Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 664

 

                                                            

 

 

 

 

 

Б.Төмөрболдод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Ялтны өмгөөлөгч Т.Отгонсүрэн,

Хохирогч Ц.Ганболд,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Төмөрболд, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарын гаргасан давж заадлах гомдлуудаар Б.Төмөрболдод холбогдох эрүүгийн 201624000485 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Балжиннямын Төмөрболд, 1971 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун Жанжины 23-465 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЮ71121318/,

 

Б.Төмөрболд нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Телевизийн шинэ эцсийн буудлын замд “Toyota Ipsum” загварын 34-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а./ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. …харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, …бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Ганболдыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Төмөрболдын үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Төмөрболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрболдод оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 100.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Сувдмаа /РД:ЗЮ68042301/-гаас 1.542.220 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчидын Г гудамжны 845б тоотод оршин суух, хохирогч Ц.Ганболдод олгох, Ц.Ганболдын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 1.600.000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зөрүү 1.029.100 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шүүгдэгч Б.Төмөрболдыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Төмөрболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр 10 дугаар сарын сүүлээр төрөх ба бид нар айлын хашаанд сарын 40.000 төгрөгийн хөлс төлж амьдардаг. Гэр маань дан бүрээстэй манай садан, төрлөөс тусалж дэмжих хүн байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэжээ.

 

Ялтан Б.Төмөрболдын өмгөөлөгч Т.Отгонсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирогч хохирлын талаарх нэхэмжлэлээ анхан шатны шүүх хурал болохоос өмнө тодорхой гаргаагүй ба шүүх хуралдаанд 4.271.320 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс нийт эмчилгээний зардалд 1.642.220 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч эмчилгээний зардлыг шүүх хуралдаанаас өмнө тодорхой хэмжээгээр төлж байсан. Мөн хохирогчид учирсан бодит зардлыг төлөх санал тавьсан боловч хохирогч хүлээж аваагүй байдаг. Анхан шатны шүүхээс хохирол болох 1.542.220 төгрөг гэж тогтоосон тул уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ц.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Төмөрболдын ар гэрийнхнийг өрөвдөж байна. Б.Төмөрболд хохиролд 1.500.000 төгрөг өгсөн. Хэлэх гомдол, санал байхгүй. Миний үлдсэн эмчилгээний төлбөрийг Б.Төмөрболд гарсныхаа дараа төлнө байх гэж бодож байна…” гэв.

 

                                                                   ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Төмөрболд нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Телевизийн шинэ эцсийн буудлын замд “Toyota Ipsum” загварын 34-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а./ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. …харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, …бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Ганболдыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Төмөрболд мөрдөн байцаалтын шатанд “…2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг Баянхошууны Хөтөлөөс зурагтын шинэ эцэс рүү чиглэлтэй ойролцоогоор 20-30 орчим км/цагийн хурдтай замын нэг дүгээр эгнээгээр эгч Сувдмаагийн худалдаж аваад нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан “Toyota Ipsum” загварын 34-89 УНП дугаартай автомашинтай эхнэр Жавзанпагам, хадам ээжийн эгч хоёртой, би өөрийн автомашинаа жолоодоод явж байтал замын голын тусгаарлах цагаан зураасан дээр хүн зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь хурдаа хасаад явган хүний гарцнаас 10 орчим метрийн наана байсан ба хажуугаар нь зөрөх мөчид нөгөө хүн зүүн гар талаас гэнэт орж ирээд зүүн талын хаалга орчим мөргөгдөөд унасан. Тэгээд би тоормос гишгээд зогссон. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудаад мөргүүлсэн хүнийг замын хажуу тал руу суулгаад байж байтал түргэн цагдаа ирээд түргэн хүнийг авч яваад цагдаа нар үзлэг хэмжилтээ хийсэн…” /хх-ийн 95/,

 

хохирогч Ц.Ганболд мөрдөн байцаалтын шатанд “…2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим манай эхнэр Оюунцэцэг хамаатны 2 хөгшинийг таксинд суулгаж өгөх гээд гэрээсээ гарсан. ...15 орчим минутын дараа манай эхнэр залгаад “гэрэл, гэгээ байхгүй харанхуй байна, чи намайг ирээд авчих” гэсэн. Гэрээсээ гараад замынхаа зүүн талаар уруудаад эцэс рүү чиглэлтэй алхаж байгаад, явган хүний гарцаар зүүнээсээ баруун зүгт зам хөндлөн гарч байхад хойд зүгээс цагаан өнгийн автомашин зайтай харагдаж байхаар нь амжаад гарчих юм байна гэж бодоод алхаж байтал түс гээд л явчихсан. Манай эхнэр, жолоочийн эхнэр 2 ирээд замын хашлага дээр сууж байтал түргэн, цагдаа ирсэн. …Тэр машиныг ойролцоогоор 400-500 метрийн зайд нилээн холоос харсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /хх-ийн 52-53/,

иргэний хариуцагч Б.Сувдмаа мөрдөн байцаалтын шатанд: “…“Toyota Ipsum” загварын 34-89 УНП дугаартай автомашиныг манай хамаатны дүү Ганхөлөг надад 2016 оны 5 дугаар сарын эхээр хүнээс авлагатай байж байгаад түүнийхээ оронд энэ машиныг аваад надад зарсан юм. Нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан. Худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ хийгээгүй байсан. Би энэ машиныг авснаасаа хойш унаагүй байж байгаад өөрийн төрсөн дүү Төмөрболдод унаж бай гээд өгсөн байсан. Төмөрболд жолоо барих эрхийн үнэмлэхтэй, бид 2 нэг газар цуг жолоо төгссөн юм. Хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй холбоотой эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрнө, төлөхөд татгалзах зүйл байхгүй…” /хх-ийн 59/,  

гэрч Л.Дэмидсүрэн мөрдөн байцаалтын шатанд: “…Болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Би бол урд суудалд жолоочийн хажуу талд сууж явсан. Тухайн хүн машины урд талд мөргөгдөөгүй. Би яг урд суугаад урд талаа хараад явж байсан. Тэгэхэд ямар нэгэн хүн надад харагдаагүй. Автомашиныг Төмөрболд бариад би хажууд талд нь суугаад арын суудалд Төмөрболдын эхнэр Жавзанпагам суугаад кабиндаа гуравуулаа явж байсан…” /хх-ийн 62/,

гэрч Ч.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим хамаатны хоёр эгчийгээ унаанд суулгаж өгөхөөр зурагтын шинэ эцэс рүү автобусны буудал руу явсан. …Би нөхрийгөө дуудаад “намайг ирж авахгүй бол гэрэлтүүлэг байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай нөхөр замынхаа зүүн талаар уруудаад буудал дээр ирэхээр нь би “энд байна” гээд гараараа далласан. Тэгсэн нөхөр маань зам хөндлөн гараад ирж байсан ба тэр хооронд бид гурав юм яриад байж байтал тас гээд л явчихсан. Тэгээд харахад нөхөр маань алга болчихсон байсан ба нэг машин зогсож байсан. Тэгээд хартал манай нөхөр машины цаад талд Хөтөлөөс уруудаад явдаг урсгалдаа унчихсан хэвтэж байсан. Тэгээд жолоочийн эхнэр бид хоёр манай нөхрийг чирээд замаас гаргаж замын хашлага дээр суулгасан. Манай нөхөр явган хүний гарцаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч байсан. Манай нөхрийг дайрсан машины дугаар, маркийг нь мэдэхгүй байна, Хөтөлөөс уруудаад явж байсан буюу хойноосоо урагшаа явж байсан автомашинд мөргүүлсэн. Нөхрийгөө яг мөргүүлэхийг хараагүй, тас гэсэн дуу гарсан. Тэгээд харахад нөхөр маань алга болчихсон байсан. Тэгэхэд тэр машины цаад талд машиныхаа хойд талд зам дээр хэвтэж байсан. Нөхрийг маань мөргөсөн машин гарцан дээр зогсоод, эргээд хойшоо ухраад нөхрийн хажууд жолооны хүрдээ дараад муруйж зогссон. Тэр машин түргэн болон цагдаа иртэл байрнаасаа огт хөдлөөгүй. Манай нөхөр Ганболд согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай нөхрийг мөргөсөн машинд жолоочоос гадна эхнэр нь тэгээд настай эмэгтэй хүн гээд гуравуулаа явж байсан. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байхаа сайн мэдэхгүй байна. Тэр үед гадаа харанхуй гэрэлтүүлэг aсаагүй, автомашин байхгүй зөвхөн тэр машин явж байсан. Мөн буудал дээр таксинд явдаг машин байгаагүй. ...Би нөхрийгөө мөргөсөн   машиныг ирж байгааг хараагүй. Жолооч автомашинаа зогсоох арга хэмжээ авсан, тоормос гишгэсэн эсэхийг мэдэхгүй байна…” /хх-ийн 64/,

гэрч Г.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим хамаатныхаа нагац эгч Баатарын хамт гарсан юм. Тэгээд Оюунцэцэг, Баатар эгч бид хоёрыг зурагтын шинэ эцсийн буудал дээр хүргэж өгсөн. ...Тэгээд Оюунцэцэг “буц” гэсэн чинь “харанхуй болж байна, айж байна” гээд нөхөр Ганболдыг дуудсан. Тэгээд байж байтал Ганболд ирээд замын цаад талд зогсож байсан. …Явган хүний гарцны харалдаа зогсож байсан учир гарцаар гарч ирж байгаа юм байна гэж бодоод хоорондоо юм яриад зогсож байтал түс гээд л явчихсан. Тэгээд харсан чинь машин тоормос гишгээд зогссон. Ганболд байхгүй байхаар нь машин тойроод харахад машины хойд дугуйны харалдаа хэвтэж байсан. Оюунцэцэг жолоочийн эхнэр хоёр Ганболдыг чирээд замаас гарган замын хашлага дээр суулгасан. ...Ганболдыг яг явган хүний гарцаар гарсан эсэхийг нь сайн хараагүй. Харин гарцны харалдаа замынхаа зүүн талд баруун зүг рүү гарах гээд зогсож байсан. Ганболдыг дайрсан машины марк, дугаарыг нь сайн хараагүй хойд зүгээс ирж байсан автомашинд мөргүүлсэн. Ганболдыг мөргөсөн машиныг ирж байхыг хараагүй. Машин ирж зогсоод байрнаасаа огт хөдлөөгүй ээ. ...Тэр үед гадаа харанхуй гэрэлтүүлэг асаагүй, автомашин байхгүй ганцхан тэр машин явж байсан. Жолооч зогсоох арга хэмжээ авсан тоормосны чимээ их сонсогдсон. Бид гурав юм яриад зогсож байсан учир машины аль хэсэгт мөргүүлсэнийг хараагүй түс гээд дуу гараад машин тоормослоод зогссон. Тэгсэн Ганболд байхгүй болчихсон байсан. Тэгээд машины цаад талаар харахад Ганболд машины хойд дугуйны харалдаа хэвтэж байсан…” /хх-ийн 66/,

гэрч А.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд: “…Би Ганхөлөг гэдэг хүнд мөнгөний өртэй байсан учраас 2015 онд машинаа мөнгөнийхөө оронд өгчихсөн юм. Тэгээд тэр хүн цаашаа зарсан гэсэн. Ямар хүнд яаж зарсныг мэдээгүй. Тэгээд нэр дээрээ тэгэж байгаад шилжүүлж авна гээд шилжүүлж өгч амжаагүй яваад байсан юм. 2016 оны 5 дугаар сарын 15-нд хэн, хаашаа, ямар зорилгоор унаж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Энэ машин одоо надад хамаагүй учир худалдаж авсан хүн өөрөө хариуцна…" /хх-ийн 68/,

шинжээч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтын шатанд: “…Үзүүлэгч Ц.Ганболдын биед учирсан дух ясны хугарал нь гэмтлийн хүнд зэрэг, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал нь хүндэвтэр, шагайн үеийн мултрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна…” /хх-ийн 72/,

шинжээч Д.Батзориг мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 5 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн хэргийн газрын үзлэг, хэмжилт, фото зурагнаас үзэхэд “Toyota Ipsum” маркийн 34-89 УНП улсын дугаартай автомашины жолооч Б.Төмөрболд нь явган зорчигчийн тэмдэг, тэмдэглэлийн өмнө тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч, явган зорчигч Ц.Ганболдыг мөргөж, улмаар осол, хэргийн газрын зорчих хэсгийн гадаргуу дээр тээврийн хэрэгслийн 5.8 метр тоормосны мөр үүссэн байгаа нь жолооч осол хэргийн газраас хөдлөөгүй ба явган зорчигч нь явган хүний гарцтай ба гарамгүй /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож байна. Иймд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нөхөн хийсэн хэргийн газрын үзлэг нь үндэслэлгүй байна. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч О.Батхишиг, Э.Шарав-Арилдий, М.Жамсранжав нарын гаргасан шинжээчийн дүгнэлтэд: “...баруун гар талын холын болон ойрын гэрлийн тусгалын эрчим нь стандартын шаардлага хангахгүй, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байна” гэжээ. Иймд энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  2.3 а дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзээд байгаа юм. Явган зорчигч Ц.Ганболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 а дахь заалтыг зөрчсөнөөс үүдэн уг зам тээврийн ослыг гарсан үзэж байна…" /хх-ийн 116/,

шинжээч М.Жамсранжав мөрдөн байцаалтын шатанд: Тухайн үед уг автомашины зүүн урд буфер хэсэг тогтоогчноосоо мултарсан байдалтай бага зэрэг салсан байсан. Энэ гэмтэл нь нүдээр харахад ил харагдаж байсан. Манай авсан зураг дээр ч энэ гэмтэл нь харагдаж байгаа. Уг буфер их сэвтэй гэдэг утгандаа багтааж оруулсан учраас тухайн эвдрэлийн талаар тусгайд нь тусгагдаагүй байж болох талтай гэж үзэж байна. Стандартад зааснаар хааш хааш 10 см-с ихгүй халцарсан, хонхойсон, урагдсан, цуурсан, салсан тохиолдолд техникийн хяналтын үзлэгт тэнцнэ гэсэн байдаг. Тухайн машин 10 см-с илүү сэв гэмтэлтэй байсан учир техникийн ерөнхий байдлын үзлэгт тэнцэхгүй гэж дүгнэлт гаргасан. Буфер салсан хэсгийг нь тусад нь бичээгүйгээс биш ерөнхий өнгө үзэмж их сэвтэй гэдгээрээ үзлэгт тэнцэхгүй, дүгнэлтэд КУЗОВ “0” гэж тэнцэхгүй талаар тэмдэглэсэн байгаа. Тухайн эвдрэлийг осол хэрэг гарахаас өмнө болон хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Буфер нь бусад хэсэгтээ маш олон хуучин сэвтэй байсан учир ослын өмнө хойно болон осол гарах үед нөлөөлсөн гэдгийг нарийн тогтоох боломжгүй юм. Автомашины гэрлийн эрчим гэдэг нь зам дээр тусч байгаа автомашины гэрлийн тусгалын чадалыг хэлж байгаа юм. 0,00 канидал гэдэг цайр муудсан, тусах чадал муудсан, тусгалын өнцөг өөрчлөгдсөнөөс үүдэн тухайн гэрэл стандарт хэмжээнд хүрэхгүй байгааг ойлгоно. Чадал нь багасах тусам 0,00 чиг рүү буурдаг юм. Стандарт нь хол дээрээ 10000,0-225000,0 байх ёстой боловч тухайн машиньг 0,00 байсан. Хэдийгээр гэрэл асаж байгаа боловч маш бүдэгээр лааны гэрэл шиг байсан. Гэрлийн тусгал шалгагч багажаар шалгаж үзэхэд 0,00 cd гарч байсан. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл буюу урд их гэрлийн гадна хүрээнд ямар нэг эвдрэл гэмтэл үүсээгүй учраас тухайн эвдрэл гэмтэл нь осол хэрэг гарах үед үүсэх боломжгүй ба ослоос өмнө гэрэл тусгах чадвараа алдсан буюу эрчим байхгүй болсон. Гэрлийн эрчим хагарч гэмтэхэд, тухайн хэсгээр их хэмжээний гэмтэл авахад алдагдана харин уг ослын тохиолдолд алдагдахгүй. Харин буфер тогтоогчноос мултрах гэмтэл нь ослоос болж үүсэх боломжтой гэхдээ энэ тохиолдолд хэзээ үүссэнийг нь тогтоох боломжгүй…” /хх-ийн 124/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “…Ц.Ганболдын биед дух ясны хугарал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, шагайн үений мултрал, баруун хөлний шагайн үенд зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл…” болохыг тогтоосон 6810 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71/,

Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн “…Аюурзана овогтой Ганбаатарын эзэмшлийн Япон улсад 1997 онд үйлдвэрлэсэн, Toyota маркийн Ipsum загварын 3489 УНП улсын дугаартай, SXM107030947 арлын дугаартай, цагаан өнгөтэй, баруун гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй, суудлын автомашиныг 2016 оны 6 дугаар сарын 16-ны 16 цагаас 17:25 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон, MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөгө болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер зүүн болон баруун гар талдаа их сэвтэй, копуд урд болон дунд хэсэгтээ сэвтэж будаг нь халцарсан, баруун гар талын толь сууриараа хугарч скочдсон, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн, тоормосны гэрлийн хоёр талын чийдэн асахгүй, зүүн гар талын ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байлаа. Уг автомашиныг өргүүр дээр шалгаж үзэхэд баруун урд дугуйны тоормосны системд холбогдох ABS системийн утас тасарсан, хөдөлгүүрийн тос их хэмжээгээр хөлөрч гоожсон, баруун ба зүүн гар талын доод хоёр саран гарны втулк резин тасарсан, баруун болон зүүн гар талын урд хоёр босоо тэнцүүлэгчийн резин элэгдсэн зэрэг эвдрэл, гэмтэлтэй байв. Мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэлтэй /ослын зогсолтын тэмдэг, эмийн сан, гал унтраагуур/ байв. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,70кН, баруун талдаа 2,70кН, зөрүү нь 0,0% /стандарт <20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,70кН, баруун талдаа 1,50кН, зөрүү нь 11,76% /стандарт <30%/ байна. Зогсоолын тоормос ажиллагаатай байсан. Зүүн гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0,0cd, баруун гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0,0 cd /стандарт 10000,0-225000,0 cd/ гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан…” болохыг тогтоосон  69 дугаар дүгнэлт /хх-ийн 77-85/, зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4, 5/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6, 13/, осол хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7, 14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15/, жолооч болон явган зорчигч нарын согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 10-11/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Төмөрболдын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Төмөрболд, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарын гаргасан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Б.Төмөрболд “…Миний бие эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр 10 дугаар сарын сүүлээр төрөх ба бид нар айлын хашаанд сарын 40.000 төгрөгийн хөлс төлж амьдардаг. Гэр маань дан бүрээстэй манай садан, төрлөөс тусалж дэмжих хүн байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...”, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн “...Анхан шатны шүүхээс хохирол болох 1.542.220 төгрөг гэж тогтоосон тул уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан, Б.Төмөрболдын гэм буруутай үйлдлийн улмаас хүний биед хүнд гэмтэл учирсан бөгөөд хэргийн нөхцөл байдал, түүнчлэн ялтны хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ялыг жирийн дэглэмтэй ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр хохирогч Ц.Ганболд хохиролд 1,500,000 төгрөг авсан. Хэлэх гомдол, санал байхгүй. Миний үлдсэн эмчилгээний төлбөрийг Б.Төмөрболд гарсныхаа дараа төлнө байх гэж бодож байна гэж байгаа хэдий ч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хор арилсан гэж үзэх боломжгүй юм.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заажээ. Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүний прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ёстой гэж үзвэл Б.Төмөрболдод холбогдох гэмт хэрэгт ял сонсгож, мөрдөн байцаалт явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ. Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягтлаж үзсэний  үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээрээ үнэлдэг.

Анхан шатны шүүх Б.Төмөрболдын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч нарын шинжээчийн дүгнэлтүүдтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Төмөрболд, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: