| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2405050870031 |
| Дугаар | 2025/ДШМ/598 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/598
2025 05 20 2025/ДШМ/598
Г.Дхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч Г.Д /цахимаар/,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2405050870031 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Д,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.
Шүүгдэгч Г.Д нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Билэг их дэлгүүрийн хойд замд Hyundai cur маркийн 1 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос: Г.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, оршин суух газраа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Доногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Доногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 8 настай охин, 3 настай хүү, эхнэрийн хамт амьдардаг. Миний хүү болох 3 настай Д.М нь хоёр нүдний хагалгаанд орж байнгийн хараа хяналтад байдаг. Шүүх хуралдаан болох гээд хүлээгдэж байхдаа дахин өөр хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэрэгт давхар байцаагдаж байхдаа шүүх хуралдаан болоод шийтгэх тогтоолыг гардаж авсан байгаа. Энэ хоёр хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан боловч хэргийг нэгтгээгүй. Намайг 461 дүгээр хорих ангид хоригдож байх хугацаанд дахин өөр яллах дүгнэлт ирсэн. Би хуулийн мэдлэггүй хүн байгаа. Хоёр хэргийг нэгтгэсэн гэж би бодсон. Нэг хэргийн зүйлчлэлтэй хоёр хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. …” гэв.
Прокурор М.Билгүүтэй давж заалдах шатны шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Дын хувьд тухайн үед гэмт хэрэг үйлдсэн талаараа тайлбарлаж байна. Тухайн үеийн хэрэг нь хэрэг бүртгэлтийн хэрэг байсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй. Хэрэг бүртгэлтийн шатандаа явж байсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь гэм буруугийн зарчим, шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Дын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч Г.Д нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Билэг их дэлгүүрийн хойд замд Hyundai маркийн 17 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодсон болох нь:
жолооч Г.Дын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.34 хувийн согтууралтай байсныг тогтоосон баримт, драгер багажаар шалгасан ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зураг /хх 91-92/, Г.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 940 дугаартай шийтгэвэр /хх 23-25/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар хассан тэмдэглэгээ хийгдсэн жолоодох эрхийн лавлагаа /хх 54/, жолоодох эрхийн лавлагаа /хх 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 27/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 433 дугаар шийтгэх тогтоол /хх 29-34/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 940 дугаартай шийтгэвэр /хх 23-25/,
яллагдагчаар Г.Дын: “...Би 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүрэг модны хоёрт найз Цогтбилэгийн автомашин дотор 0,75 граммын агар нэртэй архийг хувааж уугаад орой 23 цаг болж байхад модны хоёрт дэлгүүр ороод 2 жижиг ундаа болон 500 грамм агар нэртэй архи аваад Эх нялхсын эрүүл мэндийн төвийн баруун талд миний өөрийн эзэмшлийн Hyander маркийн 7 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очсон. Би машинаа явган хүний зам дээр байрлуулсан болохоор тэгшлээд ойрхон зогсоолд байрлуулах гэж яваад 50-60 метр орчим машинаа бариад явж байтал замын цагдаа хяналт шалгалт хийж таараад тухайн үед драгер багаж үлээлгэж шалгуулахад 2.34 хувийн согтолттой байсан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу дахин ийм үйлдэл би гаргахгүй. Би 1 жилийн хугацаатай эрхээ хасуулсан байсан.” /хх 48-49/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүх, шүүгдэгч Г.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хүү болох 3 настай Д.М нь хоёр нүдний хагалгаанд орж байнгын хараа хяналтад байдаг. Надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Өөрөөр хэлбэл, Г.Д нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2.34 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон байх ба түүний согтуурлын зэрэг өндөр хувьтай мөн өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө дүгнэлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Дын “надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Г.Д нь “...би өөр энэ төрлийн гэмт хэрэгт дахин шалгагдаад, шүүхийн шатанд явж байгаа. Шүүх хуралдаан хойшилсон ...” гэж тус хуралдаанд хэлж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Г.Д нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ