| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2302003760085 |
| Дугаар | 2025/ДШМ/556 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 18.7.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр, Г.Билгүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/556
Х.Х, Х.Ц, Б.М,
Б.Б, П.Ч, А.Б,
Г.А, Т.Энарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
18
прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн,
яллагдагч Х.Х, Б.М нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,
яллагдагч Х.Хын өмгөөлөгч Ц.Батзориг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/2080 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нарын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг үндэслэн Х.Х, Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт холбогдох эрүүгийн 2302003760085 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х.Х, 1980 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,
2. Х.Ц, 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,
3. Т.Э, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,
4. Г.А, 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 37 настай эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,
5. Б.Б, 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай эмэгтэй, дээд боловсролтой, инженер, нягтлан бодогч мэргэжилтэй,
6. Б.М, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 35 настай эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт
7. П.Ч, 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа
8. А.Б, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 38 настай эмэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй,
Х.Х нь Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нартай бүлэглэн, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу гудамжны 18/1 дүгээр байрны 14-2 тоот хаягт байрлаж, өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, нэр бүхий 29 хуулийн этгээдэд нийт 151.021.608.564 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 1129 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, Татварын ерөнхий газрын “Цахим тайлангийн систем” (е-tах.mta.mn)-д тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд тараасан,
- “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн үүсгэн байгуулсан 53 компанийн харилцах дансаар татвараас зайлсхийж буй 29 хуулийн этгээдүүдээс нийт 670 удаагийн гүйлгээгээр 95.436.999.376 төгрөгийг “гэрээт ажлын төлбөр, гэрээт ажлын урьдчилгаа, бараа материалын төлбөр, гэрээний төлбөр, арматурын төлбөр” гэх худал утгатайгаар шилжүүлэн авч, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор дансаар бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэн мөнгийг гарган авч, буцаан бэлэн мөнгөний орлогын баримтаар нэр бүхий 29 хуулийн этгээдүүдийн данс, мөн тэдгээрийн гүйцэтгэх удирдлага, ажилтан, хамаарал бүхий этгээдүүдийн дансанд шилжүүлэх, мөнгийг бэлнээр гарган өгч “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,
- мөн үргэлжилсэн үйлдлээр “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнийхээ үр дүнд бий болсон хууль бус орлого болох 7.416.018.290 төгрөгийг хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч, ашиглан хууль бус эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрх, захиран зарцуулах аргыг нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дараах үл хөдлөх хөрөнгө, газар худалдан авч эдийн засгийн эргэлтэд оруулсан.
Үүнд:
1. 156.814.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Улсын бүртгэлийн Ү2203036696 дугаартай, иргэн Б.Б (УД78031713) нэр дээр бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол (14181) 310-р байр 169 тоот хаягт байрлах орон сууц,
2. 281.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Улсын бүртгэлийн Ү2206105770 дугаартай, иргэн Х.Х(УХ01251835) нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг дүүрэг, 15-р хороо River villa хотхон 8/1-р байр 168 тоот хаягт байрлах орон сууц,
3. 200.870.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Бүртгэлийн Г2203002022 дугаартай, иргэн Х.Х(УХ01251835) нэр дээр бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 12-р хороо, Хангайн 1-р гудамж 11 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 379 м.кв хэмжээтэй өмчлөх эрхийн газар,
4. 206.170.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Бүртгэлийн Г2203010889 дугаартай, иргэн Х.Х(УХ01251835) нэр дээр бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 12-р хороо, Хангайн 1-р гудамж 18 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 379 м.кв хэмжээтэй өмчлөх эрхийн газар,
5. 768.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Бүртгэлийн 1781115408 дугаартай, Х.Хын (ЧР80022712) нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 8-р хороо, Өлзийтийн зам дагуу байрлалтай “Мод үржүүлэг”-ийн зориулалттай 19200 м.кв хэмжээтэй эзэмших эрхийн газар,
6. 193.713.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Бүртгэлийн 1802204355 дугаартай, Г.Аийн (ОН87061672) нэр дээр бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 34-р хороо, Шижиртэйн даваа гудамж 24 тоот хаягт байрлалтай “Аялал жуулчлал”-ын зориулалттай 11053 м.кв хэмжээтэй эзэмших эрхийн газар зэрэг нийт 1.806.617.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр тус тус худалдан авч, эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт,
- Х.Ц, Х.Х, Г.А, Б.Б, Т.Э, Б.М нар нь П.Ч, А.Б нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 18/1 дүгээр байрны 14-2 тоот хаягт байрлаж, өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, нэр бүхий 29 хуулийн этгээдэд нийт 151.021.608.564 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 1129 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, Татварын ерөнхий газрын “Цахим тайлангийн систем” (е-tах.mta.mn)-д тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд тараасан гэмт хэрэгт,
- П.Ч, А.Б нар нь Х.Ц, Х.Х, Г.А, Б.Б, Т.Э, Б.М нартай бүлэглэн, хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 18/1 дүгээр байрны 14-2 тоот хаягт байрлаж, өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, нэр бүхий 29 хуулийн этгээдэд нийт 151.021.608.564 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 1129 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, Татварын ерөнхий газрын “Цахим тайлангийн систем” (е-tах.mta.mn)-д тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд тараасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Х.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Х.Ц, Г.А, Х.Энх-Алтай, Б.Б, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
П.Ч, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв. Үүнд:
1. Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112 дугаар яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, мөн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 622, 623, 624, 625, 626, 627, 628, 629 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолуудыг хяналтын прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нар 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 436 дугаар яллах дүгнэлтийг яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 29 минутад гардуулсны дараа дээрх тогтоолуудыг танилцуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна.” гэж, 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна.” гэж, 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж, 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэж заасныг тус тус зөрчжээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”, 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тусгана гэж тус тус хуульчилжээ.
Нийслэлийн Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 436 дугаар яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэг болон тогтоох хэсэгт яллагдагч Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо бага тойруу гудамжны 18/1 дүгээр байрны 14-2 тоот хаягт байрлаж, өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж гэж буруутгасан байх бөгөөд яллагдагч нар дээрх 53 хуулийн этгээдийг байгуулахад оролцсон эсэх,
мөн яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэг болон тогтоох хэсэгт яллагдагч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 18/1 дүгээр байрны 14-2 тоот хаягт байрлаж, өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, нэр бүхий 29 хуулийн этгээдэд нийт 151.021.608.564 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 1129 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, Татварын ерөнхий газрын “цахим тайлангийн систем”-д тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд тараасан гэж буруутгасан байх бөгөөд яллагдагч Б.М нь “Такс Иншуранс” ХХК-нд 2022 оны 04 дүгээр сард ажилд орж, 2023 оны 10 дугаар сард ажлаас гарсан /23хх 121-124/ тухай хавтас хэрэгт авагдсан мэдүүлэгтээ дурджээ. Иймд яллагдагч Б.М нь хэдий хугацаанд дээрх буруутгагдсан гэмт хэрэгт оролцсон эсэх,
мөн яллагдагч П.Ч, А.Б, Б.М нарыг гэмт хэргийн улмаас олсон орлого байгаа эсэхийг шалгах, байгаа бол яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тусгах зэрэг дээрх дурдсаныг тодруулж, зөвтгөх нь зүйтэй.
Яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 29 минутад гардуулсан 436 дугаар яллах дүгнэлтийн 14 болон 34 хуудас дутуу яллах дүгнэлтийг гардуулсан гэх бөгөөд дээрх зөрчлүүдийг нэг мөр шийдвэрлэж, оролцогчийг эрхээр нь хангах зүйтэй гэж шүүх үзэв. Энэхүү яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлж, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй юм.
3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Х.Хын өмгөөлөгч Ц.Батзоригоос 63 дугаар хавтас хэргийн 118-122 дугаарт авагдсан яллагдагч Х.Хын авсан мөнгөний хэмжээг 7.416.018.290 төгрөг гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэр бүхий 29 компаниас Х.Хын авсан мөнгөний хэмжээг гаргасан дүгнэлтэд дурдсан үнийн дүн орон алдаж бичсэн, хоорондоо зөрүүтэй зэрэг нөхцөл байдлаас үүдэн олсон орлогын хэмжээ 7.416.018.290 төгрөг гарсан гэжээ.
Яллагдагч Х.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх 7.416.018.290 төгрөгийг нарийвчлан шалгаж, шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Х.Х нь тухайн компаниудтай хэдэн хувиар тохиролцож хэдэн төгрөгийн орлого олсон эсэхийг нэг мөр тогтоох нь зүйтэй.
4. Нийслэлийн прокурорын газраас Х.Х, Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт холбогдох 64 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх ба яллах дүгнэлтийн хавсралтад “мөрдөн шалгах ажиллагааны магадалгааг хэргийн хамт зохих журмын дагуу нууцлалыг хангаж хүргүүлэв” гэх боловч шүүхэд хэргийн хамт мөрдөн шалгах ажиллагааны магадалгааг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Мөрдөн шалгах ажиллагааг хуульд зааснаар бүрэн гүйцэт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул дээрх үндэслэлээр яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр, яллагдагч Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тус захирамжид дурдагдаагүй боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. “Нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолуудыг хяналтын прокурор яллах дүгнэлтийг яллагдагч нарт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 29 минутад гардуулсны дараа дээрх тогтоолуудыг танилцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн" гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Дээрх яллах дүгнэлт гардуулсны дараа яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан байна гэсэн дүгнэлтийг шүүхээс хийсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй, ойлгомжгүй, хийсвэр дүгнэлт хийсэн байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэх үед анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан цаг хугацаанаас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тогтоолд өөрчлөлт оруулж яллагдагчид танилцуулдаг. Харин холбогдон шалгагдсан зарим хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол, яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулдаг бөгөөд дээрх прокурорын шийдвэр гардуулах, танилцуулах дарааллыг хийсвэр байдлаар хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.
Хоёр. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт", 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад "хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл"-ийг тусгана гэж тус тус хуульчилжээ. Мөн яллагдагч П.Ч, А.Б, Б.М нарыг гэмт хэргийн улмаас олсон орлого байгаа эсэхийг шалгах, байгаа бол яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тусгах, зэрэг дээрх дурдсаныг тодруулж, зөвтгөх нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Яллах дүгнэлтэд яллагдагч П.Ч нь 349,229,400 төгрөг, А.Б нь 166,294,800 төгрөг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон болохыг тусгасан бөгөөд шүүхээс хуульд байхгүй шаардлага хангуулахаар яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тусгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гурав. “Яллагдагч Х.Хын авсан мөнгөний хэмжээг гаргасан дүгнэлтэд дурдсан үнийн дүн орон алдаж бичсэн, хоорондоо зөрүүтэй зэрэг нөхцөл байдлаас үүдэн олсон орлогын хэмжээ 7,416,018,290 төгрөг гарсан. Яллагдагч Х.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх 7,416,018,290 төгрөгийг нарийвчлан шалгаж, шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Х.Х нь тухайн компаниудтай хэдэн хувиар тохиролцож, хэдэн төгрөгийн орлого олсон эсэхийг нэг мөр тогтоох нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Хэрэгт мэргэжлийн байгууллага буюу хөндлөнгийн “Конфиденсе консалтинг” ХХК-ийн шинжээч нар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр аудитын дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь зөвхөн санхүүгийн анхан шатны баримтад тулгуурласан бөгөөд яллагдагч Х.Хын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хувирган өөрчилж ихэвчлэн бэлэн мөнгө болгож, нарийн зохион байгуулалттай, нэгэн ижил бус арга, хувь хэмжээтэй шууд санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн орлогыг тогтоох боломжгүй юм. Мөн бэлэн хэдэн төгрөгийг хэнд, хэзээ өгч, хэдэн төгрөгийн ашигтай үлдсэн гэдгийг гагцхүү мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой бөгөөд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзээгүй юм. Харилцсан 29 хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, дансны хуулганд үзлэг хийх, орсон орлого, гарсан зарлагын зөрүү зэрэг нотлох баримтад тулгалт хийх замаар дүн шинжилгээ хийж нийт 7,416,018,290 төгрөгийн ашиг олсон болохыг мөрдөгч үзлэг хийж тогтоосон. Дээрх олсон ашгаас яллагдагч П.Чт 1,232,665,600 төгрөг, яллагдагч А.Бт 166,294,800 төгрөг нийт 1,398,960,400 төгрөг шилжүүлсэн, 1,806,617,000 төгрөгийн үнэлгээ бүхий 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл шүүхээс прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ захирамжид тусгаагүй буюу мөрдөгч үзлэг хийхдээ ямар тооны хэдэн орон алдсан, тоо, тооцооллын алдаа байгаа бол яагаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Дөрөв. “Нийслэлийн прокурорын газраас Х.Х, Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт холбогдох 64 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх ба яллах дүгнэлтийн хавсралтад "мөрдөн шалгах ажиллагааны магадалгааг хэргийн хамт зохих журмын дагуу нууцлалыг хангаж хүргүүлэв" гэх боловч шүүхэд хэргийн хамт мөрдөн шалгах ажиллагааны магадалгааг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Хэрэгт хавсаргасан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг зохих журмын дагуу буюу Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246, А/80 дугаартай захирамж, тушаалаар батлагдсан "Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг "...нууцын зэрэглэлд хамаарах гүйцэтгэх ажлын журмаар хавтаст хэрэгт авагдсан баримтыг нууцын ажилтан хүлээн авна", Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай тогтоолоор батлагдсан "Монгол Улсын шүүхийн төрийн болон албаны нууцыг хамгаалах журам"-д заасны дагуу мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэргээс тусад нь шүүхийн нууцын ажилтанд шүүхийн хэлэлцүүлэг явагдсан өдөр хүлээлгэн өгсөн байна.
Тав. Шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А нарт авсан тодорхой нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн хэдий ч захирамжлах хэсэгт буюу шийдвэртээ энэ талаар дурдаагүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлага хангаагүй, биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзлээ. Дээрх үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчин дүгнэлт хийж хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг прокурорт буцаах 3 үндэслэл байдаг бөгөөд хэргийг буруу тусгаарласан буюу прокурорын шийдвэртэй холбоотой, бусад 2 үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдлыг хамруулан үздэг байна. “Мөрдөн шалгах ажиллагаа” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, 2 дахь заалтад “Мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд шүүхийн дурдаад байгаа яллах дүгнэлттэй холбоотой техникийн чанартай зөрүүтэй бичилтийг нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин шүүх хуралдааны бэлтгэл үе шат буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад заасан “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах” талаар хэлэлцэж хэрэв шүүх алдаатай байна гэж үзвэл прокуророос засуулах бүрэн боломжтой буюу хууль зүйн үндэслэл байсан байна. Яллах дүгнэлтэд тавигдах яг ямар шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэхдээ прокурорын гаргасан дээрх дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ. Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг ямар нэгэн эргэлзээгүй тогтоох үүднээс мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж тодорхойлуулсан бөгөөд хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хангалттай хийж гүйцэтгэсэн боловч хэргийг ойлгомжгүй байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон зүйлүүдийг дахин хийлгэх агуулга бүхий үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/2080 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэж прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
Яллагдагч Х.Хын өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй танилцаж, 7 хуудас тайлбар бичиж, хэрэгт хавсаргасан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчийн захирамжид дурдсан 7.400.000.000 төгрөгийн хохирлыг яагаад буруу гаргасан гэж үзэж байгаагаа нэг бүрчлэн тайлбарласан. Энэ агуулгаар шүүгч захирамждаа “Х.Хын өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр үндэслэлгүй байна. Хохирол төлбөр, орон алдаж бичсэн гэдгийг шалгаж тогтоо” гэж дурдсан. Анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх байр сууринаас дараах тайлбарыг гаргаж байна.
1. “Нийслэлийн прокурорын газрын яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолуудыг хяналтын прокурор яллах дүгнэлтийг яллагдагч нарт 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 29 минутад гардуулсны дараа дээрх тогтоолуудыг танилцуулсан байна... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Дээрх яллах дүгнэлт гардуулсны дараа яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан байна гэсэн дүгнэлтийг шүүхээс хийсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй, ойлгомжгүй, хийсвэр дүгнэлт хийсэн байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэх үед анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан цаг хугацаанаас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тогтоолд өөрчлөлт оруулж яллагдагчид танилцуулдаг. Харин холбогдон шалгагдсан зарим хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол, яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулдаг бөгөөд дээрх прокурорын шийдвэр гардуулах, танилцуулах дарааллыг хийсвэр байдлаар хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.” гэжээ. Хяналтын прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нар нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт яллагдагч нарыг Нийслэлийн прокурорын газрын уулзалтын өрөөнд дуудаж, тус прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112дугаартай яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг танилцуулсан ба тэднийг мөн өдрийн үдээс хойш буюу 14 цагт уг өрөөнд бэлэн байхыг мэдэгдсэн. Уг тогтоол гардуулахад яллагдагч нарын өмгөөлөгч байлцсан. Яллагдагч нар өмгөөлөгчдийн хамт уг хугацаанд дуудсан өрөөнд очиход Х.Х нарт холбогдох эрүүгийн 2302003760085 дугаартай хэрэгт үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 436 дугаартай яллах дүгнэлтийг яллагдагч нарт мөн өдрийн 15 цаг 29 минутад гардуулсан (64хх 117х) ба үргэлжлүүлэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 622, 623, 624, 625, 626, 627, 628, 629 дугаартай тогтоолуудыг танилцуулсан билээ. Миний үйлчлүүлэгч Х.Х өөрт холбогдох хэргийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 622 дугаартай тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр танилцаж, танилцсан огноогоо бичиж, гарын үсэг зурсан байдаг. (64хх 25х) Харин тухайн үед бусад яллагдагч нар түүнтэй хамт очиж өөрт холбогдох хэргийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, гарын үсэг зурсан боловч тогтоолтой танилцсан огноогоо бичээгүй байна. Хяналтын прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нар нь уг эрүүгийн хэргийн яллагдагч нарт 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112 дугаартай яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолуудыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт танилцуулж, гардуулаад, мөн өдрийн үдээс хойш 15 цаг 29 минутад хэрэг үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 436 дугаартай яллах дүгнэлтийг гардуулж, түүнийхээ дараа тэдний эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 622, 623, 624, 625, 626, 627, 628, 629 дугаартай тогтоолуудыг танилцуулсан болох нь яллагдагч Х.Хын өөрт холбогдох хэргийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 622 дугаартай тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр танилцаж, танилцсан огноогоо бичиж, гарын үсэг зурсан баримт болон (64хх 25х) өмгөөлөгч нарын энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ярьсан хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна.” гэж, 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй." гэж тус тус хуульчилснаас үзвэл прокурор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хуулийн уг заалтуудыг зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэж заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулж, яллагдагчид танилцуулсан бол тэдний мөн хуулийн 15 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу уг шийдвэрт гомдол гаргах эрхийг эдлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх тул энэ заалтын яллах дүгнэлт үйлдэх үед гэснийг яллах дүгнэлтийг үйлдэж дуусаад дугаар авч, байгууллагын бүртгэлд оруулж, албажуулахаас өмнө гэсэн агуулгаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Нөгөөтээгүүр прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нар нь яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112 дугаартай, яллагдагч нарын эрүүгийн хэрэг үүргэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 622, 623, 624, 625, 626, 627, 628, 629 дугаартай тогтоолуудыг тус тус 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн атлаа 25 хоногийн дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл, уг тогтоолуудыг үйлдсэнээс хойш 25 хоногийн хугацаанд яллагдагч нарт танилцуулж, тэдний хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх бүрэн боломжтой байсан боловч уг тогтоолууд, яллах дүгнэлтийг нэг өдөр танилцуулж, гардуулан яллагдагч нарын эрхийг зөрчжээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуул га, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тусгана гэж тус тус хуульчилжээ. Мөн яллагдагч П.Ч, А.Б, Б.М нарыг гэмт хэргийн улмаас олсон орлого байгаа эсэхийг шалгах, байгаа бол яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тусгах, зэрэг дээрх дурдсаныг тодруулж, зөвтгөх нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Яллах дүгнэлтэд яллагдагч П.Ч нь 349,229,400 төгрөг, А.Б нь 166.294.800 төгрөг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон болохыг тусгасан бөгөөд шүүхээс хуульд байхгүй шаардлага хангуулахаар яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тусгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ. Прокурор яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар дүгнэхдээ яллагдагч П.Ч нь 349,229,400 төгрөг, А.Б нь 166,294,800 төгрөгийн орлого тус тус гэмт хэрэг үйлдэж олсон (64хх-93х) гэж тусгасан байгаа боловч шүүгчийн захирамжийн уг заалтын гол агуулга нь яллагдагч П.Ч, А.Б, Б.М нарыг гэмт хэргийн улмаас олсон орлогыг шалгаж тогтоох талаар байна. Х.Х нь уг хугацаанд Д.Чинзоригт 1.581.895.000.00 төгрөг, А.Бт 610.102.158.00 төгрөгийг, Б.Мд 7.149.000 төгрөг буюу нийт 2.199.146.158 төгрөг шилжүүлсэн болох нь гэрч М.Дулмаагийн мэдүүлэг (14х 222-223, 239-241, 15х 145-149) М.Дулмаагийн эзэмшлийн Хаан банкны 5374348569 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (14хх 246-250), П.Чийн эзэмшлийн Хаан банкан дахь 5135379328 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (15хх 2-19), түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг (23хх 197-198), А.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (24хх 24-169), Б.Мгийн гэрчээр өгсөн мэдүүлэг (6хх 180-181), Б.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (23хх 114-124) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг ба тэд Х.Хаас шилжүүлсэн мөнгөнөөс хэдэн төгрөгийг гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шилжүүлсэн, хэдэн төгрөгийн татвар төлөөд, яг хэдэн төгрөгийн орлого олсонг тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой юм. Мөн захирамжийн уг заалтад тусгагдсан яллах дүгнэлтэд товч агуулга, тогтоох хэсэгт бичсэнчлэн нэр бүхий яллагдагч нар өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулахад оролцсон эсэхийг Б.М хэдий хугацаанд дээрх гэмт хэрэгт оролцсон болохыг тогтоох, яллагдагч нарт гардуулсан яллах дүгнэлтийн 14, 34 дүгээр хуудаснууд дутуу талаарх асуудлуудад прокурор эсэргүүцэл бичээгүй тул дээрх алдааг зөвшөөрч байна гэж үзэхээр байна.
3. “Яллагдагч Х.Хын авсан мөнгөний хэмжээг гаргасан дүгнэлтэд дурдсан үнийн дүн орон алдаж бичсэн, хоорондоо зөрүүтэй зэрэг нөхцөл байдлаас үүдэн олсон орлогын хэмжээ 7.416.018.290 төгрөг гарсан гэжээ. Яллагдагч Х.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 7,416,018,290 төгрөгийг нарийвчлан шалгаж, шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Х.Х нь тухайн компаниудтай хэдэн хувиар тохиролцож, хэдэн төгрөгийн орлого олсон эсэхийг нэг мөр тогтоох нь зүйтэй" гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. Хэрэгт мэргэжлийн байгууллага буюу хөндлөнгийн “Конфиденсе консалтинг’ ХХК-ийн шинжээч нар 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр аудитын дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь зөвхөн санхүүгийн анхан шатны баримтад тулгуурласан бөгөөд яллагдагч Х.Хын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хувирган өөрчилж ихэвчлэн бэлэн мөнгө болгож, нарийн зохион байгуулалттай, нэгэн ижил бус арга, хувь хэмжээтэй шууд санхүүгийн баримтыг үндэслэн орлогыг тогтоох боломжгүй юм. Мөн бэлэн хэдэн төгрөг хэнд, хэзээ өгч, хэдэн төгрөгийн ашигтай үлдсэн гэдгийг гагцхүү мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой бөгөөд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзээгүй юм. Харилцсан 29 хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, дансны хуулганд үзлэг хийх, орсон орлого, гарсан зарлагын зөрүү зэрэг нотлох баримтад тулгалт хийх замаар дүн шинжилгээ хийж нийт 7.416.018.290 төгрөгийн ашиг олсон болохыг мөрдөгч үзлэг хийж тогтоосон гэх боловч дээрх олсон ашгаас яллагдагч П.Чт 1.232.665.600 төгрөг, яллагдагч А.Бт 166.294.800 төгрөг, нийт 1.398.960.400 төгрөг шилжүүлсэн. Гэтэл шүүхээс прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ захирамжид тусгаагүй буюу мөрдөгч үзлэг хийхдээ ямар тооны хэдэн орон алдсан, тоо, тооцооллын алдаа байгаа бол яагаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.” гэжээ. Уг эрүүгийн хэрэгт үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 436 дугаартай яллах дүгнэлтийн “ХАВСРАЛТ” хэсгийн 4.1-т “Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг үгүй. Харин яллагдагч Х.Х нь гэмт хэрэг үйлдэж 7.416.018.290 төгрөг олсон болно.” гэж тусгажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг бодитоор тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах...” хэсэгт нийцэх ба өмгөөлөгчийн зүгээс яллагдагч Х.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 7.416.018.290 төгрөг гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, прокурор яллагдагч Х.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлогын дүнг түүний эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 622 дугаартай тогтоол, (64хх 21-25) 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 436 дугаартай яллах дүгнэлтэд 7.416.018.290 төгрөг гэж бичихдээ мөрдөгчийн гаргасан “эрүүгийн 2302003760085 дугаартай хэрэгт хуурамч баримт худалдан авсан этгээдүүдийн авсан баримтын тэдгээрт хамаарах үнийн дүн болон Х.Хын хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд шилжүүлсэн мөнгө, түүнээс Х.Хын авсан мөнгөний хэмжээ" (63хх 118-122) гэсэн гэмт хэргийн улмаас Х.Хын олсон ашиг орлогыг тооцсон баримтад үндэслэжээ. Мөрдөгчийн гаргасан уг тооцоог хэрэгт нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлт, (5хх 233-6хх 29) нэр бүхий 29 компанитай холбоотой гэрчийн мэдүүлгүүд, дансны хуулга, санхүүгийн баримтуудтай тулган, дахин нягталж, тооцоход: “НБИК” ХХК-аас нийт шилжүүлсэн 24.333.168.963 төгрөгөөс бараа, үйлчилгээ бодитой авсан 5.603.837.040 төгрөгийг бодит гэдгийг тогтоолгүйгээр, нийт дүнгээс хасахгүйгээр нийт шилжүүлсэн дүнгээс 6 хувиар бодож 1.459.990.137 төгрөгийг Х.Хыг авсан гэж тооцоо гаргасан ба зүй нь тус компаниас шилжүүлсэн 24.333.168.963 төгрөгөөс бараа, үйлчилгээ бодитой авсан 5.603.837.040 төгрөгийг хасаж 18.729.331.923 төгрөгийн 6 хувь буюу 1.123.759.915.38 төгрөг нь Х.Хын авсан мөнгө болох ба мөрдөгчийн гаргасан тооцооноос 336.230.221.62 төгрөгийн зөрүү; “Мезом”, “Арум говь" ХХК-аас шилжүүлсэн нийт 25.043.284.959 төгрөгөөс 6 хувийг тооцож 1.502.777.097 төгрөгийг Х.Х авсан гэж тооцсон байна. Гэтэл гэрч Ж.Данбаяр нь Х.Хыг тус 2 компаниас нийт 1,345,235,162.86 төгрөг авсан гэж түүний авсан мөнгөн дүнг шууд зааж мэдүүлсэн (7хх 250) ба мөрдөгчийн гаргасан тооцооноос 157,541,934.14 төгрөгийн зөрүү; “Түмэннинж” ХХК-аас шилжүүлсэн 905,023,920 төгрөгөөс Х.Хын авсан мөнгөн дүнг 634,025,120 төгрөг гэж тооцоо гаргасан нь ойлгомжгүй ба гэрчүүд Х.Хт шилжүүлсэн мөнгөн дүнгийн 7 хувийг өгсөн талаар мэдүүлсэн тул 905,023,920 төгрөгөөс 7 хувийн тооцож үзвэл 63,351,674.4 төгрөг болно. Мөрдөгчийн гаргасан тооцооноос 570,673,445.6 төгрөгийн зөрүү; “Эко цутгалт" ХХК-аас 1,050,000,000 төгрөг шилжүүлж, үүнээс Х.Хыг 560,000,000 төгрөг авсан гэж тооцоо гаргасан ба уг тооцоог хэрхэн, яаж гаргасан нь тодорхойгүй байна. Тус компаниас шилжүүлсэн 1,050,000,000 төгрөгийн 7 хувь гэж тооцвол 73,500,000 төгрөгийг Х.Х авсан болно. Мөрдөгчийн гаргасан тооцооноос 486,500,000 төгрөгийн зөрүү тус тус гарах ба нийт зөрүү нь 1,550,945,601.36 төгрөг болж байна. Үүнээс гадна Х.Х нь уг хугацаанд Д.Чинзоригт 1,581,895,000.00 төгрөг, А.Бт 610,102,158.00 төгрөгийг, Б.Мд 7,149,000 төгрөг буюу нийт 2,199,146,158 төгрөг шилжүүлсэн болох нь гэрч М.Дулмаагийн мэдүүлэг (14хх 222-223, 239-241, 15хх 145-149) М.Дулмаагийн эзэмшлийн Хаан банкны 5374348569 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (14хх 246-250), П.Чийн эзэмшлийн Хаан банкин дахь 5135379328 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (15хх 2-19), түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг (23хх 197-198), А.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (24хх 24-169), Б.Мгийн гэрчээр өгсөн мэдүүлэг (6хх 180-181), Б.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (23хх 114-124) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсоны зэрэгцээ түүний аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.” гэж заасны дагуу төлсөн дүнг тус тус хасаж тооцох нь хэргийн бодит байдалд нийцэх юм. Ингээд мөрдөгчийн гаргасан Х.Хын гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх 7,416,018,290 төгрөгөөс мөрдөгчийн буруу тооцоолсны зөрүү 1,550,945,601.36 төгрөг, Д.Чинзориг, А.Б, Б.М нарт шилжүүлсэн 2,199,146,158 төгрөгийг хасвал 3,665,926,530.64 төгрөг болох ба үүнээс татвар төлсөн дүнг хасаад түүний уг гэмт хэргийг үйлдэж олсон орлого тодорхой болно. Х.Х нь татварт хэдэн төгрөг төлсөн болохыг баримтаар тогтоогоогүй, шалгаагүй тул эдгээр ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэхгүйгээр гэм бурууг шийдэх боломжгүй, мөн эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Прокурор Н.Өнөрбаяр дээр очиж, миний бие уулзсан. Хохирлыг тооцоон дээр 2 тал сууя, хохирлыг хэрхэн бодитой гаргах вэ гэсэн “бид нар гэрч нарын мэдүүлэг бусад баримтуудаар хохирлын тооцоог гаргаж танилцуулна” гэсэн боловч яллах дүгнэлт гардаж авахдаа 7.400.000.000 төгрөгийн хохиролтой гэдгийг мэдэж авсан. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг эргэлзээгүй тогтоогоогүй. Үүнийг мөрдөгч, прокурор тогтоох ёстой байсан боловч энэ ажиллагааг хангалттай хэрэгжүүлж чадаагүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, хохирлын тооцоог аудитын шинжээч томилж гаргах шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тодорхойлсон. Яллагдагч Х.Хын гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг дээрх байдлаар зөрүүтэй гаргасан байгаа тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, түүний гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг бодитой тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хуульчилсан агуулгаар нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, яллагдагч Х.Хаас санхүүгийн хуурамч баримт худалдан авсан 29 хуулийн этгээдэд зохих шатны татварын байгууллагаас холбогдох шалгалтыг хийж, 2 илтгэх хуудас, 26 нөхөн татварын акт үйлдэж, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч, төлбөл зохих татварын дүнг бууруулсан 159.4 тэрбум төгрөгийн зөрчилд хамаарах 21.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 9.3 төгрөгийн торгууль, 7.8 тэрбум төгрөгийн алданги, нийт 38.9 тэрбум төгрөгийн төлбөрийг ногдуулан захиргааны хариуцлага хүлээлгэсэн, тухайн хуулийн этгээдүүдээс 10 нь татварын нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан татвар, алданги, торгуулийг барагдуулж дууссан, бусад нь тодорхой хэмжээний төлөлтийг хийгээд явж байгаа болох нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08/2480 дугаартай албан бичиг, (23хх 234) 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/2560 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар (23ха 237-239) тус тус тогтоогддог. Өөрөөр хэлбэл, яллагдагч Х.Хын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн дүнг түүнээс хуурамч НӨАТ-ын баримт худалдан авсан компаниудад шалгалт хийж тавьсан татварын актуудаар тухайн компаниудаас хураан авахаар шийдвэрлэж, дээрх байдлаар төлөлт хийгдэж байгаа ба татварын нөхөн ногдуулалтын акт нь заавал биелэгдэх шинж чанартай эрх зүйн баримт бичиг тул тогтоосон нөхөн татвар, торгууль, алдангийг бүрэн барагдуулснаар үйлчлэл нь дуусгавар болох юм. Эндээс дүгнэж үзвэл, яллагдагч Х.Хын гэмт хэрэг үйлдэж олсон дээрх орлогыг татварын байгууллага түүнээс хуурамч НӨАТ-ын баримт худалдан авсан компаниудаас татварын нөхөн ногдуулалтын акт тавьж хураан аваад, дахин Х.Хаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хураах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Мөрдөгч Х.Хын уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогын тооцоог гаргахдаа тоо, тооцооллын олон алдаа гаргасны зэрэгцээ тэрээр энэ төрлийн тооцоолол гаргах тусгай мэдлэггүй тул санхүүгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, цаашлаад түүний уг орлогоос хэдэн төгрөгийн татвар төлснийг холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авч тогтоох шаардлагатай тул энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
4. Энэ заалттай холбоотой тайлбар гаргаагүй болно.
5. “Шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А нарт авсан тодорхой нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн хэдий ч захирамжлах хэсэгт буюу шийдвэртээ энэ талаар дурдаагүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлага хангаагүй, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлага хангаагүй, биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.” гэжээ. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамжид зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ;” гээд 1.2 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;”, 1.3 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол.” гэсэн үндэслэлүүдийг хуульчилжээ. Уг эрүүгийн хэргийн тухайд прокурорын зүгээс яллагдагч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн зарим яллагдагч нарын гэмт хэргийн улмаас олсон орлогыг бодитой тогтоогоогүйн зэрэгцээ шүүгчийн захирамжид тусгагдсан боловч прокурор хүлээн зөвшөөрч эсэргүүцэл бичээгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/2080 дугаартай захирамжийг хэвээр үлдээлгэхээр дээрх тайлбарыг гаргалаа. ...” гэв.
Яллагдагч Х.Х, Б.М нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж 4 үндэслэлтэй гарсан. Прокурор 5 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Прокурорын эсэргүүцлийн нэг дэх хэсэгт дараах тайлбарыг гаргаж байна. “Яллах дүгнэлт гардуулсны дараа яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг танилцуулсан байна” гэж шүүхээс дүгнэснийг “шүүх нотлох баримт дээр тулгуурлаагүй, ойлгомжгүй, хийсвэр дүгнэлт хийсэн” гэж эсэргүүцэлдээ бичсэн. Хийсвэр гэж бодлоо хэлэхийг хэлнэ. Энэ хийсвэр дүгнэлт биш. Би өөрийн 2 үйлчлүүлэгчтэй үдээс өмнө очиж, яллах дүгнэлт гардаж авсан. Би Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр хуралтай болохоор явсан. Х.Х нь өмгөөлөгч Ц.Батзоригтой үлдсэн. Үдээс хойш Б.М дахиж нэг юм гардаж авсан байсан. 87.000.000.000 төгрөгт буруутгаж байсан хүнийг 151.000.000.000 төгрөгт буруутгасан өөрчлөлт оруулсан тогтоолыг гардуулсан. Яллах дүгнэлтийг өмнө нь гардаж авсан байсан учраас шууд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийн оролцогчийн гомдол гаргах эрх хуульд байгаа. Зүйл, анги хөнгөрснөөрөө эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэхгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт бид нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийн оролцогч нарын эрхийг эдлүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Хоёрдугаарт, шүүх “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, газар, учруулсан хохирлыг тогтоох шаардлагатай” гэж буцаасныг прокурор “гэмт хэргийн улмаас олсон орлого байгаа эсэхийг шалгах, байгаа бол яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тусгах, зэрэг дээрх дурдсаныг тодруулж, зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж бичсэн байна. “П.Ч, А.Б нарын авсан мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзсэн” гэж сая тайлбарлалаа. Үүнд Б.Мгийн нэр байхгүй. Мөрдөгч Б.Мг “өөрийн авсан 7.000.000 төгрөгийг төл” гэж хэлсэн. Үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлж, төлье гэхээр хаана, хэнд төлөх нь ойлгомжгүй. Х.Хын авсан нийт мөнгөнөөс энэ хүмүүс авсан мөнгийг давхар төрд төлөх боломжгүй. Үүнийг тодруулж өгөөч гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Х.Хын авсан мөнгөний хэмжээг 7.400.000.000 төгрөг гэж гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан миний хүсэлт хэрэгт байгаа. 98.000.000.000 төгрөг, 95.000.000.000 төгрөг гэж зөрж, миний үйлчлүүлэгч дээр зөрүү 3.000.000.000 төгрөгийг нэмсэн. Анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд шударга шийдвэр гаргах гэхээр прокурорын гаргаагүй тооцоог шүүгч бодоод суухгүй. Өөрсдөө таамаглаж, 6, 7, 3, 4 хувь байсан юм байна гээд мэдүүлгээр тогтоохгүй зүйлээ дундажлаж, Х.Хын авсан мөнгийг 6 хувиар дундажлаж тогтоосон. Миний ярьж байгаа зүйл шүүгчийн захирамжийн 3 дугаар хуудаст дэлгэрэнгүй байгаа. Мөрдөгч хохирлын тооцоог 7.400.000.000 төгрөг гэж гаргасан нь үндэслэлгүй. Мөрдөгчийн магадалгаа юм уу гэхээр магадалгаа биш юмаар шийдвэрлэх боломжгүй байна. Яллагдагчаар татах тогтоолд Б.Мг 53 аж ахуй нэгж байгуулсан гэж бичсэн байсан. Цаг хугацааны хувьд нэг жил ажилласан хүнийг 3 жил гэмт хэрэг үйлдсэн мэтээр бусадтай нь адилтгасан нь залхуурал. Прокурорын эсэргүүцэлд Б.Мгийн гэмт хэргийн оролцоо, цаг хугацааны талаар бичээгүйг хүлээж авсан гэж ойлгосон. 53 аж ахуй нэгж байгуулахад Б.М байгаагүй. Шинжээчийн дүгнэлт яригдаж, санхүүгийн баримтыг үндэслэсэн гэж байна. Б.М хэдэн санхүүгийн баримт шивсэн юм гэдэг тоо л байгаа. Тэрүүгээр 4 ширхэг байгаа. Х.Хыг 7.000.000.000 төгрөг, Замын-Үүдийн 2 хүнийг 349.000.000 төгрөг, 166.000.000 төгрөг, Б.Мг 7.000.000 төгрөг гэж мөнгийг нь тал талд задалж бодсон. Прокурор сая “цалин, хөлс юм байна лээ, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яриад шийднэ гэж бодсон” гэж байна. Прокурорын бодлыг би мэдэхгүй. Эдгээр зүйлсийг мөрдөн шалгах ажиллагаагаар хийх боломжтой гэж байна. Тогтоосныхоо дараа шүүхэд шилжүүлэх ёстой. Мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй учраас тогтоолгохоор буцаасан гэж үзэж байна. 1.800.000.000 төгрөгөөр юм худалдаж авч, бусад мөнгө нь хаачсан бэ, Х.Хын гэм буруутай талаар энд ярихгүй боловч авсан мөнгөнөөсөө татвар, тээврийн зардал төлсөн. Үүнийг бид нар харахад ойлгомжтой, мэтгэлцэх боломжтой байх нөхцөлийг мөрдөгч, прокурор бий болгож өгсөнгүй. Үүнийг эсэргүүцэж байгаа прокурор эсэргүүцлийн 4 дэх заалт үндэслэлгүй байна. Прокурор “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох өдөр магадалгааг ирүүлсэн” гэж байна. Шүүгчийн асуусанчлан хэрэгтэйгээ хамт ирэх ёстой. Хэргээс тусдаа цаас нотлох баримт болж чадахгүй. Хэрэгт хавсаргаж, ирүүлж байж бид шүүхийн шатанд танилцах эрхтэй байсан. Тухайн өдөр шүүгчийн туслахын ширээн дээр тавьсныг хүлээж авсанд тооцох үндэслэлгүй. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос яллагдагч Х.Хыг Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нартай бүлэглэн, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу гудамжны 18/1 дүгээр байрны 14-2 тоот хаягт байрлаж, өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, нэр бүхий 29 хуулийн этгээдэд нийт 151.021.608.564 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 1129 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, Татварын ерөнхий газрын “Цахим тайлангийн систем” (е-tах.mta.mn)-д тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд тараасан,
- “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж өөрийн үүсгэн байгуулсан 53 компанийн харилцах дансаар татвараас зайлсхийж буй 29 хуулийн этгээдүүдээс нийт 670 удаагийн гүйлгээгээр 95.436.999.376 төгрөгийг “гэрээт ажлын төлбөр, гэрээт ажлын урьдчилгаа, бараа материалын төлбөр, гэрээний төлбөр, арматурын төлбөр” гэх худал утгатайгаар шилжүүлэн авч, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор дансаар бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэн мөнгийг гарган авч, буцаан бэлэн мөнгөний орлогын баримтаар нэр бүхий 29 хуулийн этгээдүүдийн данс, мөн тэдгээрийн гүйцэтгэх удирдлага, ажилтан, хамаарал бүхий этгээдүүдийн дансанд шилжүүлэх, мөнгийг бэлнээр гарган өгч “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,
- мөн үргэлжилсэн үйлдлээр “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнийхээ үр дүнд бий болсон хууль бус орлого болох 7.416.018.290 төгрөгийг хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч, ашиглан хууль бус эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрх, захиран зарцуулах аргыг нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дараах үл хөдлөх хөрөнгө, газар худалдан авч эдийн засгийн эргэлтэд оруулсан.
Үүнд:
1. 156.814.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Улсын бүртгэлийн Ү2203036696 дугаартай, иргэн Б.Б (УД78031713) нэр дээр бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол (14181) 310-р байр 169 тоот хаягт байрлах орон сууц,
2. 281.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Улсын бүртгэлийн Ү2206105770 дугаартай, иргэн Х.Х(УХ01251835) нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг дүүрэг, 15-р хороо River villa хотхон 8/1-р байр 168 тоот хаягт байрлах орон сууц,
3. 200.870.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Бүртгэлийн Г2203002022 дугаартай, иргэн Х.Х(УХ01251835) нэр дээр бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 12-р хороо, Хангайн 1-р гудамж 11 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 379 м.кв хэмжээтэй өмчлөх эрхийн газар,
4. 206.170.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Бүртгэлийн Г2203010889 дугаартай, иргэн Х.Х(УХ01251835) нэр дээр бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 12-р хороо, Хангайн 1-р гудамж 18 тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 379 м.кв хэмжээтэй өмчлөх эрхийн газар,
5. 768.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Бүртгэлийн 1781115408 дугаартай, Х.Хын (ЧР80022712) нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 8-р хороо, Өлзийтийн зам дагуу байрлалтай “Мод үржүүлэг”-ийн зориулалттай 19200 м.кв хэмжээтэй эзэмших эрхийн газар,
6. 193.713.000 төгрөгийн үнэлгээ бүхий, Бүртгэлийн 1802204355 дугаартай, Г.Аийн (ОН87061672) нэр дээр бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 34-р хороо, Шижиртэйн даваа гудамж 24 тоот хаягт байрлалтай “Аялал жуулчлал”-ын зориулалттай 11053 м.кв хэмжээтэй эзэмших эрхийн газар зэрэг нийт 1.806.617.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр тус тус худалдан авч, эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар,
- яллагдагч Х.Ц, Х.Х, Г.А, Б.Б, Т.Э, Б.М нарыг П.Ч, А.Б нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 18/1 дүгээр байрны 14-2 тоот хаягт байрлаж, өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, нэр бүхий 29 хуулийн этгээдэд нийт 151.021.608.564 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 1129 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, Татварын ерөнхий газрын “Цахим тайлангийн систем” (е-tах.mta.mn)-д тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд тараасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- яллагдагч П.Ч, А.Б нарыг Х.Ц, Х.Х, Г.А, Б.Б, Т.Э, Б.М нартай бүлэглэн, хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 18/1 дүгээр байрны 14-2 тоот хаягт байрлаж, өөрийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, нэр бүхий 29 хуулийн этгээдэд нийт 151.021.608.564 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 1129 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, Татварын ерөнхий газрын “Цахим тайлангийн систем” (е-tах.mta.mn)-д тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд тараасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А, Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн агуулга хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд захирамжид заасан ажиллагааг шалгаж тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан тул мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай тул хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нарын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр, яллагдагч Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/2080 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаяр, Г.Билгүүн нарын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Х.Х, Х.Ц, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр, яллагдагч Б.Б, Т.Э, Б.М, П.Ч, А.Б нарт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ