| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1161/Э |
| Дугаар | 1197 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 1197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогч Б.Б түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал,
шүүгдэгч Н.Т түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т холбогдох эрүүгийн 1803 0045 30261 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Т , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жуков худалдааны төвийн урд талын замд 47-43 УНХ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Батчулууныг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед Жуковт уруудаж яваад хохирогчийг мөргөсөн. Би гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би замаар гарч байхад энэ залуу намайг хурдтайгаар ирээд мөргөсөн. Би гомдолтой байна. Би одоо 2 сар гаран үр хүүхдээрээ өтгөн шингэнээ зөөлгөж байна. Энэ залуу надаас одоо болтол уучлалт гуйгаагүй. Манай ээж, аав нар Бүгд найрамдах улсын кинонд тоглож байсан. Намайг Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэхэд 15 хувийн хөнгөлөлт эдлүүлсэн. Би 3 хүүхэдтэй, нэг хүү маань хилийн чанадад ажил хийдэг, нэг хүү маань сахарын хүнд өвчтэй. Би өөрөө эмнэлгийн жуух бичгээр шагнуулж байсан. Би сувилагчийн тухай кино хийгээд хавдартай сувилагч нарт хандив өргөх гэж байсан. Одоо тэр ажлаа хойш тавиад байж байна гэв.
Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 23 минутын орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жуков худалдааны төвийн урд талын замд 47-43 УНХ улсын дугаартай Приус-30 маркийн автомашин жолоодож яваад эргэлтэн дээр эргэх үед урд замаа харахад хүн харагдаагүй, тэгээд хажуу тийшээ хараад буцаад урагшаа хартадзам дээр зогсож байсан микроавтобусны араас 2 машины голоос нэг эмэгтэй хүн алхаад гараад ирсэн. Тэгээд л би сандараад тоормос гишгэж амжаагүй мөргөсөн юм. Тухайн үед би машиндаа ээжийнхээ төрсөн дүү Ууганбаяртай хамт явж байсан. Энэ ослоос болж миний машинд ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 71-72 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 23 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Жуков” худалдааны төвийн урд талын замыг ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй хөндлөн гарч явтал зүүнээс урагшаа чиглэлтэй явж байсан 47-43 УНХ улсын дугаартай Приус-30 маркийн автомашинд мөргүүлсэн юм. Би зам хөндлөн гарахдаа машин харахад ямар нэгэн машин харагдаагүй болохоор би зүүн гартаа тортой зүйл бариад чигээрээ гарч явтал шууд намайг баруун гар талаас мөргөөд газарт унагаад тэгээд цаашаа 3-4 метр газар чирээд түрээд явчихсан юм. Тэгээд нөгөө жолооч бууж ирээд дахин машинаа ухараагаад намайг татаж босгох гээд чадахгүй тэгээд л эмнэлэг цагдаа дуудсан юм. Уг машин намайг хараагүй ямар нэгэн тормос гишгээгүй шууд ирж мөргөөд л түрж явж байгаад л зогссон. Уг жолооч өөр тийшээ хараад л явж байсан юм шиг байгаа юм. Уг осол болсон зам бол хороолол доторхи зам, явган хүн давуу эрхтэй, тэгэхэд жолооч их анзаараггүй явж байгаад л мөргөсөн. Уг ослоос болж аарцаг задарсан, мөнгөн гүүр эмнэлэгт 20 гаран хоног хэвтээд гарсан юм. Эмчилгээнд одоогоор 3.5 сая төгрөгний зардал гараад байна. Цаашид мөн гарна. Эдгээр зардлаа баримтаар гаргаж өгөх болно. Уг мөргөсөн машины жолооч залуу хажуудаа нэг хүний хамтаар явж байсан ба тэр хүн нь намайг л гай болсон авгай машин тэрэг харахгүй гээд л загнаад байсан. Эмчилгээнд гарсан зардлаа яаралтай гаргуулан авмаар байна. Аарцаг задарсан болохоор одоо гишгэж явж чадахгүй хэцүү байна. Мөн манай Скай стар ХХК-д менежер хийдэг хүүхэд маань ажлаасаа чөлөө аваад одоо болтол намайг харж хандаж байна. Энэ хүүхдийнхээ ажилгүй байсан цалинг нэхэмжилж байна… ” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дүгээр хуудас/,
Иргэний хариуцагч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...47-43 УНХ улсын дугаартай Приус-30 маркын авто машин Худалдаа хөгжлийн банкны нэр дээр байгаа. Гэхдээ энэ банктай би гэрээ хийсэн болохоор миний эзэмшлийнх байгаа юм. Энэ машин 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2018 оны 6 сард Монгол Улсад орж ирээд тэрнээс хойш унаж хэрэглэж байгаа автомашин. Би хөдөөгүүр ажилтай болохоор намайг байхгүй хойгуур миний төрсөн хүүхэд Н.Т унаж хэрэглэдэг юм. Энэ ослоос болж миний машинд ямар нэг гэмтэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Энэ талаар надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин нөгөө гэмтсэн хохирогчийн гарсан бодит зардлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлэнгэ зочид буудлын урд байранд байх төрсөн эгч Болортуяагийн гэрт очсон юм. Тэгээд тэдний гэрээс 11 цаг өнгөрч байхад Болортуяагийн төрсөн хүүхэд болох Н.Т хамтаар түүний 47-43 УНХ улсын дугаартай Приус-30 маркийн автомашинтай ажил дээрээ буюу Нарны зам хүргүүлэх гээд хамт явсан. Тухайн үед Төрболд машинаа унаад би урд суудал дээр суугаад явсан юм. Жуков худалдааны төвийн урд зам дээр хороолол доторхи замд зүүнээс баруун чиглэлтэй 20 орчим км цагийн хурдтай явж байгаад замыг ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэйзам хөндлөн гарч явсан явган зорчигчийг Төрболд жолооч талаараа мөргөчихсөн тухайн үед би машин дотор утсаа оролдоод явж байсан болохоор хүн мөргөсөнг мэдээгүй гэнэт л тас буугаад хартал нэг настай эмэгтэйг мөргөсөн, тэр хүн машин доогуур орчихсон тэгэнгүт би юу болов гэтэл хүн мөргөчихлөө гэж Төрболд хэлээд зогсоод буугаад хартал нэг настай эмэгтэйг мөргөсөн тэр хүн машин доогуур орчихсон байхаар нь машинаа ухараагаад тэр эмэгтэйг гаргаж аваад би өөрийнхөө 99781094 гэсэн утсаар түргэн дуудаад Төрболд өөрийнхөө утсаар цагдаа дуудсан юм. Тухайн үед би их шоконд орсон байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг. /хэргийн 24 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн шинжээчийн ¹6539 дүгнэлтэд “Б.Б биед ууцны симпиз үений зөрөлт, ууцны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгарсан шарх, сарвуу бугуй, ташаа, өгзөг, гуя өвдөгт зулгаралт хэвлий, гуя, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 38-39 дугаар хуудас/,
2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн мөрдөгчийн “47-43 УНХ улсын дугаартай T.Приус-30 маркийн автомашины жолооч Н.Т нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9. 2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”…гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хэргийн 36 дугаар хуудас/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хэргийн 3-9 дүгээр хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 81-126 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 75 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жуков худалдааны төвийн урд талын замд 47-43 УНХ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Батчулууныг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Н.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэгт хавсарган ирүүлсэн Н.Т В ангиллын 1192888 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, Иргэний хуульд зааснаар иргэний хариуцагч Н.Н 4735.409 төгрөг гаргуулж хохирогч Б.Б олгохоор шийдвэрлэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ. Хохирогч нь хэрэгт 3.642.498 төгрөгний хохирлын баримтыг, шүүхийн хэлэлцүүлэгт 692.291 төгрөгний баримтыг гаргаж ирүүлсэн бөгөөд түүний охин Скай Стар ХХК-д менежер ажилтай Г.Мөнгөнцэцэг нь 3 сарын чөлөө авч хэргийн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ээжийгээ асарсан болох нь нотлогдож байх тул түүний 3 сарын цалин 2.400.000 төгрөг, нийт 6735.409 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 2.000.000 төгрөгийг хасч 4.735.409 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар тооцсон болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.