Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Батбилгүүн,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ц.Бд холбогдох 1828000000110 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* гэх газарт иргэн Б.Э биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай гэрийн ойролцоо ирээд буучихсан учраас тэр айлыг малаа эмх цэгцтэй байлга гэж хэлээд адуугаа хайхаар явсан. Тэгээд иртэл мал гэрийн гадуур замбараагүй байлгаж байхаар нь очоод хэлтэл ядаргаатай муу хөгшин ухна вэ гэхээр нь уурандаа чулуугаар толгой руу нь цохьсон. Доош тонгойхоор нь дахин нэг цохьсон. Тэгээд гэр рүүгээ яваад өгсөн. Түүний араас нь очтол толгой өвдөөд байна гээд гэртээ хэвтэж байсан. Маргааш нь очоод эмнэлгийн тусламж дуудаж эмчид үзүүлсэн. Мөнгө төгрөгийг нь би өөрөө гаргасан. Бариачид үзүүлсэн чинь хоногийн 25000 төгрөг гээд 7 хоног хэвтсний 125000 төгрөгийг төлсөн. Би хохирол төлбөрт нийт 300.000 төгрөг өгсөн. Бас бусад зардлыг өгсөн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сум, 1-р баг, ******* гэх газар би 2 настай хүүгийн хамт мотоциклтой малаа эргүүлж явж байтал Ц.Б гэгч мотоциклтой хүрч ирээд мэндийн зөрүүгүй шууд чулуугаар цохьсон. “Та настай намбатай хүн байж яаж байгаа юм бэ?” гэсэн чинь чи миний нас намбыг заадаг хэн юм бэ гээд дахиад нэг цохьсон. Би чулуугаар цохиулчихаад шууд гэр лүүгээ явчихсан. Гэртээ очоод хүүхдээ буулгачихаад Б гэж эхнэрийн дүү, Бгэж манай ээжийн төрсөн эгчийн хүү нарыг дагуулаад Б гэрт очиж “Зүгээр хонио эргүүлээд явж байхад хүн зодчихлоо, та нар бага дарамтлаарай” гэж хэлээд байж байтал Б гуай мод бариад зодох гэж дайрсан. Тэгэхээр нь буцаад гэр лүүгээ явчихсан. Гэртээ очоод байж байтал Б эхнэрийн хамт манай гэрт ирж уучлалт гуйгаад сумын эмч дуудаж намайг эмнэлэгт хүргэсэн. Б гуай өөрийнх нь малын бэлчээрт малаа бэлчээсэн гэж зодсон байх. Б гуайн бууцнаас 2 километр зайтай манай мал бэлчиж байсан. Ерөнхийдөө Б малын бэлчээрт хамаарна. Би урьд нь Бтай огт муудалцаж байгаагүй. Миний толгой духны хэсэгт гартаа чулуу барьж байгаад нэг удаа цохьсон, дараа нь дахиад ар дагз хэсэгт мөн чулуугаар цохьсон. Б гуай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Б гуайн гэрт очиж эхнэртэй нь уулзаж хэлдэг газарт нь хэлнэ гэж хэлэх гэж очсон юм. Манай 2 дүү дахиад зодоон, хэрүүл маргаан гарахаас сэрэмжлэх үүднээс хамт очсон юм. Өмнө нь Б гуай битгий манай бууцан дээр малаа бэлчээж бай гэж сануулж хэлж байсан. Яг бууц руу нь бол малаа оруулаагүй, манай мал бууцных нь ойролцоо бэлчиж байсан юм. Өвс ургамал муу, жаахан ногоо ургасан хэсэгт нь 7 айл буусан байсан болохоор манай мал өөр бэлчих бэлчээргүй байсан юм. Надад 300.000 төгрөг өгсөн. Энэ нь эм тариа, бариа заслын төлбөрт өгөөд дууссан. Би Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ, баримтыг хэргийн материалд хавсаргана. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцана. ...Би Б биед халдаагүй. Настай хүн учир цохиж зодоогүй. Б миний биед халдаж байхыг тухайн үед яг харсан хүн байгаагүй. Би 2 настай жаахан хүүхэдтэйгээ явж байсан. Миний биед тархи доргилттой, хүзүү дагаж цус хуралттай гэсэн эмчийн бичиг байгаа...” гэжээ. /хх-07-08,09/,

Гэрч Х.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 06 дугаар сарын 28-ны 19 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Ц.Б адууны эрэлд явж ирээд дөнгөж байж байтал гаднаас 2 мотоциклтой гурван залуу орилж бархираад ирсэн. Э ганцаараа нэг мотоциклтой, З гээд Эы эхнэрийнх нь дүү, мөн Эы хамаатны нэг залуу гурвуул ирсэн. Их ууртай догшин авиртай гурван залуу бууж ирээд та нартай тооцоо хийнэ шүү тусгайлан уулзана шүү гээд бархираад байхаар нь юу болсон яасан талаар асуухад “Малаа хараа хяналттай байлга, манай бууцан дээгүүр малаа бэлчээгээд байна гэж Эд хэлсэн чинь намайг хэл амаар доромжилоод байхаар нь цохьчихсон юм” гэсэн. Тэгээд нөхрийгөө дагуулаад Б.Эы гэрт очиж уучлалт гуйгаад эмч дуудаж үзүүлээд сум руу Б.Эыг авч явсан. Сумын эмнэлэг дээр хонуулаад маргааш нь би өөрийнхөө машинтай Эыг эхнэр, хүүхэд, дүүгийнх нь хамт авч явсан. Тэр өдрөө 15 цагийн орчимд аймгийн Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед эмч нь ясны гэмтэл бол байхгүй байна гээд эм бичиж өгсөн. Тэр бүгдийг нь авч өгчихөөд сум руугаа явах гэтэл Б.Э бариач дээр очиж толгойгоо бариулмаар байна гэхээр нь бариачид очиж үзүүлээд 7 хоног бариулах хэрэгтэй, тархи нь доргисон байна, нэг бариа 25000 төгрөг гэхээр нь би 7 хоногийн барианы мөнгө 175.000 төгрөг өгөөд дээр нь хоол унааны мөнгө 125.000 төгрөг өгчихөөд би одоо сум руугаа явлаа шүү гэхэд “За” гэж хэлээд үлдсэн. 2 хоногийн дараа Э над руу залгаад хот явж үзүүлмээр байна гээд надаас мөнгө нэхэж ярьсан. Би “Эмч чамайг гэмтэлгүй гэсэн дүгнэлт гаргасан, тэгээд ч чамд хэрэгтэй бүх зүйлийг чинь авч өгсөн” гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш эхнэр нь нэг удаа залгаж “Та хүний амь насыг 300.000 төгрөгөөр үнэллээ” гэж загнаад өгөх газарт нь өгнө эсвэл бид нарт 10.000.000 төгрөг өг гэж загнасан. Би чадахгүй, өгөх ёстой юмаа өгсөн гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш холбогдоогүй. Би Б.Этай төрөл садангийн холбоо байхгүй. Нэг нутаг усны хүмүүс болохоор нэрийг нь мэдэх төдий танина. Өмнө нь муудаж байсан удаа байхгүй. Өс хонзон, өр авлага байхгүй. Ц.Б даруу зантай бүрэг хүн, хамт олны дунд нэр хүндтэй, найз нөхөд ихтэй хүн. Улсын байгууллагад 32 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Урьд нь хүнтэй муудаж, маргалдаж, зодоон хийж байсан тохиолдол байхгүй. Үр хүүхэд хань ижилдээ их түшиг тулгууртай хүн. Ц.Б бол 3 охины аав, 2 нь өрх тусгаарлаж айл болсон. Харин бага охин маань өрх тусгаарлаагүй гадаадад ажилладаг. Бид гэр бүл болоод 40-өөд жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд ямар нэгэн гэр бүлийн хэрүүл маргаан гаргаж байгаагүй...” гэжээ. /хх-11-12,16/,

Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би адууны эрэлд яваад орой 19 цагийн үед гэр лүүгээ явж байтал ******* сумын 1-р баг ******* гэх газар байх манай бууцан дээр Б.Эы мал нь тарчихсан бэлчиж байсан. Намайг малынх нь ойролцоо мотоциклтой явж байх үед Б.Э 2 настай хүүхэдтэйгээ мотоцикл унаад ирсэн. Би Б.Эд малаа сайн харж бай, манай бууцан дээгүүр бэлчээд байна, би ч гэсэн хэдэн малтай ганцаараа малаа хардаг хүн өөрийнхөө хэдэн малд идүүлмээр байна гэж хэлсэн. Урьд өмнө нь би Б.Эд хэд хэдэн удаа хэлж байсан. Тэгэхэд юм дуугардаггүй байсан. Харин тухайн үед намайг юм хэлэхэд “Ядаргаатай хөгшин ухна вэ?” гэж хэлэхээр нь би цохьчихсон юм. Гартаа чулуу бол бариагүй, гараа  атгаж байгаад духных нь хэсэгт нэг удаа зүүн гараараа цохьсон юм. Тонгойхоор нь мөн гараа атгаж байгаад толгойны ар тал буюу дагз хэсэг рүү нь нэг цохьчихсон. Б.Э юу ч дуугарахгүй 2 настай хүүхдээ сундалаад гэр рүүгээ явчихсан. Би гэртээ очоод удаагүй, ердөө 10-аад минут болж байхад Б.Э 2 танихгүй хүний хамт хоёр мотоциклтой манай гадаа ирээд намайг дуудаад сигналдаад байхаар нь би гэр бүлийнхээ хүний хамт гарч очтол Б.Э мотоциклоосоо бууж ирээд “Өө муу хөгшин ухна, одоо чамайг ална” гээд над руу дайрахаар нь би “Та нар намайг зодох гэж байгаа юм уу?” гээд гартаа мод бариад очтол бүгдээрээ явчихсан. Би гэр бүлийн хүн Х.Мд учир байдлыг юу болсон талаар хэлээд Б.Эы гэрт нь очиж уучлалт гуйсан. Б.Э миний бие муу байна, тархи толгой өвдөөд байна гэхээр нь манай эхнэр сумаас эмч дуудаж үзүүлээд машинтайгаа сумын эмнэлэг рүү аваад явсан. Маргааш нь эхнэрээсээ биеийн байдал нь яаж байгаа талаар утсаар ярьж асуухад аймаг явж үзүүлэх шаардлагатай гэнэ би аваад одоо явлаа гээд манай эхнэр өөрийнхөө машинтай аймар руу явсан. Би Этай садан төрлийн холбоо байхгүй, нэг нутгийн хүмүүс. ...Тухайн үед миний уур маш ихээр хүрсэн байсан учраас яг юугаар цохьсоноо сайн санахгүй байна. Одоо бодоод байхад гартаа чулуу барьж байсан шиг санаж байна. Б.Эд тархины доргилт, духны зулгаралт зэрэг гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Би эмнэлэгт эмчлүүлсэн төлбөр, эм тариа, бариа заслын мөнгө, унааны мөнгө гэж нийт 300.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид эмнэлэгт эмчлүүлсэн шаардлагатай эм тарианы мөнгийг төлнө гэж бодож байгаа...” гэжээ. /хх-10,24-25/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Б.Эы өргөдөл /хх-4/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 356 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: “...Б.Эы биед тархины доргилт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-18/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-28-34/,

Өмнөговь аймаг, ******* сумын Дэрсэнэ-Ус багийн Засаг даргын тодорхойлолт /хх-37/,

Шүүгдэгч Ц.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, дунд боловсролын аттестатын хуулбар /хх-38/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-41-44/,

Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх-45/,

Бүслэхийн нурууны соронзон резонанст томографийн оношилгооны дүгнэлт  /хх-46/,

Хохирол төлбөрийн баримтууд /хх-50-59/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* гэх газарт иргэн Б.Эы биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Этай хувийн таарамжүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эы “...Ц.Б гэгч мотоциклтой хүрч ирээд мэндийн зөрүүгүй шууд чулуугаар цохьсон. “Та настай намбатай хүн байж яаж байгаа юм бэ?” гэсэн чинь чи миний нас намбыг заадаг хэн юм бэ гээд дахиад нэг цохьсон. Би чулуугаар цохиулчихаад шууд гэр лүүгээ явчихсан. ...Б гэрт очиж “Зүгээр хонио эргүүлээд явж байхад хүн зодчихлоо, та нар бага дарамтлаарай” гэж хэлээд байж байтал Б гуай мод бариад зодох гэж дайрсан. Тэгэхээр нь буцаад гэр лүүгээ явчихсан. Гэртээ очоод байж байтал Б эхнэрийн хамт манай гэрт ирж уучлалт гуйгаад сумын эмч дуудаж намайг эмнэлэгт хүргэсэн. ...Миний толгой духны хэсэгт гартаа чулуу барьж байгаад нэг удаа цохьсон, дараа нь дахиад ар дагз хэсэгт мөн чулуугаар цохьсон. Б гуай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Миний биед тархи доргилттой, хүзүү дагаж цус хуралттай гэсэн эмчийн бичиг байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-07-08,09/, гэрч Х.Мгийн “...Э ганцаараа нэг мотоциклтой, З гээд Эы эхнэрийнх нь дүү, мөн Эы хамаатны нэг залуу гурвуул ирсэн. Их ууртай догшин авиртай гурван залуу бууж ирээд та нартай тооцоо хийнэ шүү тусгайлан уулзана шүү гээд бархираад байхаар нь юу болсон яасан талаар асуухад “Малаа хараа хяналттай байлга, манай бууцан дээгүүр малаа бэлчээгээд байна гэж Эд хэлсэн чинь намайг хэл амаар доромжилоод байхаар нь цохьчихсон юм” гэсэн. Тэгээд нөхрийгөө дагуулаад Б.Эы гэрт очиж уучлалт гуйгаад эмч дуудаж үзүүлээд сум руу Б.Эыг авч явсан. Сумын эмнэлэг дээр хонуулаад маргааш нь би өөрийнхөө машинтай Эыг эхнэр, хүүхэд, дүүгийнх нь хамт авч явсан. Тэр өдрөө 15 цагийн орчимд аймгийн гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед эмч нь ясны гэмтэл бол байхгүй байна гээд эм бичиж өгсөн. Тэр бүгдийг нь авч өгчихөөд сум руугаа явах гэтэл Б.Э бариач дээр очиж толгойгоо бариулмаар байна гэхээр нь бариачид очиж үзүүлээд 7 хоног бариулах хэрэгтэй, тархи нь доргисон байна, нэг бариа 25000 төгрөг гэхээр нь би 7 хоногийн барианы мөнгө 175.000 төгрөг өгөөд дээр нь хоол унааны мөнгө 125.000 төгрөг өгчихөөд би одоо сум руугаа явлаа шүү гэхэд “За” гэж хэлээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-11-12,16/, шүүгдэгч Ц.Бгийн “...тухайн үед намайг юм хэлэхэд “Ядаргаатай хөгшин ухна вэ?” гэж хэлэхээр нь би цохьчихсон юм. ...миний уур маш ихээр хүрсэн байсан учраас яг юугаар цохьсоноо сайн санахгүй байна. Одоо бодоод байхад гартаа чулуу барьж байсан шиг санаж байна. Б.Эд тархины доргилт, духны зулгаралт зэрэг гэмтлүүдийг би учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-10,24-25/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодож учруулсан хохирол нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 356 дугаар шинжээч эмчийн “...Б.Эы биед тархины доргилт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-18/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-41-44/  зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-27/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

            Иймд шүүх шүүгдэгч Ц.Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Ц.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 421.127 төгрөгийг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаарх ШТМ-ын зарлагын падаан 18.800 төгрөг /хх-50/, ШТМ-ын зарлагын падаан 60.000 төгрөг /хх-51/, энгийн эмийн жор 1000 төгрөг, 1200 төгрөг, 2000 төгрөг, 5600 төгрөг, 11200 төгрөг /хх-52/, эмийн баримт 14.334 төгрөг /хх-53/, 7.800 төгрөг /хх-54/, 8.994 төгрөг /хх-55/, “Меd trauma” эмнэлэгт толгой /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ үзүүлсэн үзлэгийн хуудас 120.000 төгрөг /хх-58/, бүсэлхий нуруу үзүүлсэн үзлэгийн хуудас 270.000 төгрөг /хх-59/, нийт 520.928 төгрөгийн баримт авагдсан байна.

Шүүх хохирогчийн “Меd trauma” эмнэлэгт бүсэлхий нуруу үзүүлсэн үзлэгийн 270.000 төгрөгийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаруулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Эы толгойн тус газарт нь цохиж тархины доргилт, духны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн бүсэлхий нуруу үзүүлсний хохирол, төлбөр 270.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Бг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хүлээн авсан болно.

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эд хохирол төлбөрт 421.127 /дөрвөн зуун хорин нэгэн мянга нэг зуун хорин долоо/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эы нэхэмжлэлээс 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУН-ЭРДЭНЭ