Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2020/02216

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02216

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02683 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Д.С, Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 887 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.С, Б.О нарын хүсэлтээр 2019 оны 12 сарын 19-нд 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээг бичгээр байгуулж, Хаан банк дахь дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн хүүг сар бүр, үндсэн зээлийг зээлийн хугацааны эцэст өгөхөөр тохиролцсон ч гэрээний 3 сарын хугацаанд огт хүү төлөөгүй, мөн гэрээний хугацаа дууссан ч зээл, хүү, алдангийг төлөөгүй. Зээлдэгч болон хамтран зээлдэгчээс удаа дараа төлөлтөө хийхийг шаардсан ч утсаа авахгүй, дугаарыг маань блоклон холбогдохгүй болсон. Д.С, Б.О нараас зээл 3 000 000 төгрөг, 3 сарын хүү 720 000 төгрөг, алданги 1 167 000 төгрөг, гэрээнд заасан 1 сарын 19-ний өдрөөс 117 өдрийн алданги 140 400 төгрөг, 2 сарын 19-ний өдрөөс 86 өдрийн алданги 103 200 төгрөг, 3 сарын 19-ний өдрөөс 57 өдрийн алданги 68 400 төгрөг, үндсэн зээлийг гэрээнд заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй 57 өдрийн алданги 855 000 төгрөг, нийт 4 887 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний сайн танил Э- 2019 оны 12 сарын 18-ны өдөр над руу залган мөнгө хэрэгтэй байна, 2 000 000 сая төгрөг зээлээч гэхэд тухайн үед надад мөнгө байгаагүй. Гэтэл маргааш нь надад би нэг дүүтэйгээ ярьчлаа, очоод авчих, гэхдээ зээлийн гэрээ хийнэ гэж байна, чи төлбөрийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг нэмээд авчих гэсэн. Би түүнд туслахаар болоод Б-тэй гэрээ байгуулж, дансаар 3 000 000 төгрөг аваад 2 000 000 сая төгрөгийг Э-д шилжүүлсэн. Иймд би өөрийн авсан 1 000 000 төгрөгийг хүүтэй, алдангитай төлөхөд татгалзахгүй. Харин н.Э-гийн 2 000 000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхгүй. Манай нөхөр Б.О энэ хэрэгт хамаагүй, намайг гэрээ байгуулахдаа орон нутгийн хаягтай юм байна, нөхрөө дууд гэхээр нь ирүүлж гарын үсэг зуруулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол овогтой Дамдинбазарын Сос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 887 000 төгрөг гаргуулан Боржигин овогтой Батцэрэнгийн Б-т олгож, хариуцагч Б.Од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 93 142 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 93 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараар төлүүлэх хүсэлтэй байсан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 12 сарын 19-ний өдрийн гэрээнд Д.С, Б.О нар нь хоёулаа бүрэн танилцаж, гарын үсэг зурсан. Хариуцагч нар нь анх зээлийн гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж ирэхдээ анхнаасаа хоёулаа хамтдаа ирсэн.Зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх талаар заасан. Харин хариуцагч Д.С шүүхэд худал тайлбар өгсөн. Мөн нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгөнөөс н.Э- гэх хүнд өрөө төлснийгөө тус хүнтэй хамтран зээлж авсан мэтээр тайлбарлажээ. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар хариуцагч нарыг сонгож нэхэмжлэлээ гаргасан.Иймд шүүхийн шийдвэрийн хариуцагч Б.Од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг Д.С, Б.О нарт тэнцүү хэмжээгээр гүйцэтгүүлэх талаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Д.С, Б.О нараас зээл 3 000 000 төгрөг, хүү 3 сарын 720 000 /240 000 х 3/ төгрөг, анз 1 167 000 төгрөг, нийт 4 887 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д.С зээл 3 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү алданги өндөр байх тул 1 000 000 төгрөг төлнө гэж маргажээ. Мөн хариуцагч Д.С нь хариуцагч Б.О энэхүү зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ. /хх 1, 18-20/

 

Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан, гэрээнд Д.С, Б.О нар гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээд заасан ХААН банкны  тоот дансанд 2 зээлдэгчийн хэн алины нэрийг бичиж шилжүүлсэн, гэрээгээр хамтран зээлдэгч нарын эрх, үүргийг тодорхойлсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогджээ. /хх 8/

 

Хариуцагч тал 3 000 000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрсөн, зээлийн гэрээнд хоёр зээлдэгчийн хэн аль нь гарын үсэг зурсан болон гэрээний үүрэгт төлөлт огт хийгдээгүй байгааг үгүйсгээгүй. /хх 34/

 

Мөн зээлийн гэрээний үүрэгт 4 887 000 төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэрийг хариуцагч Д.С хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

Анхан шатны шүүхээс зээлдэгч Б.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хууль зүйн үндэслэлээ заагаагүй, хамтран зээлдэгчийг хариуцлагаас чөлөөлсөн нь буруу болжээ. /хх 37/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1-д тус тус зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцох юм. Зээлдүүлэгч гэрээг бодитой биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байх юм.

 

Зээлдүүлэгч нь хамтран зээлдэгч нараас гэрээний үүргийг бүхэлд нь гаргуулахаар шаардсаныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зээлдэгч Д.С, Б.О нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл 3 000 000 төгрөгийг хүү, хэтэрсэн хугацааны алдангийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар зээл, хүү, анз 4 887 000 төгрөгийг хамтран хариуцагч нараас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав. .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02683 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С, Б.О нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4 887 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай гэж, 2 дах заалтын ...хариуцагчаас гэснийг ...хариуцагч Д.С, Б.О нараас гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД