| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 182/2018/00310/И |
| Дугаар | 210/МА2018/01396 |
| Огноо | 2018-06-15 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2018/01396
| 2018 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2018/01396 |
Билгүүн групп ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 182/ШШ2018/00631 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Практикал даатгал ХХК-д холбогдох
- 7716 УНТ улсын дугаартай автомашиныг буцаан шилжүүлэхийг Практикал даатгал ХХК-д даалгуулах тухай үндсэн,
- Санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 108 483 400 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гантөмөрийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Доржсүрэн
Хариуцагчийн өмгөөлөгч: М.Амарбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-ийн ерөнхий захирал А.Амарбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компанид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал тохиолдож мөнгөний хэрэгцээ гараад Практикал даатгал ХХК-тай уулзахад зээл олгох боломжтой, барьцаа хөрөнгө шаардлагатай гэсний дагуу манай компанийн эзэмшлийн Lexus 570 маркийн машинаа барьцаалан зээл авахаар тохиролцсон. Гэтэл Практикал даатгал ХХК-иас барьцааны эд зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлж байж зээл олгоно гэсэн тул шилжүүлж, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 100 000 000 төгрөгийг зээлж СТГ 15/005 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээг Билгүүн групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал А.Амарбат иргэнийхээ хувьд байгуулсан байдаг. Зээл авснаас хойш 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрт 80 614 533 төгрөгийг төлсөн байдаг. Практикал даатгал ХХК нь манай компанийн эзэмшлийн эд хөрөнгийг худалдаж байгаа мэтээр хууль зөрчин гэрээ байгуулсан, хууль бусаар компанийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн СТГ15/005 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг А.Амарбат байгуулаагүй, гарын үсэг зураагүй, нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй, автомашиныг барьцаалж зээл олгож байгаа гэж харилцан тохиролцсон байтал хураан авч өөрийн өмч мэт худалдан борлуулах тухайгаа мэдэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Автомашиныг Практикал даатгал ХХК-ийн нэр дээр 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 15/22 дугаартай албан тоотоор шилжүүлэн өгсөн байдаг бөгөөд шилжүүлсэнтэй холбоотой Практикал даатгал ХХК-иас ямар ч төлбөр тооцоо хүлээн аваагүй байдаг нь барьцаалсан гэдгийг нотолж байгаа болно. Автомашиныг шилжүүлэн өгснөөс хойш талуудын хүсэлтээр 7787 УНТ улсын дугаартай байсан автомашин нь 7716 УНТ улсын дугаартай болж өөрчлөгдсөн. Талуудын хооронд автомашиныг шилжүүлэн өгөх хүсэл зориг байгаагүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэн өгсөн байдаг ба зээлийн гэрээ болон барьцааны гэрээ эсвэл фидуцийн гэрээ алиныг ч байгуулаагүй байдаг. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг нэрлэн зааж тогтоосон байдаг бөгөөд хуулийн энэ зүйлд эрхийг шилжүүлэн авах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар заагаагүй, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулахаар зохицуулсан байдаг. Иймд автомашины эрх шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарах тул арлын JTJHY7AXID4116979 дугаартай LЕXUS 570 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн 7716 УНТ улсын дугаартай автомашиныг буцаан шилжүүлэхийг Практикал даатгал ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Практикал Даатгал ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр иргэн А.Амарбаттай СТГ 15/005 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох Лексус 570 загварын 77-16 улсын дугаартай авто машиныг А.Амарбатын эзэмшилд шилжүүлж өгсөн. Тус гэрээний дагуу үүрэг хүлээсэн иргэн А.Амарбат нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гэрээний үүргээ хангалтгүй, дутуу биелүүлж 80 614 534 төгрөгийг үндсэн төлбөр, хүү, алдангид төлж үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. А.Амарбат нь 2016 оны 10 сараас өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө огт төлөөгүй. Манай компанийн зүгээс харилцагчид хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16-01/0843 дугаартай албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 16-01/0932 тоот албан бичиг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний 17-01/0931 дугаартай албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17-01/1556 дугаартай албан бичиг, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18-01/0102 дугаартай албан бичгүүдээр тус тус гэрээний үүргээ биелүүлэх, мэдэгдэл, шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч үүргээ огт биелүүлээгүй. Иймд манай компанийн зүгээс иргэн А.Амарбатыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул Лексус 570 загварын 77-16 Улсын дугаартай авто машиныг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр түр хураан авч өөрийн эзэмшилд авсан. Бидний зүгээс цааш худалдсан зүйл огт байхгүй бөгөөд А.Амарбатыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд уг авто машиныг өмчлөлд нь шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Иргэн А.Амарбат нь манай компанийн дээрх албан бичгийг биечлэн хүлээж авч утсаар болон биечлэн өөрийн биеэр ирж уулзаж байсан мөртлөө нэхэмжлэлдээ /гэрээ байгуулаагүй, нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй, төлбөр тооцоо хүлээн аваагүй/ гэж дурдсанд харамсалтай байна. Иргэн А.Амарбатаас Практикал Даатгал ХХК-д ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигтээ гэрээний үүрэг, төлбөрийн тооцоо үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээ, албан бичиг, өнгөрсөн хугацаанд санал хүсэлтээ илэрхийлж байсан олон баримтуудыг үгүйсгэж огт гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй мэтээр гүжирдэж байгаад манай компанийн хувьд тун их харамсаж байна. Иймд Билгүүн групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гантөмөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
А.Амарбат нь 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Практикал даатгал ХХК-тай СТГ15/005 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Практикал даатгал ХХК нь түрээслэгчийн эзэмшилд УНТ 77-16 улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг шилжүүлж сар бүр тогтмол хугацаанд түрээсийн төлбөр авахаар харилцан тохиролцсон. Практикал даатгал ХХК нь гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар санхүүжүүлэхийг дэмжиж, уг мөнгийг А.Амарбатад бэлнээр гаргаж өгсөн. А.Амарбат нь Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу гэрээний түрээсийн төлбөрийг төлж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэхээ больсон. Манай компани түрээслэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардаж 2016 оны 10 дугаар сарын 11, 2016 оны 12 дугаар сарын 9, 2017 оны 7 дугаар сарын 24 зэрэг өдөр шаардлагуудыг албан бичгээр болон биечлэн уулзаж хүргүүлж байсан болно. Тухайн тээврийн хэрэгслийг А.Амарбат нь гуравдагч этгээдэд шилжүүлсэн тухай дуулдах болсон бөгөөд гэрээний төлбөрийг төлөхгүй удаасан тул манай компанийн зүгээс тээврийн хэрэгслийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр түр хураан авсан. А.Амарбат нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 106 533 400 төлбөрийн үлдэгдэлтэй байна. Мөн автомашины татварт 550 000 төгрөг, түлхүүр хувилуулах зардал 800 000 төгрөг, зогсоолын төлбөр 600 000 төгрөг нийт 1 950 000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээний 6.4, 6.5-д заасны дагуу холбогдон гарсан зардлыг түрээслэгч тал хариуцахаар заасан. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 106 533 400 төгрөг, холбогдох зардал 1 950 000 төгрөг, нийт 108 483 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Иргэн А.Амарбат болон Практикал даатгал ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн СТГ15/005 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээг нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-тай байгуулаагүй, захирлын өөрийнх нь хувь иргэний хувьд байгуулагдсан гэрээ байдаг. Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа иргэн А.Амарбат нь нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-ийн захирал тул хариуцах ёстой мэт холбогдуулсныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-ийн гаргаж буй шаардлага нь Практикал даатгал ХХК нь компанийн эд хөрөнгийг хууль бус аргаар шилжүүлэн авсан тул түүний хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардаж буй агуулгатай, үүнийгээ ч нэхэмжлэлд маш тодорхой дурьдсан. Харин иргэн А.Амарбат болон Практикал даатгал ХХК-ийн хооронд хийгдсэн хэлцлийн тухай асуудал тусдаа харилцаа болно. Билгүүн групп ХХК-ийн хувьд иргэн А.Амарбатын зээлд барьцаалах хэлбэрээр хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн болохоос Практикал даатгал ХХК-ийн эзэмшилд бүрэн шилжүүлж өгөөгүй. Гэтэл Практикал даатгал ХХК нь өөрийн эзэмшлийн өмч хөрөнгө мэтээр түрээсийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Мөн сөрөг нэхэмжлэлд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан ямар ч шаардлага, үндэслэл байхгүй байх бөгөөд зөвхөн иргэн А.Амарбатаас гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан агуулгатай байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Практикал даатгал ХХК-аас 2013 онд үйлдвэрлэсэн JTJHY7AX1D4116979 арлын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-д олгон, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Билгүүн групп ХХК-д холбогдох 108 483 400 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 657 950 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 9 747 төгрөгийг гаргуулж улсыг орлого болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гантөмөр давж заалдах гомдолдоо:
... Шүүхээс тус тусдаа эрх үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийн үүргийг нэгтгэн Билгүүн групп ХХК-ийн хувьцаа эзэмпшгч нь А.Амарбат гэж үндэслэн хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэг хувьцаа эзэмшигчтэй, тэр нь А.Амарбат тул Билгүүн групп ХХК болон А.Амарбат нар нэг этгээд, сөрөг нэхэмжлэлийг татгалзаж шийдвэрлэхдээ Билгүүн групп ХХК тусдаа эрх зүйн этгээд учир аливаа байдлаар оролцоогүй гэж дүгнэн зөрчилдөөнтэй байдлыг үүсгэж байна. Шүүхээс хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Хэрэв Практикал даатгал ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл Билгүүн групп ХХК авто машиныг шилжүүлэн авсан үйл явц үндэслэлгүй, мөн үүрэг үгүйсгэгдсэн буюу үүрэг үүсээгүй байх нөхцлийт шаардана. Шүүх шийдвэртээ Практикал Даатгал ХХК болон Билгүүн групп ХХК-иудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээг хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа нь тодорхойгүй байна. "Практикал Даатгал" ХХК-ийн санхүүгийн гэрээний дагуу нэхэмжилсэн төлбөр болон түүний хүүг иргэн А.Амарбат нь хүлээн зөвшөөрсөн. Практикал Даатгал ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг Билгүүн групп ХХК түүний дэд захирал н.Ундрахбаярт бэлнээр шилжүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлгүй юм. Иргэн А.Амарбат болон Практикал даатгал ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдан авто машиныг шилжүүлэх үүргийн эрх зүйн харилцаа үүсч тэрхүү харилцааг бие даасан хуулийн этгээд болох Билгүүн групп ХХК хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн 77-87 УНТ улсын дугаартай Лекус 570 маркийн тээврийн хэрэгслийг Практикал Даатгал ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг Авто тээврийн үндэсний төвд гаргасан тухай баримтыг үнэлээгүй. А.Амарбат нь санхүүгийн түрээсийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг Практикап Даатгал ХХК-аас зээлж авсан талаар хүлээн зөвшөөрч, төлбөрийн үлдэгдэлд үндсэн төлбөр, хүүд нийт 87 158 561,89 төгрөг Практикал Даатгал ХХК-д төлөхөө илэрхийлсэн тухай албан бичгийг үнэн зөв дүгнээгүй. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 182/ШШ2018/00631 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Билгүүн групп ХХК, иргэн А.Амарбат болон хариуцагч Практикал даатгал ХХК, иргэн Г.Дарханбат нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... Нэг талаас Билгүүн групп ХХК, иргэн А.Амарбат нар нөгөө талаас Практикал даатгал ХХК, иргэн Г.Дарханбат нар дор дурдсан нөхцлөөр харилцан тохиролцож 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо уг эвлэрлийн гэрээг байгуулж, "Билгүүн групп" ХХК нь арлын JTJHY7AXID4116979 дугаартай LEXUS 570 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн 7716 УНТ улсын дугаартай автомашины өмчлөлд хамаарах шийдвэрээс татгалзан, уг автомашиныг иргэн Г.Дарханбатад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх, Практикал даатгал" ХХК нь өөрийн бүртгэд байгаа Арлын JTJHY7AXID4116979 дугаартай LEXUS 570 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн 7716 УНТ улсын дугаартай автомашиныг Г.Дарханбатад шилжүүлэх, Г.Дарханбат нь Билгүүн групп ХХК-д 8 000 000 төгрөгийг, "Практикал даатгал"ХХК-д 32 000 000 төгрөгийг тус тус төлөх үүргийг хэн аль харилцан тохиролцон хүлээсэн бөгөөд энэхүү үүрэг үүссэнтэй холбогдуулан дараах нөхцлийг талууд харилцан тохиролцсон байна. Үүнд:
Г.Дарханбат нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Баталгаа гаргах" гэх хэлцлийн дагуу Практикал даатгал ХХК-д шилжүүлсэн 48 000 000 төгрөг, А.Амарбатад шилжүүлсэн 42 000 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзах,
Билгүүн групп" ХХК, иргэн А.Амарбатын нэрийн өмнөөс "Практикал даатгал" ХХК-д энэхүү эвлэрлээс өмнө Г.Дарханбат 80 000 000 төгрөг төлснийг, А.Амарбат өөроө 10 000 000 төгрөг бэлнээр авснаа болон эвлэрлийн дагуу 3.1.3-д заасан үүрэг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Практикал даатгал" ХХК нь Г.Дарханбатаас маргааны зүйл болох машины үнэд эвлэрлээс өмнө 80 000 000 төгрөгийг хүлээн авснаа, энэхүү эвлэрлийн дагуу 32 000 000 хүлээн авснаар машиныг шилжүүлэх бөгөөд уг автомашинтай холбогдсон аливаа маргаан байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Мөн зохигчид үүрэг гүйцэтгэх дарааллыг
Г.Дарханбат нь гэрээ байгуулагдсан даруйд Практикал даатгал ХХК-ийн нэр дээрх Хаан банкны № 5020476558 тоот дансруу 32 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсан даруй шилжүүлэх,
"Практикал Даатгал" ХХК нь энэхүү гэрээний 3.1.4. заасан төлбөр Хаан банкны № 5020476558 тоот дансанд шилжсэн баримтыг үндэслэн нэн даруй автомашиныг Г.Дарханбатын өмчлөлд шилжүүлэн өгөх,
Г.Дарханбат нь "Билгүүн групп" ХХК-тай байгуулсан "Баталгаа гаргах" гэх хэлцлийн үүргийн гүйцэтгэлийн хохиролд тооцон 8 000 000 төгрөгийг А.Амарбатын Хаан банкин дахь 5003958805 дугаартай дансанд нэн даруй шилжүүлэх,
Билгүүн групп ХХК нь "Баталгаа гаргах" гэх хэлцлийн дагуу шилжүулэх 8 000 000 төгрөгийг А.Амарбатын Хаан банкин дахь дансанд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх,
Билгүүн групп ХХК нь энэхүү гэрээнд заасан Lexus 570 маркийн 7716 УНТ улсын дугаартай автомашины өмчлөх /эзэмших/ эрхийг Г.Дарханбат руу шилжүүлэхтэй холбогдуулан гомдол саналгүй тухайгаа, шүухийн шийдвэрээс татгалзаж буйгаа илэрхийлсэн албан бичгийг талуудад хийж өгнө, шилжилт хөдөлгөөнтэй холбогдон гарах зардлыг Г.Дарханбат хариуцан төлөх,
Гэрээний талууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар үүнээс өөр ямар нэгэн маргаангүй бөгөөд үүнийгээ үүгээр хүлээн зөвшөөрөх,
Энэхүү эвлэрлийн гэрээнд заагдсан үүргүүд биелэгдэж дуусмагц үүнтэй холбоотой бусад бүхий л асуудлаар ямарваа нэгэн гэрээ хэлэлцээр, мөн хоорондоо харилцан тохиролцож байсан бүх төрлийн хэлцэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй, Lexus 570 маркийн 7716 УНТ улсын дугаартай автомашин нь биет байдлын доголдолгүй байх бөгөөд Практикал даатгал ХХК нь автомашиныг Г.Дарханбатаас хүлээж авсан байдлаар нь буцааж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.
ХЯНАВАЛ:
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрлээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Практикал даатгал ХХК-аас 2013 онд үйлдвэрлэсэн JTJHY7AX1D4116979 арлын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-д олгон, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Билгүүн групп ХХК-д холбогдох 108 483 400 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Билгүүн групп ХХК, иргэн А.Амарбат болон хариуцагч Практикал даатгал ХХК, иргэн Г.Дарханбат нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Уг эвлэрлийн гэрээнд "Билгүүн групп" ХХК нь арлын JTJHY7AXID4116979 дугаартай Lехus 570 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн 7716 УНТ улсын дугаартай автомашины өмчлөлд хамаарах шийдвэрээс татгалзан, уг автомашиныг иргэн Г.Дарханбатад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх, "Практикал даатгал" ХХК нь өөрийн бүртгэлд байгаа дээрх автомашиныг Г.Дарханбатад шилжүүлэх, Г.Дарханбат нь Билгүүн групп ХХК-д 8 000 000 төгрөгийг, "Практикал даатгал" ХХК-д 32 000 000 төгрөгийг тус тус төлөх үүргийг хэн аль харилцан тохиролцон хүлээсэн бөгөөд энэхүү үүрэг үүссэнтэй холбогдуулан дараах нөхцлийг талууд харилцан тохиролцож, Г.Дарханбат нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Баталгаа гаргах" гэх хэлцлийн дагуу Практикал даатгал ХХК-д шилжүүлсэн 48 000 000 төгрөг, А.Амарбатад шилжүүлсэн 42 000 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзах, "Билгүүн групп" ХХК, иргэн А.Амарбатын нэрийн өмнөөс "Практикал даатгал" ХХК-д энэхүү эвлэрлээс өмнө Г.Дарханбат 80 000 000 төгрөг төлснийг, А.Амарбат өөрөө 10 000 000 төгрөг бэлнээр авснаа болон эвлэрлийн дагуу 3.1.3-д заасан үүрэг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч, Практикал даатгал" ХХК нь Г.Дарханбатаас маргааны зүйл болох машины үнэд эвлэрлээс өмнө 80 000 000 төгрөгийг хүлээн авснаа, энэхүү эвлэрлийн дагуу 32 000 000 хүлээн авснаар машиныг шилжүүлэх бөгөөд уг автомашинтай холбогдсон аливаа маргаан байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч,
Үүрэг гүйцэтгэх дарааллыг
Г.Дарханбат нь гэрээ байгуулагдсан даруйд Практикал даатгал ХХК-ийн нэр дээрх Хаан банкны 5020476558 тоот дансруу 32 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсан даруй шилжүүлэх,
"Практикал Даатгал" ХХК нь энэхүү гэрээний 3.1.4-т заасан 32 000 000 төгрөгийн төлбөрийг Хаан банкны 5020476558 тоот дансанд шилжсэн баримтыг үндэслэн нэн даруй автомашиныг Г.Дарханбатын өмчлөлд шилжүүлэн өгөх,
Г.Дарханбат нь "Билгүүн групп" ХХК-тай байгуулсан "Баталгаа гаргах" гэх хэлцлийн үүргийн гүйцэтгэлийн хохиролд тооцон 8 000 000 төгрөгийг А.Амарбатын Хаан банкин дахь 5003958805 дугаартай дансанд нэн даруй шилжүүлэх,
Билгүүн групп ХХК нь "Баталгаа гаргах" гэх хэлцлийн дагуу шилжүулэх 8 000 000 төгрөгийг А.Амарбатын Хаан банкин дахь дансанд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх,
Билгүүн групп ХХК нь энэхүү гэрээнд заасан Lexus 570 маркийн 7716 УНТ улсын дугаартай автомашины өмчлөх /эзэмших/ эрхийг Г.Дарханбат руу шилжүүлэхтэй холбогдуулан гомдол саналгүй тухайгаа, шүүхийн шийдвэрээс татгалзаж буйгаа илэрхийлсэн албан бичгийг талуудад хийж өгнө, шилжилт хөдөлгөөнтэй холбогдон гарах зардлыг Г.Дарханбат хариуцан төлөх,
Гэрээний талууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар үүнээс өөр ямар нэгэн маргаангүй бөгөөд үүнийгээ үүгээр хүлээн зөвшөөрөх гэж тус тус тогтоож, энэхүү эвлэрлийн гэрээнд заагдсан үүргүүд биелэгдэж дуусмагц үүнтэй холбоотой бусад бүхий л асуудлаар ямарваа нэгэн гэрээ хэлэлцээр, мөн хоорондоо харилцан тохиролцож байсан бүх төрлийн хэлцэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй, Lexus 570 маркийн 7716 УНТ улсын дугаартай автомашин нь биет байдлын доголдолгүй байх бөгөөд Практикал даатгал ХХК нь автомашиныг Г.Дарханбатаас хүлээж авсан байдлаар нь буцааж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 182/ШШ2018/00631 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
"Билгүүн групп" ХХК нь Практикал даатгал ХХК-ийг арлын JTJHY7AXID4116979 дугаартай LEXUS 570 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн 7716 УНТ улсын дугаартай автомашиныг иргэн Г.Дарханбатад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч,
"Практикал даатгал" ХХК нь уг автомашиныг Г.Дарханбатад шилжүүлэх, Г.Дарханбат нь Билгүүн групп ХХК-д 8 000 000 төгрөгийг, "Практикал даатгал" ХХК-д 32 000 000 төгрөгийг тус тус төлөх,
Г.Дарханбат нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Баталгаа гаргах" гэх хэлцлийн дагуу Практикал даатгал ХХК-д шилжүүлсэн 48 000 000 төгрөг, А.Амарбатад шилжүүлсэн 42 000 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзах,
"Билгүүн групп" ХХК, иргэн А.Амарбатын нэрийн өмнөөс "Практикал даатгал" ХХК-д энэхүү эвлэрлээс өмнө Г.Дарханбат 80 000 000 төгрөг төлснийг, А.Амарбат өөрөө 10 000 000 төгрөг бэлнээр авснаа болон эвлэрлийн дагуу 3.1.3-д заасан үүрэг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрөх,
Практикал даатгал" ХХК нь Г.Дарханбатаас маргааны зүйл болох машины үнэд эвлэрлээс өмнө 80 000 000 төгрөгийг хүлээн авснаа, энэхүү эвлэрлийн дагуу 32 000 000 хүлээн авснаар машиныг шилжүүлэх бөгөөд уг автомашинтай холбогдсон аливаа маргаан байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, үүрэг гүйцэтгэх дарааллаа тогтоосныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728 150 төгрөгийн 364 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Практикал даатгал ХХК-иас 364 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-д олгож, хариуцагч Практикал даатгал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Билгүүн групп ХХК-иас 35 100 төгрөгийг гаргуулан хариуцагч Практикал даатгал ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Практикал даатгал ХХК-иас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ц.ИЧИНХОРЛОО