Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00216

 

Р.Одонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06043 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2074 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Р.Одонжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК, М.Гүррагчаа нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 1 096 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Энхбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Одонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн уулзварын гэрлэн дохион дээр зүүнээс баруун тийш чигээрээ хөдөлгөөн үргэлжлүүлэхээр зогсож байтал ар талаас миний автомашиныг мөргөж, гэмтэл учруулсан. Уг машины жолооч М.Гүррагчаа нь дөрвөн машиныг мөргөж гэмтээсэн.Иймд миний машинд учирсан хохирол 1 055 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 32 500 төгрөг, цагдаагаас материал хуулбарлуулахад гарсан зардал 5 000 төгрөг, нийт 1 096 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус автомашины хохирлын үнэлгээ бодит хохирлын хэмжээнээс илүү гэж үзэж байна. Иймд үнэлгээг дахин гаргуулах хүсэлттэй байна.Автомашиныг нь засуулаад өгье гэхэд “Заавал энэ гарсан мөнгөө авна, таньдаг засвараар засуулна” гэсэн хариулт өгч бодит бус, их мөнгө нэхээд тохиролцох боломжгүй байсан. Зам тээврийн осол гарсан гол шалтгаан нь жолооч М.Гүррагчаа хурдтай явж байсан, сандарсаны улмаас шаардлагатай үед машинаа зогсоох арга хэмжээг шуурхай авч чадаагүй гэж үзэж байна.Манай компанийн автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан байсан. Жолооч М.Гүррагчаа нь ажилд ороод 4 хонож байсан бөгөөд компанийн Дотоод журамд заасны дагуу туршилтын хугацаанд ажиллаж байсан. Шинээр орсон ажилтан нь туршилтын хугацаанд ажиллахдаа ажилдаа хариуцлагатай хандан, ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахин аюул осолгүй, алдаа дутагдалгүй ажиллах үүрэгтэй ба хариуцлага алдсан болон өөрийн гэм буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас компанид болон бусдад ямарваа нэгэн байдлаар хохирол учруулсан тохиолдолд 100 хувийн хариуцлага хүлээнэ гэж заасан.Иймд тухайн өдрийн зам тээврийн осолд ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч М.Гүррагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Дарь-Эхийн 4 замын уулзвараар зүүнээс баруун тийш чигээрээ хөдөлгөөнөөр “Вайтмүүд лайт” ХХК-ийн “Daewoo” маркийн 72-67 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Сансарын колонкийн автобусны буудлын дэргэдээс эхлээд тормозны хий алдагдаж эхэлсэн, тормоз барихгүй зогсох гэж оролдсоор байгаад чадаагүй. Ачаатай, зам уруу байсан учраас өнхөрсөөр байгаад гэрлэн дохион дээр зогсож байсан “Аксент” маркийн 94-32 УНЧ улсын дугаартай автомашины араас мөргөж гэмтэл учруулсан. Нэхэмжилж байгаа төлбөрийг өндөр байна гэж үзэж байна. Энэ хохирлын мөнгийг би төлж барагдуулж чадахгүй, “Вайтмүүд лайт” ХХК-иас гаргуулж өгнө үү. Автомашин нь бүрэн бус байсан, жолоочийн хариуцлагын даатгал нь дууссан байсан гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06043 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК, М.Гүррагчаа нараас 1 091 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Одонжаргалд олгож, нэхэмжлэлээс 5 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 866 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК, М.Гүррагчаа нараас 30 745 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Одонжаргалд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2074 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК-ийн төлсөн 30 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК-ийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх хариуцагч миний хүсэлтийг хүлээн авч үнэлгээ тогтоолгоогүй бөгөөд тухайн автомашины үнэлгээг тогтоосон “Гэрэгэ эстимэйт” ХХК зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий өндөр үнэлсэн үнэлгээгээр дүгнэлт гаргасан. Тухайн үнэлгээг хийлгэхдээ хөндлөнгийн үнэлгээний газар гэх боловч нэхэмжлэгч тал дангаар очиж үнэлгээг хийлгэсэн нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь аксент маркийн хуучин онтой машинууд 2 сая төгрөгийн үнэтэй байхад мөргөж гэмтээсэн гэмтэл ийм үнэтэй байх учиргүй юм.Иймд шүүх хуралдаанд оролцогч талуудыг тэгш эрхтэй оролцох оролцоог хангаж, Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасны дагуу дахин шинжээч томилох асуудлыг шийдвэрлэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулсанаас үүссэн үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Шүүх хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Одонжаргал нь зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахаар уг осолд гэм буруутай жолооч М.Гүррагчаа, түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч “Вайтмүүд лайт” ХХК-д холбогдуулан шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасан үндэслэлд нийцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй учир зам тээврийн осол гарахад гэм буруутай хариуцагч М.Гүррагчаа нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй бол хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4.-т зааснаар хариуцлага хүлээх ёстой байна. Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ба тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй болно. Хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг М.Гүррагчаагаар жолоодуулж, ажил гүйцэтгүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг ба хариуцагч М.Гүррагчаа гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо нотлоогүй байна. Харин  хариуцагч “Вайтмүүд лайт” ХХК нь нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээг үндэслэлгүй гэж үзсэн тайлбараа баримтаар нотлоогүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Эд хөрөнгийн хохирлын үнэлгээг дахин тогтоолгох тухай хариуцагчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх шаардлагатай болохыг буюу нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээ эргэлзээтэй гэж үзэх үндэслэлийг хариуцагч гаргаагүй, нотлоогүй тул түүний хүсэлтийг шүүх хангаагүй ажээ.   

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2074 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН