Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/677

 

 

  2025             06             02                                        2025/ДШМ/677

 

Т.Т, Д.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Баасанжаргал,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг,

шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Т.Туул,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/404 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор Т.Т, Д.О нарт холбогдох 2211021010024 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.О, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 00 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “00” эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 00тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо 00 дүүргийн 00  дугаар хороо, 00 хотхон 00тоотод оршин суудаг, /РД:00000000/

2. Т.Т, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 00 ажилтан, ам бүл 2, хүүхдийн хамт 00 дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна хохирогч Т.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодолдсоны улмаас биед нь дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хамрын үзүүр, хамрын зүүн нүхэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Т.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна хохирогч Д.О-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодолдсоны улмаас биед нь дээд уруулын салстад өнгөц шарх, дээд баруун 1, зүүн 1-р шүдний бүрэн бус мултрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Т, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Д.О, Т.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Т, Д.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ404 дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15457 дугаар: "...Д.О-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх хамрын таславчийн мурийлт, шүдний хөдөлгөөн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022.11 09-ний өдөр үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаар: “...1.2.5. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15757 дугаар дүгнэлтээс тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтийн үзлэг шинжилгээний хэсэг болон нэмэлт шинжилгээгээр тархи доргилт гэмтэл тогтоогдсонгүй, хамрын таславчийн мурийлт нь хуучин байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаар: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны 15757 дугаартай дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаартай дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт нь хуучин гэсэнтэй, мөн 3.4.6-р хариулттай санал нэг байна. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны 15757 дугаартай дүгнэлтэд дурдсан тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Д.О-ийн биед тухайн үед дээд уруулын салстад өнгөц шарх, дээд баруун 1, зүүн 1-р шүдний бүрэн бус мултрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохих үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг гэх дүгнэлт (1 дүгээр түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... хавтаст хэргийн 196-203 дугаар хуудас),” гэх гурван өөр цаг хугацаанд гарсан илт зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдээс Т.Т намайг илт буруутгаж болох буюу Д.О-ийн биед гэмтэл учирсан гэх дүгнэлтийг сонгон шийтгэх тогтоолын үндэслэл болгосонд гомдолтой байна.

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 5 дугаар сарын 26- ны өдрийн 461 дугаар: "...1.2.5.2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15757 дугаар дүгнэлтээс тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтийн үзлэг шинжилгээний хэсэг болон нэмэлт шинжилгээгээр тархи доргилт гэмтэл тогтоогдсонгүй, хамрын таславчийн мурийлт нь хуучин байна..." гэж заасан байх бөгөөд Д.О-ийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон үндсэн гэмтэл нь хуучин буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө үүссэн байна. Иймд Д.О-ийн биед учирсан бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй болохыг дурдсан. Гэтэл анхан шатны шүүхээс цагаатгах талын нотлох баримтаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг үнэлсэнгүй. Мөн миний гэм бурууг тогтоохдоо нотлох баримтын шаардлага хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй камерын бичлэгийг үндэслэсэнд гомдолтой байна. Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.О-ийн биед учир гэмтэл хөнгөн зэрэгт хамаарахгүй болохыг үнэлэн цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Ж.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай өглөө ирээд танилцсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд энэхүү гэмтлийг би учруулаагүй талаар гомдол гаргасан. Хавтаст хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.О-ээс анх гэрчийн мэдүүлэг өгсөн. Шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Нэг удаа алгадсан. Үснээс зулгаасан. Толгой ар дагз хэсэгт цохисон. Т.Т-аас надад ийм гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Нэг удаа алгадсан гэсэн нь хоёр удаа алгадсан болсон. Үснээс зулгаасан гэсэн нь хэвээрээ байна. Нэмэгдсэн зүйл нь тээврийн хэрэгслийн руль руу 3 удаа мөргүүлсэн гэж байгаа. Анхан шатны шүүхээс 2 удаа хэлэлцсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт руль мөргүүлсэн талаар яригдаагүй. Бодит байдал дээр руль мөргүүлсэн эсэх дээр би дүгнэсэн. Тухайн хүнийг сууж байхад манай үйлчлүүлэгч үсдэж, тээврийн хэрэгслийнх нь руль хэсгийг мөргүүлсэн юм шиг гэмтэл учирсан байгаа. Гэтэл тээврийн хэрэгсэлдээ сууж байгаа хүн мэдээж эргэж харна. Нүүрийг эгц дээш нь мөргүүлсэн юм шиг мэдүүлсэн. Хэрвээ үнэхээр тээврийн хэрэгслийн руль хэсэгт 3 удаа мөргүүлж шүдэнд нь гэмтэл учирсан бол яагаад уруулын дээд, доод, гадна, дотор хэсэгт язрал үүсээгүй бэ. Эмчийн дүгнэлтээр зөвхөн зулгаралт гэж байгаа. Зулгаралт, язралт өөр байгаа. Цохилтын улмаас язралт үүснэ. Гэтэл зөвхөн баруун дээд уруул хэсэгт зулгаралт үүссэн гэж байгаа. Тэгэхээр шүдний гэмтлийг учруулсан эсэх дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Д.О-ийн биед гэмтэл учирсан талаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. 1, 2 дахь дүгнэлтэд ямар нэгэн байдлаар тархи доргилт гэсэн шинжээчийн дүгнэлт гараагүй. Хамгийн сүүлийн дүгнэлтэд тархи доргилт гэж гарсан байна. Эхний 2 дүгнэлтийг ямар байдлаар үгүйсгэж тархи доргилт гэж оруулж ирсэн бэ. Дух, дагз хэсэгт зулгаралт нь хөдөлмөрийн чадварт дангаараа нөлөөлөх эсэхийг 1, 2 дугаар шинжээчийн дүгнэлтээр нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Тархи доргилт дангаараа хөнгөн зэргийн гэмтэлт хамаарах уу эсхүл зулгаралт дангаараа хөнгөн зэргийн гэмтэлт хамаарах уу гэдэг нь гуравдугаар шинжээчийн дүгнэлтээр ойлгомжгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн өгсөн мэдүүлэг логикийн хувьд давхцах ёстой гэж ойлгож байна. Шүдэнд учруулсан гэмтэл, тархи доргилт асуудал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөдөлмөрийн чадварыг 4 долоо хоногоос дээш хугацаагаар алдагдуулсан эсэх нь эргэлзээтэй юм. Анх эмнэлэгт үзүүлэхдээ хувийн сонирхолтой эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Огноо, нас, цаг хугацаа нь зөрчихсөн. Гэтэл дараа дараагийн дүгнэлтүүд дандаа хэрэгт авагдсан материалд дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтүүд бодит үнэнд нийцсэн эсэхэд эргэлзээтэй байна. Иймд миний үйлчлүүлэгч Т.Тд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Т.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд 3 шинжээчийн дүгнэлт өөр цаг хугацаанд гарсан гэж байгаа. Гурван шинжээчийн дүгнэлт өөр цаг хугацаанд гарна шүү дээ. Энэ нь үндэслэлгүй гомдол байна. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 461 дүгээр шинжээчийн дүгнэлтийг үнэлсэнгүй гэж байна. Тархи доргилт, хамрын таславчаас бусад гэмтлүүд нь үндэслэлтэй гэж үзсэн. Бусад гэмтэл байгаа гэдгийг үнэлсэнгүй гэж өөрсдөө гомдолдоо бичсэн. Мөн миний гэм бурууг тогтоохдоо нотлох баримтын шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй. Камерын бичлэгийг үндэслэсэнд гомдолтой гэж дурдсан байна. Камерын бичлэг хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан. Энэ талаар олон удаа яригдаж шийдвэрлэгдсэн. Камерын бичлэгийг авсан эх сурвалж байхгүй гэсэн байна. Энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэсэн. Хавтаст хэргийн 38 дугаар талд хэрэг гарсан гэх газрын хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг гэж эх сурвалжийг заасан. Мөн шүүгдэгч Т.Т-аас Д.О-ийн биед гэмтэл учруулаагүй гэж тайлбарлаж байна. Камерын бичлэгт харагдаж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд тархи доргилтоос гадна олон тооны гэмтэл тогтоогдсон. Энэ нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа. Тархи доргилт бол амархан эдгэрэх боломжтой. Жилийн дараа үзүүлэхэд тархи доргилт зүгээр гарна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Э.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Т, Д.О нарт холбогдох хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцсэн. Хэрэгт авагдсан Т.Т, Д.О нарын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудад үндэслэн Т.Т, Д.О нар харилцан бие биедээ халдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Тын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Гомдолдоо 461 дүгээр шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй гэж дурдсан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Д.Оийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоосон шинжээч эмч Цолмонг оролцуулсан. Мөн хэрэгт авагдсан Д.О-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийн харьцуулан шинжлэн судалсан. Улмаар Д.О-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч харилцан зөрүүтэй дүгнээгүй болохыг шийтгэх тогтоол болон шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 461 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “Д.О-ийн биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтэл нь үндэслэлтэй” гэсэн байдаг. Харин Д.О-ийн биед учирсан гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарахгүй талаар огт дурдаагүй. Дараа нь 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин байна. Бусад гэмтлүүд нь үндэслэлтэй гэж байгаа. Тархи доргилт гэмтлийг үндэслэлгүй гэж дүгнэсэн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт үндэслэлгүй байна. Тархи доргилт гэмтэл үүссэн байна. Тухайн үүссэн гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар тодорхой тусгасан. Хяналтын камерын бичлэгийг нотлох баримтын шаардлага хангаагүй талаар гомдолдоо дурдсан. Тухайн үйл явдал болсон газрын ойролцоох хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг мөрдөгч бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Заавал прокурорын зөвшөөрөлтэй хийгдэх ажиллагаа биш байгаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/404 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна хохирогч Т.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодолдсоны улмаас биед нь дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хамрын үзүүр, хамрын зүүн нүхэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Т.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 17 дугаар байрны гадна хохирогч Д.О-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодолдсоны улмаас биед нь дээд уруулын салстад өнгөц шарх, дээд баруун 1, зүүн 1-р шүдний бүрэн бус мултрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Т.Т хохирогчоор: “...2022.11.09-ний өдөр зогсоолд машинаа тавих гээд ирсэн. ...Миний ард 00-00 000 улсын дугаартай машин ирснээ арын машины хүнтэй маргалдаж байгаад тэгээд миний машин дээр ирээд наад зогсоолын үүднээс зайлаад өг гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би энэ зогсоол дээр тавьдаг юм гэсэн чинь миний машины хаалга руу өшиглөсөн. ...Тэгээд тэр эмэгтэй машиндаа суухаар нь би машиных нь зургийг дартал буцаж бууж ирээд надтай маргалдаж эхлээд миний баруун гуя хэсэгт болон цээж хэсэгт 5-6 удаа өшиглөсөн. ...Бас толгойн нүүрний хэсэгт цохисон. ..Миний зүүн хацар хэсэгт маажсан, баруун нүдний дээд, доод хэсэгт зүсэгдсэн, духны баруун хэсэгт хавдсан, баруун хөлний өвдөгний дээд хэсэгт өшиглөж хөхөрсөн байсан. ...Би маргалдсан эмэгтэйгээс өөрийгөө хамгаалахын тулд гадуур хувцаснаас нь зулгаасан. ...” гэх /1хх 08-09/,

шүүгдэгч Д.О хохирогчоор: “...Би өөрийн 98-00 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан. ...Миний машины урд талын тээврийн хэрэгсэл явахгүй зогсоод байсан. ...Тэгээд би тэр эмэгтэйд “ард баахан машин зогсоод уурлаад байна” гэж хэлсэн. ...Тэгсэн нөгөө эмэгтэй намайг хуц тэнэг авгай минь гэж хэлээд машиндаа суусан. ...Буцаж гарч ирээд миний нүүр хэсэг рүү гараараа алгадаад хөл хэсэг рүү өшиглөсөн. ..Намайг үсдэж дарсан. ...Тэгээд машиндаа суугаад явах гэтэл нөгөө эмэгтэйн /Т.Т/ нүүр хэсгээс цус гарсан байсан. ...Тухайн эмэгтэй намайг машины үрүүл мөргүүлсэн. ...” гэх /1хх 13/,

шүүгдэгч Т.Т яллагдагчаар: “...Нөгөө эмэгтэй миний машины хаалга руу өшиглөсөн. ...Тэгээд нөгөө эмэгтэй машиндаа суугаад яваад өгөхөөр нь би буугаад машиных нь зургийг дарсан. ...Тэгтэл нөгөө эмэгтэй буцаж бууж ирээд намайг машин дотор сууж байхад баруун гуя, цээж хэсэгт 5-6 удаа өшиглөсөн. ...Толгой нүүрний хэсэгт цохисон. ...” гэх /1хх 57/,

шүүгдэгч Т.Т яллагдагчаар дахин: “..Би халдаж зодсон зүйл байхгүй. ...Д.О-ийг миний биед халдаж цохих үед түлхэж өөрөөсөө түлхэж холдуулсан. ...Д.О нь миний духны баруун хэсэгт цохиж мөн маажсан, зүүн хацар хэсгийг маажсан. ...хэвлий хэсэг өшиглөсөн, баруун хөлний өвдөгний дээд хэсэгт өшиглөсөн. ...баруун гарын бугуй хэсгийг базаж хөхрөлт үүсгэсэн байсан. ...” гэх /1хх 115/,

шүүгдэгч Д.О яллагдагчаар: “...Миний машины урд цэнхэр өнгийн машин зогсоод байхаар нь ард баахан машин хүлээгээд байна хурдан яваад өгөөч гэж хэлсэн. ...Тэгсэн нөгөө эмэгтэй намайг хуц тэнэг авгай минь гэж хэлсэн. ...Тэгээд буцаж бууж ирээд машины зураг аваад байсан. ...Тэгээд би машин дээр нь очоод зөвшөөрөлгүй хүний зураг авч болохгүй гэж хэлтэл үгийн зөрүүгүй миний нүүр хэсэг рүү гараараа алгадаад хөл хэсэг рүү өшиглөсөн.. ...Тэгээд намайг үсдээд дарсан. ..Тэгээд машин дээрээ ирээд явах гэтэл тэр эмэгтэйн нүүр хэсгээс цус гарсан байдалтай байсан. ...Тэгээд би тэр эмэгтэйд “би чиний нүүр хэсэгт хүрээгүй гэж хэлэх гэтэл миний үснээс зулгаагаад машины үрүүл хэсгийг мөргүүлсэн. ...” гэх /1хх 64/,

шүүгдэгч Д.О яллагдагчаар дахин: “...Би Т.Т-ыг биеэ хамгаалахаар түлхсэн байж магадгүй. ..Би ямар нэгэн байдлаар цохисон зүйл байхгүй. ...Тус өдөр Т.Т намайг 2 удаа нүүр хэсэгт алгадсан, үснээс зулгааж доош нь дарсан машины үрүүл хэсгийг 3 удаа мөргүүлсэн түүний улмаас миний буйлнаас цус гарсан үүдний 2 шүд өвчин орсон байсан. ...” гэх /1хх 114/,

гэрч Э.Н: /00 эмнэлгийн эмч/ “...Д.О гэх эмэгтэйн үүдэн 4 шид гэмтлийн улмаас хагас булгарсан байсан. ...Тэгээд би үзээд 4 шүдийг чиг барьж тогтоосон юм. ..Тэгээд би 900,000 төлбөр гарсан гэсэн чинь “би танай захиралтай чинь ярьсан байгаа” гэж хэлсэн. ..Тэгээд би захирлаасаа “Д.О гэдэг хүн тооцоогоо хийхгүй явчихлаа” гэхэд захирал “аан наад хүн чинь манай эгч” гэж хэлсэн. ... Би зарим үед он сар бичихгүй мартах үе байдаг. ...Мөн овог нэрийг яагаад зассан бэ гэвэл Д.О гэх хүний уруул язарсан гэмтэлтэй болоод тэр юм уу сонин яриад байсан болохоор буруу сонсоод овог нэрийг нь андуурсан гэж бодож байна. ...” гэх мэдүүлгүүд /1хх 111/,

шүүгдэгч Т.Т-ын биед хийсэн 2022.11.14-ний өдрийн №15381 дугаартай дүгнэлт: “...Т.Т-ын биед дух, баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хамрын үзүүр, хамрын зүүн нүхэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Баруун бугалгад гэмтэл тогтоогдоогүй. ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэх /1хх 21-22/,

            шүүгдэгч Д.О-ийн биед хийсэн 2022.11.22-ны өдрийн №15757 дугаартай дүгнэлт: “..Д.О-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархай хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Хамрын таславчийн мурийлт, шүднүүдийн хөдөлгөөн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх /1хх 26-27/,

            шүүгдэгч Д.О-ийн биед дахин хийсэн 2023.05.26-ны өдрийн №461 дугаартай бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчдийн дүгнэлт: “..2022.11.22-ны өдрийн №15757 дугаартай дүгнэлтээс тархи доргилт, хамрын таславийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтийн үзлэг шинжилгээний хэсэг болон нэмэлт шинжилгээгээр тархи доргилт гэмтэл тогтоогдсонгүй, хамрын таславийн мурийлт нь хуучин байна. ...” гэх /1хх 128-131/,

            шүүгдэгч Д.О-ийн биед дахин бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчдийн 2024.01.15-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт: “...2022.11.22-ны өдрийн №15757 дугаартай дүгнэлтийн таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. 2023.05.26-ны өдрийн 461 дугаартай дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт нь хуучин гэсэнтэй, мөн 3.4.6-р хариулттай санал нэг байна. 2022.11.22-ны өдрийн 15757 дугаартай дүгнэлтэд дурдсан тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...

            Д.О-ийн биед тухайн үед дээд уруулын салстад өнгөц шарх, дээд баруун 1, зүүн 1-р шүдний бүрэн бус мултрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйхайнд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохих үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлтүүд /1хх 196-202/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-43/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1хх 04/, “Цагаанзул” ХХК-ийн тодорхойлолт /1хх 123, 134,135/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 35-36/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Т, Д.О нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч Т.Т, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

            3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Д.О нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Т.Т, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус бүр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тус тус тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

4. Шүүгдэгч Т.Т-аас 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд үндэслэл тус бүрд дараах байдлаар дүгнэлт хийв.

4.1 Д.О-ийн биед гэмтэл учирсан дүгнэлтийг сонгон шийтгэх тогтоолын үндэслэл болгосон, 2023.05.26-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй” гэх гомдлын хувьд;

Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Д.О-ийн биед хийсэн 2022.11.22-ны өдрийн №15757 дугаартай дүгнэлт: “..Д.О-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархай хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Хамрын таславчийн мурийлт, шүднүүдийн хөдөлгөөн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх /1хх 26-27/,

            шүүгдэгч Д.О-ийн биед дахин хийсэн 2023.05.26-ны өдрийн №461 дугаартай бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчдийн дүгнэлт: “..2022.11.22-ны өдрийн №15757 дугаартай дүгнэлтээс тархи доргилт, хамрын таславийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтийн үзлэг шинжилгээний хэсэг болон нэмэлт шинжилгээгээр тархи доргилт гэмтэл тогтоогдсонгүй, хамрын таславийн мурийлт нь хуучин байна. ...” гэх /1хх 128-131/,

            шүүгдэгч Д.О-ийн биед дахин бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчдийн 2024.01.15-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт: “...2022.11.22-ны өдрийн №15757 дугаартай дүгнэлтийн таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. 2023.05.26-ны өдрийн 461 дугаартай дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт нь хуучин гэсэнтэй, мөн 3.4.6-р хариулттай санал нэг байна. 2022.11.22-ны өдрийн 15757 дугаартай дүгнэлтэд дурдсан тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлийн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...

            Д.О-ийн биед тухайн үед дээд уруулын салстад өнгөц шарх, дээд баруун 1, зүүн 1-р шүдний бүрэн бус мултрал, тархи доргилт, зүүн чамархайн хухайнд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохих үйлдлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” зэрэг дүгнэлтүүд хэрэгт авагдсан байна./1хх 196-202/

            2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 461 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №15757 дугаартай дүгнэлтээс Д.О-ийн биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтэл нь үндэслэлтэй” гэж шинжээч эмч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргажээ.

            Өөрөөр хэлбэл шинжээч эмч нь дээрх дүгнэлтийг гаргахдаа Д.О-ийн биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтэл буюу баруун 1-р, зүүн 1-р шүдний хөдөлгөөн, зүүн чамархай хуйханд зөөлөн эдийн гэмтэл, зулай, дагзанд зулгаралт гэмтлүүд нь үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан байна.

            Мөн Д.О-ийн биед дахин бүрэлдэхүүнтэй хийсэн таван шинжээч эмч нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай дүгнэлтэд мөн л №15757 дугаартай дүгнэлтийн таславчийн мурийлт гэмтлээс бусад гэмтлүүд нь үндэслэлтэй байна. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 461 дугаартай дүгнэлтийн хамрын таславчийн мурийлт нь хуучин гэсэнтэй, мөн 3.4.6-р хариулттай санал нэг байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /1хх 196-202/

            Дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд Д.О-т учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүдээс бусад гэмтэл нь үндэслэлтэй гэж тодорхой тусгасан байх бөгөөд харин Д.Оийн биед учирсан бусад гэмтлүүдийг бүхэлд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар огт дурдаагүй байна.

            Өөрөөр хэлбэл, дээрх шинжээчийн дүгнэлт нь хууль журамд заасны дагуу тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гарсан байх бөгөөд тус дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд гарсан байх төдийгүй уг дүгнэлтүүдийг гаргасан шинжээч эмч Б.Цолмон, М.Золжаргал, Б.Сэргэлэн, Э.Баасанжав, Т.Чимэд-Очир, С.Эрдэнэцэцэг, Ө.Сарангэрэл, Т.Номинцэцэг, Ц.Бадрал нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан /1хх 25, 194/ тул дүгнэлтийг худал гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Ийм байхад шинжээчийн дүгнэлтэд зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдохгүй хэрэгт ирүүлсэн баримтын хүрээнд прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

4.2 Миний гэм бурууг тогтоохдоо нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд нийцэхгүй камерын бичлэгийг үндэслэсэнд гомдолтой байна” гэх гомдлын хувьд;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэж заасан.

Тухайн гэмт хэрэг гарсан газрын хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг мөрдөгч Г.Ганбаяр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хуульд байхгүй арга хэрэгслээр цуглуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/404 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ