Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 94

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий

аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” А/03 дугаар тушаалыг хүчингүй болгох,

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 581 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Х.З,

Хариуцагч Х.Х,

Гуравдагч этгээд М.Т,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дүгээр шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын “Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаалыг хүчин болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 581 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Х.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” А/03 дугаартай тушаал гаргаж Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоог батлаж, мөрдүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.3-д зааснаар “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” тул “Илт хууль бус акт” учраас мөн хуулийн 48-р зүйлийн 48.1-д зааснаар хүчингүй болгох учиртай юм. Тухайлбал: Төсвийн тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.8-д “...төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч тус бүрээр батлах” гэсэн заалт нь аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

4. Тийм учраас Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын “дүрэм, бүтэц орон тоог” Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01-р сарын 06-ны өдрийн А/03 тоот, 2017 оны 06-р сарын 09-ний өдрийн А/329 тоот захирамжаар тус тус баталж өгсөн байх бөгөөд эдгээр захирамжууд одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

5. Баян-Өлгий аймгийн Засан даргын 2017.06.09-ний өдрийн А/329 тоот захирамжаар баталсан “Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоо” хэвээр байхад Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нь 2019.01.15-ны өдрийн “бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/03 тоот тушаалаар бүтэц, орон тоог баталсан нь “Илт хууль бус эрхийн акт” болох юм. Хуулийн энэхүү заалтыг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.02-ны өдрийн 110/ШШ2019/0059 тоот, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 581 тоот магадлал гаргахдаа тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын “бүтэц орон тоог” тус газрын дарга Х.Хайнар нь Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.3-д заасан “Төсвийн шууд захирагч батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтооно” гэсэн заалтыг баримталж, Биеийн тамир, спортын газрын даргын 2019.01.15-ны өдрийн А/03 тоот тушаал гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.3 дугаар зүйлийг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн.

7. Аймаг, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоог Төсвийн тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.8-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч буюу Аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх хууль журамтай байгааг шүүх анхаараагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны биш болохыг харуулж байна.

8. Эрүүл мэнд, спортын сайдын 2015.01.30-ны өдрийн “Үлгэрчилсэн дүрэм, бүтэц батлах тухай” 35 дугаар тушаалаар баталсан журмын 1-р хавсралтын “гуравдугаар” бүлгийн 4 дэх хэсэгт “Байгууллагын орон тоог орон нутгийн хүн амын онцлог, хэрэгцээнд тулгаруулж, аймаг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүрэм, бүтэц зохион байгуулалтыг батлуулж ажиллана" гэж заасан. Энэ журам одоо хүртэл хүчин төгөлдөр байх ба анхан болон давж заалдах шатны шүүх тус байгууллагад мөрдөж байгаа уг журмыг хэрэглээгүй явдал нь “хэрэглэвэл зохих хууль, журмыг хэрэглээгүй шийдвэр гаргасан, гэж гомдол гаргаж байна.

9. Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дүгээр шийдвэр, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 581 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлага болох Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019.01.15-ны өдрийн “Тус газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай” А/03 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Төсвийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэл болгосон зэргээр хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: -30.1.17.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж заасан, Төсвийн тухай хуульд төсвийн ерөнхийлөн захирагчийн нийтлэг бүрэн эрхээс гадна аймаг, нийслэлийн Засаг даргын хувьд “орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилт”-ийн талаар тусгайлсан бүрэн эрх, үүнд 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” бүрэн эрхтэй байна.

12. Мөн, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: -16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, -16.5.9.дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох” гэж тус тус заажээ.

13. Эдгээр заалтаас үзвэл, орон нутгийн төсвийн удирдлагын хувьд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх бүрэн эрх ялгамжтай зохицуулагдсан, тухайлбал, төсвийн байгууллагын орон тоог батлах бүрэн эрх аймгийн Засаг даргад байгаа бол төсвийн шууд захирагч ийм эрхгүй, харин тодорхой нөхцөл, шаардлагаар батлагдсан “орон тоог” баталсан этгээдийн зөвшөөрснөөр өөрчлөн тогтоох боломжтой, өөрөөр хэлбэл, орон нутгийн хувьд Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалт нь энэ харилцаанд хэрэглэгдэх нарийвчилсан зохицуулалт юм.

14. Гэтэл, анхан болон давж заалдах шатны шүүх Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтын “орон тоог тогтоох” гэдгийг “орон тооны хязгаарыг тогтоон батлах, ...хэдий хэмжээний орон тоотой байхыг баталгаажуулах” агуулгатай хэмээн зөвхөн тоон агуулгаар ойлгон тайлбарласан, 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг “орон тоонд ямар албан тушаал байхыг, ...шаардлагатай орон тоог өөрчлөн тогтоох эрхтэй” гэж дэлгэрүүлэн, агуулгыг нь алдагдуулсан шинжтэй буруу тайлбар хийж, хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

15. Мөн, төсвийн шууд захирагч нь эрх бүхий этгээдээс баталсан байгууллагын зохион байгуулалтын бүтцийг зөвшөөрөлгүй дур мэдэн “өөрчлөх” эрхгүй гэдэг нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д зааснаас тодорхой байхад маргааны үйл баримтад холбогдох уг зүйл, заалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

16. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа аймгийн Засаг даргаас зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, энэ тохиолдолд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” А/03 дугаар тушаалаар, аймгийн Засаг даргын 2017 оны А/329 дүгээр захирамжаар баталсан байсан “хөнгөн атлетикийн дасгалжуулагч”-ийн орон тоог хасч, шинээр “хүндийн өргөлтийн дасгалжуулагч”-ийн орон тоо бий болгож, хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгч Х.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

17. Түүнчлэн, Баян-өлгий аймгийн Засаг даргын 2017 оны А/329 дүгээр захирамжаар баталснаар аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтцэд “хүндийн өргөлтийн дасгалжуулагч”-ийн орон тоо байхгүй ч гуравдагч этгээд М.Талгат уг ажил, албан тушаалд ажиллаж байсан, мөн түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг биелүүлж, түүнийг ажилд томилсон тушаал зэрэг нь маргаан бүхий захиргааны актын дараа гарсан байхад шүүхүүд эдгээр үйл баримтад нийцүүлэн маргаан бүхий захиргааны актыг “бодит нөхцөлд тохирсон” гэж зөвтгөн, энэ маргаанд хамаатуулан дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанд нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

18. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 581 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.17, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Б-ын гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ