| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1086/Э |
| Дугаар | 1117 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч, хохирогч Б.Б О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б О.Э нарт холбогдох эрүүгийн 1706 0101 31304 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б.Б /РД:/,
2. Монгол Улсын иргэн, О.Э /РД:ЕС70052316/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 244 байрны 1 орцонд О.Э маргалдаж, түүний нүүр, өвдөг, шилбэнд гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Э нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 244 байрны 1 орцонд О.Э маргалдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орц руу өөрийн охин болох И.Намуунтай цугтаа орж байсан. Тэгсэн чинь дээд давхараас царай зүс нь харагдахгүй эрэгтэй нус цэрээ хаяад буугаад ирсэн. Би уг эрэгтэй рүү хандаад “чи болиоч ээ, ямар заваан юм бэ” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ, чи цэвэрлэхгүй юу, хуц солиор, та нар цэвэрлэхгүй юу” энэ тэр гээд тамхи татчихсан бууж ирсэн. Зүүн гартаа барьчихсан байсан тамхиа над руу шидсэн би тамхийг нь өшиглөдөг хүн болоод хөлөө явуулсан чинь тэр хүн зөрүүлээд над руу гараа явуулсан. Тэгээд би эргүүлж өшиглөсөн бөгөөд үүний дараа тэр эрэгтэй намайг үсдээд авсан. Ингээд манай охин ирээд хаалганы онгойлгодог конопыг дараад бид гурав хамт ноцолдоод хаалгаар гарсан. Манай охиныг бас үсдсэн байсан. Бид гурав хаалгаар гараад үсээ тавиулах гэж байсан чинь тэр эрэгтэй намайг түлхчихсэн юм. Миний толгойны ар хэсгээр халуу оргих шиг болохоор би толгойныхоо ар талыг бариад үзсэн чинь гарын үзүүр цус болсон. Тухайн үед охин бид хоёр руу бүгдээрээ дайраад байсан учраас би тэд нарыг явуулахгүй гээд намайг түлхэж унагаасан эрэгтэйн цамцнаас зуурч байгаад урчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-19 дүгээр хуудас/,
Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би доошоо шатаар бууж байгаад санаандгүй шүлсээ хаячихсан юм. Тэгсэн чинь доороос өгсөөд ирж байсан хоёр эмэгтэйн арай настай байрын эмэгтэй нь намайг “өмхий архичин” энэ тэр гээд л хэлэх хэлэхгүй үгээр харааж байсан, би мэдсэнгүй гэж хэлсэн чинь шууд хүрч ирээд миний нүүр амыг гараараа самардаж майжаад эхэлсэн, мөн өмсөж явсан шар өнгийн путболкны урд талыг тасалж урсан, хагас ханцуйгүй хүрэмний энгэрийг бас гараараа татаад урсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-28 дугаар хуудас/,
Гэрч И.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр буюу хагас сайн өдөр 21 цаг өнгөрч байхад би ээжтэйгээ хамт дэлгүүр орчихоод гэр рүүгээ орж явсан юм. Тэгээд лифтний хаалган дээр зогсож байсан чинь дээрээс үл таних эрэгтэй хүн шүлсээ маш муухай хаяад буугаад ирэхээр нь манай ээж оршин суудаг газраа цэвэрхэн байх шаардлага тавьсан чинь тэр залуу манай ээж рүү “чамд ямар хамаатай юм бэ, чи цэвэрлэ” гээд манай ээж рүү татаж явсан тамхиа шидсэн. Тэгээд ээж түрүүлээд хөл рүү нь хүрчихсэн юм. Тэгтэл тэр залуу манай ээжийг үсдээд зодсон. Тэгэхээр нь би “болиоч” гээд салгах гэтэл тэр залуу намайг үсдээд орцноос гарсан юм. Намайг үсдээд гарсны дараа ээж араас ирээд надаас салгах гэтэл манай ээжийг түлхээд унагаачихсан. Ээж унахдаа хогны фүүнкерийн өнцгийг мөргөж унасан. Тэгээд толгойгоороо мөргөсөн учраас толгойноос нь цус гарсан. Тэр залуугийн хамаатнууд бололтой 5-6 хүн араас нь гарч ирээд манай ээж бид хоёр руу дайраад “эрэгтэй хүний цус үзсэн хүн сайн явдаггүй юм даа, та нарыг сайн явахыг чинь харнаа” гээд хараагаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/,
Гэрч Б.Хандмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Автомашинуудын наана ногоон өнгийн олон халаастай, хагас ханцуйтай жилетик маягийн зүйл өмссөн, 40 гаран насны махлагдуу биетэй, шардуу царайтай эрэгтэй хүн нэг эмэгтэйг үсдээд доош нь дарчихсан байсан. Би “яагаад манай байранд амьдардаг эмэгтэйг зодоод байгаа юм бэ” гэж хэлээд тэр залууг нөгөө эмэгтэйгээс салгаж холдуулсан. Үсдүүлсэн байсан эмэгтэйн толгойных нь үс цус болчихсон байсан. Харин нөгөө эрэгтэйн энгэр хэсэг цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹10333 дүгнэлтэд “Б.Б биед дагзны хуйханд язрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 38 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹10334 дүгнэлтэд “О.Э биед баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, цээж, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 42 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 6 дугаар хуудас/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 7 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 44, 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45, 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 244 байрны 1 орцонд О.Э маргалдаж, түүний нүүр, өвдөг, шилбэнд гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Э нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 244 байрны 1 орцонд О.Э маргалдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б О.Э нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Б О.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б О.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.