| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2311005821441 |
| Дугаар | 2025/ДШМ/555 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/555
Б.Сд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Ундармаа /томилолтоор/,
шүүгдэгч Б.С /цахимаар/,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/599 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2311 00582 1441 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Найман овгийн Б.С1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн.
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед б дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 6 давхрын номын санд насанд хүрээгүй хохирогч Г.Х“Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10 цаг 30 минутын орчим хохирогч Ч.Э ... дүүргийн 6 дугаар хороо, 32 дугаар байр, 813 тоот гэртээ гэрийнхээ хаалгыг онгорхой орхиод унтаж байхад нь түүний 540.000 төгрөгийн үнэ бүхий годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокуророос: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Найман овгийн Батмөнхийн Б.С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар 36 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Соос 1.350.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.Халиунаад, 540.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Энхжаргалд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Гэвч уг хэргээс гадна Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэн яллагдагчаар татагдан байцаалт өгсөн болон прокурорын шатанд байгаа хэргүүд байгаа. Энэ талаараа анхан шатны шүүх хуралдаанд уг хэргүүдээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаагаа өөрийн биеэр хэлж илэрхийлсэн боловч шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээгүй. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хуулийн ямар нэг хариуцлага, ял шийтгэл, шүүхийн шийдвэр зэргээс татгалзах, маргах зүйл огт байхгүй. Иймд өөрт холбогдох хэргүүд маань ижил төстэй, хоорондын хугацаа ойрхон, гэм бурууд маргахгүй, бүгд нэг зүйл ангиар зүйлчлэгдэж хялбар хурдан шийдвэрлэгдэх боломжтой тул миний эрх зүйн байдал, ирээдүйн амьдрал, нийгэмд эзлэх байр суурь, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хуулийн хүрээнд холбогдох хэргүүдийг минь нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Ундармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Шүүгдэгч Б.С өөр дүүргүүд дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан гэж байна. Энэ талаар прокурорын цахим сангаас шүүж үзэхэд Б.Сд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, өөр гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуульд зааснаар оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Б.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Прокуророос Б.Сыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Ч дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 6 давхрын номын санд насанд хүрээгүй хохирогч Г.Х“Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10 цаг 30 минутын орчим хохирогч Ч.Э ....эй дүүргийн 6 дугаар хороо, 32 дугаар байр, 813 тоот гэртээ гэрийнхээ хаалгыг онгорхой орхиод унтаж байхад нь түүний 540.000 төгрөгийн үнэ бүхий годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Сын нь “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10 цаг 30 минутын орчим хохирогч Ч.ЭЧингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 32 дугаар байр, 813 тоот гэртээ гэрийнхээ хаалгыг онгорхой унтаж байхад нь түүний годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Тухайлбал, бусдын гэрийн хаалга онгорхой байсан хэдий ч дураараа орох эрхгүй бөгөөд тухайн орон зайд хадгалагдаж байсан эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үзэж, хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн, ямар хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх ёстой байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт өгөлгүйгээр тухайн гэмт хэргийн шинжийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/599 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.С нь анхан шатны шүүхэд “...Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдан байцаалт өгч, шалгагдаж байгаа” талаараа хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй юм.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/599 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ