нууцаар, хууль бусаар авч 1.082.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь
хохирогч Б.Гн ... Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд улс руу яваад 10 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 30 минутын үед ... ирсэн чинь байшингийн урд талын цонхны жижиг салхивч онгорхой, цонхны дотор талын шил хагарчихсан байсан ... цагдаа нар ирэхээр нь дотогш орж шалгахад манай байшинд хураасан байсан хатаасан жимснүүд хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Хушганы идээ 5 кг, холимог самар 15 кг, хатаасан чангаанз 20 кг, ясгүй чавга 5 кг, компотны холимог 5 кг, алжир хасарваань 5 кг, хямд хасарваань 10 кг, ястай чавга 10 кг, хушга 5 кг, ясгүй чангаанз 15 кг, нийт 1,703,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдсан байсан. Би тухайн эд зүйлсийг 09 дүгээр сарын 29-ний өдөр авч ирсэн барааны үлдэгдэл байсан юм. Тэгээд байшиндаа бүртгэж тоолчихоод явсан юм ... Би 2 жил гарангийн өмнө О гээд залуутай хамтран амьдарч байгаад энэ зун хамтран амьдрахаа больсон юм. Тэгсэн чинь эргэж буцаад өмнө манай гэрээс хулгай хийгээд байсан юм ... миний эд зүйлсийг хамтран амьдарч байх хугацаандаа хулгайлаад зарж борлуулчихдаг байсан ... Би З.Отай 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан.
... 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын холбооны улсын Улан-Үд хотоос өөрийн эрхэлдэг хувийн бизнесийн чиглэлээр бараа татан аваад гэртээ иртэл эзэнгүй онгорхой орхичихсон байхаар нь ... дотроос нь түгжээд унтаж байсан чинь О ирээд хаалга нүдээд цонх тогшоод орилж хашхираад байхаар нь хаалгаа онгойлгоогүй оруулаагүй. Тэгсэн чинь гадаа хашаанд байсан машин дотор /хаалгыг нь түгжээгүй онгорхой орхичихсон байсан/ байсан үлдэгдэл жимснүүдийг авч яваад зараад архи аваад уучихсан байсан. Тэгээд араас нь залгасан боловч утсаа авахгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн гадна талд таараад гэрт байсан хувцаснуудыг нь өгөөд явуулчихсан ...
... 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ОХУ руу бараагаа татахаар яваад 4 сарын 30-ны өдөр гэртээ 23 цагийн үед ирэхэд байшингийн баруун талын цонх онгорхой, хөшигөө хаачихсан байхад нээчихсэн байхаар нь хулгай орсон байж магадгүй гэж бодоод гэр доторх эд зүйлээ үзэхэд үлдээсэн бараанаас шоколад 15 блок, 8 ширхэг дарс зэрэг зүйл алдагдсан байсан. Альпен голд шоколад 1 блок нь дотроо 21 ширхэгтэй, нэг нь 2.800 төгрөгийн үнэтэй, дарс 1 ширхэг нь 25,000 төгрөг. Хамтран амьдрагч О гэх хүнийг сэжиглэж байна ... 04 сарын 30-ны өдөр манай хашаанд байх сүүдрэвч дотор Он хувцас байсан. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй. Хамтран амьдарч байсан болохоор өөрийнхөө юмыг авсан гэж үзэж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 26-27-р тал/,
хохирогч Ё.Он ... сум багийн тоот нь миний эзэмшлийн газар байгаа. Уг газар нь манай хуучин хадам ахын нэр дээр хоёр айлын газар байх үедээ Г гэх эмэгтэйд нэг айлын газраа зарчихсан. Улсын бүртгэлийн кадастраар хоёр хуваачихсан байгаа. Дундуур нь тасалсан хашаа байхгүй. Г гэх эмэгтэй амьдардаг учраас тэр хүний хараа хяналтад байлгадаг юм. Тус тоотын хашаанд агуулах саваар ашигладаг нэг машины гараж, хувцас болон эд зүйлээ хадгалдаг жижиг вагончик байгаа. Хашаан дотор байх вагончикийг төмөр хаалтаар хааж, тор төмөр тавьж торлочихсон байсан. Ертөнцийн зүгээр хойд зүгт харсан цонхыг эвдээд 4 ширхэг шинээрээ байсан /13 инчийн хужаа дугуй/, 20 литрийн багтаамжтай 2 ширхэг бензиний канистр зэрэг байсан нь алга болчихсон. Г надад хэлэхдээ цуг амьдарч байсан О хулгайлчихсан байна. Мөн гэрийн цонхоор ороод хатаасан жимснүүдийг хулгайлсан байна гэсэн. Би мэдээд цагдаад дуудлага өгчихсөн. Чиний 4 дугуйг танил зах дээр нэг хүнд өгчихсөн гэж хэлсэн гэсэн ... 2021 билүү 2022 онд нэг ширхэг дугуйг 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би 20 литрийн багтаамжтай бензин хийдэг канистр хэрэглэх боломжгүй болохоор үнэлэхгүй. Миний зүгээс алдагдсан дугуй канистр нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 88-89-р тал/,
-2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрийн хооронд хулгай орсон гэх баг тоот байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 132-138-р тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 146-152-р тал/,
- гэрч Б.Бн мэдүүлсэн ... Тухайн өдөр би дэлгүүр дээрээ сууж байсан. Цагийг нь сайн санахгүй байна, өдөр байсан санагдаад байна, хааяа манай дэлгүүрээр орж ирдэг залуу 1 хайрцаг Альпен голд барьчихсан ... одоо зарагдаж байгаа үнээс нь 1000 төгрөгөөр татуу өгчихье, манай эхнэр хойшоо явж Оросоос бараа оруулж ирдэг юм ... гэхээр нь ... за за авъя ... гээд 1 ширхэгийг нь 1800 төгрөгөөр авсан юм. Тэгээд тэр залуу тухайн үедээ мөнгөө аваагүй орой буцаж орж ирээд хиам, бэлэн хоол, 1 шил архи аваад үлдсэн мөнгийг нь аваад явсан. багт байдаг хүмүүс морь Энхээ гээд байдаг, яг нэрийг нь мэдэхгүй, хоч нь байх манай дэлгүүрийн араар нохой хөтлөөд яваад байдаг, хаяа архи уучихсан явж байгаа харагддаг... гэх мэдүүлэг /хх-ийн 169-р тал/,
-Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Альпен голд шокалад 15 хайрцаг, нэг хайрцагт 21 ширхэг, нийт 882,000 төгрөгийн, Сабрина дарс 8 ширхэг, нийт 200,000 төгрөг нийт 1,082,000 төгрөгийн үнэлгээтэй, хушганы идээ 5кг, холимог самар 15 кг, хатаасан чангаанз 20 кг, ясгүй чангаанз 20 кг, компотны холимог 5 кг, алжир хасарваань 5 кг, хямд хасарваань 10 кг, ястай чавга 10 кг, хушга 5 кг, ясгүй чангаанз 15 кг, дээрх эд зүйлсийн одоогийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 10 сарын байдлаар 1,500,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо ... гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 37-41-р тал/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч З.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хөрөнгийн үнэлгээний газраас гаргасан үнэлгээгээр шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Г, Ё.О нарт олгуулахаар шийдвэрлэсэн байгаа боловч хохирогч нар гомдол саналгүй, хулгайд алдагдсан эд зүйлийн үнийг авахгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж удаа дараа мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хохирогч нарын хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Ос хохирол гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан бодит хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогч нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн үндэслэлээр бусдад төлөх төлбөргүй болсон нөхцөл байдлыг шүүгдэгч учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч З.От анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул давж заалдах шатны шүүхээс хорих ялын доод хэмжээнээс доогуур ял болгон хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч З.Он давж заалдах гомдолд дурьсан ... бусдад төлөх төлбөргүй ... гэсэн хэсгийг хүлээн авч, ... хорих ялын хугацаанаас хасаж өгнө үү ... гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч З.Он давж заалдах гомдлын ... бусдад төлөх төлбөргүй гэсэн хэсгийг хүлээн авч, ... хорих ялын хугацаанаас хасаж өгнө үү ... гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хохирогч Б.Г, Ё.О нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч З.О нь хохирогч Б.Г-т 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА