2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09953

 

 

 

 

 

 

 

 

   2025             11              27                                            192/ШШ2025/09953

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 8-7 тоотод оршин суух *******ын******* /РД:ХБ67012461/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, тауэр, 503 тоотод байрлах “Анд*******” ХХК /РД:6411304/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил 1,************** цамхагт байрлах “Хаан*******” ХК /РД:2693321/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Тамир нь хариуцагч “Анд*******” ХХК, “Хаан*******” ХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч С.Тамир миний бие “Анд Ноёд” ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Смарт” нэртэй орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 190520/001 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр тус орон сууцны 13 давхрын 1302 тоот хаягт байрлах 74,91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 890,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 66,669,900 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө “Анд Ноёд” ХХК-ийн Голомт*******ны 124510953 тоот дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Гэвч “Анд Ноёд” ХХК нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний 3.4-т “гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг батлагдсан зураг, төслийн дагуу Монгол Улсын Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дурэм, чанар стандартад нийцсэн орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулж, захиалагчид хулээлгэн өгнө”, “3.6-д “гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өгнө” гэх үүргүүдээ өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй байна. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш захиалагчийн хувьд гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ богино хугацаанд чанартай гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч “Анд Ноёд” ХХК нь үүний хариуд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "...гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж тантай байгуулсан гэрээний 1 м.кв талбайн үнэ 890,000 төгрөгийг 900,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1,790,000 төгрөг болгох болсныг үүгээр мэдэгдэж байна" гэх албан бичгийг надад ирүүлсэн. Үнийн дүнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул бусад захиалагч нарын хамтаар гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэдгийг гүйцэтгэгч компанид бичгээр мэдэгдсэн. С.Тамир миний бие “Анд*******” ХХК-ийн үндэслэлгүйгээр нэмж шаардаад буй 67,419,000 төгрөгийг төлөхгүй гэснээсээ болж өөрийн орон сууцаа өмчилж чадахгүйд хүрээд байна. Иймд гэрээгээр тохирсон төлбөрөө гэрээ байгуулсан өдөр төлж, үүргээ бүрэн биелүүлсэн тул С.Тамир намайг Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын-1 гудамж, 206 байр /Смарттаун-1 байр /, 13 давхрын 1302 тоотод байрлах, 74,91 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. “Анд Ноёд” ХХК-ийн хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Смарт” нэртэй орон сууц, үйлчилгээний зориулалттай хотхон нь одоогоор Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын-1 гудамж, 6/2 тоот, 8,398 м.кв талбайтай гэж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206071934 дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд уг хөрөнгө нь 2021-10-19-ний өдрийн “Хаан*******” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байна. Маргаан бүхий дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд “Хаан*******” ХК-ийн барьцааны эрх хуульд заасан хэлбэрийн дагуу 2021-10-19-ний өдөр үүсэхээс өмнө С.Тамир нь “Анд Ноёд” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 190520/001 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” буюу ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын-1 гудамж, 206 байр, /смарт-1 байр/, 13 давхрын 1302 тоот хаягт байрлах 74,91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 66,669,900 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, хөлсийг бүрэн төлсөн тул С.Тамирын энэхүү хөрөнгөд холбогдох “Хаан*******” ХК-ийн барьцааны эрх шударгаар үүссэн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Тамир нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасны дагуу ирээдүйд эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхийг шударгаар олж авсан тул “Анд Ноёд” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206071934 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын-1 гудамж, 6/2 тоот буюу 8,398 м.кв талбайтай, дутуу гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн “Хаан*******” ХК-ийн барьцааны эрхээс С.Тамирын захиалан бариулсан 206 байрны 13 давхрын 1302 тоотод байрлах 74,91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд холбогдох барьцааны эрхийг чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Анд*******” ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Хариуцагч “Хаан*******” ХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Голомт*******ны орлогын мэдүүлгийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар,************** ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/144 тоот албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1160 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/26728 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10-6/162 дугаартай албан бичиг, хавсралтаар Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 1 гудамж, 206 дугаар байр, 1 хотхоны 13 давхрын 1302 тоотод байрлах, 74.91 м.кв 3 өрөө орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, дээрх үл хөдлөх хөрөнгө дээр барьцааны болон үүрэг ноогдуулсан бүртгэл, тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл бүртгэгдсэн талаар баримтыг гаргуулан авсан.

 

            Хариуцагч “Анд*******” ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл ирүүлсэн.

 

            Хариуцагч “Хаан*******” ХК-аас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 29/7519 дугаартай итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29/7402 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.

           

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч С.Тамир нь хариуцагч************** ХХК,************** ХК-д холбогдуулан, Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын-1 гудамж, 206 байрны 13 давхрын 1302 тоотод байрлах 74,91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батбаярт нэхэмжлэлийн хувийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

 

Хариуцагч************** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулгад нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч С.Тамир нь хариуцагч************** ХХК-ийн захирал Ж.Ариунболдтой 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр № 190520/001 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смарт” хотхоны 13 давхарт 1302 тоот хаягт байрлах 74.91мкв талбайтайт 3 өрөө орон сууцыг 66,669,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

 

3.2. Нэхэмжлэгч С.Тамир нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Голомт******* дахь************** ХХК-ийн эзэмшлийн тоот дансанд 66,669,900 төгрөгийг “3 өрөө 74,91 мкв С.Тамир*******” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.(хавтаст хэргийн 5 дахь тал)

 

3.3.************** ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1-р гудамж 6/2 тоот байрлах 8398 мкв талбайтай Ү-2206071934 дугаартай орон сууцны барилга нь************** ХК-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.(хавтаст хэргийн 33 дахь тал)

 

3.4. Орон сууц С.Тамирын эзэмшилд байгаа тухайд талууд маргаангүй. Харин өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Тамирийн нэр дээр гаргаж өгөөгүйн улмаас уг маргаан үүссэн байна.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч С.Тамир болон хариуцагч************** ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн № 190520/001 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний нөхцлөөс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-т “Гүйцэтгэгч нь Захиалагчид орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн баримтыг үндэслэн орон сууц хүлээлцсэн акт үйлдэн, орон сууцны түлхүүрийг нь хүлээлгэн өгнө.”, 3.6 -т “Гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөөбүрэн төлсөн тохиолдолд өгөх үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгч С.Тамирийг Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смарт” хотхоны 13 давхарт 1302 тоот хаят байрлах 74.91мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч Хаан******* ХК нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, 206 байр 1302 тоот хаят байрлах 74.91мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг************** ХК-д даалгаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 2025 оны 11  дүгээр сарын 04-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч************** ХХК-ийн төлөөлөгч Ж.Ариунболдод шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдсэн,******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулгын 99004535 дугаарт зурвас илгээж мэдэгдсэн боловч шүүхэд ирж, шүүх хуралдаанд оролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 983,800 төгрөгийг улсын орлогод  үлдээж, хариуцагч************** ХХК-аас 491,300 төгрөг, хариуцагч************** ХК-аас 492,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан,  нэхэмжлэгч С.Тамир /РД:*******/-г Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, 206 байр 1302 тоот хаят байрлах 74.91мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, 206 байр 1302 тоот хаят байрлах 74.91мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг************** ХК-д даалгасугай.

 

3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5 дахь хэсэгт заасныг баримтлан, дээрх орон сууцны өмчлөгчөөр С.Тамирыг бүртгэхийг Улсын бүртгэлийг байгууллагад даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч************** ХХК-аас 491,300 төгрөг, хариуцагч************** ХК-аас 492,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Тамирт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР