Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/605

 

    2025             05             21                               2025/ДШМ/605

 

Н.Т, Х.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Номин-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд Н.Тын өмгөөлөгч О.Санчирбал,

цагаатгагдсан этгээд Х.Мгийн өмгөөлөгч Н.Булган,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/510 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батзоригийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлд үндэслэн Н.Т, Х.М нарт холбогдох эрүүгийн 2102001150120 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. **** овгийн Н.Т, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “*******************” газарт хүний нөөцийн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**0000000/,

2. ********** овгийн Х.М, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, “***********” ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт ************ аймгийн ********* сум, * дүгээр баг, ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Н.Т нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус компанийн “Захиргаа, хүний нөөцийн хэлтэс”-ийн хуулийн мэргэжилтнээр, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/226 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар тус хэлтэст ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа Х.Мгийн тус компанид монтёрын ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд буюу 2018 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн байранд албан өрөөндөө Х.Мгээс бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

Х.М нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид монтёрын ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн “Захиргаа, хүний нөөцийн хэлтэс”-ийн хуулийн мэргэжилтнээр ажилладаг Н.Тод албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн байранд бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Х.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч Х.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Т, Х.М нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Т, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Н.Т, Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг бичсэн эсэргүүцэлдээ: “…Цагаатгах тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Н.Төрмөнх, Х.М нар нь хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. ...”,

“...Н.Т нь Х.Мг тус компанид монтёрын ажилд оруулж өгнө гэж 1.000.000 төгрөг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Х.М нь Н.Тод 1.000.000 төгрөг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов...” гэжээ.

Гэтэл цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч Х. Х.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.” гэж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлал”-ын 2.2-т Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг “Энэ хэсэгт тухайн үйлдлийг шүүгдэгч хийгээгүй буюу хийсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй гэдгийг үндэслэх шаардлагатай”, 3.1-т Тогтоолын тогтоох хэсэг “Тогтоолын бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаа холбоотой тул тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл юм. Тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсэгтэй зөрчилдвөл тогтоолыг үндэслэлгүй болсон гэж үзнэ” гэж тус тус заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэснийг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Т, Х.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт цагаатган шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”-ийг зөрчсөн ба шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бол шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэсэн эсэргүүцэл бичих үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/510 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд “шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”-ийг хуульчилсан байдаг. Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж, 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж тус тус заасан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/510 дугаартай “Цагаатгах тогтоол”-ын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Тыг хахууль өгсөн, шүүгдэгч Х.Мг хахууль авсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь цагаатгах үндэслэлтэй хэмээн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзсэн.

Түүнчлэн эсэргүүцэлд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлал”-ын 2.2-т Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг, энэ хэсэгт тухайн үйлдлийг шүүгдэгч хийгээгүй буюу хийсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй гэдгийг үндэслэх шаардлагатай”, 3.1-т тогтоолын тогтоох хэсэг “Тогтоолын бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаа холбоотой тул тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл юм. Тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсэгтэй зөрчилдвөл тогтоолыг үндэслэлгүй болсон гэж үзнэ” гэж тус тус заасан.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/510 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Тын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоодог онцлогтой. Хэргийн бодит байдлыг тогтоох, талуудын мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтыг сэргээн дүрслэх замаар мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэмээн тогтоосон дээр прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол гарах ёстой гэдэг агуулгаар эсэргүүцэл бичсэн. Үүнд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол, 1.5 дугаар зүйлийн 1.2-т “…Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хэмээн заасан. Мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана” гэж заасан. Үүнд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолын “шүүхийн шийдвэр боловсруулах” журам яригдахгүй. Бид хуулийг баримтлах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэн 1.000.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгох боломжтой гэж үзэж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Х.Мгийн өмгөөлөгч Н.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд шүүхийн цагаатгах тогтоолын талаар хуульчилсан. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Н.Тыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн “Захиргаа, хүний нөөцийн хэлтэс”-ийн хуулийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байхдаа Х.Мгийн тус компанид монтёрын ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2018 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн байранд албан өрөөндөө Х.Мгээс бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

Х.М нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид монтёрын ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус компанийн “Захиргаа, хүний нөөцийн хэлтэс”-ийн хуулийн мэргэжилтнээр ажилладаг Н.Тод албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн байранд бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн тус тус үйлдлүүдийг хамаарал бүхий байдлаар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах тогтоолын хэлбэртэй байх бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцсэний дараа гэм буруутайн тогтоогдвол шийтгэх тогтоол, харин гэм буруугүйн тогтоогдвол цагаатгах тогтоол гаргадаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.” гэж,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж,

мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж,

мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэхийн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгодог.

Анхан шатны шүүх “...Н.Т нь Х.Мг тус компанид монтёрын ажилд оруулж өгнө гэж 1.000.000 төгрөг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Х.М нь Н.Тод 1.000.000 төгрөг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов...” гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхээс гарах эрх зүйн актыг зөв тодорхойлох нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Цагаатгагдсан этгээд Н.Т, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/510 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Н.Т, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                     Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР