Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02399

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02399

 

 

 

Б.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02861 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ж-ын хариуцагч Х.Нд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оноос Х.Нтэй амьдарч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамт амьдрах хугацаанд хүү Б.Амарбаясгалан, охин Б.Ану-эрдэнэ, Б.Бямбахишиг, Б.Отгонхишиг нар төрсөн. Мөн миний өмнөх эхнэрээс төрсөн Б.Анунгоо, Б.Ананд, Б.Анударь, Б.Анар болон эхнэр Х.Нн дагавар хүүхэд н.Төрмөнх, н.Төрсайхан нар нийлж хамт амьдарч байсан. Дагавар хүүхдүүд хоорондоо таарахгүй, эхнэр маань ааш авир нь улам хурцдаж өнчин 2 охиныг маань байнга дарамталж байсан. Том охин Б.Анар амиа хорлох оролдлогыг 5 удаа хийсэн аймшигт үзэгдлийн дунд би өөрөө эхнэр, 2 дагавар хүү, охиндоо зодуулж эд эрхтэн, эд материал сэтгэл санаа, эрүүл мэнд, эрх чөлөөний хязгаарлалт, хохирлыг амссаар байна. Сүүлийн үед гэр бүлийн далд хүчирхийллээс 2 өнчин охиноо хамгаалах, өөрөө амьд явахаас өөр замгүй болсон. Одоо би өмнөх эхнэрээсээ гарсан хүүхдүүд болох Б.Анар, Б.Анударь, Б.Анунгоо, Б.Ананд нартайгаа тусдаа амьдарч байна. Иймээс бидний гэрлэлтийг эвлэрүүлэн зуучлахаар оруулахгүй шууд цуцалж өгнө үү, хүүхдүүдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэжээ.

Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ж- бид хоёр 2008 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж 2009 оноос эхэлж хамт амьдарсан. Б.Ж- нь Б.Анунгоо, Б.Ананд нарын эх болох н.Баярцэцэгтэй гэрлэлтээ бүртгүүлсэн байсан тул энэ хооронд бид хамтын амьдралтай байж байгаад 2016 онд хууль ёсны эхнэр, нөхөр болсон. Б.Ж- нь үргэлж архи уудаг, эд хогшлоо эвддэг, харгис хэрцгий зантай. Намайг зодож, доромжилдог байсан. Тухайн үед гомдож байсан ч хайр сэтгэлээ бодож нөхрөө уучлан хуулийн байгууллагад хандаагүй. Иймд цаашид энэ хүнийг засарч, төлөвшин, сайн сайхан хамтдаа амьдарна гэх итгэлгүй болсон, эвлэрэхгүйгээр гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Ж- нь 2019 оны 8 дугаар 21-ний өдөр гэрээсээ яваад өмнөх эхнэрүүд болох н.Цэрмаа, О.Баярцэцэг нартайгаа мөн нас барсан эхнэрийнхээ эгчийнд байж байгаад одоо хуучин эхнэр О.Баярцэцэг болон хүүхэд Б.Анар, Б.Анударь, Б.Анунгоо, Б.Ананд нарын хамт амьдарч байгаа нь үнэн болно. Өнгөрсөн хугацаанд маш их хэцүү тэсвэр тэвчээрийг гаргаж ирсэн. Энэ хүнд хэцүү үед 4 нялх хүүхэд болон намайг өнчрүүлээд явна гэж бодоогүй. Иймд хүү Б.Амарбаясгалан, охин Б.Ану-Эрдэнэ, Б.Бямбахишиг, Б.Отгонхишиг нар нь нөхөр Б.Ж-ын төрсөн хүүхдүүд мөн тул түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ж- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бидний гэр бүл байх хугацаанд хүү Б.Амарбаясгалан, охин Б.Ану-эрдэнэ, Б.Бямбахишиг, Б.Отгонхишиг нар төрсөн боловч би энэ хүүхдүүдийн биологийн эцэг эсэхэд эргэлзэж байгаа. Учир нь 2012 оны шүүх эмнэлгийн шинжилгээгээр Б.Амарбаясгалан нь миний хүүхэд биш гэж гарсан. Хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, одоо эхтэйгээ амьдарч байгаа. Хүүхдүүдийн тэтгэлгийн хувьд би эцэг нь биш гэж эргэлзэж байгаа учраас төлөхгүй. Би өмнөх эхнэр О.Баярцэцэгээсээ салаад бидний дундаас төрсөн 2 хүүхдэдээ тэтгэлэг төлдөг учир миний цалин, орлого хүрэхгүй. Х.Нгээс болж би өмнөх амьдралаасаа салсан гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Балжиннямын Бямбажав, Хөхөөгийн Нэргүй нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Амарбаясгалан, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Ану-Эрдэнэ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Бямбахишиг, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Отгонхишиг нарыг эх Х.Нн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Амарбаясгалан, Б.Ану-эрдэнэ, Б.Бямбахишиг, Б.Отгонхишиг нарыг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Б.Ж-аар тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж-ын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н улсын тэмдэгтийн хураамжид 236 900 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 18 580 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, хариуцагч Х.Нгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-т, нэхэмжлэгч Б.Ж-аас 218 320 төгрөг гаргуулж хариуцагч Х.Нд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ж- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх эцэг тогтоох шинжээч томилж захирамж гаргасан боловч хариуцагч Х.Н нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс удаа дараа дуудахад очихгүй байсаар хэрэг буцаж шүүхэд ирэхэд шүүгч та эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалз гэсний дагуу би татгалзсан.

Мөн Х.Н нь шүүх хуралдаан зарласныг мэдсэн ч ирдэггүй эсвэл хуурамч баримт хүртэл өгч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Шүүх ч миний эрхийг зөрчиж гэр бүлийн хүчирхийллийн талаарх баримтыг өгсөөр байтал эвлэрэх 3 сарын хугацаа өгч хугацаа алдуулсан. Ингэж хэргийг шийдвэрлэхгүй маш их удсаны эцэст шүүх хурал зарлагдахад хариуцагч Нэргүй нь сөрөг нэхэмжлэл гаргаж бас л шүүх хуралдааныг хойшлуулсан.

Хариуцагч Х.Нн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 4 хүүхдэд тэтгэлэг тогтоолгох байсан ба би үүний хариуд хүүхдүүдийн биологийн төрсөн эцэг мөн эсэхээ мэдсэний үндсэн дээр тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн тайлбар гаргасан. Мөн эцэг тогтоолгох ДНК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамж гаргасан. Шүүх уг захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Б.Амарбаясгаланг миний хүүхэд биш гэсэн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Х.Нд итгэхийн аргагүй тул Б.Ану-Эрдэнэ, Б.Бямбахишиг, Б.Отгонхишиг нарын төрсөн эцэг мөн эсэхэд маш их эргэлзээтэй байдаг. Х.Н нь Б.Амарбаясгаланг чиний хүүхэд гэж намайг хууран мэхэлсэн байдлаас эргэлздэг гэж тайлбарласаар байтал шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж 1, 2 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Н давж заалдах гомдолдоо: Б.Ж- бид хоёр дундаасаа төрсөн бага насны 4 хүүхэдтэй. Мөн миний дагавар охин Н.Цэцэгдэлгэр насанд хүрээгүй. Иймд бидэнд орох орон очих газар байхгүй тул хүүхдийн сурч боловсрох, аюулгүй орчинд эсэн мэнд, эрүүл амьдрах эрх, ашгийг зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.

Б.Ж- нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ яваад одоог болтол хүүхдүүдээ нэг ч удаа эргэж ирээгүй, асарч хараагүй, харьцаагүй тэжээн тэтгээгүй, 2016 онд салсан эхнэр О.Баярцэцэгтэйгээ амьдарч байгаа. Б.Ж- бид анх танилцсан цагаас эхлэн хөдөлмөрлөж, хамтран зээл авч, засан сайжруулсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхон, 83 тоотод байрлах 700 м.кв газар, 467.5 м.кв талбай бүхий нийтийн байрны үйл ажиллагаатай 390 200 000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө бий. Үүнээс өөрт болон хүүхдүүддээ хуваалгах хүсэлтэй байсан. Амьжиргааны төвшин 409-679 босго шугамаас доогуурт багтаж байгаа тул тэмдэгтийн хураамжийг төлж чадаагүй. Одоо миний бие нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоод хийсэн барилгын ажлын хөлсөөрөө төлж Б.Ж-ын 4 хүүхэд, өөрийн дагавар охин Н.Цэцэгдэлгэрт нарт болон өөрт ногдох хэсгээ хуваалгах хүсэлтэй байна.

Мөн орон байраар хангуулж хүүхдүүдээ тогтвор суурьшилтай нэг хаяг дээр сурч боловсрох, амьдрах ая тухтай, эрүүл өсөж бойжих нөхцөлийг эцэг Б.Ж-аар хангуулах хүсэлтэй байна.

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй хол ажилтай байсан тул шүүгчийн туслахад хол ажилтай гэдгээ албан ёсоор утсаар мэдэгдсэн. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх нь шүүх хуралдааны товыг мэдсээр байж утсаа салгаад санаатайгаар алга болсон.

Б.Ж- нь хүүхдүүдээ болон биднийг гудамжинд хаяж 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр заналхийлж дарамталж мессэж бичиж байсан. Энэ нь хэрэгжихэд хүрч байна. Миний дагавар охиныг өртэй байсан хүндээ хамт архи ууж байхдаа хүчиндүүлэхийг завдсан, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь цагдаа, прокуророор шийдэгдээгүй байхад гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж, амьдрах орчин нөхцлөөр хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч Х.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрлэлт цуцлуулах шаардлагаа дэмжин оролцсон байна. Хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж, хүүхдийг орон байраар хангуулахаар сөргөөр нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хүүхдүүдийн биологийн эцэг мөн эсэхийг шинжээчээр тогтоолгоно, тэтгэлэг төлөх боломжгүй гэх үндэслэл заан маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, ямар хөрөнгөнөөс хэдий хэмжээгээр шаардаж байгаа нь тодорхой бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсгийн заасанд нийцээгүй байна. Учир нь шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахдаа хамтран өмчлөх дундын өмчийг хуваах асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэх журамтай. /хх-188/

Мөн гэрлэгчид хүүхдүүдийн биологийн эцэг мөн эсэх талаар маргасан тохиолдолд шинжээчээр дүгнэлт гаргуулах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байжээ.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулан, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул энэ талаар гаргасан зохигчдын давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байхад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн заасантай нийцээгүй, мөн гэрлэлтийг цуцлахдаа хуулийн 14.1 дэх хэсэгт заасныг баримталж хуулийг буруу хэрэглэсэн зэрэг алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02861 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Х.Нг давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13536 дугаар захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД