2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/08862

 

 

 

 

   

   2025          11            03                                          192/ШШ2025/08862

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ****** холбогдох

173 510 644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

түүний орчуулагч ***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 173 510 644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжлэгч *** ХХК-ийн зүгээс хариуцагч ***-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах буюу 193,832.6 юань буюу 2023 оны 9 сарын 7-ны өдрийн валютын ханшаар тооцвол 474.91 төгрөгтэй тэнцдэг. Ингээд 92 053 040 төгрөгийг илүү төлсөн төлбөрт буцаан гаргуулах. Хоёрдугаарт худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчид учирсан хохирол 81 457 604 төгрөг гээд нийтдээ 173 510 644 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд талуудын хооронд 2018 оны 3 сарын 6-ны өдөр Эс Эйч Кэй 20 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү гэрээгээр худалдагчийн зүгээс худалдан авагч тал 5300-5500 каркасын илчлэг бүхий 300,000 тонн нүүрсийг нэг жилийн хугацаанд *** аймгийн *** сумын нүүрсний уурхайгаас Эрээн хот хүртэлх тээвэрлэлтийг хариуцан худалдан авагч талд нийлүүлэх. Худалдан авагч талын зүгээс нэг тонн нүүрсний үнийг 235 юаниар тооцоод *** болон тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.***гийн данснуудад шилжүүлэх байдлаар төлж барагдуулах үүргийг хүлээсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байдаг. Талууд ийнхүү гэрээ байгуулснаас хойш нийтдээ 3 удаа тооцоо нийлсэн акт үйлддэг. Нэгдүгээрт 2018 оны 11 сарын 17-ны өдөр, хоёрдугаарт 2019 оны 3 сарын 25-ны өдөр, гуравдугаарт 2019 оны 11 сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлддэг бөгөөд хамгийн сүүлийн тооцоо нийлсэн актаар худалдагч буюу *** нь 193832,6 юанийг *** ХХК-д өгөх өглөгтэй гэж тооцоо гарсан байдаг. Энэхүү тооцоо нийлсэн актын дагуу ***-иас 193842,6 юанийг шаардаж байгаа. Хариуцагч талаас энэхүү тооцоо нийлсэн актыг үндэслэлгүй гэж маргадаг. Гэтэл тооцоо нийлсэн актад дурдсан тооцоо нь зохих санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэн гарсан байдаг бөгөөд дараах нөхцөл байдлын хүрээнд 2019 оны 11 сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үнэн зөв талуудын эрх бүхий бүхий этгээдүүд баталгаажуулсан тооцоо нийлсэн акт гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн тооцоо нийлсэн акт нийтдээ 6 мөртэй, эхний үлдэгдэл болон 2018 оны 11 сарын 24-ны өдрөөс 2019 оны 5 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн нүүрсний хэмжээ, худалдагч, худалдан авагч талаас төлсөн төлбөрийг тооцож оруулсан байдаг. Нэгдүгээр мөрөнд багтсан 2018 оны 11 сарын 24-ний өдөр 812,2 тонн нүүрсийг ***-иас *** ХХК-д нийлүүлсэн гэсэн тооцоо бүрдсэн байдаг. Энэ нь хариуцагч талаас гаргаж өгдөг 1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудсанд авагдсан нийтдээ 3 өдрийн, 3 удаагийн вагон ачилтын тооцоогоор 339 300 килограмм, 336 600 килограмм 136 003 килограмм гээд нийтдээ 812,2 тонн нүүрс ***-иас *** ХХК-д гаргасан гэдэг. Гаалийн мэдүүлгийн баримттай яг таардаг. Гуравдугаар мөрөнд 2019 оны 1 сарын 11-ний өдөр 250 000 юанийг *** ХХК-иас *** руу оруулсан гэдэг тооцооны төлбөр өгчихсөн байдаг. Энэ нь хариуцагч талаас гаргаж өгсөн 119 дүгээр хуудсанд авагдсан дансны хуулгаар *** гэдэг компаниас 250 юанийг нүүрсний үнэ гэж тооцож шилжүүлсэн цаг хугацаа, дансны хуулгатай яг таардаг. Дөрөвдүгээр мөрөнд авагдсан 1676,3 тонн нүүрсний тухайд гэх юм бол хариуцагч талаас мөн гаргаж өгсөн 113-118 дугаар хуудсанд авагдсан гаалийн 6 удаагийн мэдүүлгийн нийт нийлүүлэлтээр 1676,3 тонн нүүрс *** компани руу ***-иас нийлүүлсэн гэсэн тооцоогоор яг тохирдог юм. Ингээд тухайн 2019 оны 11 сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт нь талуудын санхүүгийн баримтад үндэслэгдэн хийгдсэн, үнэн зөв болох нь тогтоогддог. Хоёрдугаарт талуудын тооцоо нийлсэн актыг компанийн эрх бүхий албан тушаалтнууд буюу 2015 оны 7 сарын 9-ний өдрөөс 2022 оны 7 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ***-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр н.*** ажиллаж байсан бөгөөд ийнхүү н.***гийн гарын үсэг, компанийн тамга тэмдгээр тооцоо нийлсэн актуудыг хоёр талаас баталгаажуулсан байдгаар тогтоогддог юм. Энэхүү тооцоо нийлсэн актын хүрээнд нүүрсний илүү төлсөн төлбөрт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсэгт заасны дагуу илүү төлсөн төлбөрийг шаардаж байгаа. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсэг хэрвээ худалдагч талаас нүүрсний үнэд илүү төлсөн, худалдагч нь гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу хөрөнгө илгээсэн бол худалдан авагч түүнийг хүлээж авахаас татгалзах эрхтэй. Гэхдээ энэхүү татгалзах эрхийг хэрэгжүүлэхгүйгээр хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлсэн, дутуу эд хөрөнгийг, эд хөрөнгийн үнийг буцаан төлөх үүрэгтэй гэдэг зохицуулалтын дагуу ийнхүү илүү төлсөн 92 сая төгрөгийг шаардаж байгаа. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд хохирол 81 457 604 төгрөгийг ***-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа. Иргэний хуульд зааснаар гэрээний эрх зүйн талууд нь гэрээнээс үүдэлтэй шаардах эрх болон хуулиас үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ буюу гол үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор нөгөө талдаа учирсан хохирол, төлбөрийг төлж барагдуулах нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэх гэрээний хариуцлагын зарчимтай нийцэх бөгөөд энэ нь өөрөө гэрээтэй холбоотой нарийвчлан зохицуулалт болон гэрээний үүргийн ерөнхий зохицуулалттай нийцэхээр заасан байдаг. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор учирсан хохирлын тухайд гэх юм бол Иргэний хуулийн 261.1 дүгээрт худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмаар баримтлан арилгахаар заасан байдаг. Ерөнхий зохицуулалтыг үзэх юм бол Иргэний хуулийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг төлж барагдуулна гэж заасан байдаг. Энэхүү Иргэний хуулийн 222.4-т заасны дагуу нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх, нөгөө талд хохирол учирсан байх. Ийнхүү хохирол учирсан нь үүргээ биелүүлээгүй шалтгаант холбоо байх ийм 3 урьдчилсан нөхцөлийг шаарддаг. Иргэний хуулийн 254.3 болон 254.4-т зааснаар худалдагч нь худалдан авагчийн зүгээс нүүрсний төлбөрт илүү шилжүүлсэн төлбөрийг буцаагаад худалдан авагч талд шилжүүлэх нь худалдагчийн гол үүргийн хүрээнд үүсэж байгаа хариу үүрэг болж байдаг. Энэхүү хариу үүргийг гүйцэтгэх хугацааг гэрээнд тусгайлан заагаагүй бол Иргэний хуулийн 208.1 болон 208.2-т заасан үүрэг гүйцэтгэх хугацааны зарчмыг баримтлах ёстой. Хэрвээ гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тусгайлан заагаагүй байх юм бол шаардах эрхийг худалдан авагчийн шаардах эрхийг хэрэгжүүлчихсэн хугацаанд худалдагч үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл 2019 оны 11 сарын 22-нд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ***-д энэ бүх үүргийг, илүү төлсөн төлбөрийг буцаан төлөх үндэсгүй гэж бол маргаж ирдэг буюу төлөхгүй гэж үздэг. Ийм учраас хариу үүргээ биелүүлээгүй болох нь харагддаг. Ийнхүү хариу үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор худалдан авагч буюу *** ХХК-д дараах байдлуудаар хохирол учруулсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт өмгөөллийн хөлсөнд 9 205 300 төгрөгийг шаардаж байгаа. *** ХХК нь Хятад улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 болон 12.1-т заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай нөхцөл байдал бүрдэж байгаа. Ийм учраас өмгөөлөгчид төлсөн зардлыг *** ХХК-д учирсан зардал буюу хохирол гэж үзэж 9,205,304 төгрөгийг шаардаж байгаа. Хоёрдугаарт нь орон сууц хөлсөлсний төлбөрт 28,500,000 төгрөг шаардаж байгаа. Энэ нь 2023 оны 4 сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлслүүлэгч н.Наранзаяа болон Лю Яан нарын хооронд байгуулсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 20 дугаар хороолол 54-р байрны 8 давхар 808 тоот 3 өрөө 69м2 талбайг нийт сарын 1,900,000 төгрөгөөр хөлслөх гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү хөлслөх гэрээний дагуу н.Наранзаяад төлсөн 1 жил 3 сарын төлбөрийг *** хариуцах ёстой гэж үзэж 28,500,000 төгрөгийг ***-иас шаардаж байгаа. Гуравдугаарт нь автомашин түрээсийн төлбөр. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Лю Яан нь н.Жаргалсайхан гэдэг хүнтэй Тоёота Приус *** УБП улсын дугаартай автомашиныг нэг өдрийн 130,000 төгрөгөөр хөлсөлсөн байдаг бөгөөд нэхэмжлэл гаргах болон шүүх хуралдаанд оролцохтой холбоотойгоор машин хөлсөлсний төлбөрт нийтдээ 22,100,000 төгрөгийг шаардаж байгаа. Дөрөвдүгээрт орчуулагчийн зардал. Г.Хонгорбаяр орчуулагчийг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон өмгөөлөгч нартайгаа уулзах, шүүх хуралдаанд бэлтгэх үе шатуудад Лю Яан төлөөлөгч нь Г.Хонгорбаяртай орчуулагчийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу нийтдээ 16 421 900 төгрөгийг орчуулагчийн төлбөрт шаардаж байгаа. Тавдугаарт нь Хятад хэлнээс Монгол хэл рүү орчуулга хийхтэй холбоотой нотариатын зардал, Монгол шуудангийн болон Улаанбаатар хотоос Эрээн хот руу, Эрээн хотоос Улаанбаатар хот руу зорчигч тээврийн зардалд нийтдээ 5 230 400 төгрөгийг ***-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой шаардаж байгаа. Энэхүү учирсан хохирлууд нь хариуцагч компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой шалтгаант холбоотойгоор учирсан хохирлууд гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Лю Яан төлөөлөгч *** ХХК-ийн зүгээс 2023 оны 1 сарын 8-ны өдрөөс зорчигч тээврийн хилийн хоригийг нээсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод 2023 оны 4 сард бол ирж н.*** буюу ***-тай уулзах гээд, шаардах эрхээ хэрэгжүүлэх байдлаар явсан байдаг. Ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өмгөөлөгчтэй уулзах, оффис хаяг дээр нь очиж уулзах, орчуулагчаар үйлчлүүлэх гэх зэргээр гарсан зардлууд байдаг бөгөөд 2023 оны 9 сарын 7-ны өдөр анх нэхэмжлэлийг шүүхэд өгсөн байдаг. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримт бичгийг орчуулах, шүүхэд материалуудыг хүлээлгэж өгөх, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлээ өмгөөлөгч нараар тодорхойлуулах гэх зэргээр. Мөн 2024 оны 2 сарын 19-ний өдөр анхны шүүх хуралдаан болдог. Энэхүү шүүх хуралдаанд орчуулагчийн хамт оролцоод шүүх хуралдааныг бүрэн хэлэлцсэн байдаг боловч процесс хуулийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нотлох баримт гаргуулах шаардлагатай гэдэг үндэслэлээр хойшлуулсан байдаг. Мөн 2 дахь удаагийн буюу 2024 оны 8 сарын 6-ны өдөр болсон шүүх хуралдаанд мөн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт шаардлагатай гэдгээр хойшлуулсан байдаг. 2024 оны 10 сарын 29-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болон 2024 оны 12 сарын 27-ны өдөр Давж заалдах шатны шүүх хуралдаан, 2025 оны 2 сарын 27-ны өдөр Хяналтын журмаар гомдол гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зайлшгүй нэхэмжлэл талд учирсан хохирол гараад байдаг. Ийм учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 болон 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ***-иас эдгээр хохирлыг гаргуулж өгнө үү... гэв.  

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... энэ хэрэг нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний хэрэг үүссэн, шударгаар хэлэлцсэн, Давахаас буцсан хэрэг байгаа. Товчхон тайлбар хэлье. Манай *** нь *** ХХК, мөн түүний хамаарал бүхий компанитай анх нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулан гэрээний дагуу нийтдээ 7 176 465 юанийн бүхий 32 521 тонн крокус чанар боловсруулалттай нүүрсийг нийлүүлж, гэрээний төлбөрт 7 172 679 юанийг шилжүүлэн авсан. Жишээлбэл эхний гэрээний хувьд нэхэмжлэгч *** ХХК-тай манай компанийн хувьд 2017 оны 9 сарын 24-ний өдөр *** 20 дугаар нүүрс худалдах худалдан авах гэрээ гэж байгуулсан. Энэ гэрээгээр 2017 оны 9 сарын 24-ний өдрөөс 2018 оны 2 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 49 удаагийн гаалийн мэдүүлгээр 2 642 995 юанийн өгөгдлийг 12 364 тонн нүүрсийг нийлүүлж гэрээний төлбөрт 2017 оны 10 сарын 16-ны өдрөөс 2018 оны 1 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 2 647 372 юань шилжүүлж авсан. Маргаан бүхий гэрээний тухайд яриад байх шиг байгаа юм. Нэхэмжлэгч компанид 2018 оны 3 сарын 6-ны өдөр Эс Эйч Кэй 20 дугаартай нүүрс худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2018 оны 3 сарын 13-ны өдрөөс 8 сарын 24-ний өдөр хүртэл, 2018 оны 11 сарын 24 хүртэл нийтдээ 103 удаагийн гаалийн мэдүүлгээр 4 139 541 юанийн үнэ бүхий 18,485 нүүрс тээвэрлэсэн. Ингээд гэрээний төлбөрт 2018 оны 1 сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 275 307 юань шилжүүлж авсан. Гуравдугаар гэрээний хувьд нэхэмжлэгч компанийн хамаарал бүхий компанитай 2019 оны 1 сарын 11-ний өдөр И Эл Си Эйч 2018/03 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2019 оны 2 сарын 21-ний өдөр 6 удаагийн гаалийн мэдүүлгээр нийтдээ 393 930 юанийн төгрөг бүхий 1676 тонн кокс чанар бүхий нийлүүлж 2019 оны 1 сарын 11-ний өдөр 250,000 юань шилжүүлж авсан. Энэ нь миний ярьж байгаа 3 гэрээ бөгөөд холбогдох тайлан мэдүүлэг, өөр бусад баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ талаар нэхэмжлэгч тал маргахгүй гэж найдаж байгаа бас ойлгож байгаа. Нэхэмжлэгч маань түрүүн ярьж байх шиг байна. Худалдах худалдан авах маргаан бүхий 2 дахь 2018 оны 3 сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний хувьд 192 832 юанийг илүү төлсөн гэж тооцоо нийлсэн. Тийм учраас бид шаардаж байна гээд байна. Шаардах үндэслэл тодорхойгүй гэж харж байна. Худалдах худалдан авах гэрээнээс шаардаад байгаа юм уу, тооцоо нийлсэн актаасаа шаардаад байгаа юм уу? Энэ нь ойлгомжгүй байна. Хоёуланг нь хооронд нь холбож яриад байх юм. Хариуцагчийн зүгээс дараах 3 үндэслэлээр эс зөвшөөрдөг. Нэгдүгээрт нь дурдсан 3 гэрээгээр бид нийтдээ 7,176,467 юанийн үнэ бүхий 32 521 тонн нийлүүлсэн. Ингээд гэрээний төлбөрт нэхэмжлэг болон түүний хамаарал бүхий Бау шинг гэдэг компанид нийтдээ 7,172,679 юанийг шилжүүлж авсан. Тэгэхээр гэрээний үүрэгт төлөх ёстой 193,832,000 илүү төлсөн гэх үүрэг тогтоогдохгүй гэж харж байна. Зүгээр л тооцоо нийлсэн акт байна. Хүмүүс тооцоо нийлж болно. Гэхдээ үндэслээгүй байна шүү дээ. Мөн дээрээс нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.*** гэдэг хүн андуурсан байгаа юм. Андуурсан гэдгийг бид холбогдох баримтаар нотлоод байгаа юм. Магадгүй баримтгүйгээр бид нарыг хүлээж байна гээд байгаа учраас холбогдох баримтыг гаргаж өгсөн. Тийм учраас л бид энэ баримтыг гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл бид гэрээнд зааснаас дутуу нүүрс нийлүүлсэн, энэ компаниас илүү мөнгө хүлээж авсан гэх баримт байхгүй. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 буюу 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн 2019 оны 1 сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд тоолох боломжтой. Энэ хугацаа нь 2022 оны 10 сарын 22-ны өдөр дуусна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор 2020 оны 2 сарын 1-ний өдрөөс зорчигч тээврийн үйл ажиллагааг зогсоож, БНХАУ зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 1 сарын 8-ны өдрөөс нээж эхэлсэн. Хил нээж хилээр нэвтрүүлж эхэлсэн үйл баримт авагдсан байдаг. Үүнээс тоолох юм бол шаардах эрх гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон үргэлжлүүлэн тоолох талаар Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дах хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа нь түр зогссон, зогсох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана. Хавтаст авагдсан баримтаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3 жилийн хугацаа дууссан. Уг хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох байдал үүссэн буюу зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан 45 хоногийн дараа буюу 2023 оны 1 сарын 8-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолж эхлэх бөгөөд уг хугацааг Иргэний хуулийн 78.3-т Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана гэж заасны дагуу 3 сарын хугацаагаар сунгах боломжтой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 4 сарын 8-ны өдөр хүртэл сунгагдахаар ойлгож байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн актын дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 4 сарын 8-ны өдөр дууссан байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2023 оны 9 сарын 7-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж харж байгаа юм. Гуравдугаарт тооцоо нийлсэн актаар бид 123 832 юанийг илүү төлсөн. Үүнийгээ бид нар шаардаж байна гээд байгаа юм. Тэгэхээр энэ шаардлагаа тодорхойлохдоо тухайн 2023 оны 9 сарын 7-ны өдөр гаргасан ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцох ёстой. Тэгэхээр энэ шаардлагаа буруу тооцоолсон байна гэж харж байна. Дөрөвдүгээрт сүүлд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаар өөрт учирсан хохирлоо шаардаж байгаа юм. Өмгөөлөгчийн зардал, байр түрээсний төлбөр, нотариатын зардал, орчуулгын зардал, автомашин түрээсний зардал. Шаардаж болно, энэ чинь өөрөө тооцоо нийлсэн акт, эс үгүй бол нотлох баримттай байх ёстой. Үүнийг нэхэмжлэгч тал хангалттай нотолж чадаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв. 

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

Нэхэмжлэл /хэргийн 1-4 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6-7 дугаар тал/

Хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 9 дүгээр тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 10-11 дүгээр тал/

Компанийн дүрэм /хэргийн 12-32 дугаар тал/

2018.03.06, Нүүрс худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 33-35 дугаар тал/

Тооцоо нийлсэн акт /хэргийн 35-37 дугаар тал/

Харилцсан зурвас /хэргийн 38-39 дүгээр тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 40-45 дугаар тал/

**** тооцоо баримт  /хэргийн 110 дугаар тал/

Гадаад улс дахь гүйлгээний өргөдөл /хэргийн 111-113 дугаар тал/

Тодорхойлолт /хэргийн 114-115 дугаар тал/

Хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 116 дугаар тал/

Дансны хуулга /хэргийн 117-131  дүгээр тал/

Засгийн газрын тогтоолууд /хэргийн 132-143 дугаар тал/

Кронавирус вирус /ковид -19/ цар тахлын үед хилийн боомтуудыг түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан талаарх мэдээлэл /хэргийн 145-149 дүгээр тал/

Гуравдугаар хавтаст хэрэгт

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 17-20 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 24-26 дугаар тал/

Нүүрс худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 27-28 дугаар тал/

Орон сууц хөлслөх гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримтууд /хэргийн 29-44  дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ /хэргийн 45-48 дугаар тал/

Бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 49-54 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 55 дугаар тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэхний лавлагаа /хэргийн 56-57 дугаар тал/

Автомашины зураг /хэргийн 58 дугаар тал/

Хөлсөөр ажлуулах гэрээ /хэргийн 59-60 дугаар тал/

Орчуулагч хөлслөх төлбөр төлөх хуваарь,  Бэлэн мөнгөний орлогын баримт, Төлбөр төлсөн жагсаалт, тасалбар  /хэргийн 61-88 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 98-99 дүгээр тал/ 

Орчуулагчийн үнэмлэх /хэргийн 104 дүгээр тал/ зэрэг баримтууд,  

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 54 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 57 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 60 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 181-182 дугаар тал/

2018.03.06, Нүүрс худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 183-188 дугаар тал/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд /хэргийн 189-250 дугаар тал/

Хоёрдугаарт хавтаст хэрэгт

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд /хэргийн 1-41 дүгээр тал/

2019.01.11, Нүүрс худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 42-44 дүгээр тал/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд /хэргийн 45-50 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 51-52 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 109-110 дугаар тал/

Нүүрс худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 111-117 дугаар тал/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд /хэргийн 118-166 дугаар тал/  зэрэг баримтууд,

Гуравдугаар хавтаст хэрэгт

Хариу тайлбар /хэргийн 96 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6. Шүүхээс бүрдүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд /хэргийн 164-166 дугаар тал/

Хаан банк ХК-аас ирүүлсэн дансны хуулга /хэргийн 167-169 дүгээр тал/

Хоёрдугаарт хавтаст хэрэгт

2024.05.29, Чингис хаан банкнаас ирүүлсэн албан бичиг /хэргийн 66 дугаар тал/

2024.06.10, Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг /хэргийн 71-74 дүгээр тал/

2024.06.14, Чингис хаан банкнаас ирүүлсэн албан бичиг /хэргийн 75 дугаар тал/

2024.07.29, Хаан банкнаас ирүүлсэн албан би-чиг /хэргийн 77-79 дүгээр тал/

2024.10.29 Үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 188-209 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 92 053 040 төгрөг гаргуулах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол  81 457 604 төгрөг нийт 173 510 644 төгрөгийг гаргуулах… нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй... гэж тайлбарласныг,

хариуцагч тал эс зөвшөөрч ...гэрээнд зааснаас дутуу нүүрс нийлүүлсэн, энэ компаниас илүү мөнгө хүлээж авсан гэх баримт байхгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцох ёстой, хохиролтой холбоотой шаардлагаа хангалттай нотлоогүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

3.Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г зохигч талууд бичгээр байгуулж, нэхэмжлэгч буюу худалдан авагч *** ХХК нь худалдагч буюу хариуцагч ***-иас 2019 оны 03 сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд 300.000 тонн нүүрс худалдан авах ба сар бүрийн нүүрсний худалдан авалтын хэмжээ 20.000 тонноос багагүй, нүүрсний үнийг Эрээн хот хүртэл тонн тутмыг 235 юань, энэхүү үнэ нь 5300-5500 ккал илчлэгтэй нүүрсний үнэ, уг үнэнд Монгол Улсын гаалийн татвар болон бусад Монгол улстай холбогдох бүх зардал багтаж, 180 юань/тонн ба (***-ийн дансанд Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансанд), үлдсэн нь төмөр замын тээврийн үнэ болох 55 юань/тонн (Монгол улсын иргэн ***, регистрийн дугаар ***, Хаан банкны *** тоот дансанд) шилжүүлэхээр харилцан тохирчээ.

Иргэний хуулийн 243 дугаар күйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан “Нүүрё худалдах худалдан авах гэрээг дүгнэвэл нэг талаас хариуцагч нэхэмжлэгчид нүүрс тээвэрлэн хүлээлгэн өгч, нэхэмжлэгч тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон байх учир талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

4. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

5. Хууль болон гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийн талаар талууд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 25- ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус тооцоо нийлсэн байх ба 2019 онд хийгдсэн 2 тооцоо нийлсэн баримтаас үзэхэд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 203.832,6 юаны үлдэгдэлтэй, үүнээс 2019 оны 5 дугаар сарын 10- ны өдөр 10.000 юаны буцаалт хийгдэж, үлдэгдэл 193.832,6 юаны төлбөр илүү төлөгдсөнийг *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.*** хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1 хх-36-37, 110 дугаар тал/

6. ***-ийн захирал *** 2024 оны 2 сарын 12-ны өдрийн албан бичигтээ *** *** ХХК -ийн 100 хувийн хувьцааг, **** хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЅHK 20 дугаар нүүрс худалдах-худалдан авах гэрээний дагуу 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр *** ХХК-д шилжүүлсэн 250.000 юаны нүүрсний төлбөрийг *** -ийн данснаас шилжүүлсэн болно" гэх бичгийн баримт, *** ХХК-ийн дансны хуулга баримт хэрэгт авагджээ. /1хх-114,2хх-51, 

Мөн 2025.04.25-ны өдрийн  *** -ийн шүүхэд ирүүлсэн бичгийн баримтад ...бидний зүгээс ***-тай байгуулсан нүүрё худалдан авах гэрээний төлбөр тооцоог оруулан тооцсон акт, гэрээг үндэслэн *** нь ***-д холбогдуулан шаардлага гаргахад татгалзах зүйлгүй, хамаарал бүхий компаниуд тул манай компанийн эрх, ашиг хөндөгдөхгүй болохыг албан ёсоор шүүхэд мэдэгдэж байна... гэжээ. /3хх-22 дугаар тал/

7. Дээрх баримтуудаар *** ХХК-ийн шилжүүлсэн 250.000 юаныг зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд оруулж тооцоо нийлсэн үйл баримтад эрх бүхий этгээд маргаагүй гэж үзнэ.

8. Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд гэрээний дагуу нийлүүлсэн, худалдан авсан нүүрсний хэмжээ 18 485тн болох талаар маргаагүй.

9. *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримтаар Н.*** тус компанийн эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал байсан, компанийг бүрэн төлөөлөх эрхтэй байх хугацаандаа 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч талтай тооцоо нийлж, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 203.832,6 юаны үлдэгдэлтэй, үүнээс 2019 оны 5 дугаар сарын 10- ны өдөр 10.000 юаны буцаалт хийгдэж, үлдэгдэл 193.832,6 юаны төлбөр илүү төлөгдсөнийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

10. Түүнчлэн хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч *** хариуцагчийн төлөөлөгч Н.***гийн вичат руу "2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр *** дугаар дансанд бэлнээр 73.390.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *** дугаар дансанд 110.384.200 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Н.***гаас Хаан банкны дансны дугаарыг өгөөд эргээд *** 58.000.000 төгрөг болон 16.985.300 төгрөгийг ***тоот дансанд шилжүүлсэн тухай банкны гүйлгээний баримтын скрийншот хийсэн баримт, мөн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 17.00 цагийн үед 71.820.000 төгрөгийг *** тоот дансанд шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Н.***гаас *** Хаан банкны *** гэх дансны дугаар болон ***-ийн ***тоот Худалдаа хөгжлийн банкны дансыг өгсөн байх ба тухайн өдөр Лю Яанаас 2018 оны 1 дүгээр арыг-ний өдөр Н.***гийн *** дугаар дансаны 185.250.048 төгрөгийг шилжүүлсэн баримт, түүнчлэн 2018 оны 1 дүгээр сарын 10- ны өдөр ****** тоот дансанд 148.199.964 төгрөг шилжүүлсэн баримт, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 169.425.000 төгрөгийг Н.***гийн *** тоот дансанд шилжүүлсэн тухай баримт, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Н.***гийн Хаан банкны ***тоот дансанд 15.060.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ***тоот дансанд бэлнээр 63.070.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, мөн 20.000.000 төгрөгөөр 4 удаагийн гүйлгээгээр нийт 80.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай дансны хуулга, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ***-ийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансанд 151.600.000 төгрөгийг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 5 удаагийн гүйлгээгээр нийт 86.940.000 төгрөгийг Н. ***гийн Хаан банк дахь *** тоот дансанд шилжүүлсэн тухай баримт" байгааг баримтжуулсан.

 11. Эдгээр баримтуудыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж, өөрийн тайлбар татгалзалаа нотлоогүй.

12. 2019.11.22-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн баримтаар хариуцагч 193 832.60 юань төлөх төлбөрийн үлдэгдэлтэй гарсыг хүлээн зөвшөөрсөн, мөн уг тооцоог “тооцооны үлдэгдлийг харилцан тохиролцсоны дагуу нүүрс нийлүүлэх хэлбэрээр барагдуулна” гэж баталж, хүлээн зөвшөөрч, гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байна.

13. Хариуцагч уг тохиролцоо болон гэрээний үүргээ биелүүлсэнээ нотлоогүй учир нэхэмжлэгч гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

14. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэж заасан.

15. Зохигч талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдэгдсэнээр буюу тухайн өдрөөр хариуцагч ***-д төлбөр төлөх үүрэг үүссэн.

16. Нийтэд илэрхий үйл баримт буюу Монгол банкны цахим сайтад тавигдсан мэдээллээр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1 юань 384,77 төгрөгтэй тэнцэж байсан байна.

17. Дээрхээс дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ***-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 193,832.60 юань буюу 74.580.969,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98 929 675 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 81 457 604 төгрөгөөр нэмэгдүүлж, үндэслэлээ ...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирол төлбөр буюу өмгөөллийн зардал 9 205 304 төгрөг, автомашин түрээслэсний зардал 22 100 000 төгрөг, орон сууц түрээсийн зардал 28 500 000 төгрөг, орчуулагчийн зардал 16 421 900 төгрөг, нотариатын зардал 141 000 төгрөг, зорчигч тээврийн зардал 5 89 400 төгрөг нийт 81 457 604 төгрөг... гэжээ.

19. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа дээрх 81 457 604 төгрөгийн зардал нь шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаанаа шийдвэрлүүлэх ажиллагааны явцад гарсан зардал, төлбөр гэж тайлбарлав.

20. Шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

21. Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгаас дээрх зардал төлбөр нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбтоотой гарсан гэж үзэхээр ба түүнийг хариуцагчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирол, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол төлбөрт тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.

22. Нэхэмжлэгч тус шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба талууд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолоор 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал ачаа тээврийг 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс нээж хилээр нэвтрүүлж эхэлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

23. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд” гэж, мөн хуулийн 78.3-т “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана" гэж тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс үргэлжлүүлэн тоолох тул хөөн хэлэлцэх хугацааны дотроо нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан буюу нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв.

24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 183 453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 530 854 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар хариуцагч ***-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 193,832.60 юань буюу 74.580.969,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98 929 675 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 183 453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 530 854 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                 Ш.ОЮУНТУУЛ