| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/09121/И |
| Дугаар | 192/ШШ2025/09510 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/09510
2025 11 17 192/ШШ2025/09510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч:*** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
70 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 70 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** нь Баянзүрх дүүрэгт байрлах Наран туул захад ногоо худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2019 оны 5 сард *** гэх хүн Наран туул захад байрлалтай зоогийн газрын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул зарах гэж байгаа хэмээн санал тавьсан байдаг. Улмаар Д. *** нь хүлээн зөвшөөрч тухайн зоогийн газрыг нь 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2019 оны 05 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 06 сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 06 сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлж нийт 70,000,000 төгрөгийг ***ын эзэмшлийн *** тоот хаан банкны данс руу шилжүүлсэн. *** нь тухайн зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг удахгүй шилжүүлж өгнө гэдэг байсан ба одоохондоо түрээсийн төлбөрийг нь чи төлөөд явж бай гээд *** түрээсийн төлбөрийг нь төлдөг байсан. Түүнээс хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар байсан ба эцсийн дүндээ тухайн зоогийн газрыг зүгээр түрээсэлдэг хүн байсан гэдгийг *** хожим нь мэдсэн. Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл *** нь бусдыг хуурч мэхлэх аргаар ямар нэгэн гэрээ үйлдэхгүйгээр их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан байна. *** нь тухайн төлбөрийг авч чадахгүй хугацаа нэлээн алдсан байсан учраас шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрээд 70,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл төдийгүй гэрээний ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг үндэслэж *** нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байгаа. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд, уг зүйлийг олж авсан этгээдээс дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрх үүснэ гэсний дагуу 70,000,000 төгрөгийг ***аас гаргуулахаар нэхэмжилж байгаа ... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** миний бие ***ын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч өмнө гаргасан хариу тайлбараа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1. Нэхэмжлэлд “хариуцагчийг лангуу зарах гэж байгаа хэмээн санал тавьсан" гэдэг нь огт үндэслэл үгүй, эсрэгээрээ ***ын нөхөр нь хариуцагчтай уулзаад танай зоогийн газрыг 70 саяаар худалдаж авья гэсэн аман хэлцлийн анхны санал гаргасан байдаг ба хариуцагч уг саналыг шууд хүлээн авч өөрийн 50 сая төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан зоогийн газраа хоолны бүх тоног төхөөрөмж, сандал, ширээ, хөргөгч, хөлдөөгч, халуун тогоо, хоол бүх бэлдэцийн хамт өгсөн байдаг.
2. Хариуцагч өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авсан асуудлаар маргах зүйл үгүй болно.
3. Хариуцагчийг "тухайн зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг удахгүй шилжүүлж өгнө” гэсэн шууд гүтгэлэгийн шинжтэй/хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлж өгнө гэсэн амлалтыг анхнаасаа өгч байгаагүй/, уг зоогийн газар хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө бус, гуравдагч этгээдийн өмчлөлийн талбай юм, талууд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
4. Тухайн зоогийн газар гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө мөн гэдгийг *** хожим мэдэх ямар ч үндэслэлгүй, анхнаасаа гуравдагч этгээдийн хөрөнгө гэдгийг мэдэж байсан, мэдэж байсан мөртлөө худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, түрээсийн гэрээгээг ***аас өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар удаа дараа хамт хөөцөлдөж байсан байдаг.
5. *** бусдыг хуурч мэхлэх аргаар ямар нэгэн гэрээ үйлдэхгүйгээр мөнгө шилжүүлэн авсан гэдэг нь үндэслэл үгүй, энэ байдлыг нотлоогүй, нотлох баримтыг нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд ирүүлээгүй бөгөөд талууд анхнаасаа өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр аман хэлцэл хийсэн байдаг.
6. *** уг аман хэлцлийн дагуу худалдан аваад 2 жилийн хугацаанд өөрөө ажиллуулсан, сүүлийн 2 жилд бусдад түрээслэн ашиг орлого олж байсан, хариуцагч өөрийн түрээслэж байсан лангуутай холбоотой бүх эрсдлийг дээрх хугацаанд Нарантуул захын захиргаанд нэхэмжлэгчийн өмнөөс хүлээж байсан байдаг.
7. Хариуцагч *** дээрх зоогийн газрыг 2019 оноос эхлэн тасралтгүй ажиллуулж байсан бөгөөд уг зоогийн газартай холбоотой бүх хариуцлагыг Нарантуул захын захиргааны өмнө бүрэн хариуцаж байхад нэхэмжлэгч бусдад түрээслүүлэн ашиг орлого байж тухайн түрээслэж байсан этгээдийн буруутай үйлдлийн улмаас гал алдаж тухайн зоогийн газрын түймэрт өртөх эрсдэлд оруулсны улмаас уг зоогийн газрын үйл ажиллагааг Нарантуул захын захиргааны зүгээс бүрэн зогсоонгуут хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
8. ***ыг нэхэмжлэлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн, талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй гэж дурьдсан ба бичгээр гэрээ байгуулаагүй нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл болохгүй, гэрээ байгуулагдаагүй нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл болно, талууд лангуу худалдах, худалдан авах аман хэлцэл хийж, уг хэлцэл нь гуравдагч этгээд буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн ***ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгчээс ****д олгосон итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 5-8 дугаар тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчаас ****олгосон итгэмжлэл /хэргийн 17 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 18-19, 22-23 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ...70 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ, хариуцагч ...худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарлав.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...гуравдагч этгээдийн хөрөнгө гэдгийг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан атлаа худалдах худалдан авах гэрээ хийсэн, 70 000 000 төгрөг шилжүүлж авсан дээр маргаан байхгүй... гэж тайлбарлаж байна.
4.Зохигч талуудын тайлбар хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч 2019 оны 05 сард хариуцагч ***ын үйл ажиллагаа явуулж байсан Нарантуул зах дах зоогийн газар /лангуу/ 70 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч *** худалдан авахаар амаар тохиролцжээ.
Дээрх аман тохиролцооны дагуу нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд 2019 оны 05 сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 06 сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөг, 2019 оны 06 сарын 06-ны өдөр 25 000 000 төгрөг, 2019 оны 07 сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг нийт 70 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч хариу үүрэг уг зоогийн газар лангууг тоног төхөөрөмж, сандал ширээ, хөргөгч, хөлдөөгч, халуун тогоо, хоолны бүх бэлдцийн хамт шилжүүлсэн өгсөн нь банкны дансны хуулга, талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6-8, 18 дугаар тал/
5.Зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
6.Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл болно.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
8.Талуудын хооронд байгуулагдсан аман хэлцэл болон хуулийн дагуу худалдагч буюу хариуцагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй зоогийн газар хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч зоогийн газар хөрөнгийн үнийг төлж хүлээн авах үүрэгтэй.
9. Хариуцагч зоогийн газар хөрөнгийг шилжүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч үнийг төлсөн нь талуудын дээрх тайлбараар тогтоогдож байгаа.
10.Гэвч хариуцагч гуравдагч этгээдтэй /өмчлөгч/ байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан зоогийн газар /лангууг/ өмчлөгчийн зөвшөөрөлгүй, эрхийн доголдолтой хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн ...уг зоогийн газар гэх лангуу нь хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгийн бус, гуравдагч этгээдийн өмчлөлийн талбай юм... гэх тайлбар, /хэргийн 18 дугаар тал/
нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө биш гэдгийг мэдэж байсан учраас гэрээг бичгээр хийж чадаагүй... гэх тайлбар баримтуудаар тогтоогдсон.
11.Тодруулбал худалдах худалдан авах гэрээний зүйл буюу зоогийн газар хөрөнгө нь эрхийн доголдолтой, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг зохигч талууд мэдэж байсан, мөн тухайн хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлэх боломжгүй болохыг хожим хэн аль нь хүлээн зөвшөөрч, гэрээ дуусгавар болсон талаар талууд маргаагүй.
12.Нэхэмжлэгч хариуцагчаас шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлбөр огт хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа, хариуцагч мөнгийг шилжүүлж авсан үйл баримтын талаар маргаагүй.
13. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, мөн хуулийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
14. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлтэй учир хариуцагчаас 70 000 000 гаргуулан нэхэмжлэгчид олгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
15. Хариуцагчийн ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбарын агуулгаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй агуулга байгаа хэдий ч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, шүүхэд ямар нэг баримт, хүсэлт гаргаагүйг тайлбарлах нь зүйтэй.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 507 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
17. Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ***аас 70 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 507 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ