| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05928/И |
| Дугаар | 192/ШШ2025/10654 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/10654
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*********** дүүрэг, ****** дугаар хороо, ******** дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ****** байр, ******** тоотод оршин суух Сэрээтэр овогт Мишаагийн Б- /рд:***********/
Хариуцагч:********* дүүрэг, ******* дугаар хороо, **************** тоотод оршин суух, ****** Б- /рд:*******/
Хариуцагч:************ дүүрэг, *** дугаар хороо, ********** ****** тоотод оршин суух, ******** А- /рд:***/
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, голденбудда 4-р орц, 35 тоотод оршин суух, Донжоохан овогт Баттулгын А- /рд:пк81021733/
Нэхэмжлэлийн шаардлага:Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, шударга өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,
Хариуцагч О.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагч Б-ийн А-,
Хариуцагч Б-ийн А-гийн өмгөөлөгч Ж.Э, В.Г,
Хариуцагч Баттулгын А-гийн өмгөөлөгч Б.А,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч О.Б-, Б-ийн А-, Баттулгын А- нарт холбогдуулан Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, шударга өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
2.Хариуцагч О.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: О.Б-ы хувьд хариуцагч Б-ийн А- гэдэг хүнд байраа шилжүүлж өгсөн. Тухайн байрыг томруулах зорилгоор Баттулгын А- гэдэг хүний хүсэлтийн дагуу хариуцагч Б-ийн А-д байраа шилжүүлж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Баттулгын А- нь байрыг томруулж өгнө гэж хэлээд Б-ы өмчлөлийн байрыг аваад өнөөдрийг хүртэл байр шилжүүлж өгдөггүй асуудал байгаа. О.Б-ы хувьд өөрийн өмчөөрөө хохирсон, энэ хохирсон нөхцөл байдлаа, зөрчигдсөн эрхээ хангуулахаар шүүхэд бас хандсан.Хариуцагч Б-ийн А-тай байгуулсан гэрээ бол хууль бус гэрээ, өөрөөр хэлбэл байр бартераар шилжүүлж байгаа бөгөөд бартерын гэрээтэй холбоотой асуудлыг худалдах, худалдан авах гэрээгээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм гэв.
3.Хариуцагч Б-ийн А- хариу тайлбартаа:Баттулгын А- бид нарын хооронд өглөгө авлагын тооцоо бий. 2022 оны 12 сарын 7-ны өдрийн зээлийн гэрээ 528 сая төгрөгийн тооцоо байгаа. Нийтдээ 800-аад сая төгрөгийн тооцоо байдаг юм. 2022 оны 8 сарын 23-ны өглөө намайг дуудаад “ах 2 өрөө байр танд би өрөндөө өгчихье, та ирээд шилжүүлээд ав” гэсэн. Тэгээд би тэр үеийн Өнөмөнх хөгжил ХХК-ийн захирал Г.Гантөмөрийг дагуулж нотариатад очоод О.Б-аас байрыг шилжүүлэн авсан.О.Б- нь ББСБ-аас зээл аваад энэ байрыг барьцаалсан байсан, би 10 сая төгрөгийн зээлийг төлөөд, худалдах худалдан авах гэрээний мөнгө 2 хувь болох 1,800,000 төгрөгийг төлөөд албан ёсоор худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан. О.Б-аас байрыг авахад О.Б- нь гэрийнхээ түлхүүр, үүднийхээ чипийг өгөөд, өөрөө дагуулж яваад цахилгааны мөнгөө бүгдийг нь төлсөн бөгөөд хажууд нь байсан Г.Гантөмөр гэрчилнэ. Ахиад 28 сая төгрөгийг Г.Гантөмөр “машин өгчих, өр зээл нэхэгдээд байна аа” гээд авсан. Тэгээд өрнөөсөө 100 гаруй сая төгрөгөө хасчихъя гээд албан ёсоор авсан. М.Б- гэж хүнийг би огт танихгүй. Хөдөө 7 хоног яваад ирсний хойно байрны хаалгыг нь эвдээд, М.Б- ороод суучихсан, гар гэхээр гардаггүй 2-3 жил болж байна. Баттулгын А-гаас өглөг авлагатай гээд гардаггүй. О.Б- өөрөө хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулаад, байраа надад хүлээлгэж өгсөн. Гэнэт М.Б- гэж хүн гарч ирээд байранд нь эзэн болоод суучихсан. Б-ыг утсаар дарамталсан зүйл байхгүй. Өөрөө эхлээд чөлөөлж өгье гэж байгаад сүүлд нь болчихсон юм гэв.
4.Хариуцагч Баттулгын А- хариу тайлбартаа:Хоёр талын хүмүүс бол хоёулаа миний ойр дотнын хүмүүс байгаа юм. Хаалга эвдэж орсон тухайд бол тийм юм байхгүй. М.Б- гэдэг хүн өөрсдөө засвар хийгээд орсон.Засвараа хийгээд төлбөр мөнгөө над руу өгсөн нь үнэн. Тэр мөнгийг би яасан бэ гэвэл О.Б-д тушааж өгсөн. М.Б- гэдэг хүнээс мөнгийг нь аваад О.Б-ы байрыг чөлөөлж өгөөд, О.Б- байрандаа байгаа. Б-ийн А- ах бид хоёрын хооронд тооцоо байгаа. Гэхдээ албан ёсоор тооцоо нийлсэн зүйл байхгүй. Нягтлан бол 30 хэдэн сая төгрөгийн өр төлбөр үлдсэн гэж байгаа. Энэ талаар нүүр нүүрээ харж байгаад тооцоо хийгээд үлдэгдэл байвал би Б-ийн А- ахад өгөх боломжтой.Энэ бол тусдаа асуудал гэж бодож байна гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 7/, итгэмжлэл /хх 8/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 9/, Голомт банкны дансны хуулга /хх 10-14/, Өнө мөнх хөгжил ХХК-ийн 141/II тоот Тодорхойлолт гаргах нь албан бичиг /хх 15/, Худалдах, худалдан авах гэрээ, хавсралт /хх 16-22/,
6. Хариуцагч О.Б-аас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /хх 31/, Итгэмжлэл /хх 68, 212/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж /хх 238/,
7. Хариуцагч Б-ийн А-гаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /хх 32-33/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 34-39, 42-43/, Худалдах, худалдан авах гэрээ, хавсралт /хх 40-41/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 44/, А- машин ченж-н төлбөрийн тооцоо /хх 45, 219/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 46-47/, Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 119-120, 126-127/, Зээлийн гэрээ, хавсралт /хх 215-216/, Хөнгөн блок худалдах, худалдан авах гэрээ /хх 217-218/,
8. Хариуцагч Баттулгын А-гаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 213/,
9. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/15559 тоот албан бичиг, хавсралт /хх 80-101/, гэрч Г.Гантөмөрөөс гэрчийн мэдүүлэг авсан /хх 170-172/, Б.Даваадоржоос гэрчийн мэдүүлэг авсан /хх 172-173/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М.Б- дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баттулгын А-гаас тухайн орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр түлхүүрийг авсан бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Иймд Б-ийн А- болон О.Б- нарын хооронд байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, Б-ийн А- нь дээрх хэлцлийн үр дагаварт бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоож, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол 45а байрны 111 тоотод байршилтай, 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэж тайлбарласан.
3. Хариуцагч О.Б- нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Би 2023 оны 6 дугаар сард Баттулгын А-тай холбогдож өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол 45а байр 111 тоотод байршилтай, 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг томруулах зорилгоор дээрх орон сууцаа шинээр худалдан авах орон сууцны урьдчилгаа 150,000,000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцож, Б-ийн А-д шилжүүлчих гэж Баттулгын А-гийн хэлснээр Б-ийн А-тай худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарласан.
4. Хариуцагч Б-ийн А- нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Баттулгын А- бидний хооронд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ 528 сая төгрөгийн тооцоо байгаа, нийтдээ 800-аад сая төгрөгийн тооцоо, 2022 оны 8 дугаар сарын 23-нд намайг дуудаад 2 өрөө байр танд би өрөндөө өгчихье, та ирээд шилжүүлээд ав” гэсний дагуу О.Б-аас худалдаж авсан, гэтэл М.Б- ороод эзэн суучихаад Баттулгын А-гаас авлагатай гээд гарахгүй байгаа гэж тайлбарласан.
5. Хариуцагч Баттулгын А- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Б-ийн А-д байрыг шилжүүлчих гэж хэлсэнээр О.Б- нь шилжүүлсэн, нэхэмжлэгч М.Б-аас мөнгө төгрөг авсан, уг байрыг М.Б-д зарсан гэж тайлбарладаг гэж хариуцагч Баттулгын А-гийн өмгөөлөгчөөс тайлбарласан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Баттулгын А-гаас Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ц.Намсрай гудамж, 45а байр, 111 тоотод байршилтай орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан, үнийг бүрэн төлсөн, тухайн сууцанд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, гэрч Б.Даваадоржийн мэдүүлэг, Голомт банкны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдах эд хөрөнгө, түүний үнийн талаар талууд тохиролцож, хэн аль үүргээ биелүүлсэн тухай үйл баримтад маргахгүй байна.
Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөл шилжүүлэх үүргийг хүлээдэг.
Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэдэг тул зөвхөн эзэмшил шилжүүлэх нь хангалтгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу худалдан авагчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ. Энэхүү үүргээ биелүүлэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэж заасны дагуу гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ дээрх шаардлагыг биелүүлэх учиртай.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээсэн хэлцлийг заавал бичгээр байгуулах шаардлагыг хуульд заагаагүй тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг амаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хэлцлийг хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй юм.
Иймд Баттулгын А-, М.Б- нар худалдах эд хөрөнгө болон түүний үнийн талаар амаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасантай нийцсэн байна.
Аливаа гэрээг байгуулсан гэж үзэх урьдчилсан нөхцөл нь нэг талын гэрээний саналыг нөгөө тал нь өөрчлөлгүйгээр хүлээн зөвшөөрсөн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл 2 буюу түүнээс дээш этгээдийн харилцан нийцсэн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулагдана. Энэ талаар Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж заасан. Энэхүү санал буюу нэг талын гаргасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж гэрээ байгуулагдсан гэж үздэг.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээний дагуу хариуцагч Баттулгын А- нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасанд нийцнэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгөө худалдан авагчийн эзэмшилд шилжүүлнэ гэж заасан үүргээ хариуцагч Баттулгын А- биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгө болох орон сууцны үнийг төлж дууссан үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах шаардлага гаргасан ба үүнийг эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон учраас өмчлөл шилжүүлэх үүргээ биелүүлэхийг худалдагчаас шаардсан гэж ойлгоно. Мөн нэхэмжлэгчийн Б-ийн А- нь дээрх хэлцлийн үр дагаварт бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох гэх нэхэмжлэлийн шаардлага нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байгаа тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.
6.2. Хариуцагч Баттулгын А- нь гэрээний урьдчилгаа төлбөрт 52,000,000 төгрөг хүлээн авсан болон нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 12,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь гэрч Б.Даваадоржийн Голомт банкны дансны хуулгаар, гэрч Б.Даваадоржийн мэдүүлэг баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч Баттулгын А- нь нэхэмжлэгчээс нийт 150,000,000 төгрөгийг буюу эд хөрөнгийн үнийг хүлээн авсан талаар маргахгүй байна.
Худалдах, худалдан авах гэрээний үнийг 150,000,000 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч Баттулгын А-д 150,000,000 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар эсэргүүцээгүй, ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагч Баттулгын А-д орон сууцны төлбөрт 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 152,000,000 төгрөг төлсөн тухай үйл баримт тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байх тул эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг 8 дугаар хороо 3 дугаар хороолол, Ц.Намсрай гудамж 45а байр 111 тоот хаягт байршилтай, 59,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Б-ыг тогтоож, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч Б-ийн А-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.3. Хариуцагч О.Б- нь хариуцагч Б-ийн А-тай 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ц.Намсрай гудамж 45а байрны 111 тоот, 59,8 м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205053343 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Б-ийн А-д шилжүүлж, өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /хх-ийн 91-92/
Хариуцагч Б-ийн А- нь тухайн орон сууцыг хариуцагч Баттулгын А-гаас зээлийн төлбөрт шилжүүлэн авсан гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.
Нөгөө талаар байрыг Б-ийн А-д шилжүүлчих гэж хэлсэн, О.Б-аас шилжүүлсэн, М.Б-аас мөнгө авсан, уг байрыг М.Б-д зарсан гэх хариуцагч Баттулгын А-гийн тайлбараас үзэхэд Б-ийн А-, Баттулгын А- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хэлцэл бодитоор хийгдсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Б-ийн А-, Баттулгын А- нарын хооронд хийгдсэн хэлцлээр тэдэнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах зэрэг эрх, үүрэг үүсээгүй байна.
Талууд тухайн хэлцлийг хүсэл зорилгынхоо дагуу байгуулаагүй, дүр үзүүлэн хийсэн болохоо тайлбарлаж байгаа бөгөөд талуудад уг орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зоригийн бодит илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзэв.
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул талууд уг хэлцэлтэй холбоотой ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээх боломжгүй байдаг.
Иймд Б-ийн А-, Баттулгын А- нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 1691 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ц.Намсрай гудамж, 45а байрны 111 тоотод байршилтай, 59,8 м.кв талбай бүхий, улсын эрхийн бүртгэлийн Ү-2205053343 дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөх эрхийг М.Б-д шилжүүлэхийг хариуцагч Б-ийн А-д даалгах шаардлагыг хангах нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,656,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 837,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Б-, Б-ийн А- нараас 607,950 төгрөгийг, хариуцагч Б-ийн А-гаас 140,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Б-, Б-ийн А- нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, ****** дүүрэг, ******** дугаар хороо, *** дугаар хороолол, ****** гудамж, *** байр, 111 тоот, 59,8 м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205053343 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч М.Б-ыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг М.Б-д шилжүүлж өгөхийг хариуцагч Б-ийн А-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,656,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 837,750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Б-, Б-ийн А- нараас 607,950 төгрөгийг, хариуцагч Б-ийн А-гаас 140,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН