Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/611

 

 

    2025           05             21                                           2025/ДШМ/611

 

Г.Б, Б.М, Э.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

            яллагдагч Г.Б, Б.М нарын өмгөөлөгч Д.Батдулам,

            яллагдагч Э.Б өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/2324 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлээр Г.Б, Б.М, Э.Бнарт холбогдох эрүүгийн 2411000001479 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.Б, 

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн,

2. Э.Б

3. Б.М, 

Г.Б, Э.Бнар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын байрны хажуу гудамжинд хохирогч Д.Сийн 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан,

Б.М нь Г.Б, Э.Бнарын урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын байрны хажуу гудамжинд хохирогч Д.С 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан мөнгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б, Э.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан., зөвхөн нэрээ бичиж чадна, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид Яллагдагч Э.Бболон түүний өмгөөлөгчийн зүгээс “бичиг үсэг мэдэхгүй, хэдийгээр 9 дүгээр анги төгссөн гэрчилгээ байгаа боловч хичээлд хамрагдаж байгаагүй, уншиж бичиж чадахгүй мэдэгдсэн боловч хүлээж аваагүй, өөрөө миний өмнөөс бичиж өгсөн” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Э.Бгаас гэрчээр 1 удаа, яллагдагчаар 1 удаа тус тус мэдүүлэг авчээ. Тус мэдүүлгүүдийн биеийн байцаалт хэсэгт яллагдагч Э.Э.Бг бүрэн бус дунд боловсролтой гэж тэмдэглэсэн, яллагдагч нь шүүхийн хэлэлцүүлэгт 9 дүгээр анги төгссөн гэрчилгээтэй гэх боловч бодит байдал дээр уншиж, бичиж чадахгүй буюу монгол хэл, бичиг мэдэхгүй гэх нөхцөл байдал хэлэлцүүлгийн явцад тогтоогдлоо. Хавтаст хэргийн 124 дүгээр талд яллагдагч Э.Бхэргийн материал танилцуулсан тэмдэглэл авагдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлт, гомдол хэсэгт “Хэрэгтэй танилцлаа. Би уг хэргийг Б, М нартай хамт үйлдсэн тул үнэн зөв шийдэж өгнө үү.” гэж бичсэн, төгсгөлд нь хаалтад Э.Б гэж бичжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагч нь өөрийн нэрийг бичиж чаддаг байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гарын үсэг хэсэгт өөрийн нэрийг бичсэн байна. Дээрх баримтаас харахад тухайн бичиглэлийн бичгийн хэлбэр нь яллагдагч Э.Б нэрээ бичсэнээс илтэд ондоо, үг үсэг, утга найруулгын алдаагүй байгаа зэрэг нь яллагдагчийн бичиг үсэг мэдэхгүй гэхэд мөрдөгч бичиж өгсөн гэх тайлбартай нийцэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Э.Бнь шүүх хуралдаан даргалагчаас уншуулж, бичүүлсэн үгийг уншиж, бичиж чадахгүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Иймд яллагдагч Э.Б оролцсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна. Прокуророос яллагдагч Г.Б, Э.Бнарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Д.Санжаа-Одсэрийн 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан, яллагдагч Б.Мийг гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 1.800.000 төгрөгийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Хэргийн материалтай танилцахад хохирогч Д.Снь өөрийн эзэмшлийн авто машиныг 4.000.000 төгрөгөөр зарсан, төлбөрийг бэлэн биедээ авч явсан, үүнээс 1.800.000 төгрөгийг яллагдагч нар дээрэмдэж авсан гэж мэдүүлсэн бол яллагдагч Г.Б, Э.Э.Б, Б.М нар нь тухайн хохирлын талаар тус бүр зөрүүтэй өөрөөр мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүг арилгах талаар ажиллагаа хийгдээгүй, хохирогчийн мэдүүлгийг давхар нотлох, дэмжих нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв, бодитоор тогтоох зорилгоор хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай байх бөгөөд уг ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн болно. Яллагдагч нарын хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Г.Б нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна. Хавтаст хэргийн 75 дугаар талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10-01/2561 дугаар “...Г.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэл хяналтад байгаа болно.” гэх албан тоот авагдсан байна. Дээрхээс дүгнэхэд яллагдагч Г.Б нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд ял эдэлж байсан эсэх, шийтгэх тогтоолоор оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг эдэлж дууссан эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн, баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. Иймд өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг агуулгын хувьд бүрэн хүлээн авч, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх “...Яллагдагч Э.Бнь 9 дүгээр анги төгссөн гэрчилгээ байгаа боловч хичээлд хамрагдаж байгаагүй, уншиж бичиж чадахгүй, зөвхөн нэрээ бичиж чадна, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид мэдэгдсэн боловч хүлээж аваагүй, өөрөө миний өмнөөс бичиж өгсөн” гэх өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн яллагдагчийг бодит байдал дээр уншиж бичиж чадахгүй буюу монгол хэл бичиг мэдэхгүй гэх нөхцөл байдал хэлэлцүүлгийн явцад тогтоогдлоо. Мөн хавтас хэргийн 124 дүгээр талд яллагдагч Э.Бхэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “Хэрэгтэй танилцлаа. Би уг хэргийг Б, М нартай хамт үйлдсэн тул үнэн зөв шийдэж өгнө үү” гэж бичсэн, төгсгөлд нь хаалтад Э.Б гэж бичжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагч нь өөрийн нэрийг бичиж чаддаг байх бөгөөд баримтаас үзэхэд тухайн бичлэгийн хэлбэр нь яллагдагч Э.Б нэрээ бичсэнээс илтэд ондоо, үг, үсэг, утга найруулгын алдаагүй байгаа зэрэг нь яллагдагчийн бичиг үсэг мэдэхгүй гэхэд мөрдөгч бичиж өгсөн гэх тайлбартай нийцэж байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй, нотлох баримтад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт болсон гэж үзэхээр байна. Яллагдагч Э.Бнь 9 дүгээр анги төгссөн талаар мэдүүлэг тайлбар өгсөн гэж шүүгч дурдсан атлаа бичиг үсэг мэдэхгүй гэж дүгнэсэн нь агуулгын зөрүүтэй, дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй байна. Мөн шүүх “Хохирогч Д.Снь өөрийн эзэмшлийн автомашиныг 4.000.000 төгрөгөөр зарсан, төлбөрийг бэлэн биедээ авч явсан, үүнээс 1.800.000 төгрөгийг яллагдагч нар дээрэмдэж авсан гэж мэдүүлсэн бол яллагдагч Г.Б, Э.Э.Б, Б.М нар тухайн хохирлын талаар тус бүр зөрүүтэй өөрөөр мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж дүгнэжээ. Яллагдагч нар нь өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй буюу эсрэг сонирхолтой байдаг ба мэдүүлгийнхээ үнэн зөвийг нотлох үүрэггүй. Нөгөө талаар хохирогч дээрэмдүүлсэн гэх үйлдлийн улмаас учирсан хохирлоо мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа, тогтвортой мэдүүлдэг ба түүнд худал мэдүүлж болохгүй талаар сануулж мэдүүлэг авсан. Яллагдагч Г.Б нь урьд ял шийтгэгдсэн талаар баримтууд хэрэгт авагдсан байдаг ба тэрээр 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолоор 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан, түүний холбогдсон дээрмийн гэмт хэрэг нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд тэнсэж үүрэг хүлээлгэсэн хугацаа өнгөрсний дараа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10-01/2561 дугаар албан бичгийг авч хэрэгт хавсаргасан тул шүүхээс ял оногдуулахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/Ш3/2324 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.Б өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шатнаас яллагдагч Э.Б өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатнаас оролцоогүй. Хавтаст хэргийн 124 дүгээр талд хэргийн материалыг танилцуулсан баримт  байгааг тодорхой дурдсан. Үүнд мөрдөгч өөрөө хэрэгтэй танилцсан гэх агуулгыг бичиж, Э.Э.Бгаар гарын үсэг зуруулсан. Э.Б гарын үсэг нь илтэд бичгийн хэв, үсэг тодорхой биш, өөрийнх нь нэр буюу Э.Б гэх илэрхийллийг гаргасан бичвэр байдаг. Энэ баримтаас харахад Э.Бхэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зурах боломжгүй нөхцөл харагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авахад Э.Буншиж бичиж чадна гэсэн байгаа боловч үнэхээр тэгж хэлсэн нь тодорхой бус. Прокурорын хэлж байгаагаар мөрдөгч уншуулж, бичүүлж байсан тухай дурдаж байгаа боловч хийсэн бичлэг нь хэрэгт авагдаагүй. Яллагдагч Э.Э.Бг бичиг үсэг мэдэхгүй гэдэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Яллагдагч Э.Б хувьд бусдын эд хөрөнгийг авсан гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй. Бусад 2 хэргийн оролцогч Э.Э.Бгаас авсан хохирлын дүнд зөрүүтэй тайлбар хэлдэг. Э.Э.Бгаас нэлээн зузаан мөнгө авсан гэж хэлж байгаа боловч хохирогч нарын зүгээс тийм их мөнгө байгаагүй гэж мэдүүлдэг. Ийм учраас Э.Э.Бг 9 дүгээр ангийн боловсролтой гэдэг боловч уншиж, бичиж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.Б, Б.М нарын өмгөөлөгч Д.Батдулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс мөн адил яллагдагч нарт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Манай үйлчлүүлэгч нар төлбөрийн чадваргүй тул зайлшгүй өмгөөлөгчөөр хангагдах ёстой гэх үүднээс улсын өмгөөлөгчөөр хангагдсан. Тухайн үед энэ нөхцөл байдал илэрсэн. Түүнээс биш эхнээс нь ийм үйлдэл гаргана гэсэн зүйл огт байхгүй. Шүүхийн шатанд шүүгчид эргэлзээ төрсөн байдал нь хэргийн материал танилцуулсан хүн нь өөр хүн.  Муу сайн ч бичиж чадна шүү дээ. Ямар сайндаа бичиж чадахгүй учраас өөр хүнээр бичүүлсэн байна. Хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээ аваад өөрөөр нь бичүүлтэл үнэхээр сонин бичиж байна, ер нь бичиж чаддаг юм уу гэж шүүх хуралдааны үеэр бичүүлж үзсэн. Ийм л нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс уншиж, бичиж чадахгүй, чаддаг эсэх нь эргэлзээтэй байхад гэм буруутай гэж үзсэн нь мөн нотлох баримтын шаардлага хангаагүй, баримтад үндэслэж шүүх хуралдаан хийсэн нь учир дутагдалтай байна. Тиймээс энэхүү алдааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б, Б.М, Э.Бнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс “...яллагдагч Э.Э.Бг бүрэн бус дунд боловсролтой гэж тэмдэглэсэн, яллагдагч нь шүүхийн хэлэлцүүлэгт 9 дүгээр анги төгссөн гэрчилгээтэй гэх боловч бодит байдал дээр уншиж, бичиж чадахгүй...”, “...хэрэгт авагдсан баримтаар хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүг арилгах талаар ажиллагаа хийгдээгүй, хохирогчийн мэдүүлгийг давхар нотлох, дэмжих нотлох баримт хэрэгт авагдаагүй байна...”, “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв, бодитоор тогтоох...”, “яллагдагч Г.Б нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд ял эдэлж байсан эсэх, шийтгэх тогтоолоор оногдуулсан ял, албадлагын арга хэмжээг эдэлж дууссан эсэх нь тодорхойгүй...” зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг бүрэн гүйцэд шалгах шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Г.Б, Э.Э.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт яллагдагч Э.Э.Бг бүрэн бус дунд боловсролтой талаарх боловсролын гэрчилгээ хэрэгт авагдаагүй байгаа хэдий ч түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...монгол бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. ...” /хх104/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл “...“Хэрэгтэй танилцлаа. Би уг хэргийг Б, М нартай хамт үйлдсэн тул үнэн зөв шийдэж өгнө үү” гэж бичгийн хэлбэр өөрөөр бичсэн, төгсгөлд нь хаалтад Э.Б гэж бичсэн” /хх 124/ гэх баримтууд зэргээс харахад Э.Э.Бг бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд яллагдагч, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэх боломжтой байна.

Мөн яллагдагч Г.Б нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10-01/2561 дугаар албан бичиг /хх75/ ирүүлсэн байх бөгөөд зарим яллагдагч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргасан, эдгээр ажиллагааг хийх шаардлагагүй байх тул хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан зохицуулалтын хүрээнд заавал хэргийн прокурорт буцаахгүйгээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 03  дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/2324 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Мөн яллагдагч Г.Б, Б.М, Э.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлд заасан заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/2324 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Г.Б, Б.М, Э.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

                       

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

 

       ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

 

       ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ