Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/599

 

 

Б.Цхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

яллагдагч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Галбадрах,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/2671 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлээр Б.Цхолбогдох эрүүгийн 2305030920586 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ц, 1958 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 66 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 

 Б.Ц нь нэр бүхий 115 иргэнтэй Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах VIP төвийн байранд “БНСУ-ын ХАА-н болон бусад энгийн үйлдвэрлэлд дадлагажигчаар ажиллах хөдөлмөрийн гэрээ” байгуулан баримт бичиг ашиглаж зээлийн гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа залилах гэмт хэргийг үйлдэж, энэ нь түүний амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг болох боломжийг байнга эрэлхийлж, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож нэр бүхий 115 хохирогчид нийт 194.145.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокуророос: Б.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн тогтоож чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Гэмт хэрэг гарсан байдал: Улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 115 хохирогчид нийт 194.145.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн бөгөөд хэрэгт гэрч Т.Э, Ц.Б нарын мэдүүлэгт 2022 оны 04, 06 саруудад гэрээ байгуулж хамтран ажиллахаар уулзаж, анх танилцаж байсан гэх мэдүүлэг авагдсан байдаг. Тиймээс гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тодруулах ажиллагаа буюу гэмт хэргийг үйлдэж эхэлсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Гэмт хэргийг хэн үйлдсэн: Яллагдагч Б.Ц анх гэрээг хийхэд хувь хүнтэй хийхгүй компани байх шаардлагатай гэсний дагуу хүү Аийн “H” ХХК-ийн тамга тэмдэг, Аийн гарын үсэгтэй гэрээг ашиглаж хохирогч нартай гэрээ байгуулсан байх тул энэхүү “H” ХХК, түүний захирал А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр бүлэгт заасан хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ: Хэрэгт 115 хохирогч тогтоогдсон ба иргэний хариуцагч “Х” ХХК-ийн захирал Ц.Б, “Х” ХХК-ийн захирал Т.Э, яллагдагч Б.Ц нар нь хохирогч нараас шилжүүлсэн 194.145.100 төгрөгийг хэн нь хэдэн төгрөгийг шилжүүлж дансандаа авсан, хохирлыг хэрхэн яаж хариуцах, Б.Ц хохирогч нарын хэнд хэдэн төгрөг буцаан шилжүүлснийг нарийвчлан тогтоох, мөн хохирогч нарын дотор гэр бүлийн 2 хүн буюу хохирлын тооцооны жагсаалт 47, 70 дугаар дээрх С.Оюундарь нь 4.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ М.Дэлгэрдалай гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн гэх мэдүүлэг өгсөн хүн хоёулаа тусдаа хохирогч мөн эсэх, хохирлын тооцооны жагсаалт 8, 43 дугаар дээрх Г.Мөнхзаяа, Б.Мөнхбаяр нарын нэхэмжилж байгаа хохирол тодорхой бус, хохирогч Л.Ганбаатар 700.000 төгрөг шилжүүлсэн атлаа мэдүүлгээр 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар тодруулж мэдүүлэг авах, хохирол төлбөрийн зөрүүтэй мэдүүлэг өгсөн хохирогч нараас дахин мэдүүлгийг тодруулан авч хохирлыг нарийвчлан тогтоох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл: Яллагдагч Б.Ц нь 2022 оны 04 дүгээр сард Солонгос улсын иргэний байгуулсан хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээний дагуу Солонгос улс руу Е7, Е8 визээр ажилтан гаргах зорилгоор иргэдийг бүртгэж эхэлсэн эсэх, энэ гэрээг хэзээ хэрхэн цуцалсан талаар шалган тогтоох зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзлээ. Иймд хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Цурьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор И.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 115 хохирогчид нийт 194.145.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн бөгөөд хэрэгт гэрч Т.Э, Ц.Б нарын мэдүүлэгт 2022 оны 04, 06 саруудад гэрээ байгуулж хамтран ажиллахаар уулзаж, анх танилцаж байсан гэх мэдүүлэг авагдсан байдаг. Тиймээс гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тодруулах ажиллагаа буюу гэмт хэргийг үйлдэж эхэлсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох гэжээ. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудын хүрээнд зөв тодорхойлж, яллах дүгнэлтэд тусгасан: Хохирогч Б.Төгсжаргалыг “урьдчилгаа өгсөн тохиолдолд Бүгд Найрамдах Солонгос Улс руу ажиллах виз 2 сарын дотор гарна” гэж хуурч “БНСУ-ын ХАА-н болон бусад энгийн үйлдвэрлэлд дадлагажигчаар ажиллах хөдөлмөрийн гэрээ”-ээр ажилтнаар явуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ц.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5862025905 тоот дансаар 2.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Б.Төгсжаргалын эзэмшлийн Хаан банкны 5374200429 тоот дансны “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “002144” гэх утгаар 2562025905 тоот данс руу 2.300.000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан...” дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн хохирогч М.Оюунтөгсийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5021439594 тоот дансаар 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 800.000 төгрөг, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52-60 тоотод байхад нь бэлнээр 600.000 төгрөгийг авч, М.Оюунтөгсөд нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Б.Цгийн эзэмшлийн Хаан банкны 5021439594 тоот дансны "...5675385587 тоот данснаас “Цэрэндэжид” гэх утгаар 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 800.000 төгрөгийн орлого орсон...” дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. Иймд гэмт хэрэг гарсан хугацааг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэж дүгнэсэн.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хэн үйлдсэн буюу Б.Ц анх гэрээг хийхэд хувь хүнтэй хийхгүй компани байх шаардлагатай гэсний дагуу хүү Аийн “Hope Law” ХХК-ийн тамга тэмдэг, Аийн гарын үсэгтэй гэрээг ашиглаж хохирогч нартай гэрээ байгуулсан байх тул энэхүү “Hope Law” ХХК, түүний захирал А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр бүлэгт заасан хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох гэжээ. Гэрч Г.Аийн “... “Hope Law” ХХК нь миний эзэмшлийн компани мөн. Би энэ компанийг багшаасаа авч байсан. 2010 оноос хойш гэр бүлийн хүний хамт эзэмшдэг байж байгаад гэр бүлийн хүний 33.3%-ийн хувьцааг 2015 онд байхаа ээж Цэндээхүүгийн нэр дээр шилжүүлж өгч байсан. Би ямар ч хүнтэй гэрээ байгуулаагүй. Миний ээж Цэндээхүү нь Солонгосын иргэнтэй, үйлдвэрийн дадлага хийлгэхээр ажилтан зуучлах билүү, тийм үйлчилгээ явуулна гээд надад компани хэрэгтэй байна гэсэн, тэрний дагуу би өөрийн “Hope Law” ХХК-ийн тамга тэмдэг гэрчилгээ, нэрийн дардсыг 2022 оны 04 дүгээр сар хавьцаа ээждээ өгсөн..” гэсэн мэдүүлэг, регистрийн 5250129 дугаартай “Hope Law” ХХК-ийн гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.А бүртгэгдсэн талаарх баримт, хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд Г.А нь гэр бүлийн хамаарал Б.Цгийн үйлдсэн “бусдыг залилсан” гэмт хэрэгт хамтран оролцсон, дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу хэрэгт 115 хохирогч тогтоогдсон ба иргэний хариуцагч "Х" ХХК-ийн захирал Ц.Б, "Х" ХХК-ийн захирал Т.Э, яллагдагч Б.Ц нар нь хохирогч нараас шилжүүлсэн 194.145.100 төгрөгийг хэн нь хэдэн төгрөгийг шилжүүлж дансандаа авсан, хохирлыг хэрхэн яаж хариуцах, Б.Ц хохирогч нарын хэнд хэдэн төгрөг буцаан шилжүүлснийг нарийвчлан тогтоох, мөн хохирогч нарын дотор гэр бүлийн 2 хүн буюу хохирлын тооцооны жагсаалт 47, 70 дугаар дээрх С.Оюундарь нь 4.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ М.Дэлгэрдалай гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн гэх мэдүүлэг өгсөн хүн хоёулаа тусдаа хохирогч мөн эсэх, хохирлын тооцооны жагсаалт 8, 43 дугаар дээрх Г.Мөнхзаяа, Б.Мөнхбаяр нарын нэхэмжилж байгаа хохирол тодорхой бус, хохирогч Л.Ганбаатар 700.000 төгрөг шилжүүлсэн атлаа мэдүүлгээр 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар тодруулж мэдүүлэг авах, хохирол төлбөрийн зөрүүтэй мэдүүлэг өгсөн хохирогч нараас дахин мэдүүлгийг тодруулан авч хохирлыг нарийвчлан тогтоох гэжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоох боломжтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоох зорилгоор мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулж үйл баримтыг сэргээн дүрсэлсэн, шүүхээс нотлох баримтыг үнэлэх, хохирлыг хэрхэн тооцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар хэрэгт цугларсан баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тодорхойлогдсон үйл баримтад үнэлэлт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тооцож тогтоож өгөх боломжтой ба ингэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж хуульчилсантай нийцнэ гэж үзэж байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу Б.Ц нь 2022 оны 04 дүгээр сард Солонгос улсын иргэний байгуулсан хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээний дагуу Солонгос улс руу Е7, Е8 визээр ажилтан гаргах зорилгоор иргэдийг бүртгэж эхэлсэн эсэх, энэ гэрээг хэзээ хэрхэн цуцалсан талаар шалган тогтоох зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан байна. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодорхойлоогүй буюу Б.Ц нь 2022 оны 04 дүгээр сард Солонгос улсын иргэний байгуулсан хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээний дагуу Солонгос улс руу Е7, Е8 визээр ажилтан гаргах зорилгоор иргэдийг бүртгэж эхэлсэн эсэх, энэ гэрээг хэзээ хэрхэн цуцалсан талаар шалган тогтоох зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж дүгнэсэн нь хэт ерөнхий, ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Солонгос улсын аж ахуйн нэгжийг шалгуулах талаарх хүсэлт гаргасныг прокурор хянаад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг оролцогч эс зөвшөөрч гомдол гаргаагүй, Б.Цгийн хувьд тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн эсэхээс үл хамааран, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг дотоодод зохион байгуулахыг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар зохицуулж өгсөн ба бусад аж ахуйн нэгж, иргэдийг энэ төрлийн буюу ажиллах хүч илгээхийг хязгаарласан эрх зүйн зохицуулалттай тул Б.Цгийн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, журмаар эрх олгогдоогүй үйл ажиллагаа явуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг дотоодод зохион байгуулах чиг үүрэгтэй илгээх эрх бүхий хууль ёсны байгууллага нь Гэр бүл, нийгэм, хөдөлмөр, хамгааллын яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар юм. Өөрөөр хэлбэл шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлох, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооход чухал ач холбогдолтой мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулж “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоосон байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/2671 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс зуучлах эрхгүй байж байгаад зуучлалын үйл ажиллагаа явуулсан болохоор хууль бус гэж байна. Энэ нь нэг төрлийн бизнесийн үйл ажиллагаа байгаа. Хэдийгээр төрийн байгууллагын хооронд хөдөлмөр зуучлалын ажиллагаагаар зохицуулдаг боловч иргэн хуулийн этгээд харилцан тохиролцох замаар ийм төрлийн үйлчилгээ явуулах тохиолдол байгаа. Яг шууд энийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт байгаа баримтууд бүрэн цугларсан гэж прокуророос үзээд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж заасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид үндэслэлээ болгосон. Яллагдагчаас нэг зүйлийг хэлдэг. Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа 2022 оны 04 дүгээр сараас эхэлсэн гэдэг. Гэтэл прокуророос 2021 оны 7 дугаар сараас эхэлсэн гэж ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2021 оны 7 дугаар сард хамгийн анхны гүйлгээ хийгдсэн. Гэхдээ тэр гүйлгээг Б.Ц болон компаниар биш, иргэний хариуцагч нарын компанийн дансаар орж ирдэг. Дараа нь тухайн компаниуд Б.Цтэй 2022 онд танилцсан. Тухайн этгээдүүдийн мэдээллийг өгч, авсан гэх мөнгөнөөс тодорхой хэсгийг Б.Цгийн холбогдох данс руу шилжүүлсэн. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг харвал шууд бусдын буруутай үйлдлийг Б.Цхамаатуулж байгаа. Энэ нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл тогтооход эргэлзээ бүхий байдлыг бий болгосон. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь Солонгос улсын иргэн өөрсдийн бичиг баримтаа үзүүлсэн учраас Б.Ц тэрэнд итгэсэн. Танайтай гэрээ байгуулан агентаар ажиллах хэлбэрээр хүмүүс цуглуулах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт хүсэлт гаргасан. Солонгос улсын компанитай хамтран ажиллах журмаар энэ ажиллагааг эхлүүлсэн. “Та нар энэ Солонгос улсын компанийг шалгаж өгөөч” гэсэн хүсэлтийг гаргасан. Прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Энэ баримтыг гаргуулснаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан илүү тодорхой, ойлгомжтой болох байсан. Гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн юмуу эсхүл болгоомжгүй байдлаар үйлдсэн юмуу. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ баримтыг гаргаж өгөх ёстой гэж маргасан. Анхан шатны шүүхээс энэ үндэслэлийг үндэслэлтэй гэж үзсэн. Прокуророос сая 1 иргэний тооцоолол гэж ярьсан. Нэг иргэн биш, нилээд хэдэн иргэн байгаа. Б.Цгээс мөнгө авсан хэрнээ үүнийг мэдүүлэг өгснийхөө дараа зөвтгөж өгөөгүй. Прокурорт энэ талаар удаа дараа илэрхийлсэн боловч нягталж шалгаагүй. Түүнээс болоод тооцооллын асуудал яригдаж байна. 100 төгрөгийн хохиролтой гэж бодоход бодит байдал дээр 70-80 сая төгрөгийн хохирол болохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлс нотлогдоогүй байсан учраас анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/2671 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ яллах дүгнэлтэд бүх тооцоонууд зөрүүтэй байгаа. Үүнийг зөвтгүүлэх гол хүсэлт байгаа. Яллах дүгнэлтэд “чи энэ мөнгийг авсан ч бай, аваагүй ч бай Б.Ц хариуцах ёстой” гэсэн агуулгатай гэж харагдаж байна. Хэн хэдэн төгрөгийг хариуцах ёстойг нарийвчлан тогтоож чадаагүй. Нийт 235 хүн бүртгэгдсэн. Би 120 хүний мөнгийг буцааж өгсөн. Би зөвхөн бүртгэлийн хураамжийн 20.000 төгрөгийг авсан. Үлдсэн 115 хүний хувьд болвол үйл ажиллагааны зардал гарчихсан байгаа учраас дамжуулсан 2 компанийн мөнгийг надаас салгаж тооцоолоогүй. Бүгдийг нь надад хамаатуулсан байна. Би олон хүний жагсаалтыг гаргаж өгсөн. Хэргийг дахин шалгуулах шаардлагатай. Мөн гадаадын талыг шалгуулахаар удаа дараа хүсэлт тавьсан. Гадаадын талыг шалгахгүйгээр миний асуудлыг шийдвэрлэх гэж байгаад гомдолтой байна. Би хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Цхолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Б.Цг нэр бүхий 115 иргэнтэй Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах VIP төвийн байранд “БНСУ-ын ХАА-н болон бусад энгийн үйлдвэрлэлд дадлагажигчаар ажиллах хөдөлмөрийн гэрээ” байгуулан баримт бичиг ашиглаж зээлийн гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа залилах гэмт хэргийг үйлдэж, энэ нь түүний амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг болох боломжийг байнга эрэлхийлж, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож нэр бүхий 115 хохирогчид нийт 194.145.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тал бүрээс нь нэг мөр шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй” талаар дүгнэж, яллагдагч Б.Цхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан яллагдагч болон гэрч нарын мэдүүлгүүдээр иргэний хариуцагч “Х” ХХК-ийн захирал Ц.Б, “Х” ХХК-ийн захирал Т.Э нарын үүрэг оролцоо буюу хамтран оролцсон хэлбэр байх тул тэдгээрийн үйлдэл оролцоог тодорхойлж, хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох нь хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тал бүрээс нь нэг мөр шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ хохирол төлбөрийн зөрүүтэй байдал зэргийг нарийвчлан тогтоох гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

Дээрх үйлдлийн нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай тул хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Яллагдагч Б.Цурьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/2671 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Цавсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

                                                ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                                                ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ