Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ч.Гантулгабат,

шүүгдэгч Н.Э түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э холбогдох эрүүгийн 1806 0445 11058 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Э /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Э.О эзэмшлийн Гурван-Эрдэнэ түргэн үйлчилгээний цэгт худалдагч П.Оюунцэцэгийг ажиллаж байхад нь өөрийгөө Баянзүрх дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжилтэн Э гэж танилцуулан худалдаа үйлчилгээний гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч Э.О бэлнээр 35.000 төгрөг залилан авсан,

2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурван-Эрдэнэ түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээ явуулах зөвшөөрлийг 650.000 төгрөг зээлэх юм бол гэрчилгээг 6 дугаар сараас өмнө гаргаж өгнө гэж хуурч иргэн Э.О 650.000 төгрөгийг залилан авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 35.000 төгрөгийг худлаа хэлж авсан нь үнэн. Харин 650.000 төгрөгийг аваагүй. Би тэр мөнгийг надад зээлээч гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 хороонд байрлах 16 автобусны буудал дээр байх “Гурван Эрдэнэ” гэх ТҮЦ рүү ганцаараа орсон. Тухайн ТҮЦ-д 50 гаруй насны эгч байсан бөгөөд би тэр хүнд Баянзүрх дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсээс явж байна, манай дүүрэгт нийслэлээс ТҮЦ-ийн 50 ширхэг зөвшөөрөл гарга гэсэн захирамж гарсан, танай ТҮЦ-нд зөвшөөрөл гаргаж өгье, 35.000 төгрөг болно гэж хэлээд 35.000 төгрөгийг тэр хүнээс бэлнээр авсан. Тэр ТҮЦ-ний худалдагч надад Мобайл диллерийн гэрээ, Тохижилт, цэвэрлэгээний гэрээ, кадастрын зураг гэх мэт зүйлсийг өгөөд миний утасны дугаарыг авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд миний эзэмшлийн 3 эрдэнэ ТҮЦ-нд Оюунцэцэг надруу залган Баянзүрх дүүргийн худалдаа үйлчилгээний байцаагч гэх Э гэх эмэгтэй бичиг баримт шалгаж явна, та энэ хүнтэй яриад үз гээд утсаа шилжүүлсэн тэгсэн тухайн хүнтэй ярихад тус эмэгтэй өөрийгөө Баянзүрх дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагч Э байна, танай ТҮЦ-нд худалдаа үйлчилгээний гэрчилгээ байхгүй, бусад бичиг баримт байна, манай дүүрэгт нийслэлээс 50 ширхэг ТҮЦ-ний зөвшөөрөл гарга гэсэн захирамж гарсан, уг захирамжийн дагуу бид нар ТҮЦ-г бүртгэж авч өдөр 3 цагаас шуурхай хуралд оруулж зөвшөөрөл олгох гэж байгаа юм. 35.000 төгрөг Улаанбаатар банкинд тушаах ёстой, надад бэлнээр 35.000 өгчих, би тушаагаад баримтыг нь материалд хавсаргаад хуралд оруулъя гэхээр нь би зөвшөөрч ТҮЦ-ний газрын акт, тохижилтын гэрээний хуулбар, хогний дэвтэрийн хуулбар, мөн 35.000 төгрөгийн хамтаар өгөхийг Оюунцэцэг эгчид хэлж өгч явуулсан, тэгээд нэг цагийн дараа буюу 11 цагийн орчим надруу 88630243 гэх дугаараас залган үйлчилгээний байцаагч Э байна, танай материалыг шалгаж үзэхэд манай дүүргийн худалдаа үйлчилгээний бүртгэлгүй байгаа тул зөвшөөрөл олгоход хэцүү байна харин энэ бүртгэлд оруулж өгч болох юм, манай ахлах байцаагч Золзаяагийн дүү нь яаралтай хагалгаанд орох мөнгө хэрэгтэй байгаа, чи 650.000 төгрөг зээлдэх юм бол худалдаа үйлчилгээний бичиг 6 сараас өмнө гаргаад өгнө, чи мөнгөө яг одоо 5023472449 Э гэх данс руу хийчих гэж хэлэхээр нь би эргээд холбогдъё гэж хэлээд гар утсаа таслаад Цагдаад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авах болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч П.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хамаатны хүн болох Отгонжаргалын “3 Эрдэнэ” ТҮЦ-нд сууж байтал өөрийгөө Баянзүрх дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э гэж танилцуулан намхандуу, шар царайтай хүүхэн орж ирээд ТҮЦ-ний бичиг баримтыг шалгаад ТҮЦ-ний зөвшөөрөл нь байна, гэрчилгээ нь алга байна. Одоо 15 цагаас хуралтай, 50 ТҮЦ-ний зөвшөөрөл ирсэн, гэрчилгээний мөнгө 35.000 төгрөгөө өгчихвөл зөвшөөрөл гаргаад өгнө гэж байна гээд хэлтэл дүү тэр эмэгтэйтэй өөртэй нь яриад надад 35.000 төгрөгийг нь өгчих гэж хэлсэн. Ингээд тэр эмэгтэй надаас 35.000 төгрөг, ТҮЦ-ний бүх бичиг баримттай цуг аваад явсан. Үүнээс 15 минутын дараа тэр эмэгтэй дүү Отгонжаргал руу залгаад 650.000 төгрөг өгчихвөл яаралтай гаргаж өгнө гэж хэлсэн байсан. Дүү над руу ярьсанаа наад эмэгтэй чинь нэг л биш 650.000 төгрөг нэхэж байна, таниас очоод ав гээд хэлчихлээ, та байлгаж байгаарай гэхээр нь нээрээ чи бид 2 хууртагдсан юм шиг байна, цагдаа дууд гэсэн чинь жоохон байж байгаад дуудчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19-20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Э.О эзэмшлийн Гурван-Эрдэнэ түргэн үйлчилгээний цэгт худалдагч П.Оюунцэцэгийг ажиллаж байхад нь өөрийгөө Баянзүрх дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжилтэн Э гэж танилцуулан худалдаа үйлчилгээний гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч Э.О бэлнээр 35.000 төгрөг залилан авсан,

2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурван-Эрдэнэ түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээ явуулах зөвшөөрлийг 650.000 төгрөг зээлэх юм бол гэрчилгээг 6 дугаар сараас өмнө гаргаж өгнө гэж хуурч иргэн Э.О 650.000 төгрөгийг залилан авахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч нь 35.000 төгрөгийг залилан авсан болохоо хүлээн мэдүүлж байгаа боловч, 650.000 төгрөгийг залилан авахийг завдсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд: хохирогч Э.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “…манай ахлах байцаагч Золзаяагийн дүү нь яаралтай хагалгаанд ороход мөнгө хэрэгтэй байгаа, чи 650.000 төгрөг зээлдэх юм бол худалдаа үйлчилгээний бичиг 6 сараас өмнө гаргаад өгнө, чи мөнгөө яг одоо 5023472449 Энхтуяа гэх данс руу хийчих гэж хэлэхээр нь “би эргээд холбогдоё” гэж хэлээд гар утсаа салгаад Цагдаад мэдэгдсэн…” гэх мэдүүлэг /хэргийн 12 хуудас/

Гэрч П.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “…дүү над руу ярьсанаа “наад эмэгтэй чинь нэг л биш байна, 650.000 төгрөг нэхэж байна, би танаас очоод 650.000 төгрөг ав гээд хэлчихлээ, та ирэхээр нь байлгаж бай” гэхээр нь нээрээ чи бид 2 хуурагдсан байхаа, цагдаа дууд гэтэл дүү дахиж яриад хорооны цагдааг дуудчихлаа гээд хэсгийн байцаагч Төр-Од ирээд гадаа байж байхад нь нөгөө хүүхэн орж ирэнгүүт нь би дүү рүү залгаад цагдаа орж ирээд нөгөө хүүхнийг шалгаад аваад явсан…” гэх мэдүүлэг /хэргийн 14 хуудас/ зэргээр шүүгдэгч нь 650.000 төгрөгийг залилах үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна. Иймд Э.Отгонжаргалын 650.000 төгрөгийг залилан авахыг завдсан гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 105 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 6 сарын 2-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ.

 Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Н.Энхзаяаг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ. Гэтэл Н.Энхзаяа нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн 6 сарын хорих ялаар дүйцүүлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.